| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0042/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч И.Гомбо-Очир, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,
Шүүгдэгч Ж.Жаргал, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир, Шарнууд овогт Жалбаагийн Жаргал нарт холбогдох эрүүгийн 201625021208 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын талбайн даамал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эх, хүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын 14 дүгээр байр 8 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УЗ-88042931 / Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Комплект тавилгын үйлдвэрт дизайнер ажилтай, ам бүл 5, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол 22 дугаар байр 98 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УП-92092292 / Шарнууд овогт Жалбаагийн Жаргал нар нь:
- И.Гомбо-Очир нь Ж.Жаргалтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Наран Плаза" дэлгүүр дотор үйлчлүүлж явахдаа “Тимберланд” брендийн дэлгүүрээс футволк 1 ширхэг, даавуун өмд 1 ширхэг, женсэн цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 356.900 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- Мөн Д.Батмагнай, Ц.Тэлмэн нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн дотор үйл ажиллагаа явуулдаг Вenetton дэлгүүр дотор үйлчлүүлж явахдаа Бенетон загварын арьсан гутал 1 хос, хүрэм 1 ширхэг, савихан куртик 1 ширхэг, цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 640.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол тус тус учруулж, бусдад нийт 996.900 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- Ж.Жаргал нь И.Гомбо-Очиртой бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Наран Плаза" дэлгүүр дотор үйлчлүүлж явахдаа “Тимберланд” брендийн дэлгүүрээс футволк 1 ширхэг, даавуун өмд 1 ширхэг, женсэн цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 356.900 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Баттулга мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Манай Улаанбаатар их дэлгүүрийн Бенетон бэлэн хувцасны тасагт 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үл таних 4 хүн орж ирэн Итали улсад үйлдвэрлэгдсэн 42 размерийн эрэгтэй арьсан гутал 1 хос, хөх өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн савхин куртик 1 ширхэг, шаргал өнгийн эрэгтэй ноосон цамц 1 ширхэгийг хулгайлан аваад гарсан байсан. Алдагдсан хувцас буюу 760.000 төгрөгийн хохирол учраад байна гэжээ. / хх 12 -14/
Хохирогч Б.Мөнхсоёмбо мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Наран плаза" төвийн “Тимберланд” хувцасны дэлгүүрт ажил дээрээ байж байгаад өөрийн хариуцдаг тасагтаа цайвар өнгийн давуун материалтай хажуу талдаа халаастай Тимберланд брэндийн өмд нэг ширхэг, улаан өнгийн Тимберланд гэсэн бичигтэй хагас ханцуйтай футволк нэг ширхэг, урт ханцуйтай женсэн материалтай цэнхэр өнгийн цамц нэг ширхэгийг хулгайд алдсан. Тухайн үед эдгээр зүйлээ хулгайд алдсанаа мэдээгүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тооллогоор хулгайд алдсан болохоо мэдээд хяналтын камер шүүгээд үзсэн чинь хоёр залуу хувцас солих өрөөнд өмсөж үзэх гэж авч ороод буцаж гарч ирээгүй алга болсон бичлэг нь үлдсэн байсан. Би тухайн үед агуулах руу бараа зөөж байсан. Намайг агуулах руу бараа зөөж байх хооронд манай нөгөө худалдагч хариуцаад байж байтал нэг бүдүүн залуу нь өмд асуугаад үзэж байсан. Тэр хооронд нэг нь хувцас солих өрөөнд байсныг би мэдээгүй байсан. Тэгээд бүдүүн залуу хувцас солих өрөөнд ороод шагааж байгаад хүнтэй юм яриад дотор нь ороод хэсэг байж байгаад гараад ирсэн. Тэр үед л би дотор нь хүн байгаа юм байна гэж мэдээд бас тэр 2 хамт явж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Бүдүүн залуу нь женсэн цамцаа аваад орсон юм. Хэсэг хугацааны дараа хоёулаа гарч ирээд бас нэг хувцас аваад орсон. Тэгээд гарахдаа хоёр цагаан футболк тавьчихаад гарсан юм. Тэгэхээр нь би “ Хоёр цамц үзсэн юм уу” гэсэн чинь тиймээ гээд л гараад явсан гэжээ. / хх 53 /
Эд зүйлийн үнэлгээ / хх 7, 48 /
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-10, 51 /
Шүүгдэгч И.Гомбо-Очирыг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 24-26, 31, 55-57 / 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 75-76, 112/
Шүүгдэгч Ж.Жаргалыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 71-72 / 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 73-74, 111 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 81, 82 / зэрэг болно.
Шүүгдэгч И.Гомбо-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Өөрөө өмсөх гэж хулгай хийсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их ичиж байна. Дахин хэзээ ч хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч Ж.Жаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэргийн асуудалд холбогдохгүй. Хохирлоо төлсөн гэв.
Шүүгдэгч И.Гомбо-Очир нь Ж.Жаргалтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Наран Плаза" дэлгүүрээс “Тимберланд” брендийн дэлгүүрээс футволк 1 ширхэг, даавуун өмд 1 ширхэг, женсэн цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 356.900 төгрөгний хохирол,
- Д.Батмагнай, Ц.Тэлмэн нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн дотор үйл ажиллагаа явуулдаг Вenetton дэлгүүрээс Бенетон загварын арьсан гутал 1 хос, хүрэм 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 640.000 төгрөгний буюу нийт 996.900 төгрөгний хохирол учруулсан,
- Ж.Жаргал нь И.Гомбо-Очиртой бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Наран Плаза" дэлгүүрээс “Тимберланд” брендийн дэлгүүрээс футволк 1 ширхэг, даавуун өмд 1 ширхэг, женсэн цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 356.900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Улаанбаатар их дэлгүүрийн Бенетон бэлэн хувцасны тасгаас Итали улсад үйлдвэрлэгдсэн 42 размерийн эрэгтэй арьсан гутал 1 хос, хөх өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн савхан куртик 1 ширхэг, шаргал өнгийн эрэгтэй ноосон цамц 1 ширхэгийг хулгайд алдсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Баттулгын мэдүүлэг / хх 12 -14 /, ... "Наран плаза" төвийн Тимберланд хувцасны дэлгүүрт ажил дээрээ байж байгаад өөрийн хариуцдаг тасгаас цайвар өнгийн давуун материалтай хажуу талдаа халаастай Тимберланд брэндийн өмд нэг ширхэг, улаан өнгийн Тимберланд гэсэн бичигтэй хагас ханцуйтай футволк нэг ширхэг, урт ханцуйтай женсэн материалтай цэнхэр өнгийн цамц нэг ширхэгийг хулгайд алдсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнхсоёмбын мэдүүлэг / хх 53 /, .. Дээрх хулгайд алдсан хувцаснуудыг үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ / хх 07, 48 /, ... Шүүгдэгч нар дээрх алдагдсан хувцсыг хулгайлан гарч байгааг харуулсан Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9- 10, 51 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч И.Гомбо-Очир, Ж.Жаргал нар нь бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Ж.Жаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.
Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир, Шарнууд овогт Жалбаагийн Жаргал нарыг бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ихбаярын Гомбо-Очир, Жалбаагийн Жаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Гомбо-Очирт ял оногдуулахгүйгээр 3 жилийн, Ж.Жаргалд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, И.Гомбо-Очир, Ж.Жаргал нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. И.Гомбо-Очир, Ж.Жаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар И.Гомбо-Очир, Ж.Жаргал нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Гомбо-Очир, Ж.Жаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ