Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00596

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/00336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Нгийн хариуцагч Б.Э, Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 825 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.Нгаас 3 200 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд бараа татан авах зорилгоор зээлсэн. Уг мөнгийг нэг сарын хугацаатай хүүгүй зээлдэн авч 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл үүнээс 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 2 700 000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн. Үүний дараа мөнгийг чинь бүрэн төлж барагдуулна гэж хэлээд дахин 950 000 төгрөгийг зээлдүүлсэн байна. 950 000 төгрөг зээлдүүлэхдээ гэрээ байгуулаагүй өмнөх зээлээ төлөхдөө хамт төлнө гэсний дагуу итгэж зээлдүүлсэн. Ингээд нийт 3 650 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Эгийн дүү гэх Б.Т нь Г.Нтай 3 700 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Б.Т нь Чингэлтэй дүүргийн 13-р хороо, сургуулийн 45 гудамж 966 тоот, 354 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа барьцаанд тавьж зээлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Б.Т нь прокурорын тогтоол гарсны дараа 3 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг удахгүй төлнө гэсэн боловч одоог хүртэлх хугацаанд төлөөгүй болно. Иймд 3 000 000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасаж зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 2 775 000 төгрөг болно. Иймд хариуцагч нараас 1 825 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Эгч маань Солонгос явах болоод энэ хүнд хэдэн төгрөгийн өртэй заавал барьцаа үлдээ гээд байна, эгч нь энэ газрын бичгийн барьцаанаас аваад түр үлдээгээд явлаа гэсэн. Миний бие нэхэмжлэгчид зээл төлж байгаагүй ба миний эгч 3 700 000 төгрөг төлж байсан. Сүүлд Баянзүрх дүүргийн цагдаад 3 700 000 төгрөг нэхсэн байсныг нь төлчихлөө гээд ярьсан. Уг зээлд миний бие хамаагүй гэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оноос эхлэн нэхэмжлэгчээс мөнгө зээлж эхэлсэн. Г.Нгийн хэлснээр 3 200 000 төгрөгийг зээлж, 500 000 төгрөгийг буцаан төлсөн. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Цагдаа дуудаад очиход 3 700 000 төгрөг төлчих гэхээр нь маргааш нь төлсөн. Солонгос явах гэж байсан тул барьцаа болгож хашаагаа тавь гэхээр нь дүүгийн хашаа барьцаанд байсан тул 950 000 төгрөг нэхэмжлэгч төлөөд барьцаалсан. Нэр шилжсэн эсэхийг мэдэхгүй. 3 700 000 төгрөг төлсөн тул бүх юм дуусаад хашааны бичгийг дүү авчих байх гэж бодсон. 1 825 000 төгрөгийн хүү нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Э, Б.Т нарт холбогдох зээлийн гэрээний хүүд 1,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гэвч хавтаст хэрэгт авагдсан Б.Этай байгуулсан Зээлийн гээрээг дүү Б.Т нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 3 700 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүг 5 хувь байхаар харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Б.Ттай уг гэрээг хүчээр байгуулсан зүйл байхгүй. Иймд                       3 700 000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 1 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

                                        

            Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Э, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 850 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Б.Э нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3 200 000 төгрөгийг хүүгүй, 30 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд хариуцагч Б.Эгаас зээлийн төлбөрт 500 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 950 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүйгээр хариуцагч Б.Эгийн данс руу шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 5 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь түүний Хаан банк дахь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хэргийн 26 дугаар тал/

           

            Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Ттай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу мөнгө шилжээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 7 дугаар тал/

 

            Тодруулбал, уг гэрээг хариуцагч Б.Этай байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор нөхөж байгуулсан болохыг талууд тайлбарласан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Г.Н, Б.Т нарын хооронд 3 700 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч нараас 1 850 000 төгрөгийг зээлийн хүүд шаардах эрх үүсээгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны  өдрийн 101/ШШ2021/00336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                     С.ЭНХТӨР