Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******** ХХК

Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын ахлах байцаагч Г.*******,

Гуравдагч этгээд Г.******* нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Г.*******, гуравдагч этгээд Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус байсныг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн , плазагийн замын урд талд байрлах нэртэй хүнсний дэлгүүрт гал түймэр гарч хөлдөөгч шатсан гэх дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын ахлах байцаагч Г.******* нь ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн цахилгааны инженер А. болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ахлах дэслэгч Т. нартай хамтран хэргийн газрын үзлэгийг хийжээ.[2]

2.2. Дээрх гал түймрийн шалтгаан, нөхцөлийг илрүүлж, хариуцлага хүлээх этгээдийг тодруулахаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын ахлах байцаагч, ахмад Г. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дугаартай зөрчлийн хэргийг нээж[3], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

2.3. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар [4]Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуул, иргэн Г.*******д учирсан хохирлыг ******* ХХК-иар үнэлгээ хийлгэж, 4,122,290 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэжээ.[5]

2.4. Тус шийтгэлийн хуудаст 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан боловч холбогдогч ******* ******* ХХК-иас тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй учир Г.*******аас шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг, тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/4753 дугаар шүүгчийн захирамжаар шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.[6]

2.5. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ******* ******* ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2024/6577 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтооход[7] 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлснээр[8] тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 128/ШЗ2024/7118 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн[9] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан аж.

2.6. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/8161 дүгээр шүүгчийн захирамжаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа хавсарган шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурджээ.[10]

2.7. ******* ******* ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг[11] хүлээн авч тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШЗ2024/9670 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн[12] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн , плазагийн замын урд талд байрлах нэртэй хүнсний дэлгүүрт гал түймэр гарч "******* *******" ХХК-ийн хөлдөөгч шатсан гэх гомдол мэдээлэл ирсэн.

Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын ахлах байцаагч Г.******* нь шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, 4.122.290 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсаар оногдуулж шийдвэрлэсэн. 2024 оны 05 дугаар сарын 13-ны дотор сайн дураар биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасан байна.

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/11132024/4753 дугаартай захирамжийн дагуу шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар Шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж байна. Үүнд: ******* ******* ХХК нь 2023 оны 09 сарын 29-ны өдөр дүүргийн 32-р хороонд байрлах нэртэй хүнсний дэлгүүрт хөлдөөгч ашиглуулахаар ******* ургийн овгийн овогтой /РД: /-тай гэрээ байгуулсан. Тус гэрээний 5.2-т талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хөлдөөгчийг болон гэрээний эрх, үүргээ шилжүүлэхийг хориглоно хэмээн заасан байхад манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр тус хөлдөөгчийг хүнсний дэлгүүрт шилжүүлсэн байна. Хөлдөөгч ашиглуулах гэрээнд гэрээний хугацаанд хөлдөөгчийн эвдрэл, гэмтлийг хүнсний дэлгүүр бүрэн хариуцан ажиллахаар тохиролцсон байдаг. ******* ******* ХХК-ийн худалдааны төлөөлөгч тус гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, хэвийн ажиллагаатай хөлдөөгчийг хүнсний дэлгүүрт хүлээлгэн өгсөн.

хүнсний дэлгүүр нь "******* *******" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр тус хөлдөөгчийг ашиглаж байсан, ******* *******" ХХК нь анх хүнсний дэлгүүрт биет байдлын доголдолгүй, хэвийн ажиллагаатай хөлдөөгч хүлээлгэж өгсөн, хөлдөөгч шатсан гэмтэл нь ашиглалтын үед үүссэн гэмтэл зэргийг харгалзан үзэхэд ******* ******* ХХК нь галын аюулгүй байдал хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Г.*******ын өгсөн мэдүүлэгт "... Би өмнө нь хороололд байх үеэсээ эхлээд ашигладаг байсан. Ажиллагаа бол хэвийн л байдаг байсан" гэх мэдүүлгээс харахад хэвийн ажиллагаатай байсан "******* *******" ХХК-ийн хөлдөөгчийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байх хугацаанд ашиглалтаас үүдэн гэмтэл гарсан байх магадлалтай байхад Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын ахлах байцаагч Г.******* нь тухайн нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй, тус хөлдөөгчийг "******* *******" ХХК-ийн хөрөнгө гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна. Бид хөлдөөгч ашиглуулах гэрээгээр хөлдөөгчийг түрээслэгч талд хүлээлгэн өгч, хүлээлгэн өгснөөс хойших эвдрэл гэмтлийг түрээслэгч тал хариуцахаар тохиролцсон байдаг.

Иймд зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар Шийтгэлийн хуудсаар ******* ******* ХХК нь галын аюулгүй байдал хангаагүй гэж дүгнэн шийтгэл оногдуулсан захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй хэмээн үзэж байна. Мөн хуулийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно хэмээн заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Иймд дээрх Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү... гэжээ.[13]

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд Г.*******ын өгсөн гэрчийн мэдүүлэгт ...******* ******* ХХК-ийн хөлдөөгчийг дэлгүүрт байршуулах хүртэл, түүнээс хойш ажиллагаа хэвийн байсан талаар дурдсан.

Мөн хүнсний дэлгүүртэй нэхэмжлэгч компани ямар нэг хөлдөөгч ашиглуулах гэрээ байгуулаагүй. Тус компанийн түгээгч н. нь хөлдөөгчийг аваад явчих гэж Г.*******д хэлсэн хэдий ч хөлдөөгчийг ашигла гэж хэлээгүй.

Хариуцагчаас тээвэрлэлтийн явцад хөлдөөгч эвдэрсэн эсэх нь тодорхойгүй байхад ******* ******* ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэдэг утгаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

Г.******* зориулалтын тээврийн хэрэгслээр тухайн хөлдөөгчийг тээвэрлэсэн гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч энэ талаар тодруулсан зүйл байхгүй. Хариуцагчаас нэхэмжлэгч компанийг хэрхэн галын аюулгүй байдлыг хангах ёстой байсныг хэлэхгүй гэж тайлбарласан нь ойлгомжгүй.

Маш олон газар хөргөгч, хөлдөөгч байршуулдаг тул компанийн ажилчид байнга очиж хэвийн ажиллагааг шалгах боломжгүй. Хөлдөөгч ашиглуулах гэрээг Г.*******тай байгуулаагүй учир манай компани хариуцлага хүлээх боломжгүй. Гэрчийн мэдүүлгийн үеэр ч энэ талаар тайлбарласан. 58 хоногийн турш ямар ч тайлбар баримт өгөөгүй үйлдэлд шийтгэл оногдуулсан гэж ойлгогдож байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад шийтгэлийн хуудас үйлдсэн нь илт хууль бус байна... гэжээ.[14]

3.3. Хариуцагч Ш.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.******* би, Зөрчлийн дугаартай хэрэгт холбогдуулан ******* ******* ХХК-н 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. ******* дүүргийн плазагийн замын урд талд байрлах нэртэй хүнсний дэлгүүрт гал түймэр гарсан гэх мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэгийг зохион байгуулж тус дэлгүүрт шатсан байсан хөлдөөгчийн эвдрэл гэмтлийг хариуцсан ажилтан ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн цахилгааны инженер А. болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ахлах дэслэгч Т. нарыг оролцуулан тухайн гал түймрийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн хэрэг нээн шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасны дагуу ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байдаг. Ахмад Г.******* би хэрэг бүртгэлт явуулах хугацаанд Д.аас ХХК-тай хийгдсэн гэрээг авч ирэхийг хүсэхэд тэдний байгууллагатай хийгдсэн гэрээ байхгүй байна гэж хэлээд гэрээний загвар болох бланк авч ирж өгч байсан. Мөн тухайн хүнсний дэлгүүрт түгээлт хийдэг байсан ******* ******* ХХК-ийн ажилтан н.оос гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй байна холбож өгнө үү гэхэд тус иргэнийг гадаад улсад байгаа холбогдож чадахгүй байгаа гэх тайлбарыг гаргаж, холбож өгч байгаагүй болно. Иргэн Г.******* нь ХХК-ийн ТҮЦ-нд ажилладаг байж байгаад гарахдаа бүх эд зүйлийг барааны хамт худалдаж авсан байдаг бөгөөд тэр үедээ ******* ******* ХХК-ийн ажилтан н.той удаа дараа утсаар холбогдож ирж хөлдөөгчөө авахыг шаардсан боловч аваад тавих газар байхгүй байна та нүүж байгаа газартаа авч очоод бараагаа зарж бай би тэндээс нь очоод авъя гэж ярьсан гэх тайлбарыг иргэн Г.******* өгсөн байдаг. Иргэн Г.******* нь тус компанид бараа материалын өргүй бөгөөд тус хөлдөөгчийг шатах үед ирсэн түгээлтийн ажилтан нь хөлдөөгч дотор байсан иргэн Г.*******ын хувийн барааг хөлдөөгчийн хамт хураан авч явсан байна.

2. хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан иргэн Г.******* нь анх галын шинжээч авч шалгуулах хүсэлтийг Онцгой байдлын байгууллагад гаргасны дагуу очиж хэргийн газрын үзлэгийн галын шинжээч болоод ******* ******* ХХК-ийн цахилгааны инженер А. болон хамт явсан нэг туслах ажилтан, иргэн Г.******* гэх мэт 5 хүнийг байлцуулан хэргийн газрын үзлэгээр тухайн дэлгүүрийн дотор цахилгаан болоод бусад хэсэгт байрлах цахилгааны разетка, цахилгаан хэрэгслүүд нь хэвийн ажиллагаатай байгааг тогтоосон. Гал түймэр нь зөвхөн тухайн дэлгүүрт байсан ******* ******* ХХК-ийн хөлдөөгчийн дотор сэнсний гэмтлээс үүдэн гарсан байна гэх урьдчилсан тайлбарыг тус байгууллагын цахилгааны ажилтан А. гаргасан байдаг. Мөн түүнийг үндэслэн тус хэргийн газарт шинжээчээр оролцсон ахлах дэслэгч Т.гийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 99/Мэдээлэл/7 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гал түймэр тус дэлгүүрийн цахилгаантай холбоогүй хөлдөөгчийн гэмтлээс үүссэн нь баталгаажсан байна... гэжээ.[15]

3.4. Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д. гэх хүн нэхэмжлэгч компанийг төлөөлж ирсэн бөгөөд түүнд галын дүгнэлтийг танилцуулж байсан. Хэргийн газрын үзлэгт нэхэмжлэгч компанийн цахилгааны инженер А., мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч болон миний бие оролцон үзлэг хийсэн. Миний үүрэг бол гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох биш. Харин үзлэгийн явцад илэрсэн процессыг тэмдэглэж авах байсан. Дээрх 2 этгээдийн дүгнэснээр ******* ******* ХХК-ийн өмчлөлийн хөлдөөгчийн дотор сэнс гацсаны улмаас гал түймэр гарсныг тогтоосон....

...Гал түймэр гарсан нь шийтгэл оногдуулах үндэслэл болж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан. Гал түймэр гарахыг урьдчилж хэн ч мэдэхгүй шүү дээ. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Д. нэхэмжлэгч компанийг төлөөлөн ирж мэдүүлэг өгсөн. Яагаад уг мэдүүлэгтэй холбогдуулан гүнзгийрүүлж судлаагүй вэ гэхээр тухайн өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан. Сүүлийн 58 дахь хоногт шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Гомдол гаргах эрхтэйг сануулсан. Гэтэл гомдол гаргаагүй шүү дээ... гэжээ.[16]

3.5. Гуравдагч этгээд Г.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Гантөмөрийн ******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөлдөөгчийг авахыг утсаар удаа дараа мэдэгдсэн. Түгээгч нь байршуулах газраа олоогүй учир аваад нүүчих гэсэн. Тээвэрлэлтийн явцад гэмтэл учрах боломжгүй өөрийн 2 том хөлдөөгч 2 босоо хөргөгчийн хамт ачиж ирсэн... гэжээ.[17]

3.6. Гуравдагч этгээд Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г. гэх хүн хүнсний дэлгүүрийг өмнө нь түрээсэлж байсан. Г.******* миний бие уг дэлгүүрийг 1 сар орчим хугацаанд түрээсэлсэн. Дахин түрээслэхээ больж тухайн дэлгүүрт байсан хөргөгч, хөлдөөгч, тавилга зэргийг 15 сая төгрөгөөр худалдан авсан. Нүүхээсээ өмнө нэхэмжлэгч компанийн түгээгч н.той хэд, хэдэн удаа холбогдож хөлдөөгчөө авахыг сануулсан. Эцэст нь нүүж очих газар луугаа авч очсоны дараа хөлдөөгчөө авна гэж хэлсэн. Хөргөгч, хөлдөөгчүүдийг авч очсоны дараа шатсан. Түрээсэлж байсан дэлгүүрт 4 сая төгрөгийн өрөнд орсон... гэжээ.[18]

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэж заасныг үндэслэжээ.

4.3.Хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн цахилгааны инженер А.ын өгсөн гэрчийн мэдүүлэг[19], Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч, ахлах дэслэгч Т.гийн гаргасан шинжээчийн дүгнэлт[20] зэргээс үзэхэд ******* ******* ХХК-ийн хөлдөөгчийн дотоод гэмтэл үүссэний улмаас гал түймэр гарсан нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргадаггүй.

4.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд хамаарах ач холбогдол бүхий гэх хүнсний дэлгүүрийн эзэн овогтой тай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хөлдөөгч ашиглуулах гэрээ-г[21] нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус гэрээний 5.2-т талуудын аль нэг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хөлдөөгчийг болон гэрээний эрх, үүргээ шилжүүлэхийг хориглоно заасныг гуравдагч этгээд Г.******* зөрчсөн хэмээн маргасан атлаа ...ний дэлгүүртэй нэхэмжлэгч компани ямар нэг хөлдөөгч ашиглуулах гэрээ байгуулаагүй. Тус компанийн түгээгч н. нь хөлдөөгчийг аваад явчих гэж Г.*******д хэлсэн хэдий ч хөлдөөгчийг ашигла гэж хэлээгүй... хэмээн тайлбарласан.

4.5.Шүүхээс дээрх гэрээний агуулга, нөхцөлийг судлан үзэхэд дээрх гэрээг гуравдагч этгээд Г.*******тай байгуулаагүй, тэрээр энэхүү гэрээнд заасан эрх, үүргийг хүлээсэн зүйлгүй байх тул түүнийг гэрээний 5.2-т заасан хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

4.6.Гуравдагч этгээд Г.*******ын хувьд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн холбогдох албан тушаалтанд өөрийн бараатай хөлдөөгчийг авахыг удаа дараа мэдэгдсэн байх бөгөөд аргагүй эрхэнд нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хөлдөөгчийн хамт зөөвөрлөн, улмаар нэрийн бараа бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй байх арга хэмжээ авсан түүний үйлдлийг хөлдөөгчийн ашиглалтын зааврыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.

4.7.Харин хариуцагчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ заасан зөрчил шалгах ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд өөрөөр шалтгах бүхий л арга хэмжээг авч мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ үүргээ хэрэгжүүлэн, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.7 заалтад заасан бүхий нөхцөл байдлыг тогтоосны эцэст ******* ******* ХХК-ийг зөрчил үйлдсэнийг нотлон шийдвэрлэсэн зөв байна.

4.8.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулахыг шаардан хариуцагч Г.*******аас удаа дараа нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн[22] боловч нэхэмжлэгч компанийн зүгээс маргааны үйл баримтад хамаарах асуудалд хойрго хандах, эс үйлдэхүй гаргасан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны сүүлийн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Д. ирж мэдүүлэг өгсөн[23] баримтаар илэрхийлэгдэж байх тул нэхэмжлэгч анхнаасаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт ...Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ..., 17.2.1 дэх заалтад ...холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох..., мөн хуулийн 17.3 дахь хэсэгт ...Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна... гэж заасан үүргээ биелүүлэх хүсэлт зориг байгаагүй аж.

4.9.Түүнчлэн нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаар захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргах боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд гал түймэр гарсан бодит факт бий болсон, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалтад ...гал түймэр гарсан тохиолдолд ... хойшлуулшгүй арга хэмжээ авч гал түймэр гарсан тухай акт тогтоох, эсхүл гал түймэр гарсан тухай тэмдэглэл хөтлөх... гэж заасны дагуу хариуцагч Г.*******аас хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн[24] болох нь тогтоогдож байх тул түүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах шийдвэр буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.10.Иймд хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул шүүхээс маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.11.Эцэст нь нэхэмжлэгчийн хувьд хөлдөөгч ашиглуулах гэрээтэй холбоотой асуудал байгаа гэж үзвэл гэрээний нөгөө тал болох этгээдтэйгээ тохиролцсоны дагуу харьяалагдах шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, 17.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын ахлах байцаагч Г.*******д холбогдуулан гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 136 хуудас

[2] Хавтаст хэргийн 78-84 хуудас

[3] Хавтаст хэргийн 74 хуудас

[4] Хавтаст хэргийн 122 хуудас

[5] Хавтас хэргийн 112-121 хуудас

[6] Хавтаст хэргийн 129-130 хуудас

[7] Хавтаст хэргийн 133-134 хуудас

[8] Хавтаст хэргийн 127-128 хуудас

[9] Хавтаст хэргийн 131-132 хуудас

[10] Хавтаст хэргийн 123-126 хуудас

[11] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[12] Хавтаст хэргийн 17-18 хуудас

[13] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[14] Хавтаст хэргийн 136-141 хуудас

[15] Хавтаст хэргийн 69 хуудас

[16] Хавтаст хэргийн 136-141 хуудас

[17] Хавтаст хэргийн 54 хуудас

[18] Хавтаст хэргийн 137 хуудас

[19] Хавтаст хэргийн 88-89 хуудас

[20] Хавтаст хэргийн 94-95 хуудас

[21] Хавтас хэргийн 47-48 хуудас

[22] Хавтаст хэргийн 71-72 хуудас

[23] Хавтаст хэргийн 91-92 хуудас

[24] Хавтаст хэргийн 36-38 хуудас