Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 Д.*******эд холбогдох эрүүгийн

   хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                 Д.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Ж.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.******* /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.*******, Б.******* нарын давж заалдах гомдлоор Д.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, ******* байрны тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой гийн ******* /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан “Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах” үндсэн чиг үүргээ зөрчиж Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлэлгүй “ ь ” ХХК-нд барилга барих зөвшөөрлийг олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол "шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг цагаатгах байх суурьтай шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урвуулан ашиглах шинж байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.... Шүүгдэгчийн Барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд заасан хориглосон болон хязгаарлалт тогтоосон дээрх заалтуудыг зорчиж барилгын ажил эхлүүлсэн байсан, мөн бичиг баримтын бүрдэл дутуу байхад “ ь ” ХХК-нд давуу байдал бий болгон барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосон нь албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч Д.*******ийн хувьд “ ь ” ХХК болон түүний захирал тай ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй байсан байдаг. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Шүүгдэгчийг цагаатгах байр сууриас оролцсон бөгөөд Албан тушаалын эрх мэдлээр хувийн ашиг сонирхол хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах бусад давуу байдал болох иргэн хуулийн этгээдийн хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл эс үйлдэхүйгээр илрэх юм. Ашиг хонжоо олоход эрх мэдлээ ашиглаж хувийн ашиг хонжоо олоход урвуулан ажиллаж байгаа давуу байдал олгож байгаа нөхцөл байдал байх ёстой тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг нь агуулаагүй. Гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэрч огт уулзаагүй, мөнгө төгрөг өгөөгүй, танихгүй гэж мэдүүлдэг. Энэ 2 хүн магадгүй авлигал өгсөн давуу байдал олгосон байх юм бол ядаж 2 хүн уулзах ёстой 1 ч уулзаагүй, нэгнийгээ танихгүй хүмүүс яаж яаж нэгэндээ давуу байдал олгосон байх боломжгүй. Прокурор яллах дүгнэлт дээр 2 зүйл ярьж байна. Барилгын тухай хууль тогтоомж, засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчиж гэж байгаа юм. Үүнийг нарийвчлан авч Үзүүлье. ЗГ-ын яг ямар шийдвэрийг зөрччихсөн юм бэ ЗГ-ын ямар шийдвэр болох талаар нотлох баримт нь байдаггүй. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг дээр Барилгын тухай хуулийн 2.11-д заасан барилгын зөрчсөн, Засгийн газрын шийдвэр хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргээ 2021 оны 7 сард гарсан Засгийн газрын 213 дугаартай тогтоол гарсанг газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хэзээ ирсэн хэзээнээс хэрэгжиж эхэлсэн талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх тухайн тогтоолоор барилга эхлүүлэх зөвшөөрөл өгөхийг хориглосон байхад зөвшөөрөл өгсөн гэж шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Засаг даргын бүрэн эрхийн асуудал яригдаж байна. Бүрэн эрх байхгүй байхад бүрэн эрхээ урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлсэн нөхцөл байдал байхгүй байна. Давуу байдал олгосон асуудал огт байхгүй. Энэ гэмт хэргийн үндсэн 3 шинжийг нэгийг ч нь хангаагүй. Энэ хэрэг нь цэвэр захиргааны хэрэг юм. Магадгүй Газрын тухай хууль зааснаар засаг дарга төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэх юм бол энэ асуудал гэмт хэргийн шинжтэй юу үгүй юу гэдгийг шалгах ёстой Яагаад гэвэл газар олгосон хүн газар олгосон хүнээсээ мөнгө авсан ч юм уу. хамаарал бүхий этгээд мөн юм уу, хувийн харилцаатай гэдгийг тогтоож байж эрүүгийн хэрэг байна гээд эрүүгийн хэрэг рүү шилжүүлж байгаа, бусад тохиолдолд захиргааны хэрэг байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн Засаг Даргатай холбоотой шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгоно гэсэн заалтаар захиргааны хэргийн шүүх захиргааны актыг (зөвшөөрөл олгосныг) хүчингүй болгодог. Өөрөөр хэлбэл, барилга эхлүүлэх зөвшөөрлийг олгосон шийдвэрийг хүчингүй болгодог. Ийм зохицуулалтаар явагдаж байгаа зүйлийг Эрүүгийн хууль руу оруулж хувийн ашиг сонирхол үйлчилсэн байна гэж тооцож яллагдагчаар татаж, ял шийтгэж байгаа нь нотлох баримтад үндэслээгүй байна гэж үзэж байна.. Зөвшөөрөл олгосон үед тухайн барилгын 5-н давхар барилгын угсралтын ажил явагдсан байсан. Нийтийн эрх ашгийн үүднээс зөвшөөрөл өгсөн гэж тайлбарлах боломжтой гэж үзэж байна. Албан тушаалын байдлаа илт урвуулан ашигласан, Илт урвуулан ашигласан зүйлгүй Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүд дээр аймгийн засаг дарга байхад манайх олгоод явдаг гэсэн зүйлийг ярьдаг. Бүрэн эрхийг хууль тогтоомжоор тодорхой заасан байх ёстой Прокурорын тухай хуульд заасан ийм эрхтэй гэсэн байдаг шиг энэ хүний болон албан тушаалын тэр эрх нь байдаггүй. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгчийн цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байхгүй. Манай байгууллага нь барилгын хэлтэс, газрын хэлтэс гэх хэлтсүүдтэй. Барилгын хэлтэс нь дотроо 4 хүнтэй бөгөөд, намайг тухайн ажлыг аваад удаагүй байхад, барилгын хэлтсээс надад тус барилгын ажил хэцүү байна. Олон айлын захиалга авчихсан, , 5 давхар хүртлээ барьчихсан байгаа барилга байсан бөгөөд миний хувьд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд гарын үсэг зурсан. Энэ шийдвэрээ би хамтын шийдвэр байсан гэж бодож байна. Би тухайн барилга дээр газрын зөвшөөрлийг нь эхэлж үзсэн, ямар нэгэн зөрчил байхгүй байсан тул би гарын үсэг зурсан юм гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийдвэрийг тайлбарлахдаа, 2022 онд өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн тайлбарыг үндэслэсэн талаараа дурдсан. Анхан шатны шүүхээс тухайн шүүгдэгч нь хувийн ашиг сонирхлоор хандсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн. Албаны эсрэг, эс үйлдэхүйн шинжээр үйлдсэн гэж хамааруулсан. Албаны эсрэг үйл ажиллагаа гэдэгт нийтийн албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл болгоныг хэлэх юм уу? эсвэл, авлигын гэмт хэрэг гэх утгаар нь оруулж ирсэн юм уу? гэдгийг тодорхойлж өгөөгүй. Гэтэл энэ хүний гаргасан захиргааны акт бол нийтийн ашиг сонирхлын эсрэг биш, харин ч нийтэд ашиг тустай үйлдэл болсон гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэргийн хувьд гэмт хэргийн шинжийг яаж агуулж байгааг ойлгохгүй байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн компанийн барьсан барилга нь 2021 оны 06 дугаар сард баригдаад эхэлчихсэн байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Тухайн барилга баригдаж байгаатай холбоотой ямар хяналт, шалгалт хийсэн байна вэ? гэдэг талаар ай гэх гэрчийн мэдүүлэгт ...******* даргад өөрт нь хэлж байсан. Тэгэхэд манайх хяналтаа хэрэгжүүлээд явж байсан. Мөн ******* даргын өмнө даргаар нь ажиллаж байсан гэх хүний мэдүүлэгт, хууль бус ажиллагаа явуулаад манайхаас зөвшөөрөл гаргаагүй байхад, барилгын ажил явуулаад байсан учраас манайх шаардлага хүргүүлсэн гэдэг. ******* өмгөөлөгчийн зүгээс, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг гэрчээр асуусан нь хууль бус гээд байна. Тухайн барилгаас хүн унаж бэртсэн асуудал дээр бол тухайн гэрч нарын тухайд шинжээчээр оролцоод дүгнэлт гаргасан. Гэхдээ энэ хүмүүс ажил үүргээ биелүүлж яваа хүмүүс. Тэрнээс биш, гэрчээр оролцож болохгүй гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр анхнаасаа 2021 оны 06 дугаар сард, энэ барилга үйл ажиллагаагаа явуулаад эхлэхэд нь өмнөх дарга нь таслан зогсоохоор шаардлага бичсээр байхад, нөхөж зөвшөөрөл байгаа нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Гэтэл Барилгын тухай хууль, Засгийн Газраас гаргасан журмаар зөвшөөрөл олгохдоо ийм, ийм асуудлуудыг харж байж олгоно гэдгийг нь зөвлөмж болгоод бичээд өгчихсөн байгаа. Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 06 дугаар сард шалгаж, дүгнэлт гаргаж, акт тавьж торгосон баримтууд хэрэгт авагдсан байгаа. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрмийн 3.2-т зааснаар ..Аймгийн засаг даргаас эрх олгосноор, тухайн Газрын харилцаа барилга хот байгуулалтын даргад тухайн эрх олгож болохоор хуульчилсан байдаг. Хэрэв эрх олгогдоогүй гэж үзэх юм бол, тухайн үед Д.******* даргын тухайд уг гэрчилгээг олгохгүй, надад ийм эрх нь байхгүй гээд байж байх эрх хэмжээ нь байсан. 2021 оны Засгийн газрын 213 дугаартай тогтоолын тухайд ...барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм гэх Засгийн Газрын тогтоол нь 20******* онд, мөн батлагдан хэрэгжиж байсан байдаг. Уг үндсэн зохицуулалт нь байгаа бөгөөд шинэчлэгдэж батлагдсан нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байдаг. Гэтэл ******* даргын зөвшөөрөл олгосон шийдвэр нь өөрөө 2021 оны 10 дугаар сард буюу энэ дүрэм, үйлчилж эхэлснээс хойш 3 сарын дараа гарсан байгаа. Гэтэл Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт ...Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах гэж заасан байгаа. Хуулиар нь зохицуулаад өгчихсөн байхад ингээд хэзээ ирсэн бичиг юм бол, би танилцаагүй байсан гэж ярих нь зохимжгүй зүйл. 4-н мэргэжилтэн санал болгосноор гарын үсэг зурсан гэх зүйл яриад байна. Гэхдээ эцэст нь энэ шийдвэрийг хэн гаргаж байгаа нь чухал болохоос биш, энэ хүмүүсийн тухайд санал болгосон төдий зүйл. Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж юуг хэлэх вэ? гэдгийг ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан ...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосныг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж ойлгоно гэж тодорхойлсон байгаа. 2022 оны 12 дугаар сард тухайн хуулийг тайлбарласан бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхээр. Тухайн албан тушаалтан нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа, тухайн гүйцэтгэж байгаа албан тушаалынхаа эсрэг ашиглах, эсхүл хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно гэж үзэж байгаа. Өмгөөлөгч нарын тухайд энэ хүн чинь өөртөө, ямар хувийн ашиг сонирхол олсон юм бэ? гэдэг асуудал яриад байна. Ер нь бол албаны эрх ашгийг зөрчсөн гэдгээрээ яллагдагчаар татагдсан байгаа. Энэ хүн ажил үүргийг нь гүйцэтгэж байгаагийн хувьд эрх ашгийг зөрчсөн гэдэг нь хуульд заасан баримтлах ёстой зүйлээ баримтлахгүй буюу давуу байдал олгосон гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. 5 давхар хүртлээ орон сууц баригдсан байсан учраас зөвшөөрөл өгсөн гэж яриад байх юм. Таслан зогсоох эрх нь өөрт нь байсан шүү дээ. Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн дараа, тухайн барилгыг барьж болно гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Тухайн гэмт хэргийн тухайд барилгын компанид давуу байдал олгосон учир гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.*******, Б.******* нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ь ХХК-нь барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргуулаагүй, зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Улиастай сумын ******* багт үйлчилгээтэй ******* айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсний дараа уг барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосон байна.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан барилгын ажлын зөвшөөрлийн дугаартай гэрчилгээ,  барилгын ажлын зөвшөөрөл олгосны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дулаан хангамжийн техникийн дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гарсныг нотолсон Завхан аймгийн ерөнхий архитекторын даалгавар, ТОДАОТ ХХК-ны гаргасан техникийн нөхцөл, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн *******69/2022 дугаартай дүгнэлтийн хуулбар,

гэрч Б.ын “... Би Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын аар 2022 оны 02 сард томилогдож байсан. Улсын байцаагчийн эрх 2022 оны 05 дугаар сарын 16-нд олгогдсон ... Аймгийн Цагдаагийн газраас манай байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу 2022 оны 04 сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.ын хамтаар Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан ******* айлын 5 давхар орон сууцны баригдаж буй барилгаас хүн унаж гэмтсэн гэх мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг тус барилга дээр хийсэн. Ингээд очиж хяналт шалгалтыг явуулахад унасан хүн нь барилгын талбайн даамал байсан ба тухайн үед эмнэлэгт хүргэгдсэн байсан. Хяналт шалгалтаар хэд хэдэн дутагдал илэрсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа аа байцаагч хяналтаа тавьсан, миний хувьд барилга угсралт, Барилгын тухай хуулийн хууль, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. “ ь ” ХХК нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 10 сарын 12-нд авсан байсан. Гэхдээ тухайн барилгын ажлын зураг нь мэргэжлийн байгууллагуудаар хянагдаагүй байсан. Тодруулбал аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраар тус тус хянагдаагүй гэсэн үг. Уг нь эдгээр байгууллагуудаар хянагдаад Барилгын хөгжлийн төвөөр барилгын экспертээр орж магадалгаа хийгдээгүй байсан. Хяналт, шалгалтаар ийм зөрчил, дутагдал илэрсэн болохоор улсын байцаагчийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн дугаартай акт гаргасан. Уг акт гарсны дараа Цагдаагийн газрын мөрдөгчөөр шинжээч томилох тогтоол ирсэн. Тогтоолын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч П.аа бид хоёр өмнө нь хяналт шалгалтаа хийгээд тогтоочихсон учраас 2022 оны 06 сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтдээ урд өмнө гаргасан акт дээр дурдагдсан зөрчлүүдийг оруулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч П.аагийн “... Би Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар 2003 оноос хойш 20 дахь жилдээ ажиллаж байна ... Баримт бичиг дутуу байхад нь уг зөвшөөрлийг олгочихсон байсан. Барилгын тухай хуульд зааснаар Барилгын хөгжлийн төвөөр зураг төсөл нь хянагдаж батлагдсаны дараа аймгийн Онцгой байдал газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тухайн тухайн чиглэлээрээ дүгнэлт гарсны дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зөвшөөрлийг өгөх ёстой юм. Жишээ нь гэхэд манай байгууллагаас хоёр ч улсын байцаагчийн дүгнэлт гарах ёстой, нэг нь эрүүл ахуй, нөгөөдөх нь барилгын улсын байцаагчийн дүгнэлт...Онцгой байдлын газраас галын улсын байцаагчийн дүгнэлт гарах ёстой юм. Гэтэл манайхаар ч ороогүй, Онцгой байдлаар дүгнэлт гаргалгүйгээр зөвшөөрөл олгогдсонд нь гайхаж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.айн “... Би аймгийн Ерөнхий архитектораар 2016 онд томилогдон ажиллаж байна... Энэ компанийн инженер гэх залуу 2021 оны хавар барилгын ажил эхлүүлэх гэж байгаа хагас дутуу бүрдүүлсэн зураг төслөө өгөөд хянуулж батлуулъя гэсэн. Тэр өгсөн зургийг нь бичиг баримтууд нь дутуу байсан, жишээ нь хаанаас халаалт авах нь тодорхойгүй, зураг төсөвт нь тусгагдаагүй байхаар нь дулаанаа хаанаас авах гэж байгаа юм бэ, дулааны техникийн нөхцөлөө зураг төсөвтөө тусгаж оруулж ир гээд буцаасан. Тэрнээс хойш байж байгаад 2021 оны 06 сарын 20-ны үеэр байх тэр компанийн инженер нь дулаанаа авахаар болчихлоо гээд надаар зургаа батлуулаад явахаас нь өмнө тэр залууд “ та нар ном дүрмийнхээ дагуу ажлаа явуулаарай, зураг төсөл улсын магадлалаар оруулж батлуулж барилгын ажлаа эхлүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга *******эд “танай байгууллага “ ь ” ХХК-ийн барьж байгаа барилгын ажилд нь хяналтаа тавьж байгаа юм уу, зураг нь эцэслэгдэж батлагдаагүй байхад барилга угсралтын ажил нь явагдаад байгаа юм биш үү гэсэн чинь “манайх хянаж байгаа, асуудалгүй” гэж хэлсэн. Миний хувьд чиг үүргийн дагуу л Газрын харилцааны дарга *******эд хэлсэн. Тэрнээс бол би тэр байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байх боломж байхгүй. Орон нутагт бүх барилгын ажилд хяналт тавих эрхтэй байгууллага нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ын “... Би Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газрын ээр 2013 оны 06 дугаар сарын 01-нээс хойш 9 дэх жилдээ ажиллаж байна... Барилгын зөвшөөрөл авах компани нь манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх хүсэлтээ өгөх ёстой.Түүнийг манай байгууллага хүлээн тухайн компанид Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан материалуудыг бүрдүүлж ирэх жагсаалтыг өгдөг. Тэр дагуу тухайн компани нь бүрдүүлж ирсэн материалыг нь үндэслээд манай байгууллага барилгын зөвшөөрөл олгодог юм. Манайхаас зөвшөөрөл олгохоос өмнө зураг төсөв нь холбогдох бүх газруудаар орж тухайн чиглэлээр дүгнэлт гарсан байх ёстой. Тухайлбал Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн дүгнэлт, Онцгой байдлын газраас галын дүгнэлт гардаг. Харин аймгийн ерөнхий архитектор нь Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт гарахаас өмнө барилга, хийц талаас хянаж баталгаажуулдаг. Энэ компанийн тухайд аймгийн ерөнхий архитектор дулаанаа шийд гээд баталж өгөхгүй нэлээн удаасан байсан. Гэхдээ тэгж шаардлага тавих нь зөв л дөө, дулааны техникийн нөхцөлөө аваагүй байсан болохоор...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.*******ийн “...Энэ компани нь манай байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авалгүйгээр 2021 оны 05 сарын үед барилгын ажлаа эхлүүлсэн байсан. Манай байгууллага энэ тухай ь ХХК-д албан мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдлийг 2021 оны 6 сарын 16-нд өгсөн. Мэдэгдэлд юу тусгаж шаардсан гэхээр “ ь ” ХХК-ийг барилгын ажил эхлүүлэх гэж байгаа бол Барилгын тухай хуулийн 28-р зүйлд заасан баримт, бичгүүдээ бүрдүүлж ирж зөвшөөрлөө авч барилгын ажлаа эхлүүлэх албан мэдэгдэл байгаа. Тэрнээс хойш 2021 оны 07 сарын 20-нд тус компаниас манай газарт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү гээд баримт, материалуудаа бүрдүүлээд өгсөн. Бүрдүүлж өгсөн баримт, материалыг хянахад техникийн нөхцөлөө аваагүй байсан. Гэвч орон нутгийн байгууллагуудаар зураг төсөл нь хянагдсан байсан. Манай байгууллагаас дулааны нөхцөлөө яагаад аваагүй талаар компанийнх нь захирал аас тодруулахад дулаан холбох уурын зуух олдохгүй байгаа, гэхдээ дулааныхаа асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэсэн. Энэ хооронд Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажил явуулах үйл ажиллагааг түр зогсоосон байсан. Ер нь барилгын ажил нь дулааны улиралд л явагддаг учраас “ ь ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хүйтрэхээс өмнө барилгын ажлаа явуулж баймаар байна, та бүхэн тусалж дэмжээд өгөөч гэдэг хүсэлтийг амаар тавьсан. Манай хэлтсийн мэргэжилтэн , а, а бид хэд ярилцаад орон нутагт хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил учраас мөн түрүүн хэлсэн барилгын ажил дулааны улиралд явагддаг, уг барилгын ажлыг явуулахад банкнаас өндөр дүнтэй зээл авсан гэдэг асуудлыг хэлж байсан болохоор тэр зүйлүүдийг бид хэд хоорондоо ярилцаад ажил төрлийг нь цалгардуулаад яах вэ, дэмжье гэдэг байдлаар санал нэгдээд тэгээд газрын дарга *******эд танилцуулсан. Тэгээд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь 2021 оны 10 сарын 12-нд олгогдож байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.агийн “... Би Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газарт инженерийн асуудал хариуцсан ээр ажиллаж байна. ь ” ХХК нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ 2021 оны 07 сард өгсөн. Зөвшөөрөл авахаас өмнө энэ компани нь барилгын ажлаа эхлүүлчихсэн явж байсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас торгуулийн арга хэмжээ авсан дараа нь үйл ажиллагааг нь хүртэл түр хугацаагаар зогсоосон байсан.Тэр компанийн захирал оо гэдэг залуу нь бидэнд учир байдлаа ойлгуулж хэлж л байсан, дулааны техникийн нөхцөлөө л гаргуулаагүй байгаа бусад бичиг баримтууд нь бүрдчихсэн тухайгаа хэлсэн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад бүх бичиг баримт бүрдсэн байх ёстой, хамгийн сүүлд улсын магадлалаар орж дүгнэлт гарсны дараа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл гарах ёстой. Манай хэлтсийн ах, *******, а бид дөрөв хоорондоо ярилцаад барилгын ажлын зураг төсөв нь орон нутгийн түвшинд батлагдчихсан байгаа, орон нутагт хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа орон сууц учраас бүтээн байгуулалтын ажлыг нь дэмжээд ажлыг цааш нь явуулбал яасан юм бэ, тэр нь зөв байх гэж ярилцаж шийдээд газрын дарга *******эд танилцуулсан. Ингээд газрын даргаас “ ь ” ХХК-д барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь олгогдсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.ийн “... Би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар 2016 оны 09 дүгээр сарын 13-аас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан ... ******* багийн нутаг дэвсгэр 1-р сургуулийн хажууд зүүн тус компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байхаар нь энэ албан шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагыг хүргүүлэхээс өмнө манай газрын Барилгын хэлтсийн хариуцсан үүд нь тухайн компанид тавих шаардлагуудаа хэлж шаардсан байх ёстой. Нүдэн дээр хууль зөрчигдөж байгаа тохиолдолд албан мэдэгдэл, шаардлагаа өгөх л ёстой. Би энэ албан шаардлагыг 2021 оны 06 сарын 16-нд хүргүүлсэн байна. Тэгээд би наадмын өмнө буюу 2021 оны 07 сарын 11-ээс өмнө тэтгэвэр гарах хүсэлтээ өгч 07 сарын 21-нд албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөж байсан болохоор тэрнээс хойш миний өгсөн албан шаардлагыг тэр компани дагуу биелүүлж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах баримт, бичгүүдээ бүрдүүлж өгсөн, үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгүүдээр,

Мөн ь ХХК-ны үйл ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 02-нд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт явуулахад барилгын ажлыг эхлэх зөвшөөрөлгүй барилга барьж байгаа байдал илэрсэн үндэслэлээр тус компанийн барилгын ажлыг түр зогсоосон тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 07-06-021/06 дугаартай акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтын нотолсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдэл нь  Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн 27.3.2-д “зураг төсөлд магадлал хийгдээгүй бол барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзана” гэж заасныг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглоно” гэж заасныг, мөн Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.1-д “Барилгын тухай хууль тогтоомжид Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байсан “ ь ” ХХК-д барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгож, тухайн компанид давуу байдал бий болгосон гэж дүгнэжээ.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “ энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ” гэж  тус тус тодорхойлсныг зөрчжээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй  байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн үйлдэл төгсдөг.

Энэ гэмт хэргийн шинж болох “урвуулан ашиглах” гэсэн ойлголтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “албаны үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй  байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг” ойлгоно гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.******* нь Барилгын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд заасан хориглосон, хязгаарлалт тогтоосон заалтуудыг зөрчиж, барилгын ажил эхлүүлсэн ь ХХК-нд давуу байдал бий болгон, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгосон нь албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдлийг хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэн, дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 22 .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5500.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын  шүүгдэгч Д.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “урвуулан ашиглах шинж байхгүй тул” хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгөхийг хүссэн  агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.*******, Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.НАМХАЙДОРЖ