| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00075/И |
| Дугаар | 319/ШШ2025/00177 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 319/ШШ2025/00177
2025 04 04 319/ШШ2025/00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ы хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч С.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Содном Гэрэлчулуун миний бие 1970 оны 01 сарын 11- ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт Содномын 6 дахь хүү болж төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1978 онд элсэн орж суралцаад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр наймдугаар ангиа төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* багт эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн ба ажиллаж байгаад 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр цэргийн албанд татагдаж очоод өвчний улмаас 1989 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанаас халагдсан.
Цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдлийнхээ ******* багт эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1996 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Халдий Оюунчимэгтэй гэр бүл болж мөн ******* багт мал маллаж амьдарсан. Тус нэгдэл тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж ******* багт хувиараа мал маллаж амьдарсан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд С.Гэрэлчулуун намайг ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мөн 1989 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр ажиллаж эхэлсэн. Би цэргийн албанд татагдсан боловч өвчний улмаас 5 сарын хугацаатай цэргийн алба хаасан. Архиваас цэргийн алба хаасантай холбоотой баримт гарч ирэхгүй байгаа. Тиймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
4.Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн ******* түүний тодорхойлолт, иргэн ******* түүний тодорхойлолт, 2025 оны 01 сарын 08-ны өдрийн даатгалын ерөнхий газрын даргын Архивын лавлагаа, 2025 оны 01 сарын 08-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр, ******* аймгийн ******* сумын ******* бригадын 1986,1987,1988,1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 2025 оны 01 сарын 13-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 01 сарын 21-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай ******* аймгийн ******* сумын Засаг даргын албан бичиг, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч С.Гэрэлчулууны нэр дээрх “Хөдөө аж ахуйн бэхжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг авьяасыг дайчлан ажилласан...” гэх ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөл гэх “Талархал”, “Хүндэт нөхөр С.Гэрэлчулуун таныг Хөдөө аж ахуйн багуудын дунд зарласан уралдаанд төлөвлөгөөг хугацаанаас өмнө давуулан биелүүлж ажилласанд баяр хүргэе ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга ” гэх “Гэрчилгээ”, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны 31 дугаартай ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн албан бичиг, 1986 оны 7 дугаар сарын 15-ны ******* аймгийн ******* сумын “Давшилт” нэгдлийн даргын “Илгээлтийн эздийг хуваарилан томилох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
5.Шүүхээс ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/131 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 А), ХААТР-15 А), ХААТР-21 (А) маягтууд, гэрч *******ийн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч С.Гэрэлчулууны шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр, ******* аймгийн ******* сумын ******* бригадын 1986,1987,1988,1989 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад “Гэрэлчулуун” гэж түүний нэр бичигдсэн байна.
3.2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар “С.Гэрэлчулуун нь 1988.10.16-нд цэргийн албанд татагдаж, 1989.03.15-ны өдрийн 1/518 дугаар албан бичгээр өвчний улмаас халагдсан гэх лавлагаа.
3.3. ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаартай албан бичигт “******* багштай 8в ангийг төгссөн болох нь үнэн” гэх тодорхойлолт,
3.4. Хүсэлт гаргагч С.Гэрэлчулууны нэр дээрх “Хөдөө аж ахуйн бэхжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг авьяасыг дайчлан ажилласан...” гэх ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөл гэх “Талархал”,
3.5. “Хүндэт нөхөр С.Гэрэлчулуун таныг Хөдөө аж ахуйн багуудын дунд зарласан уралдаанд төлөвлөгөөг хугацаанаас өмнө давуулан биелүүлж ажилласанд баяр хүргэе ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга ” гэх “Гэрчилгээ”,
3.6. 1986 оны 7 дугаар сарын 15-ны ******* аймгийн ******* сумын “Давшилт” нэгдлийн даргын “Илгээлтийн эздийг хуваарилан томилох тухай тушаалын хавсралт хэсгийн “19-д Содном Гэрэлчулуун” гэж бичигдсэн,
3.7. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/131 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтийн “эрхэлдэг ажил” хэсэгт “Үхэрчин” гэж ХААТР-15 (А) маягтийн “ажилладаг байгууллага” гэх хэсэгт “малчин” гэж бичигдсэн байна.
3.8.******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай албан бичигт “...С.Гэрэлчулуун нь тус сумын ******* малчнаар ажиллаж байсан ба тухайн үеийн баримтууд нь архив шатсан учраас олдохгүй байгаа нь үнэн болно” гэжээ.
Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 01 сарын 08-ны өдрийн даатгалын ерөнхий газрын даргын Архивын лавлагаа, 2025 оны 01 сарын 08-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэн *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн С.Гэрэлчулууныг ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ыг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН