| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2024/0174/З |
| Дугаар | 128/ШШ2025/0140 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0140
2025 02 18 128/ШШ2025/0140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, Д.Д, С.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.П
Хариуцагч: ******* Том татвар төлөгчийн газрын ******* хэлтсийн улсын байцаагч С.ГБ.Э, Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А
Маргааны төрөл: Татварын маргаан
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Д, С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ХХК-аас ******* Том татвар төлөгчийн газар, ******* хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, С.Г, ******* хэлтсийн дарга Б.М нарт холбогдуулан анх 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* харьяа Том татвар төлөгчийн газрын ******* улсын байцаагч Б.Э, С.Г, ******* хэлтсийн дарга Б.М нарын “А*******" ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн №Н******* Нөхөн ногдуулалтын акт, ******* зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тогтоол тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас “А*******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул хүчингүй болгуулах гэжээ.
1.1.Нэхэмжлэлийн үндэслэлдээ: ******* Том татвар төлөгчийн газраас “А*******" ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн шалгалтын хүрээнд илрүүлсэн зөрчлүүдэд 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн №Н******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт"-аар нийт 10,760,904,364.73 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тооцсон.
******* зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тогтоолоор Нөхөн ногдуулалтын №Н******* дугаар актаар тогтоосон төлбөрөөс 50,509,125 төгрөгийн төлбөрийг бууруулж нийт 10,710,395,239.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.
Нөхөн ногдуулалтын №Н******* дугаар актын зөрчлүүдийг татвар төлөгч “А*******" ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нэг. Актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар хэсгийн 3, 4-т БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй гэсэн актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.
“А” ХХК нь 2018 онд 1,662,452.50 тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортод гаргасан талаар татварын тайланд мэдүүлсэн бөгөөд 1,664,025.85 тонн гаалийн мэдүүлгээр гаргасан. Үүний зөрүү болох 1,573.35 тонн төмрийн хүдрийн баяжмалыг татварт тайлагнаагүй хэдий ч гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэг бөглөж экспортод гаргасан бөгөөд үүнд ногдох албан татварыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг албан татварын тайланд тусгаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь нөхөн ногдуулалтын актад 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал экспортод гарган борлуулсан гэсэн боловч “А" ХХК-ийн зүгээс 1,664,025.85 тонн 184,382,008,615.36 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал худалдан борлуулсан. Харин нөхөн ногдуулалтын актад дурдаад буй 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ нь төмрийн хүдрийн баяжмал бус уг баяжмалд агуулагдаж буй 19,254.63 тонн дагалдах металл, эрдсийн үнэлгээ юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө" гэж заасан. Уг заалтын дагуу зөвхөн ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож буюу зөвхөн олборлож, худалдсан төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөс уг бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, эрдэс тутамд АМНАТ төлөх талаар хууль тогтоогчийн зүгээс зааж өгөөгүй байтал татварын улсын байцаагч хуулиас давсан акт гаргаж нөхөн төлбөр ногдуулж буй нь эрх зүйн үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагчийн актад тусгасан төмрийн хүдрийн баяжмал дахь дагалдах элементүүд нь химийн нэгдэл хэлбэрээр баяжмалд агуулагдаж байгаа болохоос худалдсан эсвэл худалдахаар ачсан дагалдах бүтээгдэхүүн биш юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг" хамааруулдаг. Уг заалтын дагуу “А*******” ХХК нь зөвхөн төмрийн хүдэр олборлож түүнийг хуурай соронзон аргаар баяжуулан 60%-ийн агуулгатай төмрийн хүдрийн баяжмал гэсэн зөвхөн нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг.
“А” ХХК-ийн Говь-Алтай аймаг, Цээл сум дахь Таяннуур төмрийн хүдэр, гантигжсан шохойн чулууны ордын Техник эдийн засгийн үндэслэлд уг ордод агуулагдаж буй төмрийн хүдэр доторх химийн найрлагын талаар дэлгэрэнгүй дурдсан.
3.6 Таяннуурын төмрийн ордын хүдрийн найрлага технологийн шинж чанарт Хүдрийн бусад эрдсүүд – ильменит, сфалерит цөөн сорьцод тодорхойлогдсон бөгөөд лабораторийн шинжилгээнд марганец, кобальт, цайр, хар тугалга, никель маш бага 0,003-0,00005%, магнетиттай скарны хүдэрт зэсийн ба марганецын агуулга бага зэрэг өндөрсөж байна
3.6.1 Төмрийн хүдрийн чанарын тодорхойлолт
Төмрийн хүдрийн онцлох технологийн шинж чанарууд нь:
1. Хүдрийн үйлдвэрийн ач холбогдолтой гол эрдэс нь магнетит ба хүдэрт хорт хольц болох фосфор бүх хайгуулын шугамуудын дунджаар харьцангуй бага 0,01%, хүхэр 0,25%-0,4%, мышьяк 0,005 г/т, зэс 0,01%, цайр 0,005%, хар тугалга 0,003-0,0005% байна.
Магнетитын хүдэрт мөнгөний тоосонцор мөхлөгүүд цөөн хувиар тохиолдож буй ч анхаарал татах хэмжээнд хүрэхгүй байна.
Дээрх Техник эдийн засгийн үндэслэл болон химийн шинжлэх ухаанд “төмрийн хүдэр” бол төмөр, түүний янз бүрийн нэгдлүүдийг агуулсан байгалийн эрдсийн тогтоц бөгөөд байгальд дангаараа оршдоггүй нэгдэл юм. Химийн найрлагын хувьд төмрийн хүдэр нь янз бүрийн төмрийн нэгдэл агуулдаг. Төмрийн хүдрийн чулуулаг дахь төмрийн эзлэх хувь нь түүнийг олборлох нь үйлдвэрлэлийн хувьд ашигтай байх ёстой тул уг хүдэрт агуулагдаж буй алт, мөнгө, цайр, зэс, молибден, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг дагалдах металлыг хүдрийн баяжмалаас ялгах боломжгүй бөгөөд төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй эдийн засгийн үр ашиггүй маш бага хэмжээтэй металлууд юм.
Гэтэл татварын улсын байцаагч уг дагалдах металлуудыг цэвэр металл мэтээр тайлбарлаж, нэг бүтээгдэхүүн гэж үзэж татвар ногдуулж буй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлтэй огт нийцэхгүй, үндэслэлгүй байна. Жишээлбэл: Алт (Au) байгальд цэврээр (дангаараа) оршдог үнэт металл ба цэвэр алт ихэнх тохиолдолд 30-50%-ийн агуулгатай мөнгөний хольцтой байдаг. Зарим тохиолдолд зэс, төмөр зэрэг эрдсийг агуулж байдаг. Энэ тохиолдолд алтны дагалдах металлууд болох зэс, мөнгө, төмрийг химийн бодис хэрэглэж уусгах, ялгах замаар бусад металлыг нь ялгаж авч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байдаг буюу алт, мөнгө, зэс гэсэн тус тусдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж баяжуулах нь технологийн хувьд боломжтой юм. Энэ тохиолдолд алтны дагалдах металлуудад бүтээгдэхүүн гэж үзэх АМНАТ ногдуулах нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж болно.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл/элемент нь ялган авахад эдийн засгийн болон технологийн хувьд ашигтай бөгөөд боломжтой бол ашигт малтмалын бүтээгдэхүүний цаашдын боловсруулалтын явцад ялган авах эсэхээс нь үл хамааран тухайн дагалдах металл/элементэд АМНАТ ногдуулах нь зүйн хэрэг.
Харин “А*******" ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалд дээрх дагалдах металлууд маш бага хэмжээгээр буюу цэвэр байдлаар оршдоггүй нь лабораторийн дүгнэлтээр нотлогдоно
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчсөн.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан дараах үндэслэлээр 118,311,165,580 төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Гаалийн лабораторийн шинжилгээгээр төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс, цайр, хар тугалга, цагаан тугалга, алт, мөнгөний хувь хэмжээг нэг ижил хэмжигдэхүүн (%)-аар тодорхойлсон байтал татварын улсын байцаагчид төмрийн хүдрийн агуулгын хувь хэмжээг агуулга гэж үзсэн мөртлөө дагалдах металлуудын хувь хэмжээг агуулга гэж үзэлгүй төмрийн хүдрийн баяжмал гэж тодорхойлсон.
Мөн дагалдах металлуудын АМНАТ-ийг тооцохдоо тухайн металлуудын зах зээл дээрх цэвэр бүтээгдэхүүний агуулгатай металлуудын үнээр тооцож байна. Гэтэл төмрийн хүдэрт агуулагдаж байгаа дээрх дагалдах металлууд нь цэвэр бүтээгдэхүүн биш гэдэг нь ТЭЗҮ-гээр нотлогдохын зэрэгцээ цэвэр бүтээгдэхүүн бол дээрх металлуудын агуулга (99.99) хувь байх байтал төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй уг металлуудын төмрийн хүдрээс ялгах боломжгүй металл юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 2.1-т Ашигт малтмалын хүдэр гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ гэж заасан. Харин Эрдэс баялгийн зөвлөл ТЭЗҮ дээр зөвхөн төмрийн хүдрийг ашиглан төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх нь ашигтай гэж үзэж баталсан. ТЭЗҮ дээр уг дагалдах металлууд хүдэрт маш бага хэмжээтэй агуулагдах хэдий ч дагалдах бүтээгдэхүүн гэж татварын байгууллага үзээд буй дагалдах металл, эрдсийг ашиглах нь техник технологийн, зах зээлийн болоод цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэрэгжих боломжгүй ашиггүй тул ТЭЗҮ дээр батлагдаагүй
Засгийн газрын 2019 оны 465-р тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"- ын 2.8-д “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно" гэж заасан. Өөрөөр хэлбэл лабораторийн дүгнэлтээр агуулгын цэвэр хувь хэмжээг нь тогтоосны үндсэн дээр дагалдах бүтээгдэхүүнд АМНАТ оногдуулах эрх зүйн үндэслэлийг зааж өгсөн байна. Гэтэл "А*******" ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй дагалдах металлууд нь агуулгын хувьд цэвэр биш байгаа нь лабораторийн дүгнэлтээр нотлогдож байхад АМНАТ ногдуулж буй нь үндэслэлгүй юм.
Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А-19 тушаалаар батлагдсан "Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны журам"-ын 2.1.1-т "Үнэт металл гэж алт, мөнгө, платинум болон түүний бүлэгт багтдаг... хэлнэ" гэж заасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно", 46.5-т "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 400 граммаас дээш жинтэй, эсхүл түүнээс хөнгөн боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн төрц алт, түүнчлэн ховор өнгө, дүрстэй эрдэнийн чулуу олборлосон бол тэдгээрийг Монгол банкны төрийн эрдэнэсийн санд урамшуулалтай үнээр худалдах үүрэгтэй" гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч алт, мөнгө бүхий үнэт металл олборлосон бол зөвхөн Монгол банканд худалдах үүрэгтэйн зэрэгцээ Монгол банкнаас зөвшөөрсөн тохиолдолд экспортод гаргах үүрэгтэй байна.
Гэтэл нөхөн ногдуулалтын актад дурдсанаар бол “А" ХХК нь 11,365.02 кг буюу 0.01 тонн алт, 3 кг мөнгийг хууль бусаар экспортоор БНХАУ-руу гаргасан юм шиг нөхцөл байдалд хүргэж байгаа нь огт үндэслэлгүй юм.
Мөн түүнчлэн Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр 1 кг төмрийн хүдрийн баяжмал тутамд 0.01%- 0.005% милограмаас доош буюу маш бага агууламжтай алт, мөнгө, вольфрам зэрэг дагалдах металл агуулагдаж байна гэж дурдсаар байтал шууд 0.01% алт агуулагдаж байна гэж тэнцүү утгаар авч үзэж тухайн сард экспортолсон төмрийн хүдрийн баяжмалын тоо хэмжээгээр шууд үржиж бодож байгаа нь тооцооллын хувьд алдаатай байна
Жишээлбэл: Математикт Их, бага, тэнцүү утгыг ">", "<", "=" тэмдэгтүүдийг ашиглаж илэрхийлдэг. (>) -ээс их тэмдгийг ашигладаг бөгөөд энэ нь нөгөөгөөс их утгыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл <0.01мг/кг гэдэг нь кг тутамд 0.01 милограмаас бага хэмжээтэй алт агуулагдаж байна гэсэн утгыг илэрхийлж байхад "=" буюу 1 кг тутамд 0.01 милограм агуулагдаж байна гэж бодож гаргах нь тооцооллын хувьд алдаатай байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “... уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар” зааж өгсөн. Хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг нарийвчлан зааж өгөөгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "уул уурхайн бүтээгдэхүүн" гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ангилагдах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг; гэж зааж өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д бүтээгдэхүүний нэр төрлөөр ялгаж ангилсан бөгөөд зэс, алт, цайр, цагаан тугалга, хар тугалга зэрэг металлуудад цэвэр металл ангиллаар нь АМНАТ оногдуулахыг зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл уг ашигт малтмалын бүтээгдэхүүнд зөвхөн цэвэр бүтээгдэхүүн тохиолдолд АМНАТ оногдуулж болохыг хууль тогтоогчоос зааж өгсөн.
Нягтлан бодох бүртгэлийн ойлголтоор үндсэн бүтээгдэхүүн гэдэг нь тухайн үйлдвэрийн газрын үйлдвэрлэхээр зорьж байгаа бүтээгдэхүүн байдаг. Харин Дайвар бүтээгдэхүүн гэдэг нь үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эсвэл үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах түүхий эд материалыг бэлтгэх явцад гардаг, зах зээлийн эрэлт бага, цаашид ашиглагдаж ч болох ашиглагдахгүй ч байж болох бүтээгдэхүүн юм.
“А*******" ХХК-ийн зүгээс төмрийн хүдрийн баяжмал болон гантигжсан шохойн чулуу гэсэн 2 төрлийн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цагаан тугалга, цайр зэрэг нь дагалдах буюу дайвар бүтээгдэхүүн бус үйлдвэрийн явцад боловсруулж бүтээгдэхүүн гаргах боломжгүй төмрийн хүдэрт агуулагдаж буй маш бага хэмжээтэй металлууд юм. Гэтэл уг металлуудыг бүтээгдэхүүн гэж үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;" ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж болохыг хууль тогтоогчоос зааж өгсөн. Мөн хуулийн 47.3.3-т "энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" гэж заасан.
Уг заалтуудаас харахад зөвхөн борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар байна. Өөрөөр хэлбэл "А*******" ХХК-ийн зүгээс зөвхөн өөрийн олборлож, хуурай соронзон аргаар баяжуулж гаргасан “төмрийн хүдрийн баяжмал гэж бүтээгдэхүүн” болон худалдан авагч талд зөвхөн “төмрийн хүдрийн баяжмал борлуулсан борлуулалтын үнэлгээ”-нд АМНАТ төлбөр төлөхөөс уг төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад төмрийн нэгдэл болох цайр, хар тугалга, цагаан тугалга, хөнгөн цагаан, зэс, молибден, алт, мөнгө зэрэг металлуудад АМНАТ төлөх үүрэг огт алга байна.
Нэг кг төмрийн хүдрийн баяжмал тутамд агуулагдаж буй 0.01%-иас бага хэмжээний алтыг ялгаж бүтээгдэхүүн болгох баяжуулан, ялгах технологи Монголд болоод БНХАУ-ын төмрийн үйлдвэрийн салбарт нэвтрээгүй байгаа. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс төмрийн хүдрийн баяжмал бүхий нэг төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын худалдан авагч талд экспортолж, уг баяжмал буюу бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авдаг бөгөөд дагалдах металлуудыг БНХАУ-ын зүгээс тус, тусдаа бүтээгдэхүүн гэж үзэж ямар нэгэн нэмэлт төлбөр "А*******" ХХК-д төлдөггүй болохыг дурдах нь зүйтэй.
Ашигт малтмалын тухай хуульд дагалдах металлд АМНАТ ногдуулах талаар зохицуулалт байхгүй бөгөөд Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 2.8-д "Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно" гэж оруулж өгсөн.
Гэвч уг тогтоол нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж батлагдсан тул уг тогтоолын хавсралтаар 2018 оны экспортын бүтээгдэхүүнд АМНАТ нөхөн ногдуулах боломжгүй юм.
Харин тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төмрийн хүдрийн баяжмал экспортлоход АМНАТ тооцох аргачлал болох Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан "Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал"-ын 4.6-д "Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, дагалдах бодисын хувь найрлага, чийгшил, ангиллыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно" гэж зааснаас дагалдах металл, эрдэст АМНАТ ногдуулж болох талаар эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй байна.
Татварын Ерөнхий Газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал"-ын 2.7-д "Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно” гэж заасан. Уг тушаалын хавсралтаар дагалдах бүтээгдэхүүний агуулгыг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг тооцож болох хэдий ч уг тушаалыг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс буюу 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.
Иймд “А*******" ХХК-ийн 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл болох алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19,254.63 тонн гэж тооцоо гаргаад байгаа 118,311,165,580 төгрөгийн үнэлгээтэй гэх дагалдах металлд АМНАТ нөхөн ногдуулж буй нь огт үндэслэлгүй байх тул дараах нөхөн ногдуулалт, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Жич: Татварын улсын байцаагч "А*******" ХХК-ийн дээрх татваруудыг хугацаандаа төлөөгүй алданги, торгуулийг 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Нөхөн ногдуулалтын актаар баталгаажуулсан байгаа нь Татварын ерөнхий хуулийн 15.1-т заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх хэсэгт заасан татварын хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй. Ингэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээгүй, 6.9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу оролцогчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй, 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргахдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг процессын алдаа гаргасан байх тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 2,571,753,988.49 төгрөгийн торгуулийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд Том татвар төлөгчийн газар, ******* улсын байцаагч Б.Э, С.Г, ******* хэлтсийн дарга Б.М нарын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тогтоосон №Н******* дугаар Нөхөн ногдуулалтын акт болон ******* зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн ******* тогтоолыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа. “Одоогоор бид нарын тодруулга нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10693840795.5 төгрөгөөр багасгахаар маргаж байгаа ба нөхөн ногдуулалтын актын тодорхой хэсгийг нь хүлээн зөвшөөрч маргаагүй.” гэв.
2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой маргаан нарийн төвөгтэй байж магадгүй. А компани нь төмрийн хүдрийн баяжмалыг хүдэр гэдэг зүйлийг гаргаж ирээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад Хятад улс руу экспортод гаргадаг. 2018 онд нийтдээ 1 сая 600 орчим тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортолжээ. Төмрийн хүдрийн баяжмалыг гэтэл татварынхан баяжмал дотор алт, мөнгө, зэс, хар тугалга, цагаан тугалга нь молибден байна. Тийм учраас бид нар давхар татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна гэж хэлдэг. АМНАТ гэдэг бол татварын нэг бүрэлдэхүүн хэсэг татвар, төлбөр, хураамж гэж ангилж байгаа юм. Татвар нь таны олж байгаа цалин, орлогоос борлуулалт хийгээд олж байгаа орлогод татвар ноогддог. Гэтэл ямар нэгэн байдлаар борлуулалт хийгдээгүй асар бага хэмжээтэй металлуудад борлуулалт хийсэн мэтээр дүгнээд, 99.99%-ийн сорьцтой металл мэтээр дүгнээд татвар ноогдуулаад байгаа юм. Жишээлбэл миний гарт хужирт ус байна. Хужирт усыг та бид 2500 төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл үүнд байгаа литрт миллиграммын агууламжтай натри, кальци, магнизм дээр нэмж татвар төлдөггүй. Төмрийн хүдрийн баяжмалыг экспортолно, үүнд байгаа хэрвээ литрт миллиграмм бол манай төмрийн хүдрийн баяжмал дотор байгаа агууламжууд килограмм миллиграмм литр жигнэвэл килограммаасаа хүнд тиймээс усан дээр хүртэл энэ асуудал байдаг. Геологийн шинжлэх ухаан дагалдах элемент металл байдаг юм байна. Үүнд татвар ноогдуулаад байна. Үүнийг нь бид нар эсэргүүцээд борлуулаагүй байхад татвар төлөх ёстой юм бэ гэдэг маргаан болоод байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Н******* нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10693840795.5 төгрөгөөр багасгуулах тухай байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нөхөн ногдуулалтын актын 3 болон 4 дүгээр зүйлд 2018 онд экспортод гарган борлуулсан 1.6 сая тонн 118 тэрбум 490 сая төгрөг гэж байгаа юм. Актын гуравдугаар зүйлд байгаа төмрийн хүдрийн баяжмалын үнэлгээ юм шиг ойлгогддог. 4 дүгээр зүйлд 118 тэрбум 311 сая гэж хэлж байгаа юм. Төмрийн хүдрийн баяжмалаар 3 дугаар зүйлээр үндсэн АМНАТ ноогдуулахдаа төмрийн хүдрийн баяжмалын үнэлгээг актаас харвал ингэж ойлгогдоно. 118 тэрбум 490 сая гэж хэлчхээд 4 дүгээр зүйл дээр нь өсөн нэмэгдэх АМНАТ ноогдуулахдаа мөн төмрийн хүдрийн баяжмалыгаа 118 тэрбум 311 сая, үндсэндээ 179 сая орчим сая төгрөгийн зөрүүтэй. Төмрийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд үндсэн болон өсөн нэмэгдэх АМНАТ-ийг ноогдуулж төсөвт төлөөгүй нь 2006 оны байдлаарх найруулгаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан би товчилж уншъя. Олборлож худалдсан худалдахаар авч байсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож АМНАТ-ийг төсөвт төлнө гэж байгаа юм. 47.2-т борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно. Мөн борлуулалтын үнэлгээний асуудал яригдана. 47.2.1-д тухайн бүтээгдэхүүн гэж байгаа эсвэл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг баримтална. 47.3-д АМНАТ нь дараах хувь хэмжээтэй байна гээд мөн адилхан борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү байна гэж байгаа юм. 47.4 буюу өсөн нэмэгдэх АМНАТ-ийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд АМНАТ-д 8.8 тэрбум төгрөг нэхэмжлэлд задаргааг нь биччихсэн. Үндсэн АМНАТ дээр 8.8 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх АМНАТ дээр нийт 610 сая төгрөг хуулийн хугацаанд 2018 оны байдлаарх цугларчихсан байсан өмнөх оны АМНАТ-ийг хуульд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хожимдуулсан гэдэг үндэслэлээр 610 сая төгрөгийн торгууль, 496 сая төгрөгийн алданги, хувь хүний орлогын албан татварын хугацаа хожимдуулсан гэх үндэслэлээр 45 сая төгрөгийн торгууль, 45 төгрөгийн алданги Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ыг хугацаа хожимдуулсан гэх үндэслэлээр 4.8 сая төгрөгийн торгууль, 4.5 сая төгрөгийн алдангийг тус тус ноогдуулсан. Ийм утга агуулга бүхий татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг бид дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч маргаж байгаа. Нэгдүгээрт үндэслэл нөхөн ногдуулалтын актын үйлчлэл бүхий 2018 онд төмрийн хүдрийн баяжмал дахь аливаа металл, 2 удаагийн шүүх хуралдаанд цугларсан баримтуудад дандаа төмрийн хүдрийн баяжмал доторх бусад төрлийн ашигт малтмал гэж нэрлээд байгаа. Үндсэн агуулга нь дагалдах металлд АМНАТ ноогдуулах гээд байгаа ийм зорилго байгаад байгаа юм. Цаашид дагалдах металл гээд яриад явчихъя. Төмрийн хүдрийн баяжмал доторх бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн гэж байгаа юм. Дагалдах металлд АМНАТ тооцож ноогдуулах хууль зүйн үндэслэл байгаагүй. Хамгийн энгийн, хамгийн суурь үндэслэл юм. Нөхөн ногдуулалтын актын 3 болон 4 дүгээр зүйлийг сая бид нар ярьсан. Түүний хавсралтад байгаа тооцооллын 1 дүгээр зүйлд өмнө нь давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлүүд байгаа. Миний дурдсанаар 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1-д үндсэн АМНАТ-ийн хэмжээг өсөн нэмэгдэх АМНАТ-ийн хэмжээ гэдэг зүйлүүдийг дурдаж байгаа юм. Хамгийн гол зүйл 47.1 буюу ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд АМНАТ оногдуулна гэдэг ийм актад давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон анхан шатны шүүх дээр ч энэ заалтыг баримталсан юм байна. Эдгээр үндэслэлүүдийг хэлсэн. Товчхондоо ашигт малтмалын бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс АМНАТ төлөх ёстой гэж үзсэн учраас 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмал түүнд агуулагдах дагалдах металлын агууламж тус бүрийг нь Монгол банк болон Лондоны металлын бирж дээр цэвэршүүлсэн металлын үнэлгээгээр жишиг үнэ тооцоод АМНАТ тавьчихсан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох төлбөрт ноогдуулах тайлагнах журмыг засгийн газар батална гэж заасан. Үүний дагуу 2014 оны 220 дугаар тогтоолын хавсралт нэгд АМНАТ-ийн хувийг тооцох төлбөр ноогдуулах аргачлал 2015 оны 103 дугаар тогтоолын хавсралт төмрийн хүдрийн баяжмал экспортод АМНАТ тооцох аргачлалыг тус тус баталсан. Тус 2 журам аль аль нь Засгийн газрын дараагийн тогтоолоор 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүчингүй болсон. Акт үйлчилж байсан актын үйлчлэлд багтах 2018 он үндсэн 47.1 гээд байгаа ашигласан ашигт малтмалын бүх төрлийн бүтээгдэхүүнд АМНАТ төлнө гээд байгаа заалтыг амилуулж байгаа 2 хэм хэмжээний акт байсан. Ялангуяа Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоол төмөр болон төмрийн хүдрийн баяжмал экспортлоход АМНАТ тооцох ажил илүү нарийвчилсан зохицуулалт юм. Нөгөө тогтоол нь бусад зэс, молибден, хүдэр дээр энэ хоёроор ангилж байсан байна. 103 дугаар тогтоолын хавсралт 1.1-д гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ оногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ аргачлалыг мөрдлөг болгож байсан. Төмөр болон төмрийн хүдэрт АМНАТ оногдуулахад аргачлалыг мөрдлөг болгоод энэ аргачлалд зааснаар явна. Мөн 220 дугаар зүйлийн 1.1-д үндсэндээ 2006 оны найруулгын 47.1-тэй томьёоллын хувьд давхацдаг заалт юм. Бүх төрлийн бүтээгдэхүүнд АМНАТ-ийн хувийг тооцож төлбөр ноогдуулахад энэ аргачлалыг мөрдөнө гэж байгаа юм. 47.1 бол энэ хоёр заалтаар нарийвчилж зохицуулагдаж байсан амь болж байсан заалт байна. АМНАТ тооцох аргачлалаас гадна үнийн эх сурвалжуудыг зарлаж байгаа мөн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах аргачлал байна. Юуг нь хүдэр гэж үзэх юм хамгийн бага агууламжтай төрлийн, юуг нь баяжмал гэж үзэх юм дараагийн боловсруулалтын түвшин, юуг нь 99.9 хувийн сорьцтой эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх юм Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталдаг. Хүдэр, баяжмал байвал яах юм эсвэл бүтээгдэхүүн байвал Лондоны металл юм уу, Монгол банкны ханшаар юм уу, эсвэл юу металл эксченжийн ханшаар юм уу гэдэг, АМНАТ тооцохдоо яаж тооцоолох юм, 2 журам гээд нийтдээ 3 утга агуулга бүхий цогц хэм хэмжээний актаар АМНАТ-ийг зохицуулдаг юм байна. 2018 онд мөрдөгдөж байсан 2 журам болон дагалдах үнийн эх сурвалж нэрлэж байгаа эсвэл бүтээгдэхүүний агууламж тодорхойлох аргачлал, зарчим тогтоож байгаа журмуудыг эхнээс нь дуустал уншвал дагалдах металлд АМНАТ тооцох тухай утга агуулга нэг үг ч байхгүй. Бид нар хуульд юу гэж заасан байна түүнийг л мөрдөнө. Захиргааны эрх зүйд зөвшөөрснөөс бусад нь хориотой. Үүнд анхаарах ёстой зүйл нь өчигдрийн тайлбарт ирж байгаа 103 дугаар тогтоолын хавсралтад байгаа хяналт тавих гэж 4 дүгээр зүйлийн 4.6-д экспортод төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга түүний хувьд дагалдах бодисын найрлага чийгшил ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтээр тогтооно. Дагалдах төмрийн хүдрийн баяжмал түүний агуулга, хувь, дагалдах бодисын найрлага чийгшил ангиллыг лабораторийн дүгнэлтээр тогтооно гэж үг байгаа. Энэ заалт бол төмрийн хэдэн хувийн агууламжтай нь төмрийн хүдэр болох юм. Хэдэн хувийн агууламжтай нь төмрийн хүдрийн баяжмал болох юм. Чийглэг болон бусад дагалдах металл бодисын хувь найрлагыг лабораторийн дүгнэлтээр тогтооно. Үүнд АМНАТ-ийг ноогдуулна гэдэг утга агуулга байхгүй. Харин эдгээр хоёр журам хоёулаа 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хэрэгжсэн. 09 дүгээр сарын 04-ний өдрөөс батлагдсан журам болон дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан 2 журамд энэ утга агуулга АМНАТ тооцно гэдэг утгаараа тодорхой биччихсэн. Гэхдээ 2019 оны 9 сараас хойш үйлчилнэ. 2018 он болон 2019 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл үйлчлэхгүй. 2019 оны 342 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох ногдуулах тайлагнах журмын 2 дугаар зүйлийн 2.6-д нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно. Үүнтэй адилхан зохицуулалт 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан. Мөн 465 дугаар тогтоолд байгаа. 09 дүгээр сарын 04-ний тогтоолыг хүчингүй болгоод 2019 оны 12 дугаар сарын 25-ны журам хийгдсэн. Үүнд мөн адилхан лабораторийн шинжилгээний дүгнэлтээр 2.8-д тодорхойлсон агуулгын цэвэр хувь хэмжээ тухайн бүтээгдэхүүний хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл эрдэс тус бүтээгдэхүүн бүрээр тооцно гэж байгаа. 2019 оны 9 сараас хойш тооцдог зохицуулалт нэвтэрсэн юм байна. Үүнийг бид үгүйсгэхгүй. Харин таны яриад байгаа 2015 оны буюу 2018 онд үйлчилж байсан журамд байгаа 4.6 бол дагалдах металл ч гэж байхгүй, дагалдах бодисын найрлага чийгшил ангиллыг л тогтооно. Ямар ч АМНАТ тооцно гэсэн үг байхгүй гэдэг утга агуулгаар дүгнээд хэлэхэд 2018 оны байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 бүх төрлийн бүтээгдэхүүн, энэ заалтыг амилуулж байгаа хоёр дундаа төмөр болон төмрийн хүдрийн буй хүдрийн баяжмалд АМНАТ ноогдуулахтай холбоотой заалтууд за эдгээрийг цааш нь нарийвчилж зохицуулж байгаа үнийн эх сурвалж зарласан Засгийн газрын 2016 оны 81, бүтээгдэхүүний агууламжийн хувь хэмжээг тодорхойлж байгаа аргачлал болох 2011 оны 193 дугаар тогтоолуудыг нийлүүлээд аваад үзэхэд тийм зүйл байхгүй. Яагаад АМНАТ авах ёстой гээд тайлбарлачихсан гэдгийг хариуцагч бичгээр өгсөн. Хоёр дахь зүйл нь бүтээгдэхүүн борлуулж орлого олсон мэтээр дүгнэж АМНАТ оногдуулсан нь үндэслэлгүй. Гэхдээ дэлгэрэнгүйгээр нарийвчилж тооцно. Актын 3 болон 4 дүгээр зүйлд актын хавсралтын 1 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрт 47.1 болон бусад АМНАТ-ийн хувь хэмжээг тооцох аргачлалын нарийвчилсан заалтуудыг дурддаг. Журмын заалтуудыг дурддаггүй. Засгийн газрын тогтоолоор баталчихсан. Энд дурдсан бүтээгдэхүүн гэж нэг үг байгаа. 47.1-д өмнө нь 2006 оны найруулга бүхий Ашигт малтмалын тухай хуульд дурдагдсан байгаа бүтээгдэхүүн, борлуулалтын орлого гэж бүтээгдэхүүн гэдгийг манай асар бага хэмжээтэй усан дотор байгаа хүртэл элементүүд бүтээгдэхүүнд орох юм уу, үгүй юм уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Хариулагдах шаардлагатай болно. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах тухай хуулийн тодорхойлолт байгаа. Газрын гадаргуу, түүний хэвлий хүдрийн овоолгоос ашигт малтмалыг ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, таслах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг ойлгоно гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэж гурван ойлголт байна. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор аргачлал баталж хэдэн хувийн агууламжтай байвал хүдэр гэж үзэх юм. Хэдэн хувийн агууламжтай байвал баяжмал эсвэл бүтээгдэхүүн гэж үзэх юм бэ гэж тус журмын гарчгаас тодорхой харагдана. 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын гарчигт Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангиллыг тооцох үндсэн зарчим гэж байгаа юм. Гурван тусдаа зүйл байгаад байна. Журмын 2.4 болон 2.5-д металл тус бүрд алт, мөнгө, цайр гэх мэт металл тус бүрд хэдэн хувийн агууламжтай байвал хүдэр гэж тооцох юм. Хэдэн хувийн агууламжтай байвал бүтээгдэхүүн эсвэл баяжмал гэж тооцох юм. Газрын хэвлийгээс гаргаж чулуугаар овоолчихсон байвал хүдэр, бутлаад шигшиж тээрэмдээд 0-2.5 миллиметр хүртэлх ширхэгэнцэр болгочихоор хүдэр баяжмал болчхож байгаа юм. Геологийн төв лаборатори хэдэн хувь байгааг дүгнэж байгаа юм байна. Үүнийг үйлдвэрт аваачиж Хятадаар гаргаад Хятадын татвар, даатгал, тээврийн зардал төлөөд Хятадад аваачаад хайлуулчхаад цэвэр төмөр буюу 99.99 хувийн агууламжтай төмөр гарч байгаа юм. Манайх асар бага хэмжээтэй үйлдвэрлэлийн шат дамжлагаар явдаг юм байна. Хүдэр нь нэг өөр үнэтэй, баяжмал нь нэг өөр үнэтэй эцсийн бүтээгдэхүүн нь илүү өндөр үнэтэй. Үүнийг тайлбарлаж байгаа нь хожим бас миний ярих зүйлтэй уялдана. Миний үйлчлүүлэгч цэвэршүүлсэн бүтээгдэхүүн биш харин 60 хувийн агууламжтай төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж зардаг. Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд дурдсанаар төмрийн хүдрийн баяжмал нөхөн ногдуулалтын актыг хавтаст хэргийн 65 дугаар хуудаст тусгачихсан. Төмрийн хүдрийн баяжмал 0-2.5 миллиметр ширхэгтэй цагаан будааны гурваны нэг буюу асар бага хэмжээтэй байна. 2018 онд 1.6 сая төгрөгийг хүдрийн баяжмалыг экспортолсон. Үүнд алт гарч ирсэн. Алт нь ямар хэмжээтэй вэ гэвэл килограммд 0.047 миллиграмм байсан. Мөнгө гарч ирээгүй. Гэтэл 200 килограмм мөнгө гаргасан байна гээд бас арван хэдэн сая төгрөгийн АМНАТ тавьсан. Үүнд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж байгаа үндэслэлтэй байна. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тусгагдаагүй байхад тусгагдсан мэтээр явчихсан байна гэж хэд хэдэн металлууд дээр дурдагдаж байгаа. Хуулийн хүчин төгөлдөр магадлалаар тогтоогдчихсон. Өчигдөр ирсэн хариу тайлбарт зөрүүлээд анх өөрсдийнхөө тавьснаар ороод ирж байна. Жишээлбэл юм зэс бол килограммд 17 миллиграмм гээд тогтоогдсон. Нийтдээ манай төмрөөс гадна 8 янзын металл байдаг. Үүнээс тогтоогдсон 6 байгаа. Гэхдээ янз янзаар тогтоогдсон давахын магадлалд тодорхой дурдсан. Манайх 1.6 сая тонныг гаргасан. Би литрт миллиграмм гэж хэлээд байгаа нь 1 тонн гэдэг 1000 килограмм, 1 килограмм 1000 грамм, 1 грамм 1000 миллиграмм гэдгийг физикийн шинжлэх ухаанд тогтоогдсон. 1 тонн гэдэг бол тэрбум миллиграмм байна. Тэрбум миллиграмм будааны гурваны нэгтэй тэнцэх юмнаас бид нар дахиад 1 миллиграммыг 1000-д хуваасны 47 тэнцэх хэмжээний алтыг яаж гаргаж ирж салгаж авах вэ. Тэрбум миллиграмм юм бол тэр миллиграммыг дахиад 0.047 килограммд байгаа миллиграммыг дахиад тэрбумыгаа бид нар 1000-д хуваагаад, 47-д үржиж байж хариу гарна. Үүнийг бид нарыг зарсан гэж үзээд байгаа юм. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр зарим нь тогтоогдсон. Зарим нь тогтоогдоогүй агууламжийг тогтоогдсон гээд хэдэн тэрбумаар нь эсвэл хэдэн зуун саяар нь АМНАТ тавьсан баримтаар нотлогдоно. 0.047% алт байна гэж үзвэл үүнийг автоматаар 1 хувийн агууламж гэж үзээд байгаа. Нэг нь 0.047, 0.13-ын тухай яриад байхаар тэрийг автоматаар 1 хувь гэж хүчээр бодохоор 1 тонны 1 хувь гэвэл асар өндөр хэмжээ болно. Гэтэл 1 тонныг тэрбумдаа хуваагаад дахиад 0-иос хойш задарвал нүдэнд үл үзэгдэх микроскопыг зуу дахин томруулж харагдана. шинжлэх ухааны түвшинд байж болох юм байна гэдгийг л тогтоож болох ийм юм гэж байна. Буцаад гол агуулга нь эдгээрийг бид нар худалдан борлуулах нь битгий хэл баяжмал байгаа хэмжээнд нь ялгаж салгаж авах нь техникээр нь шинжлэх ухааны хувьд боломжгүй. Ялгаж салгаад авбал эдийн засгийн ямар ч ашиггүй болно. Үүнд бодитой хандах ёстой. Бүтээгдэхүүн борлуулсан мэтээр АМНАТ тавиад байгаа нь буруу. АМНАТ борлуулсан бүтээгдэхүүн дээр тавигдах ёстой. Гэтэл борлуулаагүй. Төмрийн үйлдвэрийн баяжмалаа бид нар борлуулчихсанаа хүлээн зөвшөөрч тайлагнаж байгаа. Гаалийн төв лаборатори гаалийн мэдээгээр давхар нотлогдоно. Үүнд татвараа төлж байгаа гэтэл дотор байгаа байгалиасаа байдаг ялгаж салгаж авах боломжгүй зүйлийг 99.99 хувийн агууламжтай эцсийн 8 төрлийн бүтээгдэхүүн борлуулсан байна гээд ноль мянганы хэдэн хувийн агууламжийг 99.99 хувиар акт тавьчихсан. Борлуулаагүй зүйлд татвар төлөх үндэслэл байх ёсгүй. Татвар гэдэг ойлголтын суурь зарчмыг зөрчиж байгаа юм. Гуравдугаарт А компани 2018 онд нийтдээ 11.3 мянган грамм буюу нийтдээ 11.3 килограмм алтыг 1.6 сая тонн баяжмал дотроо гаргачихлаа гэж байна. Нийтдээ 99.8 сая төгрөгийн АМНАТ ноогдуулжээ. за задаргааг нь би дурдсан байгаа. 11 удаагийн Гаалийн төв лабораторийн дүгнэлт байгаа. Үүний зөвхөн 2 дээр нь алтны илэрц гарсан бусад дээр нь гараагүй. Жинлээд үзвэл 11.3 килограмм гэдэг тоо яасан ч хүрэхгүй. Ноогдуулсан байгаа 99.8 сая төгрөгийн АМНАТ-ийг Монгол банканд байгаа цэвэршүүлсэн алтны үнээр үржээд үзсэн ч гарч ирэхгүй. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн лабораторид 0.013 миллиграмм, килограмм 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд 0.047 миллиграмм килограмм агууламжууд гарсан. Нөхөн ногдуулалтын акт гэх хавтаст хэргийн 66 дугаар нүүрний ар, өвөр талуудад тодорхой дурдагдсан. Бусад 9 төрөлд алт гэдэг агууламжийн үсэг, нэр нь ч байхгүй. Ийм байхад үндэслэлгүйгээр 9 лабораторийн дүгнэлтээс 50 сая төгрөгийг илүү ноогдуулчихсан. Нийтдээ 200 орчим килограмм мөнгө экспортолсон байна гэж үзээд 10 гаран сая төгрөгийн АМНАТ ноогдуулсан. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр 11 удаагийн дүгнэлтээс мөнгө гэдэг үг, авиа ч байхгүй. Молибден, цагаан тугалга гэх мэт асар өндөр дүнгүүд гарч ирнэ. Зарим дээр нь байгаа, зарим дээр нь байхгүй, байхгүйгээр бүртгэчихсэн. Агуулга хувь хэмжээг нь автоматаар хувь руу үржүүлэхдээ өсгөчихсөн. Миний нэхэмжлэлийн шаардлагад маш тодорхой дурдсан. Цаашдаа татварын байгууллагаас АМНАТ-ийн нөхөн ногдуулалтын акт тавьж байгаа арга барилыг зөв голдрилд нь оруулах ач холбогдолтой кэйс байгаа юм. Хөнгөн цагаан дээр манайхыг нийтдээ 18.7 тэрбум төгрөгийн хөнгөн цагааныг борлуулсан гэж үзээд 5 тэрбум буюу 4.9 тэрбум төгрөгийн АМНАТ ноогдуулчихсан байна. Бид нарын маргаад байгаа дүнгийн тал нь энд байна. 4.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий цэвэршүүлсэн хөнгөн цагаан гарсан уу, үгүй юу гэдгийг /хавтаст хэргийн 101-102 тал/ тооцооллын задаргаа гэсэн эксел хүснэгтэд хөнгөн цагааны хувь эсвэл 99.99%-ийн агууламжтай цэвэр хөнгөн цагаан олон улсын зах зээлийн үнэ доллар гэсэн мөрнүүд баганууд байгаа. 103-104 дэх талд нь нийт АМНАТ гэсэн байгаа. Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр хэдээс хэдэн хувийн агууламж тогтоогдсон бэ гэвэл 0.8-1.49%-ийн агууламж тогтоогдсон. Гэхдээ Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүн юм уу гэдгийг тооцдог. Үнэ өөр өөр гарна.Эцсийн бүтээгдэхүүн буюу цэвэршүүлсэн металл асар өндөр үнэтэй байна. Лондоны металлын биржид байгаа шиг хүдэр юм уу баяжмал бол өөр байна. Хүдэр гэж 193 дугаар тогтоолд дурдсанаар бага зэрэг геологи ойлголт фоксид дахь пусамын агуулга нь 40-60 хувь болон түүнээс дээш байвал үүнийг хөнгөн цагааны хүдэр гэж үздэг юм байна. Манайх 0.8-1.49 яагаад үүнийг Лондоны металлын биржид байгаа бүүр хүдрийн баяжмалын хэмжээнд буюу өмнөх бүтээгдэхүүнүүдийн үнэлгээ нь ч хүрэхгүй байхад Лондоны металлын бирж дээр 99.46 хувь байдаг юм байна. Цэвэршүүлсэн бүтээгдэхүүний үнээр тооцож байгаа нь боломжгүй. Жишээлбэл миний гарт нэг монет бөгж байна. Үүнд алтны тодорхой хувийн агууламж, зэсийн агууламж, монет байгаа. Гэтэл үндсэн зэсийн агууламжаас нь хамаагүй бага хэмжээний алтыг нь эцсийн бүтээгдэхүүний үнээр үнэлчхээд монетыг нь зэсийнх нь үнээр үнэлээд байна. Нийтдээ 8 металлд ийм алдаа гарсан. Мөн Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хоёр хавсралттай аль алинаар нь металл тус бүрийн үнийн эх сурвалжийг зарладаг. Алт юм уу, мөнгө байвал Монгол банкаар явах юм байна. Нэр бүхий таван металл байвал Лондоны металлын биржээр явах юм байна. Төмрийн хүдэр баяжмал байвал Хятадын Шандо мужаас үнийн эх сурвалжаа 5 индексээс татаж авдаг “юу” металлаар явах юм байна гээд үнийн эх сурвалж зарлаж байгаа. Үүнд анхаарах ёстой зүйл нь хөнгөн цагааны үнийн эх сурвалжийг Засгийн газар зарлаагүй юм байна. Хөнгөн цагааны үнийн эх сурвалжийг 2016 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан 2 хавсралтыг алинд ч дурдаагүй. Манайхан хөнгөн цагааныг Засгийн газар, Лондоны металлын бирж рүү эш татсан гээд шууд тавьчихсан. Би ашигт малтмалын газрын вебсайт руу орж үзлээ хөнгөн цагааныг Лондоны металлаар заачихсан байна. Сангийн яамны вебсайт руу орж үзэхэд Лондоны металлаар заачихсан байна. Гэхдээ легал инфо сайтруу ороод үзлээ. Төрийн мэдээлэл рүү орж үзэхэд хөнгөн цагааны үнийн эх сурвалжийг заагаагүй юм байна. Асар бага хэмжээтэй одоо 0.1-1.49 хувийн агууламжтай хөнгөн цагааныг үндэслэлгүйгээр эцсийн бүтээгдэхүүнээр тооцоод байгаа нь үндэслэлгүй. Хуулийн 47.14-д экспортын бүтээгдэхүүнд борлуулалтын үнэлгээний үндэслэл болох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар зарлана гэсэн Засгийн газрын тогтоолд мөнгөн цагаан байхгүй юм байна. Сангийн яамны веб сайтад байна. Ашигт малтмалын газрын сайтад байна. Гэхдээ бид нар хуулиа дагана. 4.9 тэрбум гэдэг нь аль аль утгаараа ноцтой алдаа юм байна. Үүнийг Засгийн газрын тогтоолтойгоо тулгаад харчхаарай. Дөрөвдүгээрт нөхөн ногдуулалтынхаа актыг хаанаас нь яаж ч уншсан төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ тайлагнаагүй зөрчил байгаад байгаа юм. 3 болон 4 дүгээр зүйлд бичигдчихсэн. Төмрийн хүдрийн баяжмалд 1.6 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу 118 тэрбум 490 сая төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ ноогдуулж төсөв төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль зөрчөөд байна гээд дурдчихсан. Бид нар гайхаад санхүүгийн тайлангуудаа өгсөн гэхэд актад тавьчихсан юм шиг байна гэдэг. Бид нар төмрийн хүдрийн баяжмал доторх бусад ашигт малтмалд АМНАТ ногдуулж байгаа юм гэж тайлбарладаг. Өнөөдрийн бид нарын маргааны зүйл болох нөхөн ногдуулалтын акт ингээд л гарчихсан. Төмрийн хүдрийн баяжмал дотор бусад нь ийм байна. Баяжмал дотор ямар ямар элемент байгаа, ямар хэмжээтэй гарсан гэж та нар үзээд байгаа юм. Ямар үнийн эх сурвалжаар тооцоод байгаа юм бэ гэдэг тайлбарыг бид нар өнгөрсөн 6 сараас хойш өчигдөр авч байна. Засгийн газрын 2015 оны 220 дугаар тогтоолын 4.8-ийг үндэслэсэн гэдэг түүнийг үзэхэд дагалдах бодисын агууламжийг тогтооно гэж байгаа юм. 2019 оноос хэрэгжсэн 2 журамд дагалдах металл эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр АМНАТ тооцно гэдэг тодорхой үг байна. Анхан шатны шүүхийн маргааны үндэслэлийг акт дээр тавиад байгаа. Акт өөрөө алдаатай гарчихсан. Шүүх хуралдаанд өөр үндэслэлээр маргаад байдаг. Анхнаас нь зөв шийдээд явчихсан бол зөвхөн Алтайн хүдрийн тухай биш өөр олон байгууллагын эрх ашгийн тухай яригдана. Олон тэрбумын акт тавьчихсан. Гэтэл үүнийг хэн ч ярихгүй байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн хэрэг маргааныг шийдэхдээ үүнийг анхаараасай гэж хүсэж байна. Төмрийн хүдрийн баяжмалд татвар ноогдуулаагүй байна гэсэн бид нар ноогдуулчихсан тайлагначихсан. Тавдугаарт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангаагүй буюу маргаан таслах зөвлөлд та нар яриагүй зүйлээ энд яриад байна. Зарим төрлийн татварт хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж алданги торгууль ноогдуулсан тухай үүнд нөхөн ногдуулалтын актаар /хавтаст хэргийн 16-22 дугаар хуудсанд/ авагдсан. АМНАТ гэдэг нь 2018 оны байдлаар цугларсан өмнөх онуудын АМНАТ, хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын төлөх хугацааг хожимдуулсан гэдэг үндэслэлээр нийтдээ 1.2 тэрбум 6 сая төгрөгийн алданги торгуулийг тооцохдоо хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Үүнд татварын 2 хууль хэрэгжилтийн зааг яригдана. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж байна. Утга агуулга нь татвар төлөгчид хэн нь ашиглана. Эрүүгийн хуультай адилхан аль нь давуу байдал үүсгэж байгаа юм түүнийг нь ашиглана гэдэг үзэл санаа татварт хийгдсэн. Худалдан авах ажиллагаанд дагаж мөрдөх журмын тухай хуулиар цаг хугацаагаар нь хязгаарлачихдаг. Бид нар хөөн хэлэлцэх хугацааны хувьд аль нь ашигтайг харангуут 2019 оны Татварын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д татварын нөхөн ногдуулалтад хяналт хийх, алданги торгууль ногдуулах хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, алдагдалд шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах, хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гэж тодорхой заачихсан. Манай компанийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа заалт нь 4 жил гэдэг юм байна. Өмнөх хуулиар 5 жил болж байгаа. 5 жил болохоор 365 хуваахаар хөөн хэлэлцэх хугацаа нь ороод ирж байгаа. Эдгээр зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Манай акт дараа оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болсон. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхой биччихсэн. Хуульд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тавиад үзэхээр хамгийн ард талд нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж байгаа огноонуудыг тавьчихсан. Хамгийн доод талд нь би тодорхой байлгах үүднээс 43158 төгрөгийн актаар тогтоосон алдангийг бичээд тодруулчихсан. Ганцхан энэ хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоолоод 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр таарчхаад байгаа юм. Зөвхөн нэг удаагийн 2 сая 784 мянга 391 төгрөгийн НӨАТ дээр хөөн хэлэлцэх хугацаандаа багтчихаж байгаа. Бусад дээр дурдсан бүх төрлүүдэд хөөн хэлэлцэх хугацаанд багтаагүй. Би тооцооллоо хийхдээ энэ тооцооллыг хасаж оруулсан. Зарим нэг хэсгүүдийг нь зөвшөөрч байгаа зарим нэг хэсгүүдийг нь зөвшөөрөхгүй байгаа. Дүгнэлт дээрх үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Н******* дугаарт нөхөн ногдуулалтын актаар 10.7 тэрбум төгрөгийн төлбөр ноогдуулснаас актын хавсралт төлбөрийн тооцоо хүснэгтийн 1 дүгээр зүйлд АМНАТ 8.8 тэрбум төгрөг, 2 дугаар зүйлд өсөн нэмэгдэх АМНАТ-ийг 613 сая төгрөг, 4 дүгээр зүйлд АМНАТ-ийн хуулийн хугацаанд төлөөгүй хугацаа хожимдуулсан гэх зөрчилд 1.1 тэрбум төгрөг, 8 дугаар зүйлд ХХОАТ-ыг хуулийн хугацаанд төлөөгүй хожимдуулсан гэх үндэслэлээр 90 сая төгрөг, 9 дүгээр зүйлд НӨАТ-ыг хуулийн хугацаанд нь төлөөгүй хугацаа хожимдуулсан гэдэг үндэслэлээр 9.4 тэрбум төгрөг үүнээс сая дурдсан хөөн хэлэлцэх хугацааны процесс хасагдсан байгаа. Эдгээр нь өмнө дурдсан үндэслэлээр буруу үндэслэлгүй байх тул нийтдээ тооцоолол бүр нь 10 тэрбум 693 сая 840 мянга 795 төгрөг 5 /10693840795.5/ мөнгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасан төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах, 106.3.12-д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах гэж заасны дагуу миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бид нар санхүүч, геологийн асуудал яригдах учраас мэргэжлийн геологичийг авчирсан. Ийм утга агуулга, үндэслэлээр захиргааны акт үнэн, бодитой, зайлшгүй, хууль ёсны, шударга биш байна. Тийм учраас дурдсан үндэслэлүүдээр актаар ноогдуулсан төлбөрийг бууруулж нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
3.Хариуцагч Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Г анх шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Том татвар төлөгчийн газрын ******* хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 2122501578 тоот томилолтын дагуу “А” ХХК-ийн 2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Б.Э нар "Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн" хяналт шалгалт хийсэн.
Татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Н******* тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөртэй холбогдуулан татвар төлөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Гомдол 1: "Актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар: хэсгийн 3,4-т БНХАУ-д 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах метал болох алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19,254.63 тонн гэж тооцоо гаргаад байгаа 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээтэй гэж дагалдах металлд АМНАТ нөхөн ногдуулж буй нь огт үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэж гомдол гаргасан байна.
Хариу тайлбар 1: Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлд: "47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд; 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь; 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно", "47.8. Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална", Засгийн газрын 2015 оны 488 дугаар "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолын "1.Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.2-ын 4, 6 дахь заалт, 2.4-ийн 4,6 дахь заалт, 2.5-ын 5 дахь заалтыг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 2.4 дэх заалтын: 4. Төмрийн баяжмал Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийн физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр, агуулга >57%" гэж зааснаар “А” компани нь төмрийн хүдрийн 55.54-65.68 хувийн агууламжтай 1,664,025.85 тонн баяжмалыг БНХАУ-д экспортолсноос татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй байсан 1,573.3 тонн төмрийн хүдрийн баяжмал болон нийт экспортолсон 1,664,025.85 тонн 118,311,165,580.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалын төрөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно.
Гомдол 2: "Актын ТОГТООХ нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1, 11.19.2, 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн нийт 10,760,90,4364.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй:
2.1/Төлбөрийн тооцоо хэсгийн 1 болон 2-т заасан нөхөн татварт 30 хувийн торгууль тооцсон байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалт, 20 хувийн алданги тооцсон байгаа нь татварын ерөнхий сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус нийцэхгүй байна" гэж гомдол гаргасан байна.
Хариу тайлбар 2.1: Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд: "11.19.1. Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж заасан хууль эрх зүйн зохицуулалттай. Энэ заалт нь дээр дурьдсанчлан зөвхөн татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүйд хариуцлага тооцоход хэрэглэх заалт юм.
Татварын ерөнхий хууль/ шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 4 дүгээр зүйлд: "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлд: "74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэж зааснаар 5,924,528,910.56 төгрөгийн нөхөн татварт 20 хувиар тооцон 1,184,905,782.11 төгрөгийн алданги, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл. Татварын ерөнхий хууль зөрчих: 1. Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... бол татварын нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 30 хувиар тооцон 1,777,358,673.17 төгрөгийн торгууль ногдуулан хариуцлага тооцсон.
2.2/"Актын тооцоо хэсгийн 4-т заасан АМНАТ, 8-т заасан ХХОАТ, 9-т заасан НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан зөрчлүүдэд алданги тооцохдоо хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.050 хувийн алданги тооцсон нь Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус тус нийцэхгүй байна" гэж гомдол гаргасан байна.
Хариу тайлбар 2.2: "*******" ХХК-ийн 2018 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолд: Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоож, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж зааснаар алдангийг тооцсон боловч эцсийн төлөх ёстой алдангийн хэмжээг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 4 дүгээр зүйлд: "2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлд: "74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна", Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд: "11.19.1. Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж зааснаар татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, төлөгдөөгүй өрийн дүнд торгуулийг 10 хувь, алдангийг 20 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцсон.
“А” ХХК нь 2.2-т бичсэн гомдлын талаар ******* дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргаж байгаагүй, энэ асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болно.” гэжээ.
3.2.Хариуцагч С.Г 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тайлбар: Татварын улсын байцаагч Б.Э тус ажлаас чөлөөлөгдөн, өөр албан тушаалд ажиллаж байгаа болно.
1. "А" ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н******* тоот нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн. Уг нөхөн ногдуулалтын актын “ТЭМДЭГЛЭХ НЬ:" хэсгийн 3,4 дүгээрт төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төлөөгүйд хариуцлага тооцсон.
Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлд: "47.8. Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална", Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын: "1.2.Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ", 2.4 дэх заалтын: "4. Төмрийн баяжмал Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийн физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр, агуулга >57%", Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд: "4.6. Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, дагалдах бодисын хувь найрлага, чийгшил, ангиллыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно" гэж заасны дагуу төмрийн хүдрийн баяжмал гэсэн утгад төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтоосон төмөр, бусад ашигт малтмалыг оруулан тооцож нөхөн ногдуулалтын актад бичсэн.
Төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтоосон төмөр, бусад ашигт малтмалын тоо хэмжээ, үнийн мэдээлэл, дэлгэрэнгүй тооцооллын хүснэгтийг татвар төлөгчид болон өмнөх шатны шүүхэд хүргүүлснийг дахин хавсралтаар хүргүүлж байна. Үүнд:
Хавсралт-1: Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тооцсон төмөр, бусад ашигт малтмалын тоо хэмжээний нэгтгэсэн тооцооллын хүснэгт.
2. Төмрийн хүдрийн баяжмал, түүнд агуулагдах ашигт малтмалын тоо хэмжээ, үнийн эх сурвалжийг Ашигт малтмалын тухай хуулийн /2006 он/-ийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тооцсон.
3. Нөхөн ногдуулалтын актаар төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо дээрх Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн
зарчим, аргачлал"-ын: "1.2.Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ", Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд: "4.6.Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, дагалдах бодисын хувь найрлага, чийгшил, ангиллыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно" гэж заасны дагуу Гаалийн төв лабораториос Татварын байгууллагад ирүүлсэн хөндлөнгийн мэдээллийн сангаас мэдээллийг авч, “А" ХХК-ийн 2018 онд экспортолсон 1,664,025.85 тонн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах алт: 11,365.02 грамм 1,113,533,386.98 төгрөгийн; мөнгө: 499,447.90 грамм 223,827,589.79 төгрөг; зэс: 228.85 тонн 3,625,134,705.42 төгрөг; молибден: 15.0 тонн 901,084,731.40 төгрөг; хар тугалга: 30.35 тонн 166,307,708.41 төгрөг; цайр: 545.76 тонн 3,756,335,223.82 төгрөг; хөнгөн цагаан: 18,791.92 тонн 98,521,760,010.09 төгрөг; цагаан тугалга: 196.31 тонн 10,003,182,224.10 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ бүхий ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчилд хариуцлага тооцсон болно. /Тооцоолол: Хавсралт-3/
4. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал", 2015 оны 103 дугаар "Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тогтоолын хавсралт “Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал"-ын 2. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-ын 2.1.1 дэх заалтын “нүүрснээс" гэсний өмнө “төмрийн хүдэр,” гэж нэмсүгэй. 3. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор баталсан 2 дугаар хавсралтын 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 3. Төмөр Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ, 3.1. Төмөр Австралийн төмрийн хүдрийн үйлдвэрлэгчдээс Хятадыг ган үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа Dampeir/Hedland боомтын FOB үнэ /www.umetal.com/", гэсэн заалтыг үндэслэн тус компанийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдах бусад ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно.” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн 2018 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар шалгалт хийгээд хянан шалгалтын акт тавьсан. Ямар зөрчил гарсан бэ гэвэл тус хугацаанд нийтдээ тус компани 1.6 сая тонныг экспортолсон байдаг. 1,664250.85 экспортолсон. Үүнээс 1,662452.55-ыг тайлагнасан. Зөрүү нь 1.5 сая тонныг мянган тонн дээр тавигдсан байгаа юм. Өөрсдийнх нь тайлангаас тайлагнаагүй хэсэгт нь үндсэн болон нэмэлт төлбөрийг манайх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар төлбөр төлсөн. Тухайн А компани нь ашигт малтмалын 4 тусгай зөвшөөрөлтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэгдүгээрт тусгай зөвшөөрөлтэй тул АМНАТ төлөгч байгаа юм. 1.5 буюу нийт төлбөр дээрээ үндсэн төлбөр яригдаад 1.664 дээр нь нэмэлт төлбөрт яригдаж байгаа үүнд АМНАТ-ийн төлбөрөө ноогдуулж байгаа юм. Хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д зааснаар АМНАТ төлөгч, мөн хуулийн 47.2 буюу 47.2.1-д хэрвээ ашигт малтмалыг экспортолсон бол олон улсын чиг үүргийг баримтлаад АМНАТ ноогдуулна гэж хуульчилсан. Үүний дагуу нэхэмжлэгч дээрх хугацааны тоон хэмжээтэй гаргасан болохоор АМНАТ ноогдуулж байгаа юм. Манай татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд өөрсдийн тайлагдсан татварын тайлан болон тооцооллоор батлагддаг. Үүнд маргахгүй байх. Манайх Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэж АМНАТ ноогдуулдаг. Олон улсын жишээнүүдийг барьдаг. Мөн Засгийн газрын тогтоол буюу олон улсын 81 дүгээр тогтоолын дагуу нийтэд зарлах буюу Сангийн яаманд батлагдсан жишиг үнийн комиссоос гаргаснаар зарлагддаг үнийн зургийг нь аваад АМНАТ-ийн төлбөрийг ноогдуулдаг. Нэхэмжлэгч манай ******* эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн гаалийн 2018 ондоо нийтдээ алт, мөнгө, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга эдгээрийг Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд байгаагаар үндэслээд тус бүрийн хэмжээг заагаад өгчихсөн. Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд үндэслэж АМНАТ ноогдуулж байгаа. Нэхэмжлэгч тал алт байхгүй гэдэгт алт нь 0.1-0.5 миллиграмм килограммыг грамм руу шилжүүлээд 11.3 гэж хараад байгаа юм. Килограмм миллиграммаар Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд байгаа. Үүнийг татварын газрын газраас бодохдоо грамм руу шилжүүлэнгүүт яриад байгаа 11.3 гарч ирж байгаа. Гаалийн ерөнхий газраас ирсэн хавтаст хэрэгт авагдсан материалын 07 дугаар сарын 20-ны өдрийн Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн татварын мэдээнд алт хэдэн миллиграмм байна гээд байгаа үүнийг грамм руу шилжүүлчихлээр татварын улсын байцаагчийн гаргаж ирсэн 11.3 гарч байгаа.” гэжээ.
5.Иргэдийн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Татварын ерөнхий газраас ихэсгэсэн дүнгээр үндэслэлгүй акт гаргасан, нэхэмжлэгч талд шийдвэрлэх” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Тус шүүхэд анх нэхэмжлэгч “А” ХХК-аас ******* Том татвар төлөгчийн газрын ******* улсын байцаагч Б.Э, С.Г, ******* хэлтсийн дарга Б.М нарт холбогдуулан “******* харьяа Том татвар төлөгчийн газрын ******* улсын байцаагч Б.Э, С.Г, ******* хэлтсийн дарга Б.М нарын “А” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн №Н******* Нөхөн ногдуулалтын акт, ******* зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тогтоол тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас “А" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хянаад нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр ******* харьяа Том татвар төлөгчийн газрын ******* улсын байцаагч Б.Э, С.Г нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
1.2.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №Н******* нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.
2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Хэргийн үйл баримтын тухайд, хариуцагч ******* харьяа Том татвар төлөгчийн газрын ******* улсын байцаагч Б.Э, С.Г нар нь Том татвар төлөгчийн газрын ******* хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 2122501578 тоот томилолтын дагуу /хэргийн 1 дүгээр хавтас, 53 дахь тал/ “А” ХХК-ийн 2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус – Иж бүрэн” хяналт шалгалт хийж, 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр №Н******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1, 11.19.1.2, 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 6,369,479,019.91 төгрөгийн нөхөн татвар, 2,571,753,988.49 төгрөгийн торгууль, 1,819,671,356.33 төгрөгийн алданги, нийт 10,760,904,364.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
3.1.Уг нөхөн ногдуулалтын актад заасан зарим зөрчлүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “А” ХХК-аас ******* дэргэдэх ******* зөвлөлд “... 8,886,016,820.75 төгрөгийн зөрчилд ногдох 11,036,295.39 төгрөгийн нөхөн татвар, 664,221,170.13 төгрөгийн торгууль, 547,982,811.43 төгрөгийн алданги, нийт 1,223,240,277.95 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 237,969,241,188.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 6,358,442,724.52 төгрөгийн нөхөн татвар, 1,907,532,817.36 төгрөгийн торгууль, 1,271,688,544.90 төгрөгийн алданги, нийт 9,537,664,086 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч” гомдол гаргасан байх ба уг гомдлыг шийдвэрлэсэн ******* зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6-д заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Н******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 216,855,258,008.95 төгрөгийн зөрчилд 6,369,479,019.91 төгрөгийн нөхөн татвар, 2,571,753,988.49 төгрөгийн торгууль, 1,819,671,356.33 төгрөгийн алданги, нийт 10,760,904,364.73 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг бууруулсан дүнгээс 673,455,000.04 төгрөгийн зөрчлийг бууруулж, 21 тонн цагаан гантиг чулуунд тооцооллын алдаа гаргаж илүү ногдуулсан 33,672,750.00 төгрөгийн нөхөн татвар, 10,101,825.00 төгрөгийн торгууль, 6,734,550.00 төгрөгийн алданги, нийт 50,509,125.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, 245,508,348,008.95 төгрөгийн зөрчилд 6,335,806,269.91 төгрөгийн нөхөн татвар, 2,561,652,163.49 төгрөгийн торгууль, 1,812,936,806.33 төгрөгийн алданги, нийт 10,710,395,239.73 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын хавсралт 1 АМНАТ-ын хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал болон 2015 оны 103 дугаар тогтоолын хавсралт Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход АМНАТ тооцох аргачлал тус тус баталсан бөгөөд эдгээр журмууд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хэрэгжсэн. 103 дугаар тогтоолын хавсралт Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход АМНАТ тооцох аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ аргачлалыг мөрдлөг болгоно.”, болон 2020 дугаар тогтоолын хавсралт 1 АМНАТ-ын хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулахад энэхүү аргачлалыг мөрдөнө.” гэж тус тус заажээ. Эдгээрээс үзвэл ННА-ын үйлчлэл бүхий 2018 онд АМтХ/2006/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заагдсаны дагуу ашигт малтмалын бүх төрлийн бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулахтай холбоотой харилцааг дээрх 2 аргачлалаар нарийвчлан зохицуулж байсан байна. Эдгээр нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага болон 2016 оны 81 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан үнийн эх сурвалж нэрлэх тухай журмуудын хамт хэрэглэгдэж байж сая АМНАТ гэдэг цогц харилцааг зохицуулдаг. ... хэдэн хувийн агууламжийг төмрийн хүдэрт эсхүл баяжмалд тооцохыг Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлалын дагуу тооцдог гэсэн үг. ... Тэгэхээр хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 2006 оны АМтХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1, ЗГ-ын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт, 2015 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу төмрийн хүдрийн баяжмал доторх бусад төрлийн ашигт малтмал нэрийдлээр дагалдах металд АМНАТ ногдуулсан нь үндэслэлгүй.
2/АМНАТ нь Монгол улсын татварын системийн нэг бүрэлдэхүүн болохын хувьд борлуулалтын орлогод ногддог зарчимтай. Дээр дурдсанчлан Н******* тоот актын 3 болон 4 дүгээр зүйл, үүний хавсралт дахь төлбөрийн тооцоо хүснэгтийн 1 дүгээр зүйл, болон өмнөх шүүхийн шийдвэрийн хууль зүйн гол үндэслэл болох хуулийн заалтуудад бүтээгдэхүүн болон борлуулалтын орлого гэх 2 томъёолол дурдагдаж байгаагаас үзвэл ашигт малтмал борлуулсан бүтээгдэхүүнд л АМНАТ тооцохоор байна. Тэгвэл миний үйлчлүүлэгч зөвхөн тэр дундаа цэвэршүүлсэн төмөр буюу бүтээгдэхүүн биш, харин 60 хувийн агууламж бүхий төмрийн хүдрийн баяжмал борлуулж, тухайн борлуулалтын орлогоос улсад татвар тайлагнаж, төлдөг. Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд дурдсанаар манай төмрийн хүдрийн баяжмал 0-2.5 мм ширхэглэлтэй. ... Тэгвэл 0-2.5 мм ширхэглэл бүхий төмрийн хүдрийн баяжмалаас 0.047мг/кг алтыг эсхүл 17.00 мг/кг молибденыг худалдан борлуулж, орлого олох нь битгий хэл, ялгаж, салган авах нь техник, шинжлэх ухааны хувьд боломжгүй хийгээд эдийн засгийн үр ашиггүй. Энэ жишээ дээр дурдсан бусад бүх төрлийн элементэд хамааралтай. Иймд ерөөсөө борлуулалт хийж, ямар нэгэн орлого олоогүй асар бага найрлага бүхий элементийг цэвэршүүлсэн металл борлуулсан мэтээр дүгнэж төлбөр ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 болон Татварын ерөнхий хуулийн 5.1-д заасныг зөрчсөн.
3/Хүдэр эсхүл баяжмалын агууламжийн хэмжээнд үл хүрэх эрдэс найрлагуудыг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэж, жишиг үнээр АМНАТ ногдуулсан нь үндэслэлгүй. Энд анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь АМНАТ тооцох үнийн эх сурвалжийг АМтХ-д заасны дагуу 47 дугаар зүйлийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж заасны дагуу Засгийн газраас 2016 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан 2 журмаар зохицуулдаг. Энэ 2 хавсралтын альд ч хөнгөн цагааны олон улсын жишиг үнийг дурдаагүй буюу энэ талаар хуулийн хүчин төгөлдөр зохицуулалт байхгүй. Сангийн яамны вебсайтад байдаг, Ашигт малтмал газрын тосны газрын сайтад байдаг, гэхдээ 2016 оны 81 дүгээр тогтоолын 1 болон 2 дугаар хавсралтын альд ч байхгүй. Тийм учраас хөнгөн цагааны хүдрийн хэмжээнд ч хүрэхгүй 0.8%-1.49% агууламжийг Лондонгийн металын бирж дээрх цэвэршүүлсэн металын үнээр тооцсон нь ямар ч үндэслэлгүй.
4/Хариуцагчаас 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ ногдуулж төсөвт төлөөгүй гэх нэг үндэслэлээр акт тавьсан ч Төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалд АМНАТ ногдуулаагүй гэх өөр үндэслэлээр шүүхэд мэтгэлцсэн. Н******* тоот актын 3 болон 4 дүгээр зүйл утга агуулгын алдаатай.
5/Зарим төрлийн татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж алданги, торгууль ногдуулсан. Татварын ерөнхий хууль/2019/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна” хэмээх зохицуулалт нь манай компанийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хууль буцаан хэрэглэгдэхээр байна. Ингээд үзвэл дээрх зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд дууссан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн актын дагуу АМНАТ, ХХОАТ, НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд нийт 1,206,685,834.86 төгрөгийн алданги, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж маргаж байна.
5.Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэн “1/... Хууль тогтоомжид зааснаар “А” ХХК нь төмрийн хүдрийн 55.54-65.68 хувийн агууламжтай 1,664,025.85 тонн баяжмалыг БНХАУ-д экспортолсноос татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй байсан 1,573.3 тонн төмрийн хүдрийн баяжмал болон нийт экспортолсон 1,664,025.85 тонн 118,311,165,580.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно.
2/Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 4 дүгээр зүйлд: “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар 5,924,528,910.56 төгрөгийн нөхөн татварт 20 хувиар тооцон 1,184,905,782.11 төгрөгийн алданги, Зөрчлийн тухай хуулийн 11.19-д зааснаар 30 хувиар тооцон 1,777,358,673.17 төгрөгийн торгууль ногдуулан хариуцлага тооцсон.
Алданги тооцсонтой холбоотой гомдлын талаар нэхэмжлэгч нь ******* дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргаж байгаагүй, энэ асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй.
3/Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Тухайн төрлийн татварын хуулиар тусгайлан заагаагүй бол дараа жил тухайн жилийн эцсийн тайлангийн хугацаагаар тооцно гэдгээр 4 жилээр тооцсон. 2018 оны тайланг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тайлагнадаг. Тиймээс 2019 оныхоо 02 дугаар сарын 10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор 4 жил дотроо байгаа. Хугацаа хэтрээгүй. Төлөх тайлангийн хугацааг тусгайлан заагаагүй бол жилийн эцсийн тайлан дээр тайлагнана.” хэмээн тайлбарлан маргаж байна.
6.Маргаанд хамааралтай хууль тогтоомжийн хэм хэмжээг авч үзвэл:
6.1.Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.“Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшил нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлнө”, 47.2.“Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно:47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3.“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хувь хэмжээтэй байна:47.3.2.энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү”, 47.4.“тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна”, 47.5.“Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно”, 47.6.“Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална” гэжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал”-ын 1.1-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтална” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зарчмыг тодорхойлоход уг аргачлалыг баримтлахаар байх бөгөөд 1.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх шинжилгээ хийлгэж болно. Дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ”, 2.1-д ““Ашигт малтмалын хүдэр” гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ (боловсруулаагүй нүүрс энэ ангилалд орно)”, 2.3-д ““Ашигт малтмалын баяжмал” гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ”, 2.6-д “Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг дараахь байдлаар тодорхойлно”, 2.4-т “Ашигт малтмалын баяжмалд дараахь бүтээгдэхүүнийг оруулна:”, 2.6-д “ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг дараахь байдлаар тодорхойлно:” гэж тус тус зохицуулсан байжээ.
7.Хууль тогтоомжийг энэхүү маргаанд хэрэглэхдээ нөхөн ногдуулалтын акт гаргах үндэслэл болсон татварын хяналт шалгалтын хамрагдах хугацаанд үндэслэх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2018 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байх ба 2018 онд дагаж мөрдөж байсан Засгийн газрын тогтоол буюу дээрх хэм хэмжээний актад нэхэмжлэгч компанийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр ногдуулах талаар зохицуулаагүй буюу зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл, тийм хууль зүйн үндэслэл байхгүй байна.
8.Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.“Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үүнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно”, 2.8.“Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно.” хэмээн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа дагалдах металаас мөн төлбөр тооцож авах зохицуулалт нь татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацаанаас хойш бий болсон нөхцөл байдал тул иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, тэдгээрт үүрэг бий болгосон энэхүү зохицуулалт бүхий журмыг буцаан хэрэглэхгүй.
9.Иймд шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, хариуцагчаас бичгийн тодруулга, тайлбар гаргуулан авсан хэдий ч нэгэнт Ашигт малтмалын тухай хууль/2006 оны/ болон Засгийн газрын тогтоолоор баяжмалд агуулагдаж буй дагалдах металд төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул энэхүү дагалдах элементүүдийг хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний алинд хамааруулан тооцсон эсэх болон ямар аргачлалаар хувь хэмжээг нь тооцож гаргасныг, мөн Гаалийн лабораторийн дүгнэлтээр металын агууламж тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэсэн эсэхийг шүүх шалгаж, дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
10.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 15.1.“Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.”, 15.3.“Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно: 15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;” гэж тус тус заажээ.
10.1.Нэхэмжлэгч тал өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ёстой буюу 2019 оны Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гэсэн зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж, хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр тооцсон гэж тайлбарласнаас үзвэл хэрэглэх хуулийн хэм хэмжээ зөрүүгүй атлаа огноо тооцохдоо зөрүүтэй, тодруулбал нэхэмжлэгч тал татвар төлөх хуулийн хугацаанаас, харин хариуцагч тал жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж маргаж байна.
10.2.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сараар гаргахаар нарийвчилсан хуулиар зохицуулсан, улмаар Татварын ерөнхий хуульд тайланг сараар гаргаж татвар төлөхөөр заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сар буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор Татварын ерөнхий хуульд зааснаас үзвэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр тогтоосон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул татварын улсын байцаагч нар шийдвэрээ хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
10.3.Гэтэл нэхэмжлэгч талаас 2018 оны 4-11 дүгээр саруудад тайлагнах ёстой, бөгөөд татвар төлөх хугацаа нь эдгээр хугацаануудаас нэг сарын дараа байх тул хөөн хэлэлцэх хугацааг тэрхүү хугацаануудаас тооцно гээд 2022 оны 5-12 саруудад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хуулиар татвараа тайлагнаж, төлөх зохицуулалттай уялдуулан хөөн хэлэлцэх хугацааг мөн энэ хугацаанаас тоолно гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой холбоотой хуулийн заалтын урьдчилсан нөхцөлийг “тайланг сар, улирлаар гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан” гэж тодорхойлсон, харин хөөн хэлэлцэх хугацааг хаанаас эхэлж тоолох вэ гэдгийг “... тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж хууль тогтоогч тогтоож өгсөн байх тул энэхүү нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл үгүйсгэгдэж байна.
10.4.Нэхэмжлэгч талаас нэгэнт татварын хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаантай байгаа тул алданги, торгуулийн хувь хэмжээтэй болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчил гаргасан хэмээн тодорхойлон маргасан үндэслэлээ дэмжихгүй буюу шүүхээр эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
11.Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан “******* харьяа Том татвар төлөгчийн газрын ******* улсын байцаагч Б.Э, С.Г нарын “А” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн №Н******* Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 10,693,840,795.05 төгрөгөөр багасгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүхээр төлөх ёсгүй нь тогтоогдсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож, төсөвт төлөөгүй, ашигт малтмалын тухай хуулиийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчсөн зөрчилд холбогдох 8,886,793,365.84 төгрөг, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нэмсэн дүнгээр тооцоогүй, буруу хэрэглэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтыг зөрчсөн зөрчилд холбогдох 613,817,540.94 төгрөг болон АМНАТ-ыг хуулийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хожимдуулсан зөрчилд холбогдох 1,106,779,936.77 төгрөгийг, нийт 10,593,934,896.96 төгрөгийг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс бууруулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Х.Мийн “Татварын ерөнхий газраас ихэсгэсэн дүнгээр үндэслэлгүй акт гаргасан, нэхэмжлэгч талд шийдвэрлэх” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үнэлснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, С.Г нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Н******* тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 10,593,934,896.96 /арван тэрбум таван зуун ерэн гурван сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуун ерэн зургаан төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгөөр бууруулсугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ