| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2318000000452 |
| Дугаар | 2023/ДШМ/56 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ДШМ/56
Б.Баярмаа, П.Хадбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Дэлгэрсайхан
Шүүгдэгч Б.Баярмаа, П.Хадбаатар нарын өмгөөлөгч Б.Чинбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нарт холбогдох 2318000000452 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас :ан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Баярмаа нь “Дархан тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-н Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт "аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх" гэсэн заалтын дагуу гар хадуур, шатах тослох материал буюу бензинтэй харьцаж ажиллах талаар тодорхой дүрэм, журам, зааврыг батлуулах үүргээ биелүүлээгүй, яллагдагч П.Хадбаатар нь “Дархан тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасан 'өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" үүргээ биелүүлээгүй Газар асгарсан бензинд гал тавьж улмаар тус газрын зам талбайн үйлчлэгч ажилтай Ц.Батням нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 14 дүгээр байрны 01 дүгээр орцны үүд хэсэгт түлэгдэж, биеийн зүүн бугалга, шуу, гуя хэсгийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 10-15 хувийг эзэлсэн ЗБ зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Баярмаа, П.Хадбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батжаргалын Баярмаа, Боржигон овогт Пүрэвжалын Хадбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж учруулсан 2318000000452 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Баярмаа, П.Хадбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:
... Яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргасан. Прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх саналыг танилцуулж шийдвэрлэсэн.
Яллагдагч П.Хадбаатар нь хохирогчийн зүгээс хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох эмчилгээ болон бусад зардлыг гарган өгсөн баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг сар бүр төлж барагдуулахаа илэрхийлж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан нь яллагдагчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяраас гаргаж өгсөн эмчилгээний зардал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан баримтуудын хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлага хангагдсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр яллагдагч нартай ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоос татгалзаж, шүүхээс шинээр хохирогч Ц.Батнямын төрсөн эгч Ц.Баярмааг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан хохирол, төлбөр дээр нэмж 2,000,000 төгрөгийн хохирлыг баримтгүйгээр шинээр нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дээрх шинээр нэхэмжилсэн 2,000,000 төгрөг нь хохирогч Ц.Батнямыг Улаанбаатар хотод эмчилгээнд хамруулахад гарсан зардал гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарласан бөгөөд яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дээрх нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар маргахгүй, цаашид төлж барагдуулахаа илэрхийлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д зааснаар яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар хуульчилсан бөгөөд яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтгүй нэхэмжилсэн мөнгийг төлөхөө илэрхийлсэн байхад дээрх хуулийн шаардлага хангагдаагүй дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны явцад хууль ёсны төлөөлөгчөөс нэмж нэхэмжилсэн төлбөртэй холбоотой нэмэлт ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар шүүх дүгнээгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан байна.
Шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэх заалтын хүрээнд “Дархан тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазрыг иргэний хариуцагчаар татан оролцуулах талаар дүгнэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хэргийг шүүхэд шилжүүлэх үед яллагдагч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг бүрэн хариуцахаа илэрхийлсэн байх тул ажил олгогч “Дархан тохижилт үйлчилгээний газар" ОНӨААТҮГазрыг иргэний хариуцагчаар татах зайлшгүй шаардлагагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх үндэслэлтэй байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 202Э/ШЗ/796 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байх шаардлага хангагдаагүй гэж үзсэн. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар 944.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд яллагдагч талаар нийт 1200.000 төгрөгийг хохирол төлбөрт хүлээлгэн өгсөн. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Яллагдагчид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрчлөн тогтоогдсон. Шинээр томилогдсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэмж 2.000.000 төгрөг нэхэмжилснийг яллагдагч нар төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсвэл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах эсвэл ердийн журмаар шийдвэрлэх боломжтой талаар зохицуулсан байдаг тул хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Хоёрдугаарт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ажил олгогч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад хохирол учруулсан бол ажил олгогч хариуцахаар хуулийн заалт байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүх хуралдааны явцад шинээр нэхэмжилсэн зардлыг мөн яллагдагч нар нөхөн төлөхөө илэрхийлсэн тул заавал иргэний хариуцагч татах шаардлагагүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:
Яллагдагч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр маргадаггүй. Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлдэг. Яллагдагч П.Хадбаатарын зүгээс хохирол төлбөрт 1200.000 төгрөгийг төлсөн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч солигдож, шинээр хохирол нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой баримт байхгүй хэдий ч яллагдагч талаас төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан нөхцөл байдал хангагдаагүй, байгууллагыг иргэний хариуцагчаар татаагүй гэдэг дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцааж байгаа асуудал дээр яллагдагч, хохирогч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмаа тайлбартаа:
Байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж осол болсон гэж бид нар үзэхгүй байна. П.Хадбаатарын гэм буруутай үйлдлийг шалгуулмаар байна. Ажлын байран дээр тухайн үйл явдал болсон болохоор үйлдвэрийн осол гэж үзээд байгаа боловч миний зүгээс санаатай үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээр прокуророос яллагдагч нарыг гэм буруутай гэж үзээд ялаас чөлөөлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруутай этгээдэд зохих ялыг оногдуулах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Б.Баярмааг “Дархан тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт "аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх" гэсэн заалтын дагуу гар хадуур, шатах тослох материал буюу бензинтэй харьцаж ажиллах талаар тодорхой дүрэм, журам, зааврыг батлуулах үүргээ биелүүлээгүй” гэж,
Шүүгдэгч П.Хадбаатарыг “Дархан тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасан 'өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 14 дүгээр байрны зоорины давхрын гадна бензин савлах үед асгарсан бензинийг ууршуулах зорилгоор гал тавьж, улмаар гартаа савтай бензин барьж байсан Ц.Батнямын гарт гал авалцаж, түүний биеийн зүүн бугалга, шуу, гуя хэсгийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 10-15 хувийг эзэлсэн ЗБ зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэлэлцээд “хохирол төлбөр бүрэн барагдуулаагүй” гэж, шүүгдэгч Б.Баярмаа, П.Хадбаатар нар нь “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан байхад ажил олгогч байгууллагыг хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй” гэж хэргийг хоёр үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянан үзэх бөгөөд шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ.
Шүүгдэгч Б.Баярмаа, П.Хадбаатар нар нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Батнямын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардалд 1.250.000 төгрөг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмаа эмчилгээнд 2000000 төгрөгийн зардал гарсан гэх боловч иргэний нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-243-244/
Шүүх иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох эрхтэй бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн хэргийн хувьд хуульд заасан шаардлагын нэг болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулаагүй гэж үзвэл хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдээс хохирол төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүгдэгч Б.Баярмаа, П.Хадбаатар нарт холбогдох эрүүгийн 2318000000452 дугаартай хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх шийдвэрлэх боломжтой байна.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл, яллагдагч нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч Б.Баярмаа, П.Хадбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
З.ТӨМӨРХҮҮ