Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01259

 

Б.Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00105 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 1469 дүгээр магадлалтай,

Б.Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй

“Монгол телевиз” ХХК-д холбогдох,

гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193, 16/194 дүгээр тушаал болон  13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Монгол телевиз” ХХК-ийн өмгөөлөгч Г.Төгсбаярын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нандинцэцэг түүний өмгөөлөгч Ц.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго өмгөөлөгч Г.Төгсбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус байгууллагад 2013 оны 01 дүгээр сард мэдээний албаны зохицуулагчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдээ төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Солонго мэдээний албаны дарга н.Лхагва нар  орон тооны цомхтгол хийх тухай тушаалыг өгсөн. Ингээд хүлээн зөвшөөрөхгүй гэхэд н.Солонго нь 550.000 төгрөгийн цалинтай студи менежер хийх үү гэж лавласан. Гэхдээ энэ саналыг надад албан ёсоор тавьсан гэж үзэхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин буюу 1.488.372 төгрөг /1 өдрийн 37.209 төгрөг, ажилгүй байсан 40 хоног/ гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүний нөөцийн ажилтан Д.Солонго надад гүйцэтгэх захирлын 16/193, 16/194 тоот тушаал, 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг танилцуулсан. Эдгээр баримт бичгийн хууль зүйн үр дагаврын талаар би ямар ч ойлголтгүй байсан тул дээрх тушаал, хавсралтуудыг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Б.Нандинцэцэгтэй 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай байсан. Б.Нандинцэцэг нь 2014 онд хүүхэд асрах чөлөө авсан,  2015 оны сүүлээр ажилдаа эргэн орох хүсэлтээ тавьж эхэлсэн. Мэдээний албанд өмнө нь 2 орон тооны зохицуулагч ажиллаж байсан ч Б.Нандинцэцэгийг ажилдаа эргэн орох үед эдийн засгийн хямрал, байгууллагын санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч 1 орон тоог хасахаар шийдвэрлээд байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тул түүний хүсэлтээр ажилд нь эгүүлэн ажиллуулсан. 2016 оны эхээр манай байгууллагын санхүүгийн байдал улам хүндэрсэн тул зарим ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.  2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр Б.Нандинцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 15/176 тоот тушаал гарсан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан. Иймд байгууллага дотроо өөрсдийн бололцоогоор өөр ажил түүнд санал болгож байсан боловч Б.Нандинцэцэг хүлээж аваагүй. Үүний нотолгоо нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнд хүргүүлж байсан №001 тоот мэдэгдэл юм. Цаашид илүү орон тоон дээр хүн ажиллуулахад санхүүгийн хувьд ажил олгогчид хүндрэлтэй, нөгөө талаас өөр ажил санал болгоход нэхэмжлэгч нь хүлээж аваагүй тул нэгдсэн шийдвэрт хүрэхээр талууд зөвшилцсөний эцэст Б.Нандинцэцэгтэй харилцан тохиролцоонд хүрсэн. Ийнхүү 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн өдөр дуусгавар болгосон. Ажил олгогчийн зүгээс 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг тэтгэмж хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 тоот тушаал хууль зөрчсөн тул 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №16/193 тоот тушаалаар хүчингүй болгосон. Мөн өдөр 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралттай холбогдуулан №16/194 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал гарсан. Хэдийгээр тохиролцож, зөвшилцөлд хүрсэн ч Б.Нандинцэцэг тохиролцооноосоо буцаж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Иймд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 дугаар тушаал хүчингүй болсон, хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн санаачилгаар биш, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00105 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/194 дугаар “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, мөн өдрийн 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг өмнө эрхэлж байсан “Монгол телевиз” ХХК-ийн мэдээний албаны зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн орон тооны цомхтгол хийх тухай 15/176 тоот тушаал, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай 16/193 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны олговорт 1.488.372 төгрөгийг хариуцагч “Монгол телевиз” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Нандинцэцэгт олгон, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг “Монгол телевиз” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38.764 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 1469 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Нандинцэцэгийг “Монгол телевиз” ХХК-ийн мэдээний албаны зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “Монгол телевиз” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар, 16/194 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монгол телевиз” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Монгол телевиз” ХХК-ийн өмгөөлөгч Г.Төгсбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1469 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн санаачилгаар биш, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болсон байтал нэхэмжлэгч Б.Нандинцэцгийг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Анх 2016.03.26-ны өдөр Б.Нандинцэцэгт “орон тоо хасагдсан” үндэслэлээр өгсөн Хөдөлмөрийн гэрээ цуцлах 15/176 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн байсан тул хүчингүй буюу хууль бус байсныг нэхэмжлэгч мэдэж байсан. Хэрэв энэ тушаалыг ажил олгогчийн зүгээс эцсийн тушаал гэж үзсэн бол 2016.04.22-ны өдөр нэхэмжлэгчид өөр ажил санал болгохгүй байх байсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ч тэр, ажилтны зүгээс ч тэр “орон тоо хасагдсан” үндэслэлээр ажилтныг халж болохгүй гэдгийг мэдэж байсан тул асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр зөвшилцөж байсан.

2016.04.26-ны өдөр 13/2-003 тоот Хөдөлмөрийн гэрээний хавсралтад талууд гарын үсэг зурсан, 2016.04.25-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, үүний хариуд ажил олгогчийн зүгээс нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тохиролцсон. Улмаар нэгэнт харилцан тохиролцсон гэж үзсэн тул 2016.04.28-ны өдөр түүнд “Хөдөлмөрийн гэрээ.дуусгавар болгох тухай” 16/194 тоот тушаалыг танилцуулж, тэр өдөр нь Б.Нандинцэцэг ажлаа хүлээлгэж өгсөн.

Анхан шатны шүүхээс дан ганц үнэлж шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээрт: “Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдор хариуцагч “Монгол Телевиз” ХХК-аас танилцуулсан 13/2-003 тоот Хөдөлмөрийн гэрээний хавсралт гэсэн баримт нь тус байгууллагын зүгээс тавьсан гэрээ байгуулах санал гэж үзэх нь зүйтэй бөгөөд уг саналд нэхэмжлэгчийн зүгээс мөн өдөр гарын үсэг зурахдаа саналыг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан хэрэг бус харин гэрээний саналтай танилцсанаа илэрхийлсэн хэлбэр байсан” гэсэн байсан. Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заахдаа гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор заасан.

Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд: "... Иргэний хуулийн зохицуулалтыг баримталсан нь тусгайлсан зохицуулалт бүхий хуулийг тухайн харилцаанд хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй байх тул өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй” (6 дугаар тал) хэмээгээд Иргэний хуультай холбоотой анхан шатны шүүхийн бүх заалтуудыг хасаж өөрчилсөн. Ийнхүү хөдөлмөрийн харилцаанд зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх ёстой мэтээр, Иргэний хуулийн зохицуулалт хамаагүй мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хөдөлмөрийн гэрээний харилцааны тухай зохицуулсан Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэх ёстой. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 196.1.2 дахь заалтыг үл харгалзаж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлийг 37 дугаар зүйлд, Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг 38 дугаар зүйлд ялгаж зохицуулсан. Тус 37.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болдог. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд "... Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон байхад ажил олгогч “Монгол Телевиз ” ХХК нь ажилтантай байгуулсан ходолморийн гэрээг дуусгавар болгосон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ ” гэжээ (6 дугаар тал). Хөдөлмөрийн гэрээ 37 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болж байгаа бол гэрээ цуцлах тухай 40 дүгээр зүйл ямар ч хамаагүй байтал ийнхүү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Мөн тус хуулийн 40.3 дахь хэсэгт "... ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тодорхой заасан байтал 40.3-т заасныг зөрчиж гэрээг дуусгавар болгосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан талууд харилцан тохирсноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон эсэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.488.372 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, гүйцэтгэх захирлын 16/193, 16/194 тоот тушаал, 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...мэдээний албаны зохицуулагчийн орон тоо хасагдсан, санал болгосон студи менежерийн ажлын байрыг нэхэмжлэгч хүлээн аваагүй тул харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэжээ.

“Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16/194 дугаар тушаалаар Б.Нандинцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгох тохиолдолд ажил олгогч нь ажилтантай харилцан тохирсон байхаас гадна уг тохиролцоог үндэслэн шийдвэр гаргах учиртай бөгөөд зохигчид харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хэргийн 30 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний хавсралт гэх баримтыг нэхэмжлэгчид тушаал гарсны дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулсан байх тул харилцан тохирсон гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг “Монгол телевиз” ХХК-ийн мэдээний албаны зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.488.372 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

“Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15/176 дугаар тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Б.Нандинцэцэгийг мэдээний албаны зохицуулагчийн ажлаас чөлөөлсөн боловч 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгожээ /хэргийн 26, 28 дугаар тал/. Үүнээс үзвэл, 15/176 болон 16/193 тушаалууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 15/176 дугаар тушаал гэж тодорхойлсон” гэж үзсэн нь буруу.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 16/194 тоот тушаал, 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг хүчингүй болгох шаардлага гаргасан хэдий ч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 1469 дүгээр магадлалын 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг “Монгол телевиз” ХХК-ийн мэдээний албаны зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 3 дах заалтын “нэхэмжлэгч” гэснийг “нэхэмжлэл” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ