| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0008/З |
| Дугаар | 112/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 112/ШШ2025/0010
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүгнэлт гаргагч: Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөр
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Оюунбилэг, гуравдагч этгээд Б хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор Б.Түвшинтөр, хариуцагч М.Оюунбилэг /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дүгнэлт гаргач ахлах прокурор Б.Түвшинтөр нь шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газарт Б хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-с хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой гомдол ирсэн. Уг гомдлын дагуу татварын улсын байцаагчийн хянан шийдвэрлэсэн ............... дугаартай хэргийг бүрэн эрхийн дагуу хэргийг татаж хянасан. Ингэж хэргийг татаж хянахад, тус аймгийн Татварын газрын Чандмань сум хариуцсан эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Оюунбилэг ...Б хоршооны Х хүнсний дэлгүүрт онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдсан... гэх ........... дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б хоршоонд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 0043853 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /Онцгой албан татварын тэмдэггүй архи худалдсан/ гэж зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ.
Үүнд: Хууль ёсны төлөөлөгч томилох тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтын тогтоол Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн Ердийн ажиглалт явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай шийдвэр болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны зайлшгүй хийгдэх ёстой хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Нотолбол зохих байдал-ыг бүрэн шалгаж чадаагүй буюу Зөрчлийг хэн үйлдсэн, зөрчил оногдуулах хувь, хүн хуулийн этгээд хэн болохыг тогтоох ажиллагаа хангалттай хийгдээгүй болох нь тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, шийтгэлийн хуудас болон хууль буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Татварын газрын Чандмань сум хариуцсан эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Оюунбилэгийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0043853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч М.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0043853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн байгаа. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсаа хүчингүй болгуулъя гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Өмнө нь Б хоршоог торгосон шийтгэлийн хуудас дээр хэрэг үүссэн байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн шийдвэр гарсан. Шинээр акт гаргахыг даалгаад 60 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл 60 хоногийн сүүлийн өдөр нь Б хоршоог торгоод шийтгэлийн хуудас гаргасан. Иймээс прокурорт гомдол гаргасан. Ингэхдээ хялбаршуулсан журмаар нэг өдрийн дотор зөрчлийн хэрэг нээгээд торгосон байдаг. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд 1.1 зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж байгаа. Тухайн шүүхийн шийдвэр нь худалдагчийн буруутай үйлдэл байх боломжтой тэгэхээр дахин шалгаж тогтоох шаардлагатай гэсэн. Гэтэл энэ нь дахиад Б хоршоон дээр шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй учраас гомдол гаргасан. Иймээс прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөр нь аймгийн Татварын газрын Чандмань сум хариуцсан эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Оюунбилэгт холбогдуулан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0043853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийсэн.
Шүүх хуралдаанд хариуцагч М.Оюунбилэг нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0043853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, Б.Түвшинтөрөөс аймгийн Татварын газрын Чандмань сум хариуцсан эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч М.Оюунбилэгт холбогдуулан гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0043853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ