Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1029

 

 

 

 

 

 

  2023              10            24                                         2023/ДШМ/1029

 

 

М.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Э,

шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Д.А,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/761 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Д.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Ж-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Ж нь Б.С-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагаас 02 цагийн үед ................ дүүргийн ...... дүгээр хороо .......... дугаар байрны орчим хохирогч Э.О-д “бид нарт энэнээс өөр арга алга, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу, өөр эд зүйл байна уу” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж улмаар цамцнаас нь зуурч довтлон .......................... загварын гар утсыг авч, 295.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ж-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 948 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Ж-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Жгийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Ж-д Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Ж нь “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй. Надад 1 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг нэгтгэн шийдэж, өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан. Шүүгдэгч М.Ж-д холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Уг эрхийг нь зөрчиж, хязгаарласан зүйл байхгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хэлэлцэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 948 дугаар шийтгэх тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ж нь өмгөөлөгчтэй оролцсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Ж нь Б.С-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагаас 02 цагийн үед ............... дүүргийн ............ дүгээр хороо .............. дугаар байрны орчим хохирогч Э.О-д “бид нарт энэнээс өөр арга алга, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу, өөр эд зүйл байна уу” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж улмаар цамцнаас нь зуурч довтлон .................... загварын гар утсыг авч, 295.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.О-ын “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд .................... хойд талын буудлаас таксинд гараа өргөсөн 3 залуу суулгаад, хаашаа явах юм гэж асуусан чинь замаа зааж өгөөгүй замаа чиглүүлж өгөөд байсан. Тэгээд явж байхад .......... тойргийн гэрлэн дохионы тэнд жолоочийн эсрэг талд сууж байсан залуу нь буусан. Тэгээд нөгөө 2 нь цаашаагаа зам чиглүүлж байгаад иргэний бүртгэл мэдээллийн наад талын гудамжаар хойшоо эргэж яваад 100 метр орчим яваад харанхуй гэрэлгүй газар очиж зогссон. Тэгээд яг дунд нь сууж явсан залуугийн гар нь миний зүүн мөрөн дээгүүр давж гарч ирээд юүдэнтэй цамцнаас зуураад “бид нарт энэнээс өөр сонголт алга, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу” гэж асуухаар би “надад байгаа нь л 5.000 төгрөг байна, өөр мөнгө алга утаснаас өөр юм алга гэхэд миний малгайнаас барьсан байсан залуу наадахыг чинь харья гэж хэлэхээр нь би өөрөө сим картаа аваад юмнуудаа зарим нэг аппликейшнаа устгаад өгсөн. ...” /1хх 51-54/,

гэрч Ш.Х “...Тэгээд тэр өдөр 12 цагийн үед нэг залуу ирээд 1 дугаартай өрөөнд хоносон залууг бор өнгийн теди шиг пальто өмссөн, малгайтай залуу орж ирж асуухаар нь би “байж бай тэр 2 чинь орж ирнэ” гэж хүлээлгээд, тэр хоорондоо цагдаагиин алба хаагч руу утасдаж хэлэхэд байлгаж байгаарай явуулж болохгүй шүү гэж хэлэхээр нь би цагдаагийн алба хаагч ирэхээр хүлээлгэж өгсөн. ...” /1хх 66/,

иргэний нэхэмжлэгч Л.Л-ын “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 03:00 цагийн үед гаднаас 20 орчим насны 2 залуу утас тавих гэж орж ирэхээр нь би утсыг нь аваад үзтэл сим картгүй, зураггүй байхаар нь би хэдээр тавих юм гэж асуухад арай нэг жаахан туранхай бор царайтай залуу нь тулгаад тавьчихъя гэж хэлэхээр нь би 120.000 төгрөгийн барьцаанд авсан. ...” /1хх 56/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 68-69/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-29/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 33-35/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 36-38/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 39-40/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Ж-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар хүмүүсийг болон хохирогчийг харсаар байтал хүч хэрэглэхгүйгээр булаан авснаар төгсдөг. Шүүгдэгч М.Ж-ийн Б.С-тай бүлэглэн хохирогч Э.О-ын гар утсыг дээрэмдэн авч 295.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг буюу 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн хөнгөрүүлж М.Ж-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 948 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Д.А нарын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. ...” гэж энэхүү хуулийн зорилгыг хуульчилжээ.

Шүүгдэгч М.Ж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 948 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн /1хх 241-249/ байх тул шүүгдэгч М.Ж-г дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хүн, хуулийн этгээдийг нэг удаа эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих боломжтой гэж хууль тогтоогчоос заажээ.

Харин шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй орхигдуулсан тул магадлалд зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Д.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/761 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Д.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ