Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/08523/и |
Дугаар | 001/ХТ2016/01436 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/01436
Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/4473 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1415 дугаар магадлалтай,
Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ж.Ичинхорлоогийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах, 69.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Энхжаргалд 65.100.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн, энэ шийдвэрт барьцааны зүйлийн талаар тусгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрт тусгагдсан ажиллагааг хийх ёстой байтал шийдвэрт заагаагүй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж дуудлага худалдаанд зах зээлийн ханшнаас доогуур оруулах гэж байгаад гомдолтой байна. Эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй. Иймд орон сууцны үнэлгээ тогтоосон болон албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Ж.Ичинхорлоогоос 65.115.000 төгрөгийг гаргуулж Д.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ж.Ичинхорлоогийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах, улсын бүртгэлийн эрхийн Ү-2204029737 дугаарт бүртгэгдсэн 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15/007 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны дотор төлбөрийг төлнө гэсэн боловч үүргээ огт биелүүлээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 310.500.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч дээрх үнийн саналыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 70 хувиар буюу 217.350.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт оруулах болсныг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/33148 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Ичинхорлоо нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д.Энхжаргалд барьцаалсан тухай барьцаа, зээлийн гэрээг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8/1151 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болохыг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэгч нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг техникийн алдаатай бичин, 69.2 м.кв талбайтай орон сууцыг 62.9 м.кв гэж бичсэн байсан. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул 50 хувиар тооцон, 155.250.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/4473 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах 69.2 м.кв орон сууцны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1415 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/4473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т зааснаар…” гэснийг “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар …” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Ичинхорлоогийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ичинхорлоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/4473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 62.9 м.кв гэж бичиж техник алдаа гэх нэрийдлээр үнэгүйдүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хоёрдахь албадан дуудлага худалдаанд миний орон сууцыг дахин оруулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан.
2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч би өөрийн биеэр оролцох, “орон нутагт хадам ээж маань бурхан болсон тухай” баримтыг нотлох баримтын шаардлага ханган нотариатаар батлуулан хүргүүлсээр байхад шүүхээс “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурчхаад ирсэнгүй” гэж үзсэн гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх Ж.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Ж.Ичинхорлоо нь шүүхэд анх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:
1.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар хариуцагч Ж.Ичинхорлоо нь Д.Энхжаргалын нэхэмжилсэн 65.100.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 15-ний дотор төлөхөөр тохирч талууд эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, төлбөр төлөгч төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохирсон боловч төлөөгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 804 тоотод байрлах, 69.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг явуулжээ.
Төлбөр төлөгч нь орон сууцаа 310.500.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрчээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/215 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг талуудын тохиролцсон үнийн 70 хувь буюу 217.350.000 төгрөгөөр тогтоон 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан байна.
2. Ж.Ичинхорлоо нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргасан, шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31243 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, тэрээр шүүх хуралдаанд ирээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 41042 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна.
3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/9 дүгээр тогтоолоор төлбөрт хураасан дээрх орон сууцыг анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг талуудын тохиролцсон үнийн 70 хувь буюу 217.350.000 төгрөгөөр тогтоон 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухайг төлбөр төлөгчид мэдэгджээ.
4.Ж.Ичинхорлоо нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гомдлыг шүүхэд дахин гаргасан, уг шаардлагаа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж, шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяагийн орон сууцны үнэлгээ тогтоосон болон албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ /хавтаст хэргийн 1, 8 дугаар тал/.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр орон сууцны үнэлгээ, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага гаргасан гэж үзэв.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/215 дугаар тогтоол болон 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3/33148 тоот мэдэгдэх хуудаст орон сууцны талбайг 62.9 м.кв гэж бичсэн боловч Өнөөдөр сонины 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зард “69.2 м.кв” гэж зарлажээ. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй бичсэн нь техникийн шинжтэй алдаа боловч энэ нь орон сууцны үнэд нөлөөлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч 69.2 м.кв талбай бүхий орон сууцаа бүхэлд нь 310.500.000 төгрөгөөр үнэлжээ.
2016 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2 дах албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 155.250.000 төгрөгөөр тогтоосон, 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дуудлага худалдаанд мөн үнийн санал ирээгүй, анхны болон хоёр дах дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзахдаа хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцсон байх тул “...шүүх хуралдаанд оролцуулаагүй” талаарх гомдол үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1415 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ичинхорлоогийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ