Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                                    

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Э.Бадрал, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

Хохирогч Э.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Эрдэнэ-Очирын Бадралд холбогдох эрүүгийн 1709014580152 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Бид" ББСБ-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Цоглог хотхоны 203-16 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ШУ 90051310 / Монгол овогт Эрдэнэ-Очирын Бадрал нь:

 

- 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 60 дугаар байрны гадна хохирогч Э.Энхтайвантай маргалдан улмаар түүнийг тонгорч унагах, нүүр тус газар нь цохих, хэвлий тус газар нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Энхтайван мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 60-р байр гэрийнхээ үүдэнд 15 цагийн үед манай эхнэр машинаа ухрааж байсан би машинаас буучихсан зааж өгөөд байж байсан. Тэгсэн чинь араас улаан өнгийн приус маркын машинтай хүн сигналдаад байсан. Тэгэхээр нь би “Чи юундаа сигналдаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу бууж ирээд намайг барьж аваад түлхээд унагаасан. Би унахдаа ар дагзаараа савж цемент мөргөж унасан. Тэгээд би нэг хэсэг ухаан алдаад сэргэсэн гэжээ. / хх 6 /

Гэрч Д.Мягмар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн нөхрийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын орчим өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 60-р байрны гадна Тоёото Хариер маркийн машинтай ирээд машинаа байрлуулж чадахгүй зогсож байхад манай нөхөр буугаад хаана зогсохыг зааж өгч байсан. Би машинаа байрлуулах гэж байхад нөхөр ард ирж зогссон жолоочтой маргалдаад байсан. Манай нөхөр халамцуу байсан учраас очоод маргалдсан гэж бодож байна.

Тэгээд би машинаа байрлуулж дуусаад буугаад очиход манай нөхөр Э.Энхтайван газарт ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед миний машины ард зогсож байсан улаан өнгийн автомашин хурдтай хөдлөөд явахаар нь зургийг нь авах гэсэн боловч амжаагүй. Тэгээд манай нөхөр 9 дүгээр сарын 28-ны өдөр толгой нь өвдөөд байна гээд гэртээ хэвтэж өнжөөд өвчин нь намдахгүй байсан учраас 9 сарын 29-ний өдөр эмнэлэгт очиж толгойн зургаа авахуулахад гавал яс нь цууралттай, духны хэсэгт цус хуралттай гээд яаралтай гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. гэжээ. / хх 8 /

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 12450 дугаар дүгнэлтэнд: 

1. Э.Энхтайваны биед дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн эдийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 16 /

 

Шүүгдэгч Э.Бадралыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 24 / зэрэг болно.

Шүүгдэгч Э.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн уураа барьж чадаагүйгээс ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.Энхтайван ахаас дахин уйчлалт гуйж байна. Дахин хэзээ ч ийм алдаа гаргахгүй гэв.

 

Хохирогч Э.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хүүхдээ сургуулиас нь авчихаад хоол идүүлэхдээ өөрөө архи уучихсан юм. Тэгээд эхнэрээ дуудаж машинаа бариулаад гэрийн гадаа очсон. Эхнэр сайн ухарч чаддаггүй учир би заагаад ухруулж байхад машин ирж сигналдаад түүнээс болоод би хүний дургүйг хүргэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон юм байна лээ. Би маш их согтсон байсан учир өөрөө үйлдлээ сайн мэдэхгүй байгаа. Энэ залуу намайг эмнэлэгт хэвтсэнээс хойш байнга эргэж тойрч, эмч нартай уулзаж байсан. Эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгсөн. Миний буруугаас ийм хэрэг гарсан болохоор хуулинд заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгнө үү. Миний тархины цус хуралт бүрэн шимэгдсэн. Цууралт нь явцаараа бороолно гэж эмч хэлсэн. Одоо миний бие эрүүл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Э.Бадрал нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 60 дугаар байрны гадна хохирогч Э.Энхтайвантай маргалдан улмаар түүнийг тонгорч унагах, нүүр тус газар нь цохих, хэвлий тус газар нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Би “Чи юундаа сигналдаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу бууж ирээд намайг барьж аваад түлхээд унагаасан. Би унахдаа ар дагзаараа савж цемент мөргөж унасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Энхтайваны мэдүүлэг / хх 6 /, … би машинаа байрлуулж дуусаад буугаад очиход манай нөхөр Э.Энхтайван газарт ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед миний ард ирсэн машин холдооч гээд дуут дохио өгөхөд манай нөхөр халамцуу байсан учир очоод маргалдсан гэж бодож байна гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Мягмарын мэдүүлэг / хх 8 /, …Хохирогч Энхтайван  Бадралын машины урд хэсгээр гарч гүпер рүү нь өшиглөх шиг үйлдэл хийгээд баруун урд талын жолоочийн талын хаалганы орчим очиж гараараа ямар нэг юм заагаад маргалдаж байгаад Бадрал машинаасаа гарч ирэхэдд Энхтайван заамдан өөр рүүгээ татан унагах гэж оролдож байхад Бадрал түүнийг заамдан авч үүрч шидэхэд Энхтайван асфалтан зам дээр толгойгоороо савж унаж байгаа харагдав гэсэн Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14 / …Э.Энхтайваны биед дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн эдийн цусан хураа гэмтэл тогтоогдсон нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 12450 дугаар дүгнэлт / хх 16 / зэрэг болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Бадралыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Бадрал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн санал хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогыг  харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Э.Бадрал  нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүйг дурьдав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан торгуулийн ялын 50% болох 5.000.000 төгрөгөөр торгож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 нь зөвхөн хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалт болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Эрдэнэ-Очирын Бадралыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрдэнэ-Очирын Бадралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Э.Бадрал нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6-д зааснаар Э.Бадралд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Бадрал  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Э.Бадралд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бадралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ