| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0074/З |
| Дугаар | 128/ШШ2025/0125 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц*******т нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Гуравдагч этгээд: *******ын *******. ******* дүүрэг *******, ,.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э*******, хариуцагч Н.Ц******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Г.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн улсын байцаагч Н.Ц*******ын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад зааснаар захиргааны актыг түдгэлзүүлж өгнө үү гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн *******ын ******* нь гаалийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02-2221488-24-I00136 дугаартай мэдүүлгээр Япон улсад 2014 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, ZVW30-******* арлын дугаартай Toyota Pruis маркийн суудлын автомашиныг мэдүүлжээ.[2]
2.2. Харин Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.*******г ...гаалийн байгууллагад автомашин мэдүүлэхдээ үйлдвэрлэгдсэн огноог буруу мэдүүлсэн...[3] гэх үндэслэлээр Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журам зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хоёр зуун /200/ нэгжээр буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.[4]
2.3. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* гаалийн улсын байцаагч Н.Ц*******ын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ГЕГ24-152 дугаартай материалыг хялбаршуулсан журмаар шалгаад Г.*******г Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ...гаалийн мэдүүлэгт барааг худал бичсэн... гэх зөрчлийн шинжтэй гэж үзсэн аж.[5]
2.4. Улмаар хяналтын прокурор Г.Э******* 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 07 дугаартай дүгнэлт бичиж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/0537 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн[6] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Г.Э******* шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* би, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн ... гаалийн байгууллагад суудлын автомашин мэдүүлэхдээ үйлдвэрлэгдсэн оныг буруу мэдүүлсэн" гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.*******г "Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журам зөрчсөн" гэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь заалтад зааснаар 200 нэгжээр буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ГЕГ24-152 дугаартай материалыг шалгалтын явцад хянав.
Зөрчлийг шалгасан материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийг илрүүлсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (1-р хуудас), Г.*******гаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр холбогдогчоор авсан Манайх бараагаа гаальд мэдүүлэхдээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэйгээ ойлголоо" гэх мэдүүлэг (2-4-p хуудас), эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл (5-р хуудас), ******* дугаартай шийтгэлийн хуудас (6-р хуудас), иргэн Г.*******гийн Япон улсаас захиалж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирж буй тээврийн хэрэгсэлтэй холбогдох материалууд болон түүний уг тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн 02-2221488-24-100136 дугаартай мэдүүлэг (7-12-р хуудас) зэрэг баримтуудаар:
Иргэн Г.******* нь гаалийн хяналтын бүсэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн 2014 оны 11 сард үйлдвэрлэгдсэн ZVW30-******* арлын дугаартай, Тоёота приус маркийн суудлын автомашиныг гаалийн байгууллагад 02- 2221488-24-100136 дугаартай мэдүүлгээр мэдүүлэхдээ үйлдвэрлэгдсэн оныг 2014 оны 12 сар гэж худал мэдүүлсэн болох нь тогтоогдож байх ба иргэн Г.*******гийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гаалийн мэдүүлэгт барааг худал бичсэн" зөрчлийн шинжтэй байна.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогч иргэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулжээ. Энэ нь "Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн, хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасныг зөвтгөх шаардлага үүсэж байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц*******ын 2024 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр прокурорын дүгнэлт бичив... гэжээ.[7]
3.2. Нэхэмжлэгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.*******гийн өгсөн гаалийн мэдүүлгээс үзвэл 2,500,000 төгрөгийг онцгой албан татварт төлнө, автомашин маань 2014 оны 12 дугаар сард үйлдвэрлэгдсэн гэж мэдүүлсэн нь татвараас зайлсхийсэн гэх шинжийг агуулж байна. Үүнийг санаатай эсхүл санамсаргүй гэдгийг тогтоохыг шаарддаггүй... гэжээ.[8]
3.3. Хариуцагч Н.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн *******ын ******* нь гаалийн байгууллагад нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 02-2221488-24-100136 дугаартай мэдүүлгээр Япон улсад 2014 оны 11 сард үйлдвэрлэгдсэн, ZVW30-******* арлын дугаартай, Toyota, Prius маркийн суудлын автомашин мэдүүлсэн. Тухайн гаалийн мэдүүлэгт ажил үүргийн хуваарийн дагуу бичиг баримтын шалгалт хийхэд дагалдаж ирсэн үнийн нэхэмжлэхэд тухайн автомашиныг 2015 онд бүртгэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй боловч тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулаагүй байсан тул Япон улсад үйлдвэрлэсэн автомашины үйлдвэрлэгдсэн огноог шалгах сайт болох ToyoDIY.com Vehicle Selection. Engine/Fuel/Tool | Toyota PRIUS ZVW30-AHXEB ZVW30 Parts Catalogs | PartSouq сайтаас нарийвчлан нягтлахад автомашин 2014 оны 11 сард үйлдвэрлэгдсэн гэсэн мэдээлэл гарсан.
Иргэн Г.******* 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ "Санаатайгаар худал мэдүүлсэн асуудал байхгүй." гэсэн мэдүүлэг, мөн гаалийн байгууллагад мэдүүлэхдээ үйлдвэрлэсэн оноо зөв мэдүүлээд сараа дутуу мэдүүлсэн гаалийн мэдүүлэг, автомашиныг гаальд мэдүүлсэн төлөв дээр буюу татвар хураамжийн ногдуулалт хийгдээгүй төлөвт илэрсэн зөрчил зэргийг харгалзан үзээд иргэн Г.*******гийн автомашинаа гаальд мэдүүлэхдээ үйлдвэрлэсэн он сарыг буруу бичсэн нь санаатайгаар гаалийн татвараас зайлсхийсэн зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 12 /Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан болно. Ингэснээр гаальд бараагаа үнэн зөв мэдүүлэх нөхцөлийг бүрдсэн гэж үзэж татвар хураамжийг ногдуулж бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвт оруулсан.
Үүний дараа иргэн Г.******* гаалийн татвар хураамжийг хүлээн зөвшөөрөн төлж, хяналт шалгалтын үзлэгт хамрагдаж машины марк модель, он сар мэдүүлсэн нь бодит байдалтай таарч байснаар гааль зөвшөөрөв төлөвт шилжсэн... гэжээ.[9]
3.4. Хариуцагч Н.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн холбогдогч автомашины дагалдах бичиг баримтыг үндэслэн мэдүүлдэг. Дагалдах бичиг баримтад техникийн паспорт буюу Япон улсад автомашиныг бүртгэх хуудас гэж нэрлэдэг энэ хуудас нь гол нотлох баримт нь болдог.
Г.******* нь автомашинаа 2014 онд үйлдвэрлэснийг мэдэж байгаа хэдий ч хэдэн сарынх гэдгийг мэдэхгүй байсан. Баглаа боодлын жагсаалт, үнийн нэхэмжлэх гээд хоёр хуудас Япон улсаас дагалдаж ирдэг. Үнийн нэхэмжлэх дээр 2015 он гэж байсан. Техникийн паспортад 2015 оны 2 сар гэж байгаа. Гэтэл Г.******* 2014 оны 12 дугаар сард үйлдвэрлэсэн гэж мэдүүлсэн. Тухайн автомашиныг хэзээ үйлдвэрлэгдсэнийг бид мэдэх боломжгүй. Аuction гэх бичиг автомашинтай дагалдаж ирдэг. Үүнд тухайн автомашины мэдээлэл байх боловч үйлдвэрлэсэн он сар, өдөр байдаггүй. Улсын байцаагч нарт auction-ны эрх гэж өгдөг. Уг эрхээр кодыг нь хийж сайт руу нэвтрэхэд автомашины мэдээлэл гарч ирдэг. Auction-ны мэдээлэл 5 сар болоод устдаг учир зарим үед шалгахад мэдээлэл байдаггүй. Үүнийг Г.******* мэддэг учир auction-ны бичгийг хуулбарлаж авчирсан. Өөрөөр хэлбэл хэдэн сард үйлдвэрлэснийг мэдэхгүйгээ баримтжуулж авчирч өгсөн. Уг бичигт огноо харагдахгүй, зөвхөн үнийн мэдээлэл харагдаж байгаа. Дагалдаж ирж буй баримтууд зөрөөтэй байгаа учир нарийн шалгах шаардлагатай болсон. ToyoDIY.com сайтаас арлын дугаараар хайхад Япон улсад зарагдаж буй бүх автомашины мэдээлэл гарч ирдэг. Энэхүү сайтаар энгийн хүн нэвтрэх боломжгүй. Гаалийн улсын байцаагч нар ихэвчлэн ашигладаг. Автомашины мэдээлэл гарч ирэхгүй тохиолдолд төлбөртэй өөр сайтуудаас мэдээллийг хайж шалгадаг.
Тухайн огнооны алдаатай байдлаас үүдэн онцгой албан татварын зөрүү үүссэн. Тухайн тохиолдолд онцгой албан татварыг 7-9, 10-аас дээш ангилал хамаарна. Хэрэв 2014 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн бол 9-өөс доош жилд хамаар онцгой албан татвар төлнө. Япон улсаас захиалагчийн хүссэнээр бичээд явуулдаг юм байна лээ. Бид Япон улсаас нотлох баримт гаргуулж чадахгүй шүү дээ. Г.*******г татвараас зайлсхийсэн гэж үзээгүй. Үүргийн хувьд мэдүүлэгч Гаалийн төв удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу үнэн зөв мэдэгдэх үүрэгтэй. Хүлээсэн үүргийнхээ хүрээнд Япон улсаас өгсөн баримтуудыг авчирч өгсөн. Нэг ёсондоо зөв мэдүүлэх гэсэн оролдлого юм. Өөрөө мэдүүлэгчээс буруу, зөрүү гаалийн мэдүүлэг өгөх тохиолдол их байдаг. Ийм тохиолдол бүрд зөрчилд тооцоод явах нь бодит байдалтай нийцэхгүй.
Мэдүүлэгчийн мэдүүлэг өгөхтэй холбоотой журамд 1 жилийн хугацаанд 3 удаа нэг төрлийн алдаагаа давтсан мэдүүлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалздаг. Тухайн мэдүүлэгч нь дахин сургалтад хамрагдах талаар заасан. Маш олон алдаа гардаг учир бүгдийг зөрчилд тооцож, татвараас зайлсхийсэн гэж үзэх боломжгүй... гэжээ.[10]
3.5. Гуравдагч этгээд Г.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Миний бие *******ын ******* нь Jimex сайтаас ZVW30-******* арлын дугаартай 2015 онд үйлдвэрлэгдсэн приус 30 маркийн автомашиныг захиалсан боловч бодит байдал дээр 2014 оны 11 сард үйлдвэрлэгдсэн байсан бөгөөд мэдүүлэг гаргахдаа 2014 оны 12 дугаар сар хэмээн өөр машины он сартай андуурч мэдүүлэхэд гаалийн байцаагч Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч, /200 нэгжээр/ торгосон. Тус машиныг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байна. Зохих баримт, материалыг хавсаргав... гэжээ.[11]
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бичсэн 07 дугаар дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц*******ын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
4.2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж заасан нөхцөл байдал дараах агуулгаар бий болсон гэж үзэв.
4.3. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт ...Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно... гэж заасныг үндэслэжээ.
4.4. Харин Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт ... Мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 57.2.1 дэх заалтад ...гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах..., мөн хуулийн 2931 дүгээр зүйлийн 2931.1 дэх хэсэгт ...Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ... гэж тус тус заасан байна.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөрчил үйлдэгч гуравдагч этгээд Г.******* өмнө 88 удаа гаальд бараа мэдүүлж байсан талаар хариуцагч Н.Ц******* мэдүүлсэн бөгөөд уг мэдээллийг гаргуулахад тусгай эрх бүхий зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг болохыг тайлбарласан[12].
Хариуцагчийн дээрх тайлбар, Зөрчлийн хэргийн материалд авагдсан мэдүүлэг болон баримтуудаар түүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн шийтгэл оногдуулсан эсэхэд эргэлзээ төрүүллээ.
Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн гуравдагч этгээд Г.******* гаалийн мэдүүлэг өгөхдөө санамсаргүй, өөрөө мэдэлгүйгээр тухайн автомашины үйлдвэрлэгдсэн он сарыг буруу мэдээлсэн эсэх, санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий баримт мэдээллийг асууж тодруулаагүй байна.
Хариуцагчаас дээрх үйл баримтын талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан зүйлгүй, шүүхээс гуравдагч этгээдийг удаа дараа дуудсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй, харин 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр ...эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг шуудангаар ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн.
Шүүхээс хариуцагчийн дээрх орхигдуулсан үйл ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Шүүх нотлох зарчим хүрээнд нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч шүүхээс дуудсан этгээд шүүх хуралдаанд оролцоогүй тул холбогдох ажиллагааг нөхөн хийх боломжгүй болсон тул Г.*******гийн өмнө гаалиар энэ төрлийн бараа мэдүүлж байсан эсэх, улсын хилээр автомашин импортлон гаалийн бүрдүүлэлтийг өөрөө эсхүл гаалийн мэргэшсэн бүртгэгчээр мэдүүлж байсан талаар тодруулах, түүнчлэн Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зугтсан зөрчил, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж байсан талаар тодруулах ажиллагааг хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц*******оор хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэн Г.*******г Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ...гаалийн мэдүүлэгт барааг худал бичсэн... гэх зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг дүгнэлт бичсэн прокурор Г.Э*******гаас хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.Ц*******оор холбогдох ажиллагааг хийлгэх замаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж, шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад зааснаар захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтээ дэмжин тайлбарласан тул шүүхээс түүний саналыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 2931 дүгээр зүйлийн 2931.1 дэх хэсэг, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн 57.2.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан хяналтын прокурор Г.Э*******гийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хариуцагч гаалийн улсын байцаагч Н.Ц*******ын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 2 / хоёр /сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтаст хэргийн 2 хуудас
[2] Хавтаст хэргийн 20 хуудас
[3] Хавтаст хэргийн 1 хуудас
[4] Хавтаст хэргийн 10 хуудас
[5] Хавтаст хэргийн 1 хуудас
[6] Хавтаст хэргийн 17 хуудас
[7] Хавтаст хэргийн 1 хуудас
[8] Хавтаст хэргийн 55 хуудас
[9] Хавтаст хэргийн 20 хуудас
[10] Хавтаст хэргийн 52, 55 хуудас
[11] Хавтаст хэргийн 30 хуудас
[12] Хавтаст хэргийн 54 хуудас