| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0028/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо, Ю.Нямсүрэн
Шүүгдэгч Ц.Х, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х, Х. Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Х
Х.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б, Ц.Х нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын харъяа Сайншанд өртөөнд байрлах Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Д.Г ажлын албан өрөөнд нэвтэрч dell-I3 маркийн ширээний иж бүрэн компьютер, эрэгтэй хүний хагас түрийтэй гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 1 040 550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш .... Х-д тамхи өгөх гэхэд Х вокзалын төв хаалганы хажуу талын төмөр зам руугаа харсан цонхыг онгойлгоод орж байсан. Намайг “ороод ирээ” гэхээр нь би дотогш ороход “энэ ширээний цаагуур гараад энэ залгууруудыг салгачих” гэхээр нь “юу авах гээд байгаа юм бэ” гэхэд “энийг авна аа” гээд компьютерийн дэлгэц, процессор хоёрыг заасан. Залгууруудыг нь салгаад би дэлгэцийг нь аваад эхлээд цонхоор гарсан ... Би дэлгэцийг аваад цонхны харалдаа байсан сүүдэртэй догол хэсэгт дэлгэцийг тавьчихаад буцаж очоод Х-н өгсөн процессор, бас нэг хос гутлыг аваад дэлгэцний дэргэд тавьчихаад байж байхад миний араас компьютерийн гар барьчихсан ирсэн. Авсан юмнуудаа бариад барьцаа тавьсан ТҮЦ-ндээ очиход Х ТҮЦ-ний хүнтэй уулзаад авсан компьютерээ өгсөн. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шүүгдэгч Ц Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... вокзал руу орж яг хэдэн цагт галт тэрэг явдаг талаар нь асуух гээд орох гэхэд ордог хаалганы хажуу талын цонх нь түгжээгүй зайтай байгаа харагдсан тэгэхээр нь цонхыг нь түлхсэн чинь шууд онгойчихсон. Цонхоор харахад ширээн дээр компьютер харагдахаар нь энийг авчихая гэж шийдээд би эхэлж цонхоор дотогш ороод араас маань Б орж ирсэн. Б эхэлж компьютерийн дэлгэцийг нормын ажлын гуталтай хамт авч гарсан юм. Би араас нь процессорыг гартай нь хамт авч гараад ТҮЦ-нд очиж бичиг баримтаа авах гэсэн чинь мөнгө алгаа, энэ компьютерийг авчих гэж гуйж өгөөд бичиг баримтаа авч дээрээс нь нэмж 35 000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг ... /хх-ийн 55-56 /,
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой ажил тараад 17 цаг өнгөрч байхад харихаар өрөөгөө цоожлоод явсан. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цаг гээд ажилдаа ирээд өрөөгөө нээгээд ортол цонх онгорхой, ширээн дээр байсан бичиг баримт эмх цэгцгүй ширээний иж бүрэн компьютерийн дэлгэц ширээн дээр харагдахгүй болохоор нь шалгаж ширээн доогуур харахад иж бүрэн Dell маркийн 17 инчийн дэлгэц, процессор, гар, хулгана зэрэг эд зүйл байхгүй байсныг хараад төмөр замын цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. Цагдаа нар шинжээчийн хамт өрөөнд үзлэг хийж хулгай орж компьютер, өрөөнд байсан нормын гутал зэрэг алдагдсан болохыг мэдэгдсэн. ... Тухайн үед цагдаа нар шуурхай ажиллаж миний өрөөнөөс алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавьсан байхад нь олж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 /,
Иргэний нэхэмжлэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хувиараа хоол цай хийж Сайншанд өртөөн дээр худалддаг. Намайг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд өртөөн дээр байхад үл таних 2 залуу өртөөн дээр ирээд ах иж бүрэн компьютер худалдаж авах уу, бидний өөрсдийн юм байгаа юм, мөнгөний хэрэг гараад хямдхан авчих гээд байхаар нь авсан .. Тэгээд 2017.11.17-ны шөнийн 01 цагийн орчимд нөгөө 2 Б, Х гэх залуучууд иж бүрэн dell маркийн компьютер авчирсaнаа “ах энийг авчих, эгч мөнгө шилжүүлээгүй юм чинь энэ компьютерийг 85.000 төгрөгөөр бодоод авчих одоо бид 2-т 35 000 төгрөг нэмээд өгчих” гэж шалсаар байгаад компьютерээ үлдээгээд бичиг баримтаа авцгаасан. Надад одоо нийт 85.000 мянган төгрөг өгөх естой. Би тэдгээр залуусаас 85.000 мянган төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... нөхөр Т, дүү Х бид гурав 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хилээр Замын-Үүдэд орж ирээд тэндээ буудалд нэг хоноод 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргээр дүү Х, нөхөр Т бид гурав явж байгаад Х найз гэх Б-тай вагонд уулзаад хамт явж байгаад галт тэрэг Сайншандад ирээд хөдлөх үед вагоноос хоцорч үлдсэн. Би вагон хөдлөөд харагдахгүй байхаар нь дүү Х-руу залгаад асуухад вагоноос хоцорчихлоо, найзтайгаа уулзаж байгаад араас чинь яваад очъё гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 32/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би тухайн үед эхнэр Ц.А, дүү Х, түүний найз Б бид дөрөв хамт нэг вагонд зорчиж явсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 34/,
Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... миний гар утас дуугарч Х залгаад “манайд шөнө 2 залуу ирээд хулгайн эд зүйл бололтой ширээний иж бүрэн компьютер барьцаанд тавьж худалдаад явсан” гээд ярихаар нь очсон. Делл маркийн иж бүрэн / дэлгэц, процессор, гар, хулгана / ширээний компьютерийг хурааж авч тэмдэглэл үйлдсэн ...гэсэн мэдүүлэг / хх-ийн 37/,
Ц.Х, Х.Б нарын галт тэрэгний тасалбарууд /хх-ийн 47-49 /
Эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 42/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-9/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67, 83 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б, Ц.Х нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын харъяа Сайншанд өртөөнд байрлах Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Д.Г ажлын албан өрөөнд цонхыг нь онгойлгож хууль бусаар нэвтэрч албан хэрэгцээний dell-I3 маркийн ширээний иж бүрэн компьютер, эрэгтэй хүний ажлын хагас түрийтэй гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 1 040 550 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш .... Х вокзалын төв хаалганы хажуу талын төмөр зам руугаа харсан цонхыг онгойлгоод орж байсан. ... Би дэлгэцийг аваад цонхны харалдаа байсан сүүдэртэй догол хэсэгт дэлгэцийг тавьчихаад буцаж очоод Х-н өгсөн процессор, бас нэг хос гутлыг аваад дэлгэцний дэргэд тавьчихаад байж байхад миний араас компьютерийн гар барьчихсан ирсэн... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... цонхыг нь түлхсэн чинь шууд онгойчихсон. Цонхоор харахад ширээн дээр компьютер харагдахаар нь энийг авчихая гэж шийдээд би эхэлж цонхоор дотогш ороод араас маань Б орж ирсэн. Б эхэлж компьютерийн дэлгэцийг нормын ажлын гуталтай хамт авч гарсан юм гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цаг гээд ажилдаа ирээд өрөөгөө нээгээд ортол цонх онгорхой, ширээн дээр байсан ширээний иж бүрэн компьютерийн дэлгэц ширээн дээр харагдахгүй болохоор нь шалгаж ширээн доогуур харахад иж бүрэн Dell маркийн 17 инчийн дэлгэц, процессор, гар, хулгана зэрэг эд зүйл байхгүй байсныг хараад төмөр замын цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн. гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хувиараа хоол цай хийж Сайншанд өртөөн дээр худалддаг. Намайг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд өртөөн дээр байхад үл таних 2 залуу өртөөн дээр ирээд ах иж бүрэн компьютер худалдаж авах уу, бидний өөрсдийн юм байгаа юм, мөнгөний хэрэг гараад хямдхан авчих гээд байхаар нь авсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... нөхөр Т, дүү Х бид гурав ... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргээр доо Х, нөхөр Т бид гурав явж байгаад Х найз гэх Б-тай вагонд уулзаад хамт явж байгаад галт тэрэг Сайншандад ирээд хөдлөх үед вагоноос хоцорч үлдсэн. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би тухайн үед эхнэр Ц.А, дүү Х, түүний найз Б бид дөрөв хамт нэг вагонд зорчиж явсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... миний гар утас дуугарч Х яриад “манайд шөнө 2 залуу ирээд хулгайн эд зүйл бололтой ширээний иж бүрэн компьютер барьцаанд тавьж худалдаад явсан гээд ярихаар нь очсон. Делл маркийн иж бүрэн / дэлгэц, процессор, гар, хулгана / ширээний компьютерийг хурааж авч тэмдэглэл үйлдсэн гэсэн мэдүүлэг, Эд зүйлсийн үнэлгээ, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Х, Х.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн байдал болон гардан гүйцэтгэж байгаа байдлыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамт оролцох хэлбэрийн гүйцэтгэгч гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Ц.Х, Х.Б нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед цагдаа нар шуурхай ажиллаж миний өрөөнөөс алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавьсан байхад нь олж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “ иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон 85000 төгрөгийн хохиролтой байсныг холбогдогч нар нь бүрэн барагдуулсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Х, Х.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын урьд цагдан хоригдсон 14 хоногийг ялтнуудын эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц. Х,Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х 2 / хоёр / жил 4 / дөрөв / сар хорих ялаар, шүүгдэгч Х.Б 2 / хоёр / жил 4 / дөрөв / сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Х.Б нарт оногдуулсан 2 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Х.Б нарын цагдан хоригдсон 14 хоногийг ялтнуудын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ц.Х, Х.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД