| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 133/2024/00474/И |
| Дугаар | 305/ШШ2025/00183 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 305/ШШ2025/00183
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би,
Нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* ХХК-д холбогдох,
Байрны урьдчилгаанд өгсөн 36,160,000(гучин зургаан сая нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга, тайлбар ...Миний бие ********* ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 18-нд орон сууцны захиалгаа өгөөд 2023 оны 01 дүгээр сарын 10-нд дахин гэрээгээ өөрчилж 68,5 м2 3 өрөө орон сууцны захиалга өгсөн боловч барилга хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас 2023 оны 04 дүгээр сард буцаахаар болсон. Анх захиалахдаа 34,000,000 төгрөг урьдчилгаанд өгсөн. ********* ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүү төлбөр тооцон 46,160,000 төгрөг өгөхөөр болсон. 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг хүү төлбөр гэж миний дансанд орж ирсэн. Одоо үлдэгдэл 36,160,000 төгрөгийг нэхэмжилж байна ... Орон сууцны захиалга хийж 34,000,000 төгрөг өгсөн, хүүгийн төлбөрт 12,000,000 төгрөг тооцож өгснөөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэхийн өмнө, 2,000,000 төгрөгийг нэхэмжилсний дараа өгсөн одоо 34,160,000 төгрөг өгөх нь үнэн болно ... гэжээ.
2. Хариуцагч ********* ХХК-н тайлбарын агуулга ... Иргэн ********* нь манай компанитай өмнө захиалсан орон сууцны гэрээгээ өөрчилж 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23/07 дугаартай орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалж, урьдчилгаа төлбөрт 34,000,000 (гучин дөрвөн сая) төгрөгийг ********* миний Хаан банкны ********* дугаар дансанд шилжүүлсэн. Ковид-19 цар тахлын улмаас барилгын материал, тээвэр, ажиллах хүчний зардал өсөж барилга угсралтын зардал тогтворгүй байснаас шалтгаалан барилгын ажил тодорхой хугацаагаар хойшилсон.
2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байр захиалгаа буцааж хүү төлбөр тооцуулсан. Ингэж хүү төлбөр тооцуулахдаа 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 12,160,000 (арван хоёр сая нэг зуун жаран) төгрөгийн хүүг 24 сараар тооцож нэмж төлөхөөр тохиролцсон. ********* өнөөдрийн байдлаар хүүгийн төлбөрт 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг төлсөн байна. 34,160,000 (гучин дөрвөн сая нэг зуун жаран мянган) төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 3 (гурав) хувааж төлнө ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч ********* ХХК нь нэхэмжлэгч ********* Байрны урьдчилгаанд өгсөн 36,160,000(гучин зургаан сая нэг зуун жаран мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,750(гурван зуун гучин найман мянга долоон зуун тавь) төгрөгөөс 169,375(нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 169,375(нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан тав) төгрөгийг, хариуцагчаас 169,375(нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* ХХК нь нэхэмжлэгч ********* байрны урьдчилгаанд өгсөн 36,160,000(гучин зургаан сая нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,750(гурван зуун гучин найман мянга долоон зуун тавь) төгрөгөөс 169,375(нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 169,375(нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан тав) төгрөгийг, хариуцагчаас 169,375(нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР