Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга  Ч.Амаржаргал,                                   

Улсын яллагч З.Энхжаргал,

Шүүгдэгч С.Очбаяр, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр,

Хохирогч А.Мөнхбат, түүний өмгөөлөгч С.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхнууд овогт Сумхүүгийн Очбаярт холбогдох эрүүгийн 1709016640131 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "Юнипресс" ХХК-д хэвлэлийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 708 дугаар байр 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ШГ 86010914 / Олхнууд овогт Сумхүүгийн Очбаяр нь: 

 

- 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны авто баазын харуул А.Мөнхбатыг ажил үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч А.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд харуулын үүрэг гүйцэтгэж байтал орой 22 цаг 40 минутын орчим манай байгууллагын хашаан дээгүүр танихгүй залуу даваад ороод ирсэн. Тэгснээ шууд машинууд байдаг парк руу чиглээд ирэхээр нь би “Хөөе. Хаалга тэр байна” гээд урдаас нь очсон чинь нөгөө залуу шууд урдаас цохиж аваад уруул ам сэт цохиод үүдэн нэг шүд, хиймэл тагнайтай 4 шүд хугарсан. Тэгээд би зугтаатал араас чулуу шидээд харуулын путикны цонх хага цохьчихсон. Тэгээд гараад явах гэхээр нь би цагдаа дуудаж амжилгүй араас нь очоод дарж аваад  цагдаа ирэхээр хүлээлгэж өгсөн гэжээ. / хх 7-9 /

 

Гэрч С.Төмөрбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад дуудлагын дагуу очтол А.Мөнхбат нь нөгөө залууг хашаа давж орж ирээд намайг шууд зодсон гээд “ Амнаас цус гарсан. Шүд хөдөлчихлөө “гэж байсан. Харин С.Очбаярын хувьд нилээн согтолттой, орилж хашгирсан агсам тавьсан залуу байсан гэжээ. / хх 13-14 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12941 дүгээр дүгнэлтэнд:

1. А.Мөнхбатын биед тархи доргилт, хоншоор ясны түшин сэртэнгийн шугаман хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэжээ. / хх 18 /

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 58 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Мөнхбатын биед тархи доргилт, хоншоор ясны түшин сэртэнгийн шугаман хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүний зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. А.Мөнхбатын нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна гэжээ. / хх 66-67 /

 

Шүүгдэгч С.Очбаярыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Очбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үеэл дүү Тогоогийн хуриманд оролцоод нилээн согтсон. Согтуу байсан учир болсон асуудлыг санахгүй байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмнэлгээр хамт яваад шүд хийлгэх үнэ ханшийг асуусан. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн. Мөн цонхыг шиллүүлж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүд хийлгэх үлдэгдэл мөнгийг төлнө гэв.

 

Хохирогч А.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би ажлаа хийгээд ажлын байран дээрээ байж байтал нэг залуу хашаа давж орж ирээд түргэн түргэн алхахаар нь би “ Хөөе. Хаалга тэр байна “ гээд өөдөөс очтол шууд миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Би эргээд зугттал миний араас чулуу шидээд цонх хагалсан. Би утсаа аваад ЦБ-руу утасдаж хэлсэн. Түүнийг явуулахгүй гээд дээрээс нь дараад байж байтал эхнэр нь ирсэн.

Маргааш нь эцэг, эх нь ирж уулзсан. Эмчилгээний зардалд  2.000.000 төгрөг өгсөн. Цонхыг шиллэж өгсөн. Энэ 2 сая төгрөг нь эмчилгээний зардал болон өвчтэй хугацааны цалин юм.  Одоо 2 шүд хийлгэх 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд түүний өгсөн мөнгийг шүд хийлгэх мөнгөнөөс хасахгүй. Би шүдээ хийлгээгүй. Түр зөөлөн тагнаатай шүд хийлгэсэн  гэв.

 

Шүүгдэгч С.Очбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны авто баазын харуул А.Мөнхбатыг ажил үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хашаа даваад ороод ирэхээр нь  “Хөөе хаалга тэр байна” гээд урдаас нь очтол нөгөө залуу шууд урдаас цохиж аваад уруул ам сэт цохиод үүдэн нэг шүд, хиймэл тагнайтай 4 шүд хугарсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Мөнхбатын мэдүүлэг / хх 7-9 /, ...А.Мөнхбат нь нөгөө залууг хашаа давж орж ирээд намайг шууд зодсон гээд амнаас цус гарсан шүд хөдөлчихлөө гэж байсан. Харин С.Очбаярын хувьд нилээн согтолттой, орилж хашгирсан агсам тавьсан залуу байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч С.Төмөрбаатарын мэдүүлэг / хх 13-14 / …А.Мөнхбатын биед тархи доргилт, хоншоор ясны түшин сэртэнгийн шугаман хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12941, 58 дугаар дүгнэлтүүд  / хх 18, 66-67 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Очбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч А.Мөнхбат нь эмчилгээний зардалд 37.500 төгрөгний эм тариа хэрэглэсэн баримтыг / хх 16-17 / мөрдөн байцаалтын шатанд, шүд хийлгэсэн, шүдээ эмчлүүлсэн зардал 215.000 төгрөгний баримтыг шүүхийн шатанд тус тус өгсөн болно. Мөн “ Натур эмнэлэг “-т толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн  / хх 19, 21 / мөнгө тушаасан баримтгүй боловч шинжилгээг 120.000 төгрөгөөр хийлгэсэн, шүүх эмнэлгийн төлбөрт 6000 төгрөг тушаасан гэх тул нийт эмчилгээний зардалд 378.500 төгрөг зарцуулсан байна.

 

Мөн хохирогч А.Мөнхбат нь бусдад зодуулсны улмаас 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл эмчийн чөлөөтэй, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй тул энэ хугацааны цалин 768.000 төгрөг нэхэмжилсэн нь байгууллагын цалингийн тодорхойлолт, цагийн бүртгэлийн хуулбараас өөр баримтгүй боловч шүүгдэгч 2.000.000 төгрөг төлсөн тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь одоогоор 2 шүдээ хийлгээгүй, хийлгэхэд 4.500.000 төгрөгний төлбөр төлөх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоос өөр баримт байхгүй тул өвчтэй хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар зөрүүг жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Очбаяр нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Олхнууд овогт Сумхүүгийн Очбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Сумхүүгийн Очбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Очбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Очбаярт оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч С.Очбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Очбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ