Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 112/ШШ2025/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: “Т Ш Ө” ХХК-ийн захирал Ж.Ш

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ч.Мядагбадамд холбогдох төрийн хяналт шалгалттай  холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ш, хариуцагч Ч.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн  шаардлага:

1.1. Татварын улсын байцаагч Ч.Мядагбадамын 2025 оны 1 сарын 10-ны өдрийн 0043854 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мядагбадам нь 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 0043854 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т Ш Ө” ХХК-д Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан  гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч  2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр  шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. “Т Ш Ө” ХХК-ийн захирал Ж.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Аптай аймгийн татварын газрын улсын байцаагч Ч.Мядагбадам нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С  хүнсний дэлгүүр гэсэн нэрээр онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа борлуулсан гэх үндэслэлээр мөн зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн шийтгэл оногдуулж, “Т Ш Ө” ХХК-ийг 10.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулж арга хэмжээ авсан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тухайн 2 ширхэг вино, вискийг худалдаж борлуулсан үйлдэл хийгээгүй бөгөөд улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй манай хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчиж байгаа тул Говь-Алтай аймгийн татварын газрын, татварын улсын байцаагч Ч.Мядагбадамын 2025 оны 1 сарын 10-ны өдрийн 0043854 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Тэр 2 шил вискиг дэлгүүрт оруулж тавьсныг би мэдээгүй. Манай гэрийн стенк дээр байж байдаг  2 шил виски. Би хааяа нэг балгачихдаг юм. Тэгээд  найзуудтайгаа гэртээ уугаад сууж байсан чинь эхнэр гаднаас ирснээ бид хэдийг хөөж гаргасан. Би ч  бас тэр найзуудтайгаа цуг гараад явчихсан юм. Тэгсэн манай хүн буцаж орж ирээд уучихна гэсэн бодолтойгоор л нөгөө дэлгүүрийн лангуун дээр  надаас нуусан маягаар тавьчихсан байсан. Би камертай болохоор эхнэр хараад мэднэ гэж бодсон. Тэндээ тавиад 20-30 минут болсон байгаа юм. Тэгсэн гаднаас эргүүлийн цагдаа орж ирж шалгаж байгаад аваад явчихсан. Манай хүн тэрийг тайлбарлаж хэлж ойлгуулаагүй байна. 1,2 хоног гэртээ очилгүй гадуур явчихсан. Тэгсэн Цагдаагаас шалгаж байна гээд татвар луу шилжүүллээ гэсэн. Татвар дээр очсон чинь 10 сая төгрөгөөр торгодог. Шүүхэд гомдлоо гарга гээд  энэ хүн зөвлөгөө өгөөд би шүүхэд гомдлоо гаргаад явж байна.  Би 7 сард дөнгөж тэр дэлгүүрийг худалдаж аваад аж ахуйн нэгж байгуулаад эхэлж байгаа.  Бизнесийн гараа дөнгөж эхэлж байгаа юм. Ээж аавынхаа тэтгэврийг  тултал  авхуулаад эхнэрийнхээ цалингийн зээлийг  тултал авхуулаад байсан бүх юмаа  банкинд тавьсан. Тэгээд одоо бас 10 саяар торгуулж байгаа нь надад чанга  байна гэжээ.

 

 3.2. Хариуцагч Ч.Мядагбадам шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Говь-Алтай аймгийн Татварын газарт 2024 оны 12-дугаар сарын 17-ны  өдөр Цагдаагийн газраас 2516000025 зөрчлийн дугаартай Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх “Т Ш Ө” ХХК /3263959/-тай холбоотой зөрчлийг харьяалалын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагааг явуулахад Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ч.Мядагбадам Зөрчлийн тухай хуулийн 11.24  дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 0043854 дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 /арван мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон. “Т Ш Ө” ХХК-ны захирал Ж.Ш-ын зөрчил үйлдсэн нь Цагдаагийн газрын алба хаагчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг, хурааж авсан Stariy Gorod 0.5л, John Winnton 700 гр  нэртэй 2 ширхэг виски зэргээр нотлогдож байна.  Мөн “Т Ш Ө” ХХК нь согтууруулах ундаа худалдаалах, борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй үедээ согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан тоотоор нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч “Т Ш Ө” ХХК-ийн захирал Ж.Шт оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн “Т Ш Ө” ХХК-ийн  захирал Ж.Шын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

Тус гомдол мэдээллийг би 01 сарын 03-нд даргын цохолтоор хүлээж авсан. Харьяа цагдаагийн хэлтсээс харьяаллын дагуу шилжиж ирсэн хэрэг гээд. Тэгээд тухайн хэрэгтэй танилцаад үзэхэд Татварын тухай хууль, Онцгой албан татварын  тухай хуулийг зөрчсөн гэдгийг бол илрүүлээд хуулийнх нь заалт дээрээ заавал нэг согтууруулах ундаа, тамхи, зарсан бол хуулийн этгээдэд бол 1-10 саяар торгоно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн ХХК бол хуулийн этгээд гэдэг утгаараа явж байгаа учраас 10 саяар торгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Холбогдогч гэрчүүдийн мэдүүлгээр тухайн 2 шил виски нь  хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан. Би Цагдаагаас бас мэдүүлэг авсан. Тухайн үед лангуун дээр 2 шил виски байсан. Тэгээд танилцуулаад тэр 2 вискиг хурааж аваад ажиллагаа явуулж байгаад ирсэн. Хамгийн гол нь  яг тухайн дэлгүүрийн лангуун дээр байсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон холбогдогчийн мэдүүлгээс эхлээд  нотлогдож байгаа. С гэдэг хүнсний дэлгүүрийн гомдлыг анх цагдаагийн газраас шилжүүлэгдэж ирэхдээ тэгж ирсэн. Баянхайрхан багийн 432 тоотод байрлалтай С нэртэй хүнсний дэлгүүр дээр зөрчлийн хэрэг илэрсэн гээд харьяаллын дагуу манайх дээр шилжүүлэгдэж ирсэн. Таны цагдаад өгсөн мэдүүлэг манайд өгсөн мэдүүлэг хоёр зөрүүтэй. Та энэ ажиллагаанд саад учруулсан. Ажиллагаа дуусаж байхад зөрчлийн хэргийн хугацаа бас тодорхой байгаа. 01 сарын 03-нд тав дахь өдөр байсан тул хүлээж аваад 1 дэх өдөр буюу 01 сарын 06-нд тантай холбогдсон. Тэр үед та өөрөө Өмнөговьд ажлаар явж байна 4 дэх өдрийн өглөө очиж тайлбар мэдүүлэг өгнө гээд миний ажиллагааг удаашруулсан. Хэрвээ шийтгэлийн хуудсыг та хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно гэж хэлж өгсөн байгаа. Би хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссаны дараа шийтгэлийн хуудсаа бичээд танд танилцуулаад та татгалзсан тул хүлээж авахгүй гэсэн тайлбарыг бичүүлж гарын үсгийг зуруулж авсан. Ямар нэгэн учир дутагдалтай, алдаатай зүйл байхгүй гэдгийг давхар хэлмээр байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0043854 дугаар шийтгэлийн хуудсаар “Т Ш Ө” ХХК-ийн хүнсний дэлгүүр онцгой албан татварын тэмдэггүй  согтууруулах ундаа худалдсан гэж Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

5. Гомдол гаргагч “Т Ш Ө” ХХК-ийн захирал Ж.Шаас: “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, татварын улсын байцаагч зөрчлийн хэргээ бүрэн шалгаагүй байж шууд шийтгэлийн хуудас бичсэн.” гэж,

хариуцагч татварын улсын байцаагч Ч.Мядагбадамаас “...зөрчлийн хэрэг харьяаллын дагуу шилжиж ирсэн, би хугацаанд нь багтаагаад шалгаад шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.24 зүйлийн 1.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулсан., Мөн “Т Ш Ө” ХХК нь согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан.” гэж тус тус маргадаг.

6. “Т Ш Ө” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 08-нд үүсгэн байгуулагдсан байх бөгөөд захирлаар Ж.Штомилогдсон байна. Мөн уг компани 2 хувьцаа эзэмшигчтэй гэж бүртгэгджээ. Энэхүү компани нь хүнсний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй С  нэртэй дэлгүүрийг худалдан авч “Д” гэж нэрийг өөрчилсөн болох нь гомдол гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

7. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Г 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр О-ын Б-ээс гаргасан: “...“Хэтрүүлээд хэрэггүй” арга хэмжээний хүрээнд Баянхайрхан баг Сухант-2 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийхэд акцын зөрчилтэй Stariy Gorod-0.5l, John Winton-700gr хураан авч тэмдэглэл үйлдэн шалгахад тамхины зөвшөөрөлгүй байсан” гэх гомдол мэдээллийг шалгаад Зөрчлийн 2516000025 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нээсэн байна.

8. Энэхүү зөрчлийн хэрэгт: “1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, .............. тоотод оршин суух хаягтай Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ж.Ш нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Есөнбулаг сум ............. тоот Д нэртэй дэлгүүрт тамхины зөвшөөрөлгүй үедээ тамхи худалдан борлуулж байсан гэх үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, татварын акцын зөрчилтэй архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан гэх үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй.” гэжээ.

Тодруулбал, зөрчлийн хэргийг цагдаагийн эрх бүхий албан тушаалтан үүсгэж, татварын улсын байцаагч шийтгэл ногдуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ., 4-т Илэрсэн зөрчил нь зөрчлийн хэрэг бүртгэх хэд хэдэн байгууллагад харьяалагдахаар бол прокурорт танилцуулж, өөрийн харьяалах зөрчлөөс бусад гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар даруй шилжүүлнэ. гэж тус тус заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн  6 дахь хэсгийн 6.12-т татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан зөрчлүүдийг бүхэлд нь хянах харьяалал тогтоосон.

Үүнээс дүгнэвэл цагдаагийн эрх бүхий албан тушаалтан өөрийн харьяалалд үл хамаарах гомдол мэдээллийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэлгүй зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

9. Үүний дараа Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурорын тогтоолоор зөрчлийн хэргийг Говь-Алтай аймгийн Татварын газарт шилжүүлж, эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч Ч.Мядагбадам зөрчлийн хэргийг хүлээн аваад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг.

10. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан иргэн Ж.Ш т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа эхлүүлсэнийг хариуцагч татварын улсын байцаагч үргэлжлүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд нийцүүлээгүй байна.

Тухайлбал, 10.1. Цагдаагийн албан хаагч иргэн Ж.Ш т холбогдуулан зөрчлийн хэрэг нээснийг залруулаагүй. Өөрөөр хэлбэл “Т Ш Ө” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээгээгүй.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн  3-т Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна. гэж заасан.

10.2. Иргэн Ж.Ш хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн гэх нөхцөл байдлыг бүрэн нотлоогүй. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл гомдол, мэдээлэл гаргагч цагдаа О.Б “шалгалт хийхээр ороход худалдагч нь эмэгтэй хүн байсан, тухайн үед тог тасарсан байдалтай байсан” гэж 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид мэдүүлсэнээс гадна 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөн л худалдагч нь эмэгтэй хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл худалдагчаар Ж.Ш байгаагүй болох нь тогтоогддог. Үүнээс гадна холбогдогчоос “... худалдан борлуулах зорилгогүй байлгаж байсан 2 шил согтууруулах ундааг эхнэр лангуунд тавьсныг мэдээгүй” гэж мэдүүлдэг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.

10.3. Зөрчлийн хэргийг анх Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн, мөн зүйлийн 1.6-д зааснаар тогтоол үйлдсэн, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл ногдуулсан. 

Хариуцагч татварын улсын байцаагч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “...Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн арван мянган нэгжээр торгох үндэслэлтэй байна.” гэсэн “Эрх бүхий албан тушаалтны тогтоол” үйлджээ.

Харин маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Т Ш Ө” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд 1-т Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна. гэж тус тус заасан.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэл Зөрчлийн тухай хуульд заасан аль зөрчлийн шинжийг агуулж байгааг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан тогтоон зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж шийтгэл оногдуулах журамтай. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хуульд нийцүүлэн шалган шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ дутуу, буруу гүйцэтгэсэн нөхцөлд түүний гаргасан эрх зүйн акт буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагавартай байдаг.

Хариуцагч татварын улсын байцаагч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолдоо “Т Ш Ө” ХХК-ийн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү 1.6-д заасан зөрчил согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох тул худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид хамааралгүй.

Өөрөөр хэлбэл, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь аль хуулиар эсхүл захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн шинжтэй болох нь тодорхойлогдож тус зөрчилд нь ямар шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тодорхой байхыг шаардах бөгөөд Зөрчлийн тухай хуулийн аль ч хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхгүй.

10.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-ийн 1.4-т "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг, хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ., 2-т Холбогдогч дараахь эрхтэй: 2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; гэж заасан байдаг.

Хариуцагч татварын улсын байцаагчийн тогтоолоос үзвэл “Т Ш Ө” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд холбогдуулан шалгасан гэж дүгнэхэд учир дутагдалтай.

Учир нь хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр холбогдогч, гэрч нараас мэдүүлэг авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “...Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн арван мянган нэгжээр торгох үндэслэлтэй байна.” гэсэн тогтоол гаргасан байна.

11. Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх” гэж зааснаар энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулжээ. Гомдол гаргагч компани 2024 оны 12 дугаар сард согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Хариуцагч татварын улсын байцаагчаас энэ талаар маргаж байх боловч гомдол гаргагч компанид энэ зүйлд заасан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11-т Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан бөгөөд энэ зөрчилд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зохицуулалттай байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан зөрчилд татварын улсын байцаагч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах  бүрэн эрхтэй.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна. гэж зааснаар зөрчлийн хэргийг шилжүүлэн шийдвэрлэх боломжтой боловч эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдааны улмаас тухайн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудас  хуульд нийцээгүй байна.

12. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд, 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. гэсэн шударга ёсны зарчимд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэсэнд тус тус нийцэхгүй байх тул Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0043854 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т Ш Ө” ХХК-ийн захирал Ж.Ш-ын гомдлын шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0043854 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглодог болохыг,  худалдан борлуулах барааны лангуунд энэхүү тэмдэггүй согтууруулах ундааг байршуулснаар  уг хориглолтыг зөрчсөнд тооцдог болохыг “Т Ш Ө” ХХК-ийн захирал Ж.Шт анхааруулсугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ОЮУНСҮРЭН