Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/00433

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01165/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******) нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Ч., утас: , )-д холбогдох,

“55,743,200 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “2,771,950 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.*******,

Нэхэмжлэгч М.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.*******, М.******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан 55,743,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М.******* миний бие өөрийн эхнэр М.*******аар дамжуулан *******-ийн Хүслийн хотхон орон сууцны 2023 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ******* тоотод 2 өрөө 48.25 м.кв байр болон 16 м.кв авто машины зогсоолын хамт захиалга өгч №8-1-69 болон №8-1-9г гэрээ байгуулан төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний 5.4 дэх заалтыг үндэслэн гүйцэтгэгч нь байр хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн ба энэхүү хугацаа хэтэрсэн тохиолдолд энэ өдрөөс эхлэн алданги тооцож эхлэх талаар дурдсан. Гүйцэтгэгч нь дээр дурдсан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулж өгч чадаагүй ба байрыг ашиглалтад оруулж өгөхгүй байгаатай холбогдуулан захиалагч миний бие 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шинэ хорооллын ******* тоотыг сарын 850,000 төгрөгөөр тооцон түрээслэн суух гэрээ байгуулж нүүж орон одоог хүртэл амьдарч байна. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар захиалагч миний биед учирсан бодит хохирол болох түрээсийн төлбөрийн хэмжээ 5,950,000 төгрөг болоод байна. Энэ тухайгаа гүйцэтгэгчтэй уулзах бүрдээ илэрхийлж байрыг ашиглалтад оруулж өгөх хүсэлтээ илэрхийлж байсан. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөх талаар албан бичиг өгсөн хэдий ч барилгын ажлыг өнөөдрийн байдлаар буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дуусгаагүй, улсын комисст хүлээлгэн өгөх ажил эхлээгүй байна. Иймд захиалагч миний бие гэрээнд тусгагдсаны дагуу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алданги болон бодит хохирлыг дараах шаардлагын дагуу гүйцэтгэгч *******-аас нэхэмжилж байна. №8-1-69 тоот гэрээний 6.2 *******-ийн №23098 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алданги төлбөр болох 48,809,700 төгрөг, №8-1-9г тоот гэрээний 6.2 *******-ийн №23098 тоот албан бичгийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийн хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх алданги төлбөр болох 983,500 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Шинэ хорооллын ******* тоотыг сарын 850,000 төгрөгөөр тооцон түрээслэн суусан төлбөр буюу бодит хохирлын хэмжээ 5,950,000 төгрөг, нийт 55,743,2500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Манай байгууллага ******* *******тай захиалгаар орон сууц, автозогсоолын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээний дагуу төлбөр мөнгийг авсан, барилгын ажлаа гүйцэтгэсэн. Гэрээний 5.4 дэх заалтын дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоосон. Тус хугацаанд барилгыг бүрэн дуусгаж чадаагүй. Барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байсан. Жич: Барилгын халаалтыг авсан, барилгын бүх хана, өрөг бүтээцийн тэгшилгээ, хийгдсэн, айлуудын хаалга суугдаж, ариун цэврийн өрөөний плита наах ажил, дотор заслын ажил хийгдэж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш заслын ажлаа үргэлжлүүлэн хийж дуусгаж, захиалсан лифт ирж суурилуулснаар барилгын ажил дуусаж, ашиглалтад өгч байна. М.*******ын гаргасан гомдлын тухайд анх гэрээ байгуулах үед М.Мөнхзулд үнийн хөнгөлөлт үзүүлсэн. 1 м.кв орон сууцны үнийг 100,000 төгрөгөөр буюу 4,825,000 төгрөг, автозогсоолд 500,000 төгрөг, нийт 5,325,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн үнийн дүнгээр гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээний үнийн дүн 1 м.кв нь нэмэгдсэн өртгийн албан татвар ороод 1,800,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татваргүй цэвэр дүнгээр 1,636,363 төгрөг. Энэ нь барилгын өртгөөсөө ч хямд үнэ юм. Бид анх байгуулсан гэрээний үнийн дүнг баримтлан үнийн өсөлт бусад нэмэгдэл зардлыг гүйцэтгэгч тал дангаар хариуцан барилгаа дуусгаж байгаа билээ. Гэрээний 6.2-т заасны дагуу гүйцэтгэгч тал захиалагч талд орон сууцанд 2,879,946 төгрөг, автозогсоолд 580,300 төгрөг, нийт 3,460,246 төгрөг төлөхөөр байна. Гэрээний 6.1-т заасны дагуу захиалагч тал гүйцэтгэгч талд орон сууцанд 1,840,950 төгрөг, автозогсоолд 931,000 төгрөг, нийт 2,771,950 төгрөг төлөхөөр байна. Барилгын ажиллах хүч, хүний нөөцийн дутагдлаас шалтгаалж барилгын заслын ажил удааширч, хугацаа хоцорч, захиалагч талд ч гүйцэтгэгч бидэнд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнг харгалзан үзэж өгөхийг хүсье” гэжээ.

2.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч М.*******, М.******* нарт холбогдуулан 2,771,950 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 тоот орон сууц захиалгын гэрээгээр захиалагч М.*******д 48.25 м.кв 2 өрөө байрыг тухайн үеийн үнээс м.кв тутамд 100,000 төгрөг буюу орон сууц дээр 4,835,000 төгрөг, граж дээр 500,000 төгрөг, нийт 5,335,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээний мкв-ийн үнэ НӨАТ-тэй 1,800,000 төгрөг, НӨАТ-гүй цэвэр үнэ 1,636,363 төгрөг. Барьсан барилгын өртөг 2,250,000 төгрөг давсан. Бид анх байгуулсан гэрээний үнийн дүнгээ баримтлан үнийн өсөлт бусад нэмэгдэл зардлыг гүйцэтгэгч тал дангаар хариуцан барилгаа дуусгаж ашиглалтад оруулсан. Байр ашиглалтад орон үеийн зах зээлийн үнэ орон сууц нь м.кв 3,000,000 төгрөг, автозогсоол 30,000,000 төгрөг байсан. Захиалагч тал маань байраа хүлээж авсан, гэрчилгээгээ мөн авсан, байр худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа хүлээн авсны дараа захиалагч М.*******ын нөхөр М.******* нь манай байгууллагаар 55,743,200 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Иймд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 тоот гэрээний 6.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.******* нь хариуцагч *******-д орон сууц болон автозогсоолын төлбөр төлөх хугацааг хоцроосон тул дараах тооцооллоор орон сууцны алданги 1,840,950 төгрөг, автозогсоолын алданги 931,000 төгрөг, нийт 2,771,950 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгч М.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Тус шүүхэд ******* нь миний бие М.*******ад холбогдуулан 2,771,950 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан тооцоолол алдаатай байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.12.25-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримт, нэхэмжлэгч М.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2284 дугаартай “Хугацаа хойшилсон тухай” албан бичгийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1910 дугаартай итгэмжлэл, 2022.02.07-ны өдрийн №8-1-69 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны шилжүүлгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн акт, 2022.02.22-ны өдрийн №08-1-9г дугаартай захиалгаар автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2023.12.27-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээ, Т. мэдэгдэл, М.*******ын *******-д гаргасан өргөдөл, М.*******аас олгосон итгэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4,21,55,68-77,82-86,79-81,88-93,173 хуудас)

4.Хариуцагчаас *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24092 дугаартай итгэмжлэл, НӨАТ-ын баримт, барилгын ажлын гүйцэтгэл, гүйцэтгээгүй үүрэг, гүйцэтгэгчид ногдуулах алдангийн тооцоолол, захиалагч гэрээний үнийн дүнгээс хугацаа хоцроож төлсөн төлбөрийн тооцоолол, *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24099 дугаартай итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 24/050 дугаартай өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 477 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 24083 дугаартай албан бичиг, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24085 дугаартай албан бичиг, *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 24102 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24090 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24094 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 24089 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №8-1-77 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Хаан банкны шилжүүлгийн баримт, Б. иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №8-1-23 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д. иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №8-1-89 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 34-35,48,49,50,51,127,157-163,206-217 хуудас)

5.Шүүхээс нэхэмжлэгч М.*******ын хүсэлтээр хариуцагчаас *******-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23098 дугаартай “Хугацаа хойшлох тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2284 дугаартай “Хугацаа хойшилсон тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Т. мэдүүлэг авсан болно. (хх 102-104, 149-151 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.*******, М.******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан 55,743,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* нь нэхэмжлэгч М.*******, М.******* нарт холбогдуулан 2,771,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...*******-тай 2022 онд захиалгаар орон сууц болон автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн. ******* нь 2023 оны 1 дүгээр улиралд орон сууц болон зогсоолыг ашиглалтад оруулж, түлхүүр хүлээлгэн өгөхөөр хугацааг тохирсон боловч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй. Хариуцагч нь байр хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн ба энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд энэ өдрөөс эхлэн алданги тооцож эхлэх талаар дурдсан. Гэвч дурдсан хугацаандаа орон сууцыг ашиглалтанд оруулж чадаагүй ба үүнээс шалтгаалж бидний зүгээс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Шинэ хорооллын ******* тоот орон сууцыг сарын 850,000 төгрөгөөр түрээслэн амьдарсан. Түрээсийн төлбөрийн хэмжээ 5,950,000 төгрөг болоод байна. Энэ тухайгаа гүйцэтгэгч компанитай уулзах бүрдээ илэрхийлж байсан. 2024 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөх талаар албан бичиг өгсөн хэдий ч барилгын ажлыг өнөөдрийн байдлаар дуусгаагүй, улсын комисст хүлээлгэн өгөх ажил эхлээгүй байна. Иймд захиалагчийн зүгээс гэрээнд тусгагдсаны дагуу алданги болон өөрт учирсан хохирлыг шаардаж байна. Үүнд: орон сууцны барилгын ажил болон автозогсоолын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний 6.2 дахь заалт болон *******-ний №23098 тоот албан бичгийг үндэслэн 2023.09.30-2024.07.16-ны өдрийг хүртэлх алданги орон сууц-48,809,700 төгрөг, автозогсоол-983,500 төгрөг, түрээсийн төлбөр 5,950,000 төгрөг нийт хохирол 55,743,200 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч *******-иас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 тоот орон сууц захиалгын гэрээгээр захиалагч М.*******д 48.25 м.кв 2 өрөө байрыг тухайн үеийн үнээс м.кв тутамд 100,000 төгрөг буюу орон сууц дээр 4,835,000 төгрөг, автозогсоол дээр 500,000 төгрөг, нийт 5,335,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээний мкв-ийн үнэ НӨАТ-тэй 1,800,000 төгрөг, НӨАТ-гүй цэвэр үнэ 1,636,363 төгрөг. Барьсан барилгын өртөг 2,250,000 төгрөг давсан. Бид анх байгуулсан гэрээний үнийн дүнгээ баримтлан үнийн өсөлт бусад нэмэгдэл зардлыг гүйцэтгэгч тал дангаар хариуцан барилгаа дуусгаж ашиглалтад оруулсан. Байр ашиглалтад орон үеийн зах зээлийн үнэ орон сууц нь м.кв 3,000,000 төгрөг, автозогсоол 30,000,000 төгрөг байсан. Захиалагч тал одоо байраа хүлээж авсан, гэрчилгээгээ мөн авсан, байр худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа хүлээн авсны дараа захиалагч М.*******ын нөхөр М.******* нь манай байгууллагаар 55,743,200 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Иймд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 тоот гэрээний 6.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.*******, М.******* нар нь хариуцагч *******-д орон сууц болон автозогсоолын төлбөр төлөх хугацааг хоцроосон тул орон сууцны алданги 1,840,950 төгрөг, автозогсоолын алданги 931,000 төгрөг, нийт 2,771,950 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын зүгээс “...Автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд алдангийг 0.02% тооцно гэж заасан боловч хариуцагч 0.2%-р алдангийг тооцсон алдаатай байна. 1,926,650 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрч байна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

4.Нэхэмжлэгч М.******* нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 8-1-69 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч *******-тай байгуулж, ******* тоот 48.25 мкв 2 өрөө орон сууцыг барих ажлыг *******-иар хийж гүйцэтгүүлэх, орон сууцны нийт үнийг 86,850,000 төгрөг байхаар, мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08-1-9г дугаартай захиалгаар автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ******* тоот зоорийн давхрын 16 мкв автозогсоолыг *******-иар хийж гүйцэтгүүлэх, автозогсоолын нийт үнийг 17,500,000 төгрөгөөр байхаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.*******, М.******* нар нь 2016 онд гэр бүл болж, гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу тэд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй этгээдүүд байна.

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж, түүнчлэн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө, зогсоол нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууц, зогсоолыг шинээр барьж гүйцэтгэн 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.

Иймээс зохигчдын хооронд дээрх хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

6.Талууд орон сууц болон автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар зэргээс үзэхэд талуудын маргааны зүйл нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүйгээс учирсан алданги, хохирлын асуудал байна.

7.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой ба хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч буюу ажил гүйцэтгэгч ******* нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй болох нь түүний захиалагч нарт хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23098 дугаартай “...Өнөөдрийн байдлаар барилгын ажил 70%-н гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дээр дурдсан давагдашгүй хүчин зүйлүүдийн нөлөөлөл, үүссэн нөхцөл байдал, барилгын одоогийн явц зэргийг харгалзан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.4 дэх зүйлийг үндэслэн барилгын ажлыг дуусгах хугацаа 2023.09.30-ныг хүртэл хойшилж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Хэрэв 2023 оны 3-р улирлаас цааш хугацаа хэтэрсэн тохиолдолд бид гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнд алданги тооцож, хариуцлага хүлээх болно” гэх албан бичгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Т.Ижилбаяр, М.******* нарын байгуулсан түрээсийн гэрээ, гэрч Т. мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт, М.*******ын *******-нд гаргасан өргөдөл зэргээр нэхэмжлэгч нар нь орон сууц ашиглалтанд ороогүй тул 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Ижилбаяртай Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, шинэ хорооллын 4-12 тоот орон сууц түрээсийн гэрээг байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ний өдөр хүртэлх хугацаанд нэг сарын 850,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд орон сууцыг түрээслэн, нийт 5,950,000 төгрөгийг Т.Ижилбаярт төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй юм.

8.Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №08-1-9г дугаартай захиалгаар автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д “...захиалагч энэхүү гэрээний 2.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө”, 6.2-т “гэрээний 5.4-д заасны дагуу автозогсоол хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №8-1-69 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д “...захиалагч энэхүү гэрээний 2.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө”, 6.2-т “гэрээний 5.4-д заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж заажээ.

Мөн дээрх гэрээнүүдийн 5.4-т “гүйцэтгэгчээс үл хамаарах, түүний урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай дараах тохиолдлын улмаас орон сууцыг болон автозогсоолыг бүхэлд нь болон зарим хэсгийг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдох тохиолдолд гүйцэтгэгч энэ тухай захиалагчид мэдэгдэж, орон сууц хүлээлгэн өгөх өдрөө шинээр тогтоох бөгөөд захиалагч энэ хугацааг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний алданги төлөхгүй” гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар зохигчид алданги төлөх талаар бичгээр тохиролцсон байна.

Нэгэнт хариуцагчаас барилгыг ашиглалтанд оруулах хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэж хойшлуулан тогтоохдоо цааш хугацаа алдсан тохиолдолд алданги төлөхөө илэрхийлсэн, барилгын гүйцэтгэл 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар албан бичигтээ дурдсан, харин 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаарх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.

Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул нэхэмжлэгч, хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт нотлогдож байх тохиолдолд алдангийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож гаргуулах нь зүйтэй.

Мөн алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байсан учир хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нийт гүйцэтгэлийг 30 хувь гэж үзэж үүнээс алдангийг тооцох нь хуульд нийцнэ.

Тооцоолоход:

-Орон сууцны хувьд гүйцэтгээгүй үүрэг 86,850,000*30%=26,055,000 төгрөг, үүнээс 0.2% алдангийг тооцоход нэг өдрийн алданги 52,110 төгрөг байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн 211 хоногоор бодоход 10,796,370 төгрөг байна.

-Автозогсоолын хувьд гүйцэтгээгүй үүрэг 17,500,000*30%=5,250,000 төгрөг, үүнээс 0.02% алдангийг тооцоход нэг өдрийн алданги 1050 төгрөг байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн 211 хоногоор бодоход 221,550 төгрөг байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн алдангийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 11,017,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

9.Хэрэгт орон сууц болон автозогсоолын төлбөрийг төлөх хугацааг хэрхэн тохирсон талаарх баримт авагдаагүй учир нэхэмжлэгч нарыг мөн үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлт хийх боломжгүй боловч дээр дурдсанчлан шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын зүгээс орон сууцны болон автозогсоолын ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн учир алдангид 1,926,650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарласан тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар ... гэрээг байгуулсанд тооцох бөгөөд гэрээг байгуулах үед үнийн хөнгөлөлт үзүүлсэн эсэх нь талуудын тохиролцоо, хүсэл зоригийн асуудал ба энэ нь гэрээний үүргийн шаардах эрхэд нөлөөлөхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

10.Тус өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцлээ.

11.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байх тул хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,666 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,302 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191,236 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45,776 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч *******-иас 11,017,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******, М.******* нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 44,725,280 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.*******, М.******* нараас 1,926,650 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 845,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,666 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,302 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191,236 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 45,776 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН