Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Г.С нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.С-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Г.С

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт хохирогч З.Ч-г зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,

 

Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Ч өөрөө машинаас бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би шууд нүүрлүү нь гараараа гурваас дөрвөн удаа цохьсон. Харин унагаачихаад толгой тархин дээр нь дэвссэн зүйл байхгүй. Цохихдоо би хүчтэй цохьсон. .... би Чт учирсан хохирлыг барагдуулна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 29 дугаар хуудас/,

 

Хохирогч З.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...намайг Э машин дотор явах гээд сууж байхад татаж буулгаж ирээд намайг зодсон. Намайг С ганцаараа зодсон. Би С-д огт гар хүрээгүй. С миний толгойруу болон нүүр луу цохиод байсан. Миний хамар хугарсан, нүдний ухархайн яс цуурсан байна гэж байсан. С-с эмчилгээний зардал нийт 1 950 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс С 400 000 төгрөг өгсөн. 1500000 төгрөг өгчих юм бол гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07, 09-10, 39 дугаар хуудас/,

 

Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... С Ч-г зодчихоод машинтайгаа хөдлөөд явж байсан гэж хэлсэн. ... Би бол нүдээрээ хараагүй ... би нилээн архи уусан байсан болохооор болсон үйл явдлыг юу ч санахгүй байна  гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 41 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... аллаа болиоч ээ хөгшөөн чи хэцүүдүүлчихлээ гээд орилоод байсан ба харин С-н дуу ална чамайг ... гээд орилоод байгаа нь сонсогдсон. ...манай гэрт Ч-г оруулж ирэхэд Ч-н нүд хамар нь битүү аймар болчихсон байсан. Ч-с хэн зодсон бэ гэж асуусан чинь өндөр нь гээд С-г хэлээд байсан. ...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Ч-н нүүр лүү бол ямар ч байсан цохьсон. Дэвссэн эсэхийг нь мэдэхгүй ...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...З.Ч- биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэр хохирогч З.Ч-г зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Ч өөрөө машинаас бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би шууд нүүрлүү нь гараараа гурваас дөрвөн удаа цохьсон. Харин унагаачихаад толгой тархин дээр нь дэвссэн зүйл байхгүй. Цохихдоо би хүчтэй цохьсон. .... би Чт учирсан хохирлыг барагдуулна... гэсэн мэдүүлэг, Хохирогч З.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...намайг Эын машин дотор явах гээд сууж байхад татаж буулгаж ирээд намайг зодсон. Намайг С ганцаараа зодсон. Би С-д огт гар хүрээгүй. С миний толгойруу болон нүүр луу цохиод байсан. Миний хамар хугарсан, нүдний ухархайн яс цуурсан байна гэж байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... С Ч-г зодчихоод машинтайгаа хөдлөөд явж байсан гэж хэлсэн. ... Би бол нүдээрээ хараагүй ... би нилээн архи уусан байсан болохооор болсон үйл явдлыг юу ч санахгүй байна  гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... аллаа болиоч ээ хөгшөөн чи хэцүүдүүлчихлээ гээд орилоод байсан ба харин С-н дуу ална чамайг ... гээд орилоод байгаа нь сонсогдсон. ...манай гэрт Ч-г оруулж ирэхэд Ч-н нүд хамар нь битүү аймар болчихсон байсан. Ч-с хэн зодсон бэ гэж асуусан чинь өндөр нь гээд С-г хэлээд байсан. ...  гэсэн мэдүүлэг, Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Ч-н нүүр лүү бол ямар ч байсан цохьсон. Дэвссэн эсэхийг нь мэдэхгүй ...  гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан байдал болон хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэлээ.

 

Хохирогч З.Ч нь шүүгдэгч Г.С-с 1 950 000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 450 000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирол төлбөрт зориулан хохирогчид өгсөн. Хохирогчийн нэхэмжилсэн 1500 000 төгрөгийг шүүгдэгч нь бичгээр төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-с 1500000 / нэг сая таван зуун мянга / төгрөгийг гаргаж хохирогч З.Ч-т олгосугай.

 

           6. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД