| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2306014250963 |
| Дугаар | 2023/ДШМ/1068 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/1068
2023 11 07 2023/ДШМ/1068
Б.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Х,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1247 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-д холбогдох ......................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр .............дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................-ын эмнэлгийн орчимд хохирогч Э.Ч-ийн тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн буухдаа түүний 600.000 төгрөгийн үнэ бүхий ...................... загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Ч-т 600.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ............... дүүргийн .............. дүгээр хороо .................байрны гадна хохирогч Ч.М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн буухдаа түүний 2.200.000 төгрөгийн үнэ бүхий ......................... загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.М-т 2.200.000 төгрөгийн буюу бусдад нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Хийсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болон зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч У.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1247 дугаар бүхий шийтгэх тогтоол болон 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/1853 өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ................. дүүргийн .............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................-ын эмнэлгийн орчимд хохирогч Э.Ч-ийн тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн буухдаа түүний 600.000 төгрөгийн үнэ бүхий .......................... загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Ч-т 600.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ....................... дүүргийн ................дүгээр хороо .................. байрны гадна хохирогч Ч.М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн буухдаа түүний 2.200.000 төгрөгийн үнэ бүхий ................................. загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.М-т 2.200.000 төгрөгийн буюу бусдад нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч Э.Ч-ийн “.../1хх 7/, хохирогч Ч.М-ын /1хх 83-89/, гэрч А.Э-ийн /1хх 90-93/, гэрч Л.О-ын /1хх 94-95/, гэрч Д.Г-ын гэх мэдүүлгүүд,
“............................. загварын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Хөрөнгийн үнэлгээний ................ ХХК-ийн .................. дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 13-16/,
“...................... загварын гар утсыг 2.200.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /1хх 128-129/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3, 79/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх 122/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 123-126/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Б.М-ийн 2 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйл хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М “...Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болон зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...”, мөн түүний өмгөөлөгч У.Х “...Шийтгэх тогтоол болон яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 18, 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд хохирогч Э.Ч, Ч.М нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр интернэт тоглоомд донтсоны улмаас амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол нь шалтгаант холбоотой.
Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн ................. дугаартай хэрэг, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэлтийн .................. дугаартай хэргийг нээсэн тул эдгээр хэргүүдийг нэгтгэж шийдвэрүүлэх талаар гомдолдоо дурдсан байх бөгөөд эдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн болон прокурорын тогтоолуудад /1хх 232-233/ хэнд холбогдуулан хэрэг нээсэн нь тодорхойгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1247 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч У.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ