Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,                                    

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

Хохирогч Б.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батжаргалын Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1709020490287 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "Бат Эрол" ХХК-ний "Скай волкер" ресторанд тогооч ажилтай, ам бүл 8, хадам эх, эгч, 2 дүү, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 61 дүгээр гудамж, 844 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 31 дүгээр гудамж 8 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УУ92102151/ Боржигон овогт Батжаргалын Ган-Эрдэнэ нь:

 

- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" бааранд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Б.Золбаярын нүдэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Золбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …  2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би өөрийн ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал Лакс баарны 2 давхарт хэсэг бүлэг хүмүүс маргалдаж байсан. Тухайн үед би маргааныг таслан зогсоох гээд хүмүүстэй нь уулзаад болсон асуудлын талаар ярилцаад зогсож байсан. Тэгтэл гэнэт нэг гар орж ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохьсон. Хагалгаанд орох 3.500.000 төгрөг, толгойн компьютер томограцикийн шинжилгээ хийлгэсэн 240.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, Орбита нүдний эмнэлэгт үзүүлсэн 30.000 төгрөг нийт 3.778.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. / хх 11-15 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13446 дугаар дүгнэлтэнд: 

1. Б.Золбаярын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 19/

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 24-25 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 32 /

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт / хх 49 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “ ахынхаа хамт “ Лакс “ бааранд орсон. Тэгээд бие засах өрөө орчихоод иртэл бидний ширээн дээр өөр хүмүүс суусан байсан. Ингээд ширээнээс болоод тэнд байсан хүмүүстэй маргалдсан. Тэгээд манай найзыг цохихоор нь би өндөр залуугийн нүүрэнд нэг удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эмчилгэний зардалд 278.000 төгрөг төлсөн. Хагалгааны төлбөрийг төлнө гэв. 

 

Хохирогч Б.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байтал 2 давхарт хүмүүс зодолдоод байна гэхээр нь очсон. Очоод юу болсон талаар асуугаад тонгойж байтал гэнэт нэг гар орж ирээд баруун нүдэнд нэг удаа цохьсон. Цохиулснаас болоод баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай гэсэн онош тогтоосон. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. 3.500.000 төгрөгний төлбөртэй гэсэн учир мөнгөгүй учир хийлгэж чадаагүй байгаа. Хагалгаа хийлгэхгүй бол нүд тойрсон өөх нь хугархайгаар нь доошоо урсаад орчихдог учир нүд ширгэнэ гэсэн. Иймд хагалгааны төлбөр 3:500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 278.000 төгрөг авсан. Бүгд л амьдрах гэж байгаа учир амьдрал ахуйг нь харгалзан аль болох багаар торгохыг хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "Лакс" бааранд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Б.Золбаярын нүдэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Би маргааныг таслан зогсоох гээд хүмүүстэй нь ярилцаад зогсож байтал гэнэт нэг гар орж ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Золбаярын мэдүүлэг / хх 11-15 / …Б.Золбаярын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13446 дугаар дүгнэлт / хх 19 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашдыг эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Шүүгдэгчийн гэм буруут үйлдлийн улмаас хохирогч Б.Золбаярын баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал учирсан бөгөөд үүнийг эмчлэх хагалгаанд 33.500.000 төгрөг нэхэмжилснийг энэ удаагийн хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хохирогч Б.Золбаяр нь хагалгааг хийлгээгүй байх тул баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Батжаргалын Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

4. Б.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ