Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1030

 

 

 

 

 

 

  2023              10            24                                         2023/ДШМ/1030

 

 

Д.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О-т холбогдох ............................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.О нь ...................... сургуулийг “сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2008 онд төгссөн гэх ................... дугаартай “Боловсролын” бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс .................. дүүргийн .................. дугаар цэцэрлэгт багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ээс 33.999.768 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0200815883 дугаартай “Боловсролын” бакалавр зэргийн хуурамч дипломыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс Д.О-т 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шүүхийн тогтоолыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед сандрахдаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Прокурор Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-т оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь ........................ сургуулийг “сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2008 онд төгссөн гэх ....................дугаартай “Боловсролын” бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс ................. дүүргийн ................ дугаар цэцэрлэгт багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М /1хх 176-177/, гэрч Ч.Э-ийн /1хх 106-107/,гэрч Я.Н-н /1хх 115-117/, гэрч А.Т-ийн /1хх 140-142/, гэрч Д.А-ийн /1хх 120-123/, гэрч Б.Д-ийн /1хх 110-111, 132/, гэрч Д.Ц-ийн /1хх 150-151/, гэрч З.А-ийн  /1хх 202/, гэрч Ц.С-ийн /1хх 246/,

яллагдагч Д.О-ийн “...Би гэм буруугаа ойлгож прокурорын гаргасан тогтоолд дурдсан ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” /1хх 16-17/ гэсэн мэдүүлгүүд,

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .......... дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /1хх 34/,

........... дүүргийн ........... дугаар.................. дугаартай “Д.О-ийг багшаар ажилд авах тухай” тушаал /1хх 194/,

............... дүүргийн ........... дугаар .............. ........” гэх тушаал /1хх 195/,

....................” гэх албан бичиг /1хх 234/,

хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх 249-250, 2хх 3-6/, Д.О-ийн цалингийн картын дансны хуулга /2хх 7-14/, .....................Хяналт-Шинжилгээ хийсэн тухай танилцуулга /1хх 40-76/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 222/, ................ дүүргийн ..................... дугаар .......................... албан тушаалын тодорхойлолт /1хх 247-248/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.О-ийг “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Д.О-ийн ...................... боловсрол мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2008 онд төгссөн гэх ...................... дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ............... дүүргийн ............. дугаар .................... ажиллахдаа ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс Д.О-т 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шүүхийн тогтоолыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой бөгөөд ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үздэг.

Шүүгдэгч Д.О нь ................ дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж өөрөө хүсэж дээрх хуурамч баримт бичгийг 8 жилийн хугацаанд ашиглан төрөөс 48.176.813 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд түүний ажил хөдөлмөр эрхэлсэн нөхцөл байдлыг харгалзан ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон /33.999.768 төгрөг/ цалин хөлсийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх 11/-ыг танилцуулахад “гомдолгүй” гэж бичсэн байна. Яллагдагчаар мэдүүлэг /1хх 16-17/ өгөхдөө “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэж мэдүүлсэн байна. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт /2хх 34/ “өмгөөлөгчгүй оролцоно”, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх /1хх 237/ талаар хүсэлтээ бичгээр гаргасан зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгч Д.О-ийг өмгөөлөх эрхээр нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.О-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “гучин гурван сая, есөн зуун ерэн есөн сая, долоон зуун жаран найм” гэсэн техникийн шинжтэй алдааг магадлалаар “гучин гурван сая, есөн зуун ерэн есөн мянга, долоон зуун жаран найм” гэж зөвтгөж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “...гучин гурван сая, есөн зуун ерэн есөн сая, долоон зуун жаран найм” гэснийг “...гучин гурван сая, есөн зуун ерэн есөн мянга, долоон зуун жаран найм” гэж өөрчлөн зөвтгөж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ