Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/22

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Д.Ч-т  холбогдох эрүүгийн 1827000090012 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн..... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өновгийн Д.Ч

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт Д.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архи уугаад О- гэрт айлд орж асгам тавьсан. Уг нь манайхаас идэш авах байсан. Гэтэл өөр айлаас идэш авсан байсан. Тухайн үед би төв орж ажил явдалд оролцоод ирсэн чинь өөр айлаас идэш авсан байсан. Тэгээд жаахан уур хүрээд агсам тавьсан...” гэв.

            Хохирогч 1962 онд төрсөн Д.А мөрдөн байцаалтанд 2018-01-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах намаг гэх газарт гэртээ малын тэжээл зуураад сууж байтал гадна манай ахын хүүхэд болох Ч орж ирээд нөхөр бид хоёрыг О-оо шээсээ, Ш шээсээ гээд орилоод ороод ирсэн юм. Тэгээд гал дээр буцалж байсан халуун шөлтэй хоолыг татаад унагааснаа манай нөхөр О-ыг зодно гэж дайраад байхаар нь би голоор нь ороод Ч-ыг гэрээс гаргах гэтэл намайг Ч баруун гараараа нүүрэн тус газар 3 удаа цохиж аваад гэрээс гараад явсан. Манайх Чынхаас өвлийн идэш авна гэж байсан юм. Тэгтэл Ч та хоёр надаас идэш авсангүй гээд хэрүүл маргаан болсон юм. Ч согтуу байсан. Манай нөхөрт гар хүрээгүй харин намайг 3 удаа нүүрэн тус газарт цохиж авсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэсэн мэдүүлэг  /24-25 дугаар хуудас/,

             Гэрч 1962 онд төрсөн Э.О мөрдөн байцаалтанд 2018-01-22-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах намаг гэх газарт гэртээ өөрийн эхнэр болох А-гийн хамт гэртээ байж байсан чинь гаднаас хадам дүү согтуу гэрт ороод ирсэн. Тэгээд би чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь та хоёр надаас өвлийн идэш авна гэсэн биз дээ тэгээд яагаад өөр хүнээс авч байгаа юм бэ гэж хэлээд намайг ална гэж хэлээд дайраад ирсэн чинь манай эхнэр дундуур ортол Ч манай эхнэрийг нүүрэн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохиж аваад гэрээс гараад явсан. Тухайн үед гэрт А, Ч би өөр хүн байгаагүй юм. Надад гар хүрээгүй. Уг нь гайгүй хүн байгаа юм. Тухайн үед архи уугаад тийм зан гаргасан байх...” гэсэн мэдүүлэг /хх 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай актанд: “1.Д.А-ийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт, уруул хэсэгт зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 51/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/,

- Яллагдагч Д.Ч-ын мэдүүлэг / хх 39 дүгээр хуудас /зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.А-гийн: “2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах намаг гэх газарт гэртээ малын тэжээл зуураад сууж байтал гадна манай ахын хүүхэд болох Ч орж ирээд нөхөр бид хоёрыг О-оо шээсээ, Ш шээсээ гээд орилоод ороод ирсэн юм. Тэгээд гал дээр буцалж байсан халуун шөлтэй хоолыг татаад унагааснаа манай нөхөр О-ыг зодно гэж дайраад байхаар нь би голоор нь ороод Ч-ыг гэрээс гаргах гэтэл намайг Ч баруун гараараа нүүрэн тус газар 3 удаа цохиж аваад гэрээс гараад явсан. Манайх Ч-ынхаас өвлийн идэш авна гэж байсан юм. Тэгтэл Ч та хоёр надаас идэш авсангүй гээд хэрүүл маргаан болсон юм. Ч согтуу байсан. Манай нөхөрт гар хүрээгүй харин намайг 3 удаа нүүрэн тус газарт цохиж авсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг  /24-25 дугаар хуудас/, гэрч Э.О-ын: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах намаг гэх газарт гэртээ өөрийн эхнэр болох А-гийн хамт гэртээ байж байсан чинь гаднаас хадам дүү согтуу гэрт ороод ирсэн. Тэгээд би чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь та хоёр надаас өвлийн идэш авна гэсэн биз дээ тэгээд яагаад өөр хүнээс авч байгаа юм бэ гэж хэлээд намайг ална гэж хэлээд дайраад ирсэн чинь манай эхнэр дундуур ортол Ч манай эхнэрийг нүүрэн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохиж аваад гэрээс гараад явсан. Тухайн үед гэрт А, Ч би өөр хүн байгаагүй юм. Надад гар хүрээгүй. Уг нь гайгүй хүн байгаа юм. Тухайн үед архи уугаад тийм зан гаргасан байх...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 27 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай актанд: “1.Д.А-гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт, уруул хэсэгт зулгаралт цус хуралт, зөөлөн эдийн язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 51/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/, яллагдагч Д.Ч-ын мэдүүлэг/ хх 39 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч-ын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно .  

Иймд шүүгдэгч Д.Ч-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

            шүүгдэгч Д.Ч-ын 3 тооны үхрийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө овгийн Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ө овгийн Д.Ч-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэхь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ч-ын эзэмшлийн зэрэг 3 тооны үхрийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН