Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00603

 

 

 

 

 

 

 

 

 

“ЖЭБК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/00346 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК-ийн хариуцагч Ч.Ө, Ч.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 65 569 175.90 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө, Ч.Б нарт 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөгийг ЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ч.Ө, Ч.Б нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-р 40 мянгат гудамж, 35 байр, 72 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202001431 дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ч.Ө, Ч.Б нараас 2018 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 15 498 975.90 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 50 000 000 төгрөг, нийт 65 498 975.90 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 65 569 175.90 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-р 40 мянгат гудамж, 35 байр, 72 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202001431 дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө, Ч.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатайЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд нийт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг гэх мэтчилэн 28  000 000 төгрөгийг үндсэн зээл болон, зээлийн хүүнд төлсөн. Тус төлөлтөөс үндсэн зээлд 11 000 000 төгрөгийг хасаж тооцох ёстой байсан.  Одоо хариуцагч нар 39 000 000 төгрөгийг төлнө гэсэн тооцоотой байгаа гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан Ч.Ө, Ч.Б нараас 46 569 175.90 төгрөгийг гаргуулж “ЖЭБК ББСБ” ХХК-д олгож, 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ч.Ө, Ч.Б нар зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Ч.Ө, Ч.Б нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2-р 40 мянгат гудамж, 35 байр, 72 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202001431 дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 555 996 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 460 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 19 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлд тооцож хасах нь зүйтэй” гэжээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө”, 4.3-т ‘”Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 10.1-т “Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, зээлийн төлбөр бүрэн хийгдсэнээр гэрээ дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөхөөр тохирч энэ зохицуулалт нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Тус зохицуулалтын зорилго нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох агуулгатай. Иймд шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Ө, Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 65 498 975.90 төгрөг, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 65 569 175.90 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар 39 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ0302180187 дугаар “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдэгч Ч.Ө, Ч.Б нарт зээлдүүлж, тэдгээр нь үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн 000327109 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-2202001431 дугаартай, 40 м.кв талбай бүхий Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 35 дугаар байр, 72 тоот хаягт байршилтай гурван өрөө орон сууцыг барьцаалжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хэргийн 14-16 дугаар тал/

 

Нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ч.Өы дансанд шилжүүлсэн, хариуцагч нараас зээлийн төлбөрт 28 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт нь зээлийн гэрээ, зээл төлсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 20 дугаар тал/

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 7 583 333 төгрөгийн хүү хуримтлагдсан байснаас 4 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 6 791 666 төгрөгийн хүү хуримтлагдсан байснаас 5 000 000 төгрөгийг тус тус төлж, энэ хугацааны хүүгийн үлдэгдэл 1 791 666 төгрөг болжээ. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны  зээлийн хүү 10 500 000 төгрөг, нийт 12 291 666 төгрөгийн хүү хуримтлагджээ. Иймд хариуцагч нараас гэрээний хугацаа өнгөрснөөс хойш төлсөн 19 000 000 төгрөгийг дээрх хуримтлагдсан хүү 12 291 666 төгрөгөөс хасч тооцвол үндсэн зээлд 6 708 334 төгрөгийг төлсөн гэж үзнэ.  Иймд нэхэмжлэгч үндсэн зээл 43 291 666 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хувааж төлөхөөр талууд тохиролцсон байх ба хуримтлагдсан хүү 12 291 666 төгрөгийг төлөх үүрэг өмнө нь үүссэн байхад гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү 15 498 975.90 төгрөгийн хэмжээгээр зээлийн хүүг хязгаарлан хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй. Хариуцагч нар хаягтаа байгаагүйгээс эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 58 790 641 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахтай холбогдон гарсан зардал 70 200 төгрөг, нийт 58 860 841 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Хариуцагч нараас дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/00346 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “46 569 175.90” гэснийг “58 860 841” гэж, “19 000 000” гэснийг “6 708 334” гэж 3 дахь заалтын “460 996” гэснийг “452 254” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           С.ЭНХТӨР