Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 О.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоот хохирогч Ю.М-н орон байранд нэвтэрч Сони маркийн 40 инчийн зурагт, годон гутал зэргийг хулгайлан түүнд 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2 жилийн тэнсэнтэй байсан учраас тэнсэнгээ бүртгүүлчихээд замдаа нэг шил архи авч уугаад айлд орж хоол идсэн. Тэндээс гараад юу хийснээ санахгүй байна. Нэг хүн араас барихаар нь юу вэ гэж бодсон. Тэрнээс хойш мэдэхгүй байж байгаад цагдаад ирээд эрүүлжүүлэгдэж хулгай хийсэн гэдгээ мэдсэн гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Залуус хорооллын 5 давхар байранд айлын хаалгаар орж телевизор, гутал авсан. Тухайн үед их согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байна, нэг мэдсэн чинь байрны орцонд миний араас нэг хүн тэвэрчихээд явуулахгүй цагдаад өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Хохирогч Ю.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 01 сарын 08-09-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхдийн хамтаар жижиг өрөөнд унтаж байтал манай эхнэр сэрээд надад гэрт хүн орж ирээд гарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод том өрөөндөө ортол том өрөөнд байсан зурагт байхгүй байсан. Би гэрээс гартал орцонд шатаар доошоо хүн гүйж байсан. Би араас нь гүйгээд тухайн хүнийг 3 давхарт барьж аваад цагдаа дуудсан. Манайхаас эд зүйл хулгайлсан хүн нь бага зэрэг согтуу байх шиг байсан. Манай зурагт болон эхнэрийн цаа бугын арьсан годон гутлыг авсан байсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 08-09-нд шилжих шөнө нөхөр хүүхдүүдийн хамтаар гэртээ унтаж байтал 00 цагийн орчимд болов уу том өрөөнд хүн яваад байх шиг байсан. Би тухайн үедээ том хүүхдээ явж байгаа болов уу гэж бодоод хүүхдээ нэрээр нь дуудсан чинь дуугарахгүй байсан. Би хүүхдээ байна гэж бодоод дахиад дуудтал гэрийн хаалга дуугарах шиг болоод чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би нөхөртөө гэрт хүн орж ирээд гарчих шиг боллоо гэж хэлээд нөхрийгөө дуудаж сэрээтэл манай нөхөр том өрөөнд орж үзээд телевиз алга болчихсон байна гээд гэрээс гарсан би нөхрийнхөө араас нь гартал орцны 4 давхарын шатан дээр нэг эрэгтэй хүн барьчихсан байсан. Тухайн хүн манай телевиз болон миний годон гутлыг авсан байсан... би гэрийнхээ бүргэд хаалгыг хаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай: “...Сони брендийн 40 инчийн зурагт 200.000 төгрөг, годон гутал 450.000 төгрөг нийт 650.000 төгрөг..." гэсэн үнэлгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-11/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж гэмт хэргийг төгссөн байдлаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, нотлох баримтаар нотлогдсон байдлыг харгалзан  шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэж зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Учир нь Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоот хохирогч Ю.М-н орон байранд хаалгыг нь онгойлгон хууль бусаар нэвтэрч Сони маркийн 40 инчийн зурагт, годон гутал зэргийг том өрөө болон үүдний өрөөнөөс авч улмаар гараад орцны шатаар бууж явахдаа хохирогч Ю.М-т саатуулагдан хулгайлах гэмт хэргийг шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцлийн улмаас  төгсөөгүй болох нь : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд буюу Шүүгдэгч О.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2 жилийн тэнсэнтэй байсан учраас тэнсэнгээ бүртгүүлчихээд замдаа нэг шил архи авч уугаад айлд орж хоол идсэн. Тэндээс гараад юу хийснээ санахгүй байна. Нэг хүн араас барихаар нь юу вэ гэж бодсон. Тэрнээс хойш мэдэхгүй байж байгаад цагдаад ирээд эрүүлжүүлэгдэж хулгай хийсэн гэдгээ мэдсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Залуус хорооллын 5 давхар байранд айлын хаалгаар орж телевизор, гутал авсан. Тухайн үед их согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байна, нэг мэдсэн чинь байрны орцонд миний араас нэг хүн тэвэрчихээд явуулахгүй цагдаад өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ю.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 01 сарын 08-09-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхдийн хамтаар жижиг өрөөнд унтаж байтал манай эхнэр сэрээд надад гэрт хүн орж ирээд гарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод том өрөөндөө ортол том өрөөнд байсан зурагт байхгүй байсан. Би гэрээс гартал орцонд шатаар доошоо хүн гүйж байсан. Би араас нь гүйгээд тухайн хүнийг 3 давхарт барьж аваад цагдаа дуудсан...." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 08-09-нд шилжих шөнө нөхөр хүүхдүүдийн хамтаар гэртээ унтаж байтал 00 цагийн орчимд болов уу том өрөөнд хүн яваад байх шиг байсан. .... би нөхөртөө гэрт хүн орж ирээд гарчих шиг боллоо гэж хэлээд нөхрийгөө дуудаж сэрээтэл манай нөхөр том өрөөнд орж үзээд телевиз алга болчихсон байна гээд гэрээс гарсан би нөхрийнхөө араас нь гартал орцны 4 давхарын шатан дээр нэг эрэгтэй хүн барьчихсан байсан. Тухайн хүн манай телевиз болон миний годон гутлыг авсан байсан... би гэрийнхээ бүргэд хаалгыг хаасан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай үнэлгээ, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч О.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн тэнсэх албадлагын арга хэмжээ оногдуулсан үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулж энэ шийтгэл тогтоолоор оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, урьд цагдан хоригдсон 18 хоногийг ялтны эдлэх ялд оруулах тооцлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэж зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд  тооцсугай.

 

           3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 2 жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

 

           4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил хорих ял оногдуулсугай.

 

           5. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 1 жилийн хорих ялыг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн, нийт ялыг 3 / гурав / жил хорих ялаар тогтоосугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н цагдан хоригдсон 18 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД