Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 97

 

 

 

 

                                                  

                                         

 

 

 

                                            

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.У-т холбогдох эрүүгийн 1710 0001 00009 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Н.У нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.У нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-161 тоотод Н.Э-тай маргалдан зодож хамрыг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                                     

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч Н.У-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.Т гэдэг найзтайгаа Н.Э-ыг дуудан уулзаж хөзөр тоглож байхад Н.Э нэг шил архи уух уу гэсэн. Тэгээд бид гурав гарч Б.Э-ын Iphone гар утсыг нь ломбарданд тавьж 19 дүгээр гудамжны дэлгүүрээс нэг шил архи авч ууж суухад Э.О, Э.Ж нар ирсэн. Бид нар дахин нэг шил архи нэмж авсан. Нийт 2 шил архи, 1 пиво уусан. Тавуулаа ууж суухад Н.Э нь Э.О-тэй маргалдан түүнийг “гичий, нохой” гээд хэл амаар доромжилсон. Би Э.Ог өмөөрч маргаан гаргасан. Би хутгыг шүүгээн дотор байхад нь аван хохирогчийн нүүрэнд хутгыг зоосон. Би хохирогчтой эвлэрсэн, эмчилгээний зардалд 170.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөрдөн байцаалтын явцад яагаад ирээгүй вэ гэхээр Төв аймгийн Жаргалант суманд төмс хураалтаар 9 дүгээр сард яваад 12 сард ирсэн юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би хүний нүүрэн дээр хутга зоож, танхайрсан үйлдэлдээ харамсаж байна. Би урьд 1 удаа ял шийтгүүлж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээс 435 дугаартай Шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, тэнсэн суллагдсан хоног нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000100009 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19-645 тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цагийн үед гэртээ байж байхад найз Н.У над руу залгаж “хаана байгаа юм бэ, гэрт хүрээд ирээч” гэхээр нь гэрээсээ гараад түүний түр оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын гудамжинд байх гэрт нь очоод, хөзөр тоглож байхад найз Тулга нь эмнэлэгт хүн сахиж байгаад ирлээ гэж гаднаас орж ирсэн юм.

Уг тоот нь Т-гийн гэр бөгөөд Н.У тэдний гэрт түр байсан гэсэн. Ингээд гурвуулаа хамт хөзөр тоглож байгаад архи уухаар болоод хойд гудамжинд байх дэлгүүрт өөрийн iphone 4 загварын гар утсыг Н.У-ын скайтелийн утсыг нийлүүлж 27,000 төгрөгөөр барьцаанд тавиад оронд нь 0,75 л Експорт архи болон 0,5 л Сэрүүн пивоноос нэгийг авч Т-гийн гэрт буцаж очоод ууж эхэлсэн. Тухайн үед 16:00 цаг болж байсан санагдаж байна. Орой 19:00 цагийн үед би нилээн согтсон байсан ба Т-гийн найзууд болох Ж, О нар гэрт нь ирсэн байсан. Цаг хэд болж байсныг санахгүй байна ямар ч байсан би найз Н.У-тай маргалдахад Н.У хутгаар миний хамар руу хутгалсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Одоо миний биеийн байдал зүгээр байна. Би Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Надад дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед О, Ж нарыг явах гэж байхад нь найз У явуулахгүй гээд, цүнхийг нь авчихаад өгөхгүй байхаар нь би боль гэж хэлэхэд, чи дуугүй бай гээд хэрүүл маргаан болсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би найз Н.У-тай эвлэрч гомдол саналгүй болсон. Би шүүх хуралд оролцохгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67х/,

 

2. Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би өчигдөр гэртээ найз У, Э нарын хамт нэг шил архи хувааж уугаад орой 19:00 цагийн үед найз О, Ж нарыг утсаар дуудсан юм. Тэр хоёрыг ирэхээс өмнө бид 3 дэлгүүрээс нэг шил архи 2,5 литрийн боргио пиво аваад гэрт байж байтал О, Ж нар ирсэн. Ингээд бид 5 архиа хувааж уугаад байж байтал Э, У нар хоорондоо маргалдаад байхаар нь би очиж салгасан. Э-ын хамар руу У гэрийн хоолны шүүгээний шургуулганд байсан хутга аваад хамар руу нь хутгаараа зоосон. Тэгэхээр нь би Э-ын хамарт зоогдсон байсан хутгыг салгаад, түргэн дууд гэж О, Ж хоёрт хэлсэн. Э-ын хамраас цус гараад тогтохгүй байсан учир 00 цаасаар хамар дээр нь дарсан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Мөн Э-ын ээж, аав хоёр нь ирсэн байсан. Түргэний эмч ирж үзээд Эыг аваад явсан. У, Э хоёр урд өмнө хэрэлдэж хааяа нэг маргалдаж байсан ч зодолдож байгаагүй. Тэдний дунд өс хонзонгийн ямар нэг харьцаа байгаагүй. Манай гэрт У, О, Ж, Э нараас өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ж-гийн гэрчээр өгсөн:

“...Өчигдөр буюу 2017 оны 07 сарын 01-ний орой 19:00 цагийн орчим намайг Огийн гэрт байхад, манай найз Э, О-гийн 89740774 гэсэн дугаарын утас руу залгаад “би Т-гийнд байна, хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би найз О-Тугийн хамт ХУД-ийн 9-р хороо бурхантын 14-165 тоотод оршин суух найз Т-гийн гэрт очсон. Бид хоёрыг тэнд очиход У, Т, Э нар байсан. Тэд 1 шил архи, 2.5 литрээр савлагдсан боргио гэх бичигтэй пиво зэргийг гаргасан. Бид нар нэг шил архиа хувааж уугаад дуусч байтал У, Э нар хоорондоо маргалдсан. Гэтэл У “би чамайг шаана шүү” гэж хэлсэн. Тэднийг салгах гээд Т дундуур нь ороод “хоёр пизда минь боль” гэж хэлж байсан. Тэгтэл Э нь “тэгээд шаагаач цус үзье” гэтэл У хутга гартаа барьсан зогсож байснаа “би шааж чаддаг л пизда” гэж хэлээд ...Э-ын хамар руу хутгаараа хутгалсан. Хутга нь хамарт нь зоогдчихсон. У хоолны шүүгээнээс заазуур аваад “бүгдийг чинь заазуурдана” гэж хэлсэн. О бид хоёр Уг гуйж байж заазуурыг нь гараас нь салгаж авсан.

Тэгээд гадаа Т, У хоёр бас маргалдсан.  У Т-г 2-3 удаа цээжинд нь цохиож байсан. Тэгээд Т орж ирээд Э-ын хамарт зоогдсон байсан хутгыг нь сугалж авсан. Би өөрийнхөө 89145721 дугаарын утсаар түргэн болон цагдаа дуудсан. Намайг “цагдаа дуудлаа” гэж У уурлаад “би шоронд суугаад гарч ирэх юм бол танай гэрийг чинь оронгоор нь эргүүлж самарна, чамайг өөр хүнээр хутгалуулна” гээд байсан. Удалгүй цагдаа болон түргэн ирээд Уг авч явсан. ...О бид хоёрыг явлаа гэж хэлэхэд У явуулахгүй гээд, Ж бид хоёрын цүнхийг авчихаад өгөхгүй байсан. Э, У-д боль гэж хэлэхэд хоорондоо маргалдаад эхэлсэн. Уг хаанаас хутга гаргаж ирснийг  би мэдэхгүй байна. У нь Э-ын хамар руу нэг удаа хатгасан. Тэд хоорондоо найзуудын харилцаа холбоотой хүмүүс. Гэрт бид таваас өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-24х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.О-гийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 07 сарын 01-ний орой 19 цагийн орчим найз Ж-гийн хамт гэртээ байж байхад, манай найз Э нь миний 89740774 гэсэн дугаарын утас руу залгаад би Т-гийнд байна хүрээд ирээч гэсэн тэгэхээр нь би найз Т-гийн гэрт очсон бид хоёрыг тэнд очиход У, Т, Э нар байсан. Тэд 1 шил архи, 2.5 литрээр савлагдсан боргио гэх бичигтэй пиво зэргийг гаргасан. Бид нар 1 шил архиа хувааж уугаад дуусаж байтал У, Э нар хоорондоо маргалдсан. Гэтэл У би чамайг шаана шүү гэж хэлсэн тэднийг салгах гээд Т дундуур нь ороод хоёр пизда минь боль, гэж хэлж байсан. Тэгтэл Э намайг шаачихлаа гээд хоёр гараа өргөөд зогсож байсан. Ж гэнэт орилохоор нь би хартал Э-ын зүүн нүдний хажуу хэсэгт хамар дээр нь бариулгүй, хутган дээрээ нүхтэй том хутга зоогдсон байсан.

Э энийг сугалаад өгөөч гээд байсан. Т, У хоёр хутгыг нь сугалах гээд оролдож байсан. Би айгаад байсан учраас Ж-гийн хамт гэрээс гарсан. Удалгүй гэр лүү ороход хутгыг нь сугалаад авчихсан байсан. Э цусыг минь арилгаач гэж хэлэхээр нь би усаар нүүрийг нь угааж өгтөл цус нь тогтохгүй гараад байсан. Хутга зоогдсон газраас нь маш их цус гарч байсан. Ж түргэн болон цагдаад утсаар дуудлага өгсөн. 30 орчим минутын дараа түргэн болон цагдаа нар ирсэн. Түргэний эмч Э-ын хамарт нь “оёдол тавина” гэж хэлэхэд тэр “би оёдол тавиулахгүй” гээд байсан. Тэгээд түргэний эмч Э-ыг Гэмтэлийн эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-27х/,

 

5. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8578 тоот дүгнэлтэд:

1. Э-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.У-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр найз Т-гийн гэр болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 14-165 тоотод найз Э, бид гурав байж байхад О, Ж хоёрыг Э утсаар дуудаж архи, пиво уусан. Тухайн хэрэг учрал болох үед 21 цаг 25 минут болж байсан санагдаж байна. Би Э-тай маргалдаж, түүний хамар луу хутгалж гэмтээсэн үйлдэл гаргасан. Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Найз Этай эвлэрч гомдол саналгүй болгосон. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед би Э-ыг өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй, хутгалсан байсан. Харин хүчтэй хутгаар цохисноос болж тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд учирсан байх. ...Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож ухамсарлаж байна. Би найз Этай эвлэрч учраа олсон. Түүний нэхэмжилсэн 170.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-76х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №8578 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч Н.Э, гэрч Б.Т, Э.Ж, Э.О нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон гэж үзлээ. 

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, шүүгдэгч Н.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Н.У нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14-161 тоот дахь Б.Т-гийн гэрт согтуурсан үедээ Н.Э-тай маргалдаж, улмаар түүний хамар хэсэгт хутгалж, биед нь  “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Н.Э-ын: “...орой 19 цагийн үед би нилээн согтсон байсан ба Т-гийн найзууд болох Ж, О нар гэрт нь ирсэн байсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг санахгүй байна ямар ч байсан би найз Н.У-тай маргалдахад Н.У хутгаар миний хамар руу хутгалсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Б.Т-гийн: “...Би өчигдөр гэртээ найз У Э нарын хамт нэг шил архи хувааж уугаад орой 19 цагийн үед найз О Ж нарыг утсаар дуудсан юм. Тэр хоёрыг ирэхээс өмнө бид 3 дэлгүүрээс нэг шил архи 2,5 литрийн боргио пиво аваад гэрт байж байтал О, Ж нар ирсэн ингээд бид 5 архиа хувааж уугаад байж байтал Э, У нар хоорондоо маргалдаад байхаар нь би очиж салгасан. Э-ын хамар руу У гэрийн хоолны шүүгээний шургуулганд байсан хутгыг аваад хутгаараа зоосон. Тэгэхээр нь би Э-ын хамарт зоогдсон байсан хутгыг салгаад “түрэн дууд” гэж О, Ж хоёрт хэлсэн. ...Удалгүй цагдаа болон түргэн ирсэн. Түргэний эмч ирж үзээд Эыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, 

- гэрч Э.Ж-гийн “...2017 оны 07 сарын 01-ний орой 19 цагийн орчим ...би найз Огийн хамт ХУД-ийн 9-р хороо бурхантын 14-165 тоотод оршин суух найз Т-гийн гэрт очсон. Бид хоёрыг тэнд очиход У, Т, Э нар байсан. Тэд 1 шил архи, 2.5 литрээр савлагдсан боргио гэх бичигтэй пиво зэргийг гаргасан. Бид нар нэг шил архиа хувааж уугаад дуусаж байтал У, Э нар хоорондоо маргалдсан. ...Тэгтэл У хутга гартаа барьсан зогсож байснаа “би шааж чаддаг л пизда” гэж хэлээд Э-ын хамар руу хутгаараа хутгалсан. Хутга нь хамарт нь зоогдсон. ...Би өөрийнхөө 89145721 дугаарын утсаар түргэн болон цагдаа дуудсан. ...Удалгүй цагдаа болон түргэн ирээд Уг авч явсан...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Э.О-гийн “...2017 оны 07 сарын 01-ний орой 19 цагийн орчим найз Ж-гийн хамт ...найз Т-гийн гэрт очсон бид хоёрыг тэнд очиход У, Т, Э нар байсан. Тэд 1 шил архи, 2.5 литрээр савлагдсан боргио гэх бичигтэй пиво зэргийг гаргасан. Бид нар 1 шил архиа хувааж уугаад дуусаж байтал У, Э нар хоорондоо маргалдсан.  ...Тэгтэл Э “намайг шаачихлаа” гээд хоёр гараа өргөөд зогсож байсан.

Ж гэнэт орилохоор нь би хартал Э-ын зүүн нүдний хажуу хэсэгт хамар дээр нь бариулгүй, хутган дээрээ нүхтэй том хутга зоогдсон байсан. Э энийг сугалаад өгөөч гэж хэлж байсан. Т, У хоёр хутгыг нь сугалах гээд оролдож байсан. ...Хутга зоогдсон газраас нь маш их цус гарч байсан. Ж түргэн болон цагдаад утсаар дуудлага өгсөн. 30 орчим минутын дараа түргэн болон цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг,

- “Н.Э-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8578 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.У-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос Н.У-ын хохирогч Н.Э-ын хамар луу хутгалж,  биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Н.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн байцаалтын явцад /хэргийн 75-76х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлснийг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тэмдэглэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Н.Э-ын биед учирсан “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Н.У-ын шууд санаатай хохирогчийн хамар тус газарт хутгалсан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн шүүгдэгч Н.У нь хохирогч Н.Э-ын эмчилгээний зардалд 170.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч Н.Э нь хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаархи хүсэлтээ бичгээр гаргасан /хэргийн 93х/ байх тул шүүгдэгч Н.У-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Хэргийн 87 дугаар талд авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч Н.У /регистрийн дугаар ТА90051179/ урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх боловч нь хэргийн 80 дугаар талд авагдсан Цагдаагийн байгууллага дахь иргэний мэдээллийн санд бүртгэгдсэнээр /912 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарыг прокуророос шүүх хуралдаанд гаргасныг хэрэгт хавсаргасан/ Н.У нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 912 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бүгд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 435 дугаартай захирамжаар 2015 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулиар биечлэн эдлэх ялаас 2 жил 2 сарыг хасаж, үлдсэн 10 сар 19 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх мэдээлэл бүртгэгдсэн баримттай, түүний хугацааны өмнө тэнсэн суллагдсан 10 сар 19 хоногийн хугацааг 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс тоолоход уг хугацаа 2017 оны 03 сарын 07-ны өдрийн байдлаар дуусгавар болсон байна.

 

Нөгөө талаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт тусгагдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохоор хуульчлагдсан /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалт/ бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулсан байна.

 

Шүүгдэгч Н.У-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арваннэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгчийн урьд үйлдэж ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн /2002 оны/ 147, 145 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тус бүрдээ “Өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг”-ийн төрөлд хамаарах тул шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтын зохицуулалт үйлчлэхгүй тул шүүх Н.У-ыг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх хуулийн үндэслэл үүссэн байна.

 

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас учирсан хор уршиг буюу эмчилгээ, сувилгааны зардлыг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.      

 

Шүүгдэгч Н.У нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, Н.У-т 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Н.У нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 193 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2018 оны 02 сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн /23х8=184/ нэг зуун наян дөрвөн цагийг түүнд оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, Н.У-ын биечлэн эдлэх ялыг бүгд 416 /дөрвөн зуун арван зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулгүй хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.У-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Н.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.У-ыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.У нь шүүхээс оногдуулсан эдэлвэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.У нь гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирол, хор уршигт тооцон хохирогч Н.Э-т 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.У-ын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийн нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүүцүүлэн нэг зуун наян дөрвөн  цагийг эдлэх ялд нь оруулан тооцож, Н.У-ын биечлэн эдлэх ялыг бүгд 416 /дөрвөн зуун арван зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулгүй хутга 1 ширхэгийг зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

7. Энэ хэрэгт Н.У-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД