| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0055/З |
| Дугаар | 128/ШШ2024/0142 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.С*******,
Хариуцагч: Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М,
Гуравдагч этгээд: “Х*******” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Х,
Маргааны төрөл: Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: прокурор Б.С*******, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зөрчлийг шалгасан материалд авагдсан, … “Х*******” ХХК нь өөрийн өмчлөлийн 65-32 ******* улсын дугаартай бага оврын ачааны автомашинаар тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхдээ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дахь заалтад “Тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг” ойлгоно гэж, мөн хуулийн 10.2 дугаар зүйлд тээвэрлэгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 10.2.21 дэх заалтад “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх” гэж заажээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад зааснаар шийдвэрлэх ёстой зөрчилд холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан байна. Шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, хэсгийг 14.6.9 гэж буруу бичжээ. Энэ нь “Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн”, “Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх” гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасан захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд Зөрчил шалған шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “Х*******” ХХК-ийн нь Автотээврийн тухай хуульд заасан, тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх үүргээ биелүүлээгүй... болох нь… “Х*******” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэж шийдвэрлэх нь хэсэгт ... “Х*******” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасны дагуу 150 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай...” гэж өөрчлөхөөр шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хяналт, шалгалт хийх үед “Х*******” ХХК нь өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай бага оврын ачааны автомашинаар баллон бүхий байгалийн хийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулах, түгээх зорилгоор тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхдээ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлээгүй болох нь тогтоогдсон. Энэ нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. дахь хэсгийн 10.2.21-т “тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх” гэж, Мөн Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 5.16-д “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг зөвхөн тухайн ангиллын мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх;” гэж хууль болон дүрэмд тус тус адил утгаар тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгосон байдаг.
Иймд Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. дахь хэсгийн 10.2.21-т заасан үүргээ аж ахуйн нэгж байгууллага зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад хуульд заасан үүргээ тээвэрлэгч биелүүлээгүй бол ... учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж зааснаар. Эсвэл Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 5.16-д “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг зөвхөн тухайн ангиллын мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заасны аль нэгийг сонгох шаардлагатай болсон. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасны дагуу илүү хүнд шийтгэл оногдуулах: Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 5.16-д “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг зөвхөн тухайн ангиллын мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх,” гэж үүрэг хүлээлгэснийг биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 хэсгийг сонгон “Х*******” ХХК-д 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Харин Прокурорын дүгнэлтэд дурдсанаар тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан тээвэрлүүлэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийтгэл оногдуулах заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн “Х*******” ХХК маань аюултай ачаа тээвэрлэдэг байгууллага байгаа. Аюултай ачааныхаа 2 дахь ангилалд орох газан баллон тээвэрлэдэг байгууллага. Энэ маань тухайн үедээ намайг зогсоогоод шалгахад ямар нэгэн байдлаар туг дарцаг уяагүй, хийн баллонуудаа тус тусад нь байрлуулаагүй байсан. 3, 4 зөрчилтэй байсан. Тэгээд би тухайн үедээ мэргэшсэн жолоочийнх нь зөрчлөөр нь аваад үзчихсэн. Яагаад гэвэл мэргэшсэн жолооч гэдэг нь тухайн ангиллынхаа мэргэшсэн үнэмлэхийг авсныхаа дараа дээр нь давхар аюултай ачаа гэдэг тэмдэглэгээг тусад нь хийж өгдөг. Тийм болохоор би ойлгохдоо ийм олон зөрчилтэй юм чинь аль болох мэргэшсэнээр нь аваад үзчихсэн. Би мэдүүлэг дээрээ энэ бүх зөрчлүүдийг нь дурдаад явах байсан юм байна. Тэгсэн бол Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т 2, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулах зөрчилд шийтгэл оногдуулна гэсэн заалт байгаа.” гэжээ.
8. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”Х*******” ХХК нь автотээврийн хяналтын улсын байцаагчийн гаргасан 250,000 төгрөгийн торгуульд хяналт тавих хэлтсийн прокурор нь хуулийн заалтад өөрчлөлт оруулж 150,000 төгрөг болгон бууруулсныг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх дүгнэлтийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3.1. Харин хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0254699 шийтгэлийн хуудсаар “Х*******” ХХК-д шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн тавдугаар зүйлийн 5.16-д заасан үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн гэсэн үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
3.2. Учир нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.21-т тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх гэж хуулиар нэгэнт үүрэг болгосон байхад давхардуулан зохицуулсан дүрмийн заалтыг хэрэглэх нь хууль тогтоомжийн эрэмбийг зөрчсөн гэж үзэх юм.
3.3. Энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй боловч шүүх шийтгэлийн хуудсыг өөрчлөх эрхгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: … 1.2.шийтгэл оногдуулах;”, 7.1 дүгээр зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: … 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж зааснаар шийтгэл оногдуулах нь эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчид байх тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дүгээр зүйлийн 10.2, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлий 1.3-д заасныг баримтлан Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН