Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2025/00055/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, ******* байрлах ******* (РД: *******, утас:*******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, утас: *******)-д холбогдох,

“145,526,766 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* (цахимаар),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 145,526,766 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Манай компани 2023 онд тариалсан улаан буудайгаа *******-ийн Угтаал салбарт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 26 удаагийн ачилтаар 462.65 тонныг тушаасан. Улмаар *******-тай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2023-ХБ/103-17 хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-д зааснаар 462.65 тонн 4 дүгээр ангилалтын хүнсний улаан буудайг 1 тонныг нь 920,000 төгрөгөөр худалдсан ба гэрээний 6.1-д зааснаар 425,638,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай компанид төлүүлэхээр үүрэг хүлээсэн. Тус буудайн төлбөрөөс ******* манай компанийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 80,111,234 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

*******-аас үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа шалтгааныг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01/468 албан бичгээр өгсөн ба *******-ийн хувьцаа эзэмшигч Ш.******* мөн хувьцааг нь эзэмшдэг ******* нь *******-д 145,526,766 төгрөгийн өр төлбөртэй тул танай компанийн авлагаас суутган тооцож байгааг мэдэгдье гэх утга бүхий албан бичиг ирүүлсэн. Тус хоёр компани нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан тус тусдаа эрх зүйн статус бүхий эрх зүйн субъект бөгөөд хэн нэгнийхээ өр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээгээгүй болно. *******-ийн өр төлбөрийг *******-ийн авлагаас суутгаж байгаа нь хууль бус үйлдэл байх тул гэрээний дагуу 145,526,766 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн *******-аас 145,526,766 төгрөгийг гаргуулахаар ******* алдангийн хамт нэхэмжилсэн ба 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ224/01949 дугаартай шийдвэр гарсан ба тухайн өр төлбөрийг төлж барагдуулсан байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар төлбөр төлж дуусгах хугацаанаас тооцоход гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/01949 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд *******-аас 145,526,766 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* болон ******* нар нь Ш. гэх хүн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг бие даасан компаниуд юм. Манай байгууллагын хувьд 1999 онд Монгол Улсын газар тариалангийн салбарыг бодлого үйл ажиллагаагаар хангах, дэмжих үүрэг хүлээн буудай сан нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Үндсэн үйл ажиллагааны хувьд тариаланчдад үрийн будаа бордоо, түлш шатахуун техникээр хангах үүрэг хүлээж ирсэн.

******* нь манай байгууллагад өр төлбөртэй болох нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15/060 дугаартай албан бичгээр ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдод хандсан “Хүсэлт гаргах тухай” гэсэн албан бичгээр тодорхойлогддог. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/01949 дугаартай шийдвэр нь тариалан эрхлэлтийг дэмжих сан болон *******-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12/7 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулсан шийдвэр юм. *******-ийн захирал Ш.оос уг зээлийн төлбөрийг удаа дараа нэхэж төлж барагдуулахыг шаардаж байсан боловч *******-ийн өр төлбөрийг төлж барагдуулсны дараа төлнө гэдгийг хэлдэг байсныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч. мэдүүлсэн мэдүүлгээр гэрчлэгддэг.

*******-ийн захирал Ш. нь гэрч Ч. шүүхэд худал мэдүүлэг гаргасан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч цагдаагаас уг хэргийг хаасан байна. Иймээс уг төлбөрийг нэхэж байсан нь нотлогдож байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.5 дахь заалтын дагуу 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Ш. нь тус зээлийг хариуцах үүргийг хүлээж байна.

Улсын төсвийн буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр олгосон дэмжлэгийн өр төлбөр болох *******-д үүссэн өр төлбөрийг манай байгууллага өөрсдийн бололцоо боломжийн хүрээнд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан Иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг авсан бөгөөд тухайн нөхцөл байдалд Иргэний хуулийн 10 дугаар зүйлд заасан аргагүй хамгаалалт, Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах арга хэмжээнүүдийг авч ажилласан.

Иймээс *******-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01949 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ХБ/103-17 дугаартай хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/47 дугаартай тооцоо нийлсэн актын нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн акт №6-ын нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/491 дугаартай “Шаардлагын хариу хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/468 дугаартай “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай итгэмжлэл, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-20, 70-71 хуудас)

4.Хариуцагчаас *******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/01 дугаартай итгэмжлэл, *******-ийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15/060 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03788 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар, мөн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01949 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 26, 37-48 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 145,526,766 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...*******-тай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2023-ХБ/103-17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-д зааснаар 462.65 тн 4 дүгээр ангиллын хүнсний улаан буудайг 1 тонныг 920,000 төгрөгөөр худалдсан ба гэрээний 6.1 дэх заалтад 425,638,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу хүнсний улаан буудайг нийлүүлсэн бөгөөд тус буудайн төлбөрөөс ******* нь манай компанийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 80,111,234 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,526,766 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч ******* нь *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...******* нь өмнө нь тус байгууллагад 145 сая төгрөгийн өртэй байсан бөгөөд ******* нь *******-тай шууд холбоотой компани буюу хувьцаа эзэмшигч нь нэг хүн байдаг. Өөрөөр хэлбэл, *******-ийн хувьцаа эзэмшигч Ш. нь мөн *******-ийн хувьцаа эзэмшигч юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.5 дахь заалтын дагуу 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Ш. нь тус зээлийг хариуцах үүргийг хүлээж байна. Иймд *******-ийн уг өрийг *******-ийн авлагаас суутган тооцсон. Манай байгууллага улсын төсвөөс санхүүждэг. Татвар төлөгчдийн төлж байгаа татвар үнэгүйдэх, төр хохирох ёсгүй. Иймээс иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэмжээ болох аргагүй хамгаалалт, өөртөө туслах арга хэмжээг авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна” гэж татгалзаж байна.  

4.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2023-ХБ/103-17 дугаартай хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 4-р ангиллын 462.65 тн хүнсний улаан буудайг нийт 425,638,000 төгрөгөөр (1тн 920,000 төгрөг) нийлүүлэх, хариуцагч нь улаанбуудайг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. (хх9,10х)

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 4-р ангиллын 462.65 тн улаан буудайг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь гэрээний төлбөрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 80,111,234 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн болох нь мөн хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актууд, тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. (хх11-14х)

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6.Талууд худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үлдэгдэл төлбөр 145,526,766 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөөгүй гэх үйл баримтад маргаагүй бөгөөд зохигчдын маргааны зүйл нь *******-ийн өрийг *******-ийн авах ёстой гэрээний төлбөрөөс суутган тооцсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий эсэх асуудал байна.

7.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...*******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш. нь мөн *******-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг нь үнэн. Ш. нь тухайн *******-ийг өр төлбөртөө шилжүүлж авсан гэж хэлдэг” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн  33.1-д “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, мөн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж тодорхойлон заажээ.

Тодруулбал, компани нь хуулийн этгээдийн хувьд тусгайлсан эд хөрөнгө дээрээ үндэслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж ашиг олдог, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг тусгайлсан хөрөнгөөрөө хариуцдаг, өөрийн нэрийн өмнөөс эрх олж, үүрэг хүлээдэг учир шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч байна.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн компаниас гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй, компанийн хүлээх үүргийг гишүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй юм.  

*******-ийн хувьцаа эзэмшигч болох Ш.******* тухайн компаниас гадуурх хөрөнгө оруулсан *******-ийн өр төлбөрийг ******* хариуцахгүй тул хариуцагчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасныг компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно.

Энэ нь хэрэв *******-д оруулсан хувьцаа эзэмшигч Ш.******* эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх тус компанийн эд хөрөнгөөс зааглагдаагүй бол *******-ийн төлбөрийг барагдуулахад Ш.******* бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр *******-ийн хүлээх хариуцлагыг нөхөн төлүүлэх болохоос тусдаа хуулийн этгээд болох *******-ийн авлагаас өр төлбөрийг суутгах ойлголт биш юм.

8.Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж заасан.

Аргагүй хамгаалалт нь аливаа нэг довтолгоо шууд тулгарсан үед түүнээс хамгаалах зорилгыг өөртөө агуулдаг бол, өөртөө туслах үйлдэл нь үүрэг гүйцэтгэгчийн эсрэг чиглэгдсэн байх ёстой.

Хариуцагч *******-ийн тус тусдаа эрх зүйн чадвар бүхий хоёр өөр компанийн өр төлбөрийн асуудлыг нөгөөд хамаатуулж буй үйлдэл нь дээрх иргэний эрх зүйн хамгаалалтын аргад нийцэхгүй.

Талуудын маргаж буй 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ224/01949 дугаартай шийдвэр нь тус иргэний маргаанд хамааралгүй болохыг дурдаж байна.

9.Иймээс хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул түүний хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

10.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885,583 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 885,583 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-иас 145,526,766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 885,583 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 885,583 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН