Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/03508

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: УБ, Баянгол дүүрэг, 32-р хороо, 3,4 хороолол, Дүүхээ дэлгүүрийн урд, 00 байрны 0-р орцонд байрлах, **************  Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБ, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 00 байрны 00 тоотод оршин суух, Боржигон овогт ************** -ын **************  /ЧР************** /-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,196,362 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ************** , хариуцагч ************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь даацын ханыг зөвшөөрөлгүй нурааж, 3 өрөө байрыг өргөтгөсөн. Хууль дүрмийн дагуу Сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авч ярилцаагүй, худалдаж авсан хүнтэйгээ тохиролцож, мэдэгдэлгүй худалдаж авсан. Би 1 жил гаруй хугацаанд мөнгө төлөхийг хүлээсэн, дураараа мөнгө төгрөг нэхээгүй. Дээд газраас тогтоосон хэмжээгээр төлбөр тооцоо хийдэг. Иргэний хуулийн 147.1, 147.4 дүгээр зүйлд заасны дагуу 2020 оны 1-5 дугаар сарын 440,750 төгрөгийг өмнө нь байсан хүн өгөөгүй ч төлөх заалттай. Мөн 6-12 дугаар сарын 642,719 төгрөг, 2021 оны 1,126,704 төгрөг, 2022 оны 919,170 төгрөг нийт 3,129,343 төгрөг, нотариатын 3,000 төгрөг, тэмдэгтийн хураамж, нийт 3,196,362 төгрөгийг ************** -оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч **************  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2022 онд уг үл хөдлөхийг худалдаж авсан. Үйл ажиллагаа эрхлэх зориулалттай учраас татвар, тооцоо байгаа эсэхийг лавлаж, тухайн үед Галын Дөл СӨХ-нд орж уулзаж байсан. Тэр үед зарж борлуулсан хүн, Сууц өмчлөгчдийн холбоо 2020,2021 онд төлбөр төлөөгүй гэдгийг хэлээгүй. Өмнөх хүмүүсийн мөнгийг тухайн үед асуухад надад төлбөртэй гэж хэлээгүй, одоо надаас нэхэж байгааг гайхаж байна. Худалдаж аваад дараа нь манайх гэрээ хийж, төлбөрөө 50,000 төгрөгөөр тохирсон. Төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2 сар төлсөн, түүний дараа сараас гэрээгээ зөрчөөд төлбөр өссөн учраас төлөөгүй.Яагаад нэмэгдэж байгааг асуухад нэмэгдэх ёстой гээд илүү мөнгө нэхсэн. Одоо нэмэгдээгүй дүнгээр 3 дахь төлөлтөөс өнөөдрийг хүртэл төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ************** СӨХ-ны хариуцагч ************** т холбогдуулан нийт 3,196,362 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... СӨХ-ны 2 давхар өргөтгөлтэй байрыг хариуцагч худалдан авч даацын хана нураасан ба **************  гэж хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Өмнөх дэлгүүрийн эзэн ************** , хариуцагч нар сууц өмчлөгчдийн холбоонд хамт ирж тооцоо хийж мэдэгдээгүй, гэрээний хугацааг сунгахыг хүлээж СӨХ хохирсон. Энэ хүмүүс хоорондоо тохиролцож, төлбөр төлөөгүй, өөрсдөө ирж гэрээний асуудлаа цэгцлэх үүргээ биелүүлээгүй, тоогоогүй. тул хариуцагчаас нийт төлбөр 3,196,362 төгрөгийг нэхэмжилнэ гэж тодорхойлсон.

3.Хариуцагч 2022 онд уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад татвар, тооцоо байгаа эсэхийг асуухад зарсан хүн, Сууц өмчлөгчдийн холбоо 2020, 2021 онд төлбөр байгааг хэлээгүй, одоо надаас нэхэж байна.Манайх гэрээ хийж, төлбөрөө 50,000 төгрөгөөр тохирсон. Төлбөрийг 2 сар төлсөн, төлбөр нь өссөн учир төлөөгүй, нэхэмжлэгчээс асуухад нэмэгдэх ёстой гэдэг. Би нэмэгдээгүй дүнгээр 3 дахь төлөлтөөс төлбөр төлөхийг зөвшөөрнө, нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг дарга нь 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Галын Дөл сууц өмчлөгчдийн холбоог тус дүүргийн 8-р хорооны 13, 14-р байрны холбооны өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд тус дүүргийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тогтоолд гүйцэтгэх захирал Г.Сосорыг сунган ажиллуулж, иргэд аж ахуйн нэгж байгууллагаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тарифын хавсралтад хүнс барааны дэлгүүрийг 2000 оноос өмнөх төлбөр нь 2000, 2000 оноос хойш баригдсан орон сууцны төлбөр 3000 гэж баталсан, хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14-76 тоотыг худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа, зохигч 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуримтлалын гэрээг байгуулж, төлбөрийг харилцах буюу кассаар төлөхөөр харилцан тохиролцсон, 2023 оны 01 дүгээр сард төлбөр 50,000 төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогдож байна. /хх-7-10, 12-14/

5.Нэхэмжлэгч нь өмнө **************  хүнсний дэлгүүрийн эзэн ************** ажиллуулж байсан, мөнгөө төлөөгүй, дэлгүүрийг *******т худалдахдаа СӨХ-д мэдэгдээгүй гэж, хариуцагч нь дэлгүүрийг худалдан авсан үеэс хойш 2 сарын төлбөр төлсөн, түүнээс хойшхи хугацааны төлбөр төлөхийг зөвшөөрч өмнөх төлбөр төлөхгүй талаар тус тус тайлбарладаг.

6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.

Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 13.2.-т орон сууц өмчлөгч ...удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлөх үүргийг заасан, 13.3.-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заажээ.

7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 01 сараас 12 сарын 1,083,469 төгрөг, 2021 оны 01 сараас 12 сарын 1,126,704 төгрөг, 2022 оны 01 сараас 10 сарын 919,170 төгрөг, нийт 3,129,343 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 65,019 төгрөгийн хамт нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлага нийт 3,129,343 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /хх-5-6/ нийт 65,019 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **************  тэмдэгтийн хураамж 44,397+20,622=65.019 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч СӨХ-ны талаарх мэдээллийг оршин суугчид өгөх, сууц өмчлөгч нь хууль болон холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй, шүүх хэрэгт авагдсан төрийн банкны нэхэмжлэх /хэрэглэгч Энхбат/, гомдол, тайлбар, гэрэл зураг зэрэг баримтууд /хх-23-28, 32, 35/-ыг үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************** -оос төлбөр нийт 3,129,343 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **************  өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 65,019 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 65,019 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ