Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00299

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00299

Улаанбаатар хот

 

 

2025 04 15 103/ШШ2025/00299

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нугын тал 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, Егөс овогт Доржсүрэнгийн Лхагважавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нугын тал 0 тоотод оршин суух, Хардэл овогт Амгаланбаатарын Пүрэвсүрэнд холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн 2 үхрийг гаргуулах тухай иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Лхагважав,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Лхагважав нь хариуцагч *******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн 2 үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Лхагважав нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 11 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө гэрийн хашааны гаднаас хар халзан үнээ, хар халзан гунж болох хоёр үхрээ хулгайд алдсан юм. Ингээд цагдаад тэмдэглүүлээд эрж хайсан боловч олдоогүй байж байгаад 2024 оны 4 дүгээр сард үхэр маань гэрийнхээ хашааны гадна хүрээд ирчихсэн байсан. Ингээд цагдаад хандахад мөрдөгч дэслэгч н.Жавхлан шалгаад миний үхэр мөн болохыг тогтоогоод нэг үхрийг маань надад авч өгсөн боловч эргээд 2 сарын дараа ******* надад хэлэлгүй буцаагаад аваад явчихаад одоо болтол өгөхгүй байгаа тул миний үхрийг хууль журам дүрмийн дагуу надад авч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Лхагважав шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шийдвэр хүчингүй болж дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцаж ирсэн. Миний бие одоо Иргэний хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Амьжиргаа минь болсон 2 үхрийг намайг элэг барьж хулгайлан дээрэмдэж авсан Пүрэвсүрэнг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Лхагважав нь 2 үхэр хулгайлан дээрэмдсэн *******г Цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргаж шалгуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Егөс овогт Доржсүрэнгийн Лхагважавын нэхэмжлэлтэй, Хардэл овогт Амгаланбаатарын Пүрэвсүрэнд холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн 2 үхрийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагважаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ