Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 216/МА2021/00007

 

 *******ы  нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2021/00044 дүгээр шийдвэртэй, *******ы нэхэмжлэлтэй хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ZOOM/-ээр, прокурор Ш.Батсүх, нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ******* намайг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 1917001880067 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Алсын худаг гэх газар 13-97 ГСА улсын дугаартай Соната 7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Д.Төмөрбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн. Миний бие зам тээврийн осол гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан тул 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байсан. Гэтэл Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Прокурорын дүгнэлтийг хянан үзэх тухай 2020/ДШМ/09 дугаартай магадлалаар хуулийн хүчин төгөлдөр байсан 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, надад холбогдох хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцаасан болно. Үүний дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 1917001880067 дугаартай прокурорын тогтоолоор зүйлчлэлийг хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасанаар яллагдагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан. Хяналтын прокурорын зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 79 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас ******* надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Одоо 2020/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингээд ******* намайг шүүхээс 1 удаа гэмт хэрэг үйлдсэний төлөө 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, зүйлчлэлийг хүндрүүлэн яллагдагчаар татан эрх зүйн байдал минь дордсон үеэс эхлэн шүүхэд төлөөлөх эрхийн 1019 дугаартай өмгөөлөгч Ц.Гансүхтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн хөлс төлж эрх ашгаа хамгаалуулсан.

Өөрөөр хэлбэл ******* намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхээр шалгасны эцэст мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг дахин нотолсон. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгоогүй, зүйлчлэлийг хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулаагүй бол өмгөөлөгч Ц.Гансүхтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүй, өмгөөллийн хөлс төлөхгүй эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амсахгүй байх байсан гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Гансүхтэй 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийт 7 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулахад 4 000 000 төгрөг, анхан шатны шүүх хурлын дараа үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өмгөөлөгч Ц.Гансүхэд өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр зохицуулсан байдаг. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөхөөр зохицуулжээ. Тиймээс энэхүү 7 000 000 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцон, холбогдох байгууллага албан тушаалтнаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул 7 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү. Би шүүхийн тогтоол, магадлалыг албан ёсоор гардаж авсан, гомдол гаргаагүй гэжээ.

Прокурор Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт Алсын худаг гэх газар 13-97 ГСА улсын дугаартай автомашин жолоодож яваад осол гаргаж, хохирогч Д.Төмөрбаатарын биед хүндэвтэр хохирол учруулсан. Шүүх хэргийг хянан хэлэлцээд *******ыг зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойш хохирогч нь тухайн нуруундаа авсан бэртэл гэмтлийн улмаас 3 удаа хагалгаанд орж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тухайн шарх нь халдварлагдаж нас барсан үйл баримт болсон.

Тээврийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр, хохирогч нас барсан талаар гомдол мэдээллийг ирүүлснийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Ингэхэд талийгаач нь бүсэлхий нурууны халдварлагдсан шархны улмаас хордлогод орж, олон эрхтнүүдийн дутагдалд орж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймээс прокурор давж заалдах шатны шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хөнгөрүүлэн зүйлчилсэн болохоос биш *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаагүй. Энэ зам тээврийн осол гаргаагүй байсан бол Д.Төмөрбаатар гэдэг хүн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэхгүй амьд байх байсан. Өмгөөлөгч болон *******ы зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон. ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авч хөлсийг төлсөн гэж үзэж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

2.Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:

2.1.хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон;

2.2.тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан;

2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;

2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон;

2.5.яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон гэж тус тус заасан бөгөөд хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан байгаа. Тэгэхлээр *******ы гаргаад байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ы хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны 134/ШШ2021/00044 тоот шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дугаар зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй, хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

1. 134/ШШ2021/00044 тоот шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсантай холбоотойгоор прокурор энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээ давж заалдах шатны шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн процесс ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна... гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас харахад *******д холбогдох эрүүгийн 1917001880067 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явуулсан.

Өөрөөр хэлбэл *******ыг: шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээр шалгасны эцэст мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг дахин нотолсон.

Энэ нь *******ы нэг удаагийн гэмт үйлдлийн төлөө хоёр удаа шүүхээс гэм буруутайд тооцуулж, мөн хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

2. 134/ШШ2021/00044 тоот шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...Тухайлбал хуульд заасны дагуу уг ажиллагааг явуулсан учир нэхэмжлэгч *******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд заасан хохирол нөхөн төлүүлэх үндэслэл, эрх үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн нөхөн төлөх хохирлын төрөлд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс орох боловч прокурор хууль бус, хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна... гэжээ.

Иргэн *******д холбогдуулан хоёр дахь удаа буюу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 1917001880067 дугаартай прокурорын тогтоолоор : зүйлчлэлийг хүндрүүлэн түүний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан. Хяналтын прокурорын зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 79 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан үзэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх шалтгаант холбоог тогтоохоор эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтийг хууль бус болохыг шүүх тогтоосон.

Ер нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгоогүй, зүйлчлэлийг хүндрүүлэн *******ы эрх зүйн байдлыг дордуулаагүй бол өмгөөлөгч Ц.Гансүхтэй хууль зүйн туслалцаа гэрээ байгуулахгүй, өмгөөллийн хөлс төлөхгүй эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амсахгүй байх байсан гэж үзэж байна. Тиймээс 00044 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ... *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн хилсээр гүтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шалгасны эцэст мөн хулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг дахин нотолсон ба энэ нь *******ыг нэг удаагийн гэмт үйлдлийн төлөө хоёр удаа шүүхээс гэм буруутайд тооцож, мөн хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмыг зөрчсөн,

... эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ....шалгасан боловч тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтийг хууль бус болохыг шүүх тогтоосон, ер нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгоогүй, зүйлчлэлийг хүндрүүлэн *******ы эрх зүйн байдлыг дордуулаагүй бол дахин өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүй, хөлс төлж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амсахгүй байсан. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн материалаас үзэхэд: *******ы гаргасан хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт гэж ойлгох ба энэ үндэслэлээр анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт зохицуулсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэл, журмын дагуу прокурорыг төрийн нэрийн өмнөөс оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан *******ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан түүний өмгөөлөгч Ц.Гансүхийн тайлбар зэргээс үзэхэд хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн гэх 7 000 000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1, 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгон тодорхойлсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-т Монгол улсын иргэн, ... нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх,..., сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон ...бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан.

Харин ямар ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь заалтад нэрлэн зааж уг ажиллагааны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахыг, мөн ямар тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсч болохыг дээрх зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4 дэх заалтад тус тус хуульчлан зохицуулсан.

*******ы өмгөөлөгч Ц.Гансүх нь давж заалдах гомдолдоо ... *******ыг нэг удаагийн гэмт үйлдлийн төлөө хоёр удаа шүүхээс гэм буруутайд тооцуулж, мөн хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-н Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмыг зөрчсөн хэмээн дурджээ.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд: ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Алсын худаг гэх газар 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Д.Төмөрбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. /хх- 6-22/

Дээрх хэргийн хохирогч Д.Төмөрбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, улмаар тус аймгийн Прокурорын газар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт-ийг гаргасан.

Энэ үүднээс Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай магадлалаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн. /хх-23-25/

Тус аймгийн Прокурорын газар нь *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж 88 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулсан байна./хх-26-36/

Дээр дурдагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр магадлал, 2020 оны 10 дугаар сарын 30-ны 88 дугаар шийтгэх тогтоол зэрэгт гомдол, эсэргүүцэл гаргаагүй байх тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хэрэгт авагдсан 88 дугаартай шийтгэх тогтоол/хх-26/-оос үзвэл: Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1917001880067-ртай хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж,

мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх шалтгаант холбоог тогтоохоор эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна гэж тус тус дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон яллах дүгнэлт хууль бус болохыг шүүх тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

Улмаар энэхүү шийтгэх тогтоолоор ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэг тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгч, ял шийтгэгдсэн этгээдийг цагаатгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Давж заалдах гомдолд дурдсанчлан ... шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх шалтгаант холбоог тогтоохоор эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтийг хууль бус болохыг шүүх тогтоосон гэх үндэслэл, үйл баримт энэхүү 88 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

*******д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа мөрдөгч, прокурор болон шүүгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон гэх, 2.3-т заасан тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх тохиолдолууд үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирол нөхөн төлүүлэх эрх үүсээгүй байх тул *******ы хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэх 7 000 000 төгрөгийг эд хөрөнгийн хохирол хэмээн нэхэмжилсэн шаардлага үндэслэлгүй.

Тодруулбал, тухайн үед хүндэвтэр хохирол учирсан гэх хүн нь тухайн ослын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон цагаасаа хойш өөрөөр хэлбэл, 2019 оны 04 сараас 09 сар хүртэлх хугацаанд тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2019 оны 09 дүгээр 20-ны өдөр нас барсан байдаг.

Энэ нь *******ы 2019 оны 04 сард гаргасан зам тээврийн ослоос үүдэлтэй хүний амь нас хохирсон, уг үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх үүднээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар хүнд хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах үндэслэл бий болсон.

Энэ үүднээс Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл бий болсон гэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар/хх-6/-тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах дүгнэлт ирүүлсний дагуу давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Учир нь Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журамд хамаардаг.

Дээрх ажиллагаа нь *******ы эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн эцсийн байдлаар хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгтээ ******* нь эрүүгийн хариуцлага хүлээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-н Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн ******* нь Монгол Улсын Иргэний хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ... хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй ба энэ нь түүний баталгаатай эдлэх үндсэн эрх бөгөөд энэ үүднээс өмгөөлөгч авсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2021/00044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, өмгөөлөгч болон прокурор магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Х.БАЙГАЛМАА