Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 719

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, М.Т*******ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:  

“...М.Т******* би Татварын ерөнхий газрын даргад холбогдох Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг хүчингүй боогож, уг албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул уг хүсэлтийг үндэслэн хэргийг хааж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т******* нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “...Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг хүчингүй боогож, уг албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу М.Т******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч М.Т*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Т*******ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/362 дугаар тушаалыг хүчингүй боогож, уг албан тушаалд эгүүлэн томилуулж, албан тушаал буурсан цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.САЙХАНТУЯА