Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00595

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/00291 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох ...улсын дугаартай Тоёота LX-570 маркийн авто машиныг гаргуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, 99-99 УНА улсын дугаарын үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2015 оны 01 дүгээр сард иргэн К.Аээс Монгол Улсад орж ирсэн, улсын дугаар аваагүй LХ-570 маркийн автомашиныг худалдан авч, автомашины үнэ болох 313 700 000 төгрөгийг К Б ХХК дахь өөрийн харилцах данснаас К.Аийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 2 хувааж шилжүүлсэн, мөн уг автомашинд ...улсын дугаарыг              20 000 000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Миний хүргэн Б.Бнь “К Б” ХХК-аас зээл авахаар хөөцөлдөж байсан бөгөөд тухайн үед “К Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нь Б.Буянбатын зээл олгогдсон тохиолдолд хоорондын тооцооны дагуу зээлийн төлбөрөөс авто машины үнийг хасч тооцох нөхцөлтэйгээр ...улсын дугаартай LХ-570 маркийн авто машиныг Б.Бийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэлгүйгээр К.Аээс шууд “К Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. Улсын дугаарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэнээс худалдан авсан болохыг тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Б.Буянбатын зээлтэй холбоотой асуудлаар огт нэхэмжлэл гаргаагүй бөгөөд “К Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нь Б.Буянбатын зээл олгогдсон тохиолдолд хоорондын тооцооны дагуу зээлийн төлбөрөөс LХ-570 маркийн авто машины үнийг хасч тооцох нөхцөлтэй байсан хэдий ч зээлийн төлбөрөөс хасч тооцолгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг нотлох зорилгоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар өгсөн. “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1200 дугаартай албан бичгээр цагдаагийн байгууллага шалгасан гэж хариу өгсөн байх бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлээгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Б.Б болон А.Ариунболд нар нь LХ-570 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ тухай албан ёсоор бичгээр гэрээ байгуулаагүй төлбөрийг Б.Буянбатад олгосон зээлийн төлбөрөөс хасч тооцох нөхцөлтэй байсан. “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас миний хүргэн Б.Буянбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8 112 596 542 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба уг нэхэмжлэлийн шаардлагаас харахад автомашин болон улсын дугаарын үнийг хасч тооцоогүй, улмаар өнөөдрийн байдлаар “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь миний төлбөрийг нь төлсөн автомашиныг өөрийн хувийн болон албаны хэрэгцээнд ашиглаж, улсын дугаарыг бусдад зарсан. Иймд “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 3223 УБҮ улсын дугаартай Тоёота LХ-570 маркийн автомашиныг гаргуулж Б.Бийн нэр дээр уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх, ...улсын дугаарын үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалаар “К Б” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К Бны удирдлага Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. К Бны хуучин удирдлагаас хүлээн авсан санхүүгийн тайлан тэнцэлд К Бны үндсэн хөрөнгийн дансанд 9999УНА улсын дугаартай, JTJHY7AX0F4163732 арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад 2014 оны 12 сарын 11-ний өдөр импортлогдон орж ирсэн, хар өнгийн LХ-570 маркийн автомашин байсныг биетээр хүлээн авсан. Банкны эрх хүлээн авагч 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр аюулгүй байдал, ажлын шаардлагаар 99-99 УНА улсын дугаарыг Автотээврийн үндэсний төвд хүлээлгэн өгч, тус машинд 33-2 3УНҮ улсын дугаарыг шинээр авч, өнөөдрийн байдлаар тус дугаартайгаар ажлын албан хэрэгцээнд ашиглагдаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам болон Нягтлан бодох бүртгэлийн заавар-т зааснаар банк зээлийн өр төлбөрт тооцон авсан хөрөнгийг банкны хэрэгцээнд ашиглахаас бусад тохиолдолд худалдан борлуулах зорилготой өмчлөх бусад хөрөнгө /ӨБХ/-ийн дансанд бүртгэж, худалдан борлуулах үүрэгтэй байдаг. Гэтэл Банкны эрх хүлээн авагчид шилжиж ирсэн ...улсын дугаартай /өмнө нь 99-99 УНА улсын дугаартай байсан/ автомашин нь К Бны үндсэн хөрөнгө /ҮХ/-ийн дансанд бүртгэлтэй бөгөөд банкны үйл ажиллагаанд ашиглах зориулалттай автомашин байсан нь зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан автомашин биш болохыг харуулж байна, 2019 оны 5 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас К Бны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, “К Б” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг прокурорын зөвшөөрөлтэйгээр авсан бөгөөд Банкны эрх хүлээн авагчаас хуульд заасан дээд шатны прокурорт энэ талаар гомдол гаргасан боловч хүлээн аваагүй хэвээр байна. Тус ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10а-3/4067 тоот албан бичгээр К Бны хуучин удирдлагуудтай холбогдох хэрэгт холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах тухай Автотээврийн үндэсний төвд мэдэгдэж, тус газраас К Б ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нийт 450 орчим тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ба үүнд Банкны эрх хүлээн авагчийн хяналтад шилжин ирсэн ...улсын дугаартай автомашин багтсан болно. Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын хоёр дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олгодог. Дээрх журмаар зохицуулагдсан харилцаа нь хариу төлбөргүй байдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй улсын дугаарын үнэ гэх 20 000 000 төгрөг нь огт үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан тогтоогдохгүй тул хариуцагч К Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас ...улсын дугаартай Тоёота LX-570 маркийн авто машиныг гаргуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, 99-99 УНА улсын дугаарын үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...уг хөрөнгө бусдын эзэмшилд байх, уг эзэмшил хууль бус байх нөхцөлд өмчлөгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. ...улсын дугаартай LХ-570 маркийн автомашины үнэ болох 313 700 000 тегрөгийгнэхэмжлэгч Б.Б төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч эзэмшлээ үүсгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар дүгнэсэн. Шүүхээс “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ...улсын дугаартай LХ-570 маркийн автомашиныг хуульд заасан арга хэлбэрээр олж авсан эсэх, шударгаар өмчлөх эрхтэй үүссэн эсэх талаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөнгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан зохицуулалтын хүрээнд “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Б.Б нарын хооронд ...улсын дугаартай LХ-570 маркийн автомашиныг аливаа байдлаар шилжүүлэх үүрэг үүсээгүй, хэлцэл хийгдээгүй, хариуцагч талаас ...улсын дугаартай LХ-570 маркийн автомашины үнийг төлж худалдан авсан, өмчлөх эрхтэй талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлаа нотлоогүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй. Шүүхийн хийсэн дүгнэлтээр Б.Б нь ...улсын дугаартай LХ-570 маркийн автомашины үнийг төлсөн, үнийг бүрэн төлснөөр өмчлөх, эзэмших эрх нь нээгдэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзэхийн хамт хариуцагч нь бусдын хөрөнгөөр авсан автомашиныг өмчилж. ашиглаж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Б.Буянбатын зээл олгогдсон тохиолдолд хоорондын тооцооны дагуу зээлийн төлбөрөөс автомашины үнийг хасч тооцох нөхцөлтэйгээр шууд К Бны нэр дээр шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Б.Буянбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гарган өсгөн. шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал үндэслэл бүхий тайлбар гаргасныг хариуцагч зөвшөөрсөн атал шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан ...улсын дугаартай Тоёота LX-570 маркийн авто машиныг гаргуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, 99-99 УНА улсын дугаарын үнэ болох 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг бусдын зээлийн гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн, хариуцагчид худалдсан боловч үнийг шилжүүлээгүй гэх харилцан өөр агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тухайн Тоёота LX-570 маркийн авто машиныг ямар гэрээний үндсэн дээр хэзээ авсан болон хариуцагч байгууллага хэнтэй байгуулсан, ямар гэрээний дагуу уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан зэрэг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шаардаж байгаа тохиолдолд аливаа этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлох үүрэгтэйгээс гадна нөгөө этгээдийн эзэмшил хууль бус байх учиртай. Иймээс маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаж байгаа нөхцөлд өмчлөх эрхийг хууль буюу гэрээний үндсэн дээр олж авсан үндэслэлийг хэн хэрхэн баримтаар нотолж байгааг дүгнэж, энэ талаар зохигчдын мэтгэлцүүлэх ажиллагааг явуулснаар талуудын маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Мөн Тоёота LX-570 маркийн JTJHY7AX0F4163732 арлын дугаартай дээрх автомашин нь хэргийн 131 дүгээр талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтаар 28-91 УБВ улсын дугаартай, хэргийн 85 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтаар 99-99 УНА улсын дугаартай, хэргийн 62 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр ...улсын дугаартай байсан талаар тэмдэглэжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь ... улсын дугаарын үнэ 20 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагчаас шаардаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхээс уг 99-99 УНА улсын дугаарыг маргаан бүхий тээврийн хэрэгсэлд хэний хүсэлтээр хэзээ бүртгэсэн үйл баримтыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага түүний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх учиртай. 

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/00291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ

 

                                         ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                        С.ЭНХТӨР