Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,                                   

Улсын яллагч Н.Мөнхтогоо,

Шүүгдэгч Э.Мөнхдаваа, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Янгаад овогт Энхболдын Мөнхдаваа холбогдох эрүүгийн  1709005510084 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Хамаг Монгол" мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд "Зочид буудал, зоогийн газар"-ын 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт, Дорнод аймаг, Хэрлэн 10 дугаар баг, Ялалтын 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамба дацангийн 2 дугаар хэсэг, 1-2 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД:Ж3 98060815 / Янгаад овогт Энхболдын Мөнхдаваа нь:

 

- 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийн ойролцоо хохирогч Н.Эрдэнэтуяагийн "Самсунг галакси 5 эс" загварын гар утсыг түүний 8 настай охин Хүслэнгээс илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Х.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2017 оны 07 дугаар сарын 31-ний орой охины хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны орчим явж байсан бөгөөд тухайн үед миний "Самсунг галакси 5 эс" загварын шар өнгийн гар утсыг миний охин Хүслэн барьчихсан явж байсан. Тэгтэл урд явж байсан охин минь гэнэт уйлаад орилоод эхэлсэн бөгөөд миний бие урагшаа хартал охины гараас миний гар утсыг 20 орчим насны 2 хүүхэд шүүрээд булаагаад гүйгээд яваад өгсөн. Гурван үл таних эрэгтэй хүн утас булаасан 2 хүний нэгийг нь бариад ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж утас авсан хүнийг хүлээлгэж өгөөд өөрийнхөө гар утсыг хүлээж авсан гэжээ. / хх 10-11 /

Насанд хүрээгүй гэрч Б.Баасанжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид хоёрын урдхан талд хоёр эгч, нэг жоохон охин явж байсан. Тэгэхэд Э.Мөнхдаваа тэр жоохон охины гар утсыг нь гүйж очоод шүүрч аваад цаашаа зугтаачихсан. Тэгээд би араас нь гүйлгүй ард нь хоцорсон чинь араас 20 орчим насны 2 залуу хүрч ирээд “ Танай найз чинь жоохон хүүхдийн гар утас аваад зугтаачихлаа “ гэж хэлээд намайг бариад авсан. Тэгээд байж байтал гар утсаа булаалгасан гэх хүүхэдтэй хамт явж байсан 30 гаран насны 2 эгч хүрч ирээд намайг барьж аваад цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн.   

Тэгээд би цагдаад Э.Мөнхдаваагийн байсан газрыг нь буюу Баяраагийн гэрийг зааж өгч цагдаа нартай цуг очиж Э.Мөнхдавааг барьсан. Би Э.Мөнхдавааг тийм үйлдэл хийнэ гэж мэдээгүй гэжээ. / хх 14-15, 56 /

 

            Эд зүйл хүлээлэн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 6-7 /

 

            Эд зүйл үнэлгээ / хх 50 /

 

Шүүгдэгч Э.Мөнхдавааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-27 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Мөнхдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Баасанжаргалын ахынд зурагт үзэж байгаад 20:00 цагийн үед гэрээс нь гараад 5 буудлын орчим явж байтал замын зүүн талд 7-8 насны охин гар утсаар зураг аваад зогсож байхаар нь би очоод нөгөө охины гарт байсан гар утсыг шүүрээд зугтаагаад гудамж руу ороод гүйсэн. Тухайн үед Б.Баасанжаргал ард үлдсэн. Би Мөнхбаяр ахын гэрт нь очсон. Тэгж байтал Б.Баасанжаргал 1 цагийн дараа Мөнхбаяр ахынд 2 цагдаагийн хамт орж ирсэн. Би цагдаад утсыг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн ухаангүй тэнэг зангаас ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

                                                                                                          

Шүүгдэгч Э.Мөнхдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийн ойролцоо хохирогч Н.Эрдэнэтуяагийн "Самсунг галакси 5 эс" загварын гар утсыг түүний 8 настай охин Хүслэнгээс илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …миний "Самсунг галакси 5 эс" загварын шар өнгийн гар утсыг миний охин Хүслэн барьчихсан явж байсан. Охины гараас миний гар утсыг 20 орчим насны  хүүхэд шүүрээд гүйгээд яваад өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Эрдэнэтуяагийн мэдүүлэг / хх 10-11 /, ...Бид хоёрын урдхан талд хоёр эгч, нэг жоохон охин явж байсан. Тэгэхэд Э.Мөнхдаваа тэр жоохон охины гар утсыг нь гүйж очоод шүүрч аваад цаашаа зугтаачихсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Баасанжаргалын мэдүүлэг / хх 14-15, 56 /,  ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 6-7 /, эд зүйл үнэлгээ / хх 50 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнхдавааг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Мөнхдаваа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон               

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Янгаад овогт Энхболдын Мөнхдавааг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхболдын Мөнхдаваад ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Э.Мөнхдаваа нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.

 

4. Э.Мөнхдаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Мөнхдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнхдаваад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ