Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00651

 

Б.Б, Д.Д нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00369 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б, Д.Д нарын хариуцагч “А Т” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 464 391 642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Д.Д нар А Т ХХК холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 81-80 УНҮ улсын дугаартай норд маркийн өөрөө буулгагчийг мэргэжлийн операторын хамт сарын 7 000 000 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус гэрээг шинэчлэн байгуулж, дээрх техникийг 7 000 000 төгрөгөөр, мөн нэмэлт гэрээгээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 10-17 УБ улсын дугаартай DX520LC маркийн эксковаторыг мэргэжлийн 1 операторын хамт сарын 35 000 000 төгрөгөөр 3 сарын хугацаанд түрээсийн гэрээ хийсэн. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 43-00 УБ улсын дугаартай хьюндай-500 маркын эксковаторыг мэргэжлийн 1 операторын хамт сарын 35 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож тухайн гэрээнүүдийг байгуулсан. Бидний зүгээс бүрэн бүтэн техник түрээслүүлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн боловч А Т ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн техникийн түрээсийн төлбөрөө төлөөгүй. Тиймээс бид тооцоо нийлж, тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан. Гэрээний 6.4-д түрээслэгч түрээсийн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд 0.1 хувийн алданги түрээслүүлэгчид төлнө гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл техникүүдийг түрээсийн үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг тооцно. Гэвч алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд заасан учир алдангийг 50 хувиар бодсон болно. А Т ХХК нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй бидэнд санхүүгийн хохирол учруулж байна. Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 309 594 428 төгрөг, алданги 154 797 214 төгрөг, нийт 464 391 642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч А Т ХХК-аас түрээсийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 309 594 428 төгрөг, алданги 154 797 214 төгрөг нийт 464 391 642 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 479 909 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 479 909 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд хариуцагчийн хувьд хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах, нотлох баримтаас татгалзах, тэдгээрт тайлбар өгөх, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар мэдүүлэг гаргах, шүүгчээс татгалзах зэрэг эрхийг эдлүүлээгүй болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдэж гардаж авсан боловч хэргийн материалтай танилцуулаагүй болно. Хариу тайлбараа хуралдаанд ирэхдээ авчирч болно гэж тайлбарласан. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн улс орон даяар Ковид 19 цар тахлаас сэргийлж, бүх нийтийн өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөдөлгөөнийг хорьсон.  Энэ тухай мэйлээр шүүхэд мэдэгдсэн болно. Мөн шүүх хуралдаан зарласан тухай 4 хоногийн өмнө мэдэгдсэн гэх боловч ганцхан ажлын өдөр байсан тул өмгөөлөгчтэйгөө холбогдож чадаагүй.  Шүүхээс хэт нэг талыг барьж, хэрэгт байгаа баримт үйл явдлыг бодитоор үнэлээгүй, хамааралгүй этгээдүүдийн тооцоог ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус болсон. Нэхэмжлэгч нар тус бүртээ ямар шаардлага гаргаж буй нь тодорхойгүй, бусдын тооцоог өөрсдөдөө хамааруулан нэхэмжлэх эрхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. “А Т” ХХК нь уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулсан техник түрээслэх гэрээг иргэн Д.Дтэй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус оны 6 дугаар сарын З0-ны хугацаанд байгуулж уг гэрээг мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байгуулсан бөгөөд төлбөр тооцоог дуусган 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлж 264 542 324 төгрөгийн үлдэгдэл байгаа болохыг баталсан болно. Гэтэл анхан шатны шүүхээс н.Дэндэвийн тооцоог нэхэмжлэгч нарт хамаатуулан олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Шүүх энэ талаар нотлох баримт гаргах боломжийг хангаагүй, нэхэмжлэгч нарын гаргасан нотлох баримт зөрүүтэй эргэлзээтэй байхад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. “А Т” ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт Төхөм нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг ба Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон болно. Түрээсийн гэрээгээр алданги тооцох заалт байгаа боловч энэ нь үүргийг гүйцэтгэлийг хангахаас зайлсхийсэн тохиолдолд үйлчлэх учиртай бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн тохиолдолд төлөх үндэслэлгүй. н.Дэндэвийн тооцоонд ч нэхэмжлэх эрх шилжээгүй, гэрээ нь байхгүй байхад мөн алданги ханган шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барин үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцуулаагүйгээс гадна хэрэгт нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй шүүх оролцогчдын эрх тэгш байдлыг хангаагүй, хуулиар заасан эрхийг эдлүүлээгүйгээс үндэслэлгүй буруу шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б, Д.Д нараас хариуцагч А Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 464 391 642 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч С.Сүхбат нэхэмжлэлийн хувийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан эсэх тайлбар, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хэргийн 28,29 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох нь хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхэд хамаарах бөгөөд уг эрхээ хариуцагч эдлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй. Гэвч шүүхээс маргааны үйл баримтыг тодруулахын тулд талуудын хоорондын маргааны зүйлийн талаарх мэтгэлцээн явагдсан эсэхийг анхаараагүй, хэрэгт энэ талаар хангалттай баримт бүрдээгүй байхад хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно.” гэж, мөн зүйлийн 100.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар  шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх учиртай.

 

Гэтэл хэргийн 23 дугаар талд авагдсан хариуцагчийн төлөөлөгчөөс н.Дэндэвтэй байгуулсан түрээсийн үлдэгдлийн тооцоо гэх баримт нь зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний төлбөрт хамаарах эсэх, мөн уг тооцоонд бичигдсэн зарим төлбөр нь Д.Дтэй түрээсийн үлдэгдлийн тооцоо нийлсэн баримтад дурьдсан зарим огноотой давхцсан байгааг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх тооцоо нийлсэн баримтууд харилцан хамааралтай, нэхэмжлэлд дурьдсан аль түрээсийн гэрээний үүрэгт ямар хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй болох, нэхэмжлэгч нарыг төлөөлж хариуцагчтай тооцоо нийлэх эрхтэй этгээд н.Дэндэв мөн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийджээ.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлөөлөгчийн 2 479 909 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    С.ЭНХТӨР