Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХЗХ

Хариуцагч: дүүргийн Татварын хэлтсийн хооронд үүссэн татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Б., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нэхэмжлэлийн шаардлагаа дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 2007 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, ******* регистрийн дугаартай[2] ******* ******* хадгаламж зээлийн *******ны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамж[3], 3423902981 дугаар томилолтоор[4] /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

2.2.Уг хяналт, шалгалтаар Татварын улсын байцаагч Ц., Б. томилогдон ажиллаж 158,650,336.44 төгрөгийн зөрчилд 15,865,033.65 төгрөгийн нөхөн татвар, 5,858,977.53 төгрөгийн торгууль, 4,706,476.39 төгрөгийн алданги, нийт 26,430,487.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр № дугаартай нөхөн ногдуулалтын актыг[5] үйлджээ.

2.3.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Зөрчлийн тухай /2017 оны/ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, Татварын ерөнхий /2015 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн аж.[6]

2.4.******* ******* хадгаламж зээлийн *******ноос маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, харин 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 41 дүгээр тогтоолоор дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг хэвээр үлдээсэн[7] тул уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2024/9688 дугаар захирамжаар захиргааны үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* Хадгаламж Зээлийн Хоршоо /цаашид ХЗХ гэх/ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хийгдсэн татварын шалгалтаар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д., Б. нар тус байгууллагад 158,650,336.44 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж татварын нөхөн төлөх акт үйлдэж нөхөн төлөлтөд 15,865,033.65 төгрөг, торгуульд 5,858,977.53 төгрөг, алдангид 4,706,476.39 төгрөг, нийт 26,430,487.57 төгрөг төлүүлэхээр акт тавьсан болно. Тус *******ноос дүүргийн Татварын хэлтсээс тогтоосон 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн № тоот актад дурдсан Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн гэх тус актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд:

1. 2020 онд 41.500.000.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16.1, 16.1.1, энэ хуулийн 13.1, 13.2. 28.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл түрээслүүлэгч талд тус ******* ажлын байрыг түрээсэлсэн төлбөрийг төлж байсан. Тухайн төлбөрийн дагуу и-баримт шивж илгээж холбогдох татварыг төлж дуусгасан. Гэтэл татвар тухайн татварыг тус *******ноос давхардуулан төлөх нь хуульд нийцэхгүй гэж үзсэн тус дээрх зөрчил гараагүй болно.

2. 2019 онд 48.703.593.19 төгрөгийн хадгаламжийн хүүгийн зардлыг албан татвар суутгаагүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15.1, 15.1.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. ******* ******* Хадгаламж Зээлийн Хоршоо нь гишүүдээс гэрээний үндсэн дээрээс хадгаламж авч гишүүддээ зээл олгодог санхүүгийн байгууллага юм. Санхүүгийн үйл ажиллагаандаа Нягтлан бодох бүртгэлийн хууль, Хадгаламж Зээлийн *******ны хууль, Сангийн сайд болон Санхүүгийн Зохицуулах Хорооны хамтран баталсан 2012 оны 11-р сарын 8-ны өдрийн 232/216 тоот дугаартай заавар, дансны жагсаалт, аргачлал болон маягт батлах тухай тушаалыг баримтлан ажилладаг. Сангийн сайд болон Санхүүгийн Зохицуулах Хорооны хамтран баталсан 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 232/216 тоот дугаартай заавар, дансны жагсаалт, аргачлалын баримталж байж бидний санхүүгийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагддаг учраас дээрх зөрчлийг гаргаагүй болно. дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Ц., Б. нар нь бидэнд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдал тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй дан ганц Татварын ерөнхий хуульд үндэслэсэн, бусад тухайн харилцааг зохицуулах хууль тогтоомж, хэм хэмжээг удирдлага болгож ажиллаагүй.

3. 2020 онд 36.677.104.2 төгрөг, 2021 онд 31.769.639.05 төгрөгийн хадгаламжийн хүүгийн зардлыг /албан татвар суутгаагүй/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16.1, 16.1 1, 13.1, 13.2, 13.2.12-д заасныг зөрчсөн гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус дүүргийн Татварын хэлтсээс тогтоосон 2023 оны 12 сарын 1-ний өдрийн № тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Хадгаламж Зээлийн *******ны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ...Хадгаламж Зээлийн *******ны санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байна... гэж хуульчилж өгсөн байдаг. Тухайн эрх зүйн хэм хэмжээний дагуу татварыг хуримтлуулан төлсөн. 2019 онд 48.011.216 төгрөг, 2020 онд 59.638.481 төгрөг, 2021 онд 66.440.010 төгрөгийг тус тус төлж, нийтдээ 174.089.708 төгрөгийг төлсөөр байтал дахин татварыг давхардуулан төлүүлэхээр акт тогтоосон нь татварын шударга байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Хууль болон хуульчилсан актуудыг бид зөрчиж үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас маргаан бүхий № тоот актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Тодруулбал хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 12 сарын 01-ний өдрийн № тоот "Нөхөн ногдуулалтын акт"-ын дагуу зөрчлөөр тогтоосон 26.430.487, 57 төгрөгийг төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.[8]

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд: Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч байгууллагаас сонсох ажиллагаа хийсэн боловч бодит нөхцөл тодруулаагүй, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй акт гаргасан. Тухайлбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт ...Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.2 дахь заалтад ...төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар... тооцно гэж заасныг эш татсан бөгөөд нэхэмжлэгч компанийн нөхөн төлөх татварын дүн 10 хувь ч хүрэхгүй байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг эш татсан. Гэтэл Зөрчлийн тухай хуульд 11.19.1.2 гэх заалт байдаггүй. Иймд маргаан бүхий захиргааны акт гарсан цагаасаа эхлэн илт хууль бус байсан гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.[9]

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хадгаламжийн хүүг тооцохдоо нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь аргаар тооцдог бөгөөд 2019 оны хувьд татвар ногдох орлогоос 528,815,759.89 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж тооцсон.

Хадгаламж зээлийн *******ны үйл ажиллагааны талаар дурдвал:

Иргэдээс 1,8 хувийн хүүтэй хадгаламжийг татан байршуулдаг. Ихэвчлэн 1 жилийн хугацаатайгаар байршуулдаг. Үүнээс зээл олгодог. Тэгэхээр хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн зөрүү нь манай хадгаламж зээлийн *******ны гол үйл ажиллагаа. Аккруэл суурь аргаар тооцох тухайд: тодорхой нэг этгээд 1 жилийн хугацаатайгаар 05 дугаар сарын 01-ний өдөр хадгаламжийн гэрээ байгууллаа гэж бодоход тухайн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хадгаламжид оногдох зардлын хүүг татвар ногдох орлогоос хасаж тооцдог. Дараа жилийн 05 дугаар сарын 01-ний өдөр хадгаламжийн гэрээ байгуулсан этгээдэд хадгаламжийн хүүгийн орлогыг тооцож олгохдоо 10 хувийн орлогын албан татварыг суутгаж дараа жилийн 05 дугаар сард татварын хэлтэст тайлангаа гаргадаг. Татварын тайлан гаргахдаа тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамааруулдаг. Үүнээс зөрүү үүссэнийг хариуцагч байгууллага татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх жишээ авснаар дараа жилийн 05 дугаар сард нь нөхөөд, татвар ногдох орлогоо жил дамнан хойшлуулж төлдөг.

Мөн манай хадгаламж зээлийн *******нд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос байнгын хяналт, шалгалт хийдэг учир нь тэднээс гаргасан дүрэм журмыг дагаж мөрддөг. Тухайлбал, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 232/216 дугаар тушаалын 3 дугаар хавсралт хэсэг.

Хадгаламжийн хүүгээс гадна зээлийн хүүг аккруэл суурь аргаар тооцдог. Тухайн үед буюу Ковид-19 цар тахлын улмаас зээлийн хүүг хойшлуулах, алданги тооцохгүй байх гэх зэрэг журмуудын дагуу алданги тооцолгүй, 06 дугаар сараас хойшлуулсан зээлийн хүүг төлөөгүй байсныг төлснөөр тооцож татвараа төлж байсан. Энэ нь татвар ногдох орлогыг бууруулах биш эсрэгээрээ илүү төлж байсан гэсэн үг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт: ...Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна: ... 13.2.12 дахь заалтад ...албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд суутгал олгосон тохиолдолд тайландаа хасаж тооцдог. Тухайн хүнд суутгал олгоогүй байж хасаж тооцоогүй, харин суутгал олгосон тохиолдолд хасаж тооцсон... гэжээ.[10]

3.4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...1. Хяналт шалгалтын явцад тус компани нь 2020 онд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд түрээсийн зардал 66,000,000.00 төгрөг тусгаснаас цахим төлбөрийн баримтаар 24,000,000 төгрөг нь баталгаажсан, 41,500,000 төгрөг цахим төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх; гэсэн заалтуудыг зөрчсөн.

2. 2019 онд 48,703,593.19 төгрөгийн хадгаламжийн хүүгийн зардлыг /албан татвар суутгаагүй/ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1. Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй: 15.1.3. энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр:... гэж заасан; 2019 онд ТТ-12а- Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайланд 480,112,166.70 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогоос 48,011,216.67 төгрөг суутгаж тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайлан тайланд 528,815,759.89 төгрөгөөр тайлагнаж зардалд 48,703,593.19 төгрөг илүү тусгасан.

3. 2020 онд 36,677,104.2 төгрөг, 2021 онд 31,769,639.05 төгрөгийн хадгаламжийн хүүгийн зардлыг /албан татвар суутгаагүй/ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1. ...Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй..., 16.1.1. ...энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал... 13 дугаар зүйлийн 13.2.12. ...албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх... гэсэн заалтыг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно.

2020 онд ТТ-12а- Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайланд 596,384,814.60 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогоос 59,638,481.46 төгрөг суутгаж тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайланд 636,190,250.28 төгрөгөөр тайлагнаж, зардалд 36,677, 104. 18 төгрөг илүү тусгасан. 2021 онд ТТ-12а- Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайланд 664,400,101.53 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогоос 66,440,010.15 төгрөг суутгаж тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайланд 696,169,740.58 төгрөгөөр тайлагнаж зардалд 31,769,639.05 төгрөг илүү тусгасан.

Иймд "******* *******" Хоршоо /ХЗХ/-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.[11]

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс ...41.500.000 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй зардал үүсгэж орлогоо бууруулсан талаар тус *******ны байрны түрээсийн төлбөрт олгосон... хэмээн тайлбарлан хавтас хэрэгт авагдсан иргэн Донровын Бямбажавын е-баримт буюу цахим баримтыг[12] эх сурвалж болгон маргах боловч тус иргэний цахим төлбөрийн баримтуудад нэхэмжлэгч ******* ******* ХЗХ нэр, регистрээр тэмдэглэгдээгүй, ТТД: 1000000 дугаартай, эцсийн хэрэглэгчээр шивэгдсэн байх тул үүнийг бизнесийн зорилгоор тус компаниас зарлагдсан гэж үзэх боломжгүй юм.

4.3.Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; гэж заасантай нийцэхгүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй заасныг биелүүлээгүй байна.

4.4.2019 оны татвар ногдуулалтын тухайд: маргааны үйл баримттай холбогдох цаг хугацааны үеийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 ...Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй..., 15.1.3 ... энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр...-ийг хасаж тооцохгүй, 2019 оны / Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно гэжээ.

4.5.Нэхэмжлэгчээс мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар нь 480,112,166.70 төгрөг суутгаж тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд 528,815,759.79 төгрөг гэж тайлагнасан.

Эдгээрийн зөрүү нь 48,703,593.19 төгрөг байх ба үүнийг хасагдах зардалд тооцохгүйг зөрчилд тооцон /2008 оны/ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, /2019 оны / Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; хариуцлага хүлээлгэсэн үндэслэлтэй.

4.6.Харин 2020 онд Нэхэмжлэгчээс татварын тайландаа мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого 596,384,814.60 төгрөг гэж тайлагнасан атлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон санхүүгийн тайлангийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн хасагдах зардалд 636,190,250.28 төгрөг гэж тооцон албан татварыг зөрүү 39,805,435.68 төгрөгийг, 2021 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайлангийн хасагдах зардалд 696,169,740.58 төгрөг тайлагнасан мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайланд 664,400,101.53 төгрөг гэж тайлагнасны зөрүү 31,769,639.05 төгрөг илүү тусгасан байгаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2020 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно гээд 13.1.4 доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх 13.2 Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна гээд 13.2.12 албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх, 16 дугаар зүйлийн 16.1 Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй гээд 16.1.1 энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал тус тус зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар[13] тогтоогдож байна

4.7.Дээрх зөрчлийн талаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тогтоолд дүгнэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

4.8.Харин нэхэмжлэгчээс ...манай хадгаламж зээлийн *******нд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос байнгын хяналт, шалгалт хийдэг учир нь тэднээс гаргасан дүрэм журмыг дагаж мөрддөг. Тухайлбал, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 232/216 дугаар тушаалын[14] 3 дугаар хавсралт хэсэгт ХЗХ нь мөнгөн гүйлгээний тайлангаас бусад санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар бэлтгэх[15] заасан санхүүгийн тайланг бэлтгэх зарчмыг баримт хэмээн тайлбарлах боловч татварын тайлан болон санхүүгийн тайлан хооронд үүссэн зөрүүг Сангийн яамнаас гаргасан Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан-гаар зохицуулахаар байхад тэрээр уг тайлангийн дагуу зөрүү дүнг тайлагнаагүй байна.

4.9.Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байх тул ******* ******* хадгаламж зээлийн *******ноос дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.10. Эцэст нь нэхэмжлэгчээс ...82.1.2 дахь заалтад ...төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар... тооцно гэж заасныг эш татсан бөгөөд нэхэмжлэгч компанийн нөхөн төлөх татварын дүн 10 хувь ч хүрэхгүй байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг эш татсан. Гэтэл Зөрчлийн тухай хуульд 11.19.1.2 гэх заалт байдаггүй... гэж маргасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад маргаан бүхий актад бичигдсэн зүйл заалтын алдаатай холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагчийн тооцооллын зөрүү байгаа эсэхийг нягтлуулсны[16] үндсэн дээр уг алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан бичилт-ын алдаа гэж үзэн хариуцагчийг уг алдааг засаж зөвтгөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. /2008 оны/ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, /2019 оны/ Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг тус тус баримтлан ******* ******* Хоршоо ХЗХ-ноос Сонгинохайхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.БАТБААТАР