Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Хохирогч: Э.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд,

            Шүүгдэгч Б.О, түүний  өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805001480069 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.О, 1983 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Соёл урлагийн удирдлага мэргэжилтэй, ...ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Э.Гийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19-20 цагийн үед найз Дгийнд очсон. Би 0.75, 0.5 литрийн хоёр Экспорт архи, 1 ширхэг улаан вино авч очсон. Очиход хохирогч Г, түүний эхнэр, эгч, Д, Дгийн эхнэр байсан. Бид эхлээд хөзөр тоглосон. Хүүхдүүд гэрт байсан учир орцонд гарч тамхи татсан. Хоёр дахь удаагаа тамхи татаж байхад хохирогч Г найгаад байхаар нь зүгээр үү гэж асуусан. Тэгсэн өөдөөс хараал хэлээд намайг түлхсэн. Би гайхаад юу болсон бэ, яасан бэ гэж асуусан чинь хараал хэлээд намайг боосон. Би эхлээд тоглож байна гэж ойлгосон, ямар нэг байдлаар хохирогчтой маргасан зүйл байхгүй. Намайг боогоод боолт нь ороод байхаар нь би өөрийгөө хамгаалж хоёр удаа цохисон. Г хана налаад суухаар нь би тайвшраад тамхи татаад зогсож байхад Гийн гэр бүлийн хүмүүс гарч ирээд юу болсон талаар асуухад нь би болсон асуудлыг хэлсэн. Тэгсэн Г орилоод, эвгүй зан гаргасан. Тэгээд Д гарч ирээд намайг доош нь авч бууж, дараа нь хувцас авчирч өгөхөөр нь би явсан” гэв.

Хохирогч Э.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би эхнэртэйгээ гадуур явж байсан. Тэгсэн Д яриад вино авсан байна хүрээд ир гэж хэлсэн. Эхнэр бид хоёр гадуур явж байгаад  очсон. Бид нар нэг шил архи хувааж ууж байхад О орж ирсэн. О задалсан архитай орж ирсэн, гэртээ архи уусан гэж хэлж байсан. Бид тамхилах гэж эхэлж гараад, дараа нь О хоёулаа гарч тамхилъя гээд намайг аваад гарсан. Тухайн үед би О рүү ямар нэг хараал хэлээгүй. О намайг ирсэнд жоохон дургүй байна уу гээд цохисон. Би ухаан балартаж хэсэг хугацаанд суусан. Тэгсэн эхнэр гарч ирсэн. Би Ооос яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуусан. Д гарч ирээд Оыг аваад явсан. О намайг эмчлүүлж өгнө гэж хэлсэн. 2.460.400 төгрөгийн баримттай зардал байгаа. Гомдолтой байна, цаашид 7.591.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж, хагалгаанд орно” гэв.

Хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн байр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12-р байр 48 тоотод амарч байгаад 19 цагийн үед хөрш Д, Д, эхнэр Б, эгч Г нарын хамт хөзөр тоглож хажуугаар нь вино болон архи уугаад тоглоод байж байтал Дгийн найз О 0.75 литрийн задалчихсан архитай ирээд хувааж уусан. Гаднаас хажуу өрөөг түрээслэдэг эгчийнх нь хамаатны хүн ирэхэд Д өрөө рүүгээ яваад ороход О гарч тамхи татъя гээд орц руу гарсан. Гараад тамхи татаад юм ярьж байтал “танайд ирсэн жаахан дүргүй байна уу” гээд намайг шууд нүүр рүү 2 удаа хүчтэй цохиход ухаан балартаад эвгүй болсон. Маргааш нь гэмтэл орж нүүрээ үзүүлтэл хамар чинь хугарсан байна, зургаа авахуул гэсэн. Монгол Хюндай хувийн эмнэлэг орж нүүрний зураг болон томографикийн зургаа үзүүлээд зөвлөгөө авсан. Тэгэхэд  О, түүний эхнэр, би, эгч Г бид 4 орж эмчтэй уулзсан. Эмч “мэс засалд орно, чиний гэмтэл хамар хугарсан, хацрын яс цөмөрсөн мөн нүдний доод хэсэгт зөрүүтэй хугаралтай байна, хагалгаа хийлгэхгүй бол нүдний доор зөрүүтэй хугарал нь сүүлдээ нүд ширгэж хараагүй болох магадлалтай” гэсэн бөгөөд энэ бүгдийг бид 4 сууж сайн сонссон. Тэгээд төлбөр мөнгө нь хэд вэ гэж асуухад өндөр болохоор чанартай хагалгаа хийж өгнө гээд 7.591.000 төгрөг болно гэсэн. Бид хоёроос өөр хүн байгаагүй, цохиулаад удаагүй байхад манай эхнэр гарч ирсэн ба 3 давхарт зодуулж, цохиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

Шинжээчийн 1090 тоот дүгнэлтэд: “...Э.Гийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд 2, 3-р шүдний ирмэг эмтэрсэн, баруун талын гайморын хөндийн өмнөд болон дотор ханын цөмөрсөн хугарал, баруун ухархайн дотор хана болон дээд ханын зөрүүтэй хугарал, хамрын хянга яс болон 2 хажуу ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...тамхилж байтал согтуу найгаад байхаар нь би Гээс чи зүгээр үү гээд асуухад зайл гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би яасан юм, юу болсон юм гэтэл намайг заамдаад хараал хэлээд миний хүзүүг боогоод байсан. Тэгээд нүүрэн тус газар руу 2 удаа цохиход намайг заамдаж байснаа больсон. Би эхэндээ тоглож байна гэж ойлгож байтал ерөөсөө тоглоогүй үнэнгээсээ заамдаад, боогоод бүр боолт ороод байхаар нь цохисон юм. Цохиход хамраа бариад доошоо хана налаад суучихсан... Эхнэрээс эмчилгээний 120.000 төгрөг авсан...хувийн эмнэлэгт 30.000 төгрөгөөр үзүүлээд гарч ирэхэд надаас 14.000.000 төгрөг Г мөн ах дүү нар нь нэхэмжилсэн. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй өөрийгөө хамгаалж боолтыг нь салгах гэж түүнийг 2 удаа нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-46/, эмчийн үзлэгийн хуудас /хх-н 47-48/, хохирлын баримтууд /хх-н 50-57/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны 2 дугаар орцны 3 давхарт иргэн Э.Гтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Гийн: “... Бид нар нэг шил архи хувааж ууж байхад О орж ирсэн....Тухайн үед би О рүү ямар нэг хараал хэлээгүй. О намайг ирсэнд жоохон дургүй байна уу гээд цохисон. Би ухаан балартаж хэсэг хугацаанд суусан. Тэгсэн эхнэр гарч ирсэн” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 1090 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О нь Э.Гийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь намайг боогоод боолт ороод ухаан балартахаар нь өөрийгөө хамгаалж хоёр удаа нүүр лүү цохисон гэж мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүнийг өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Э.Г нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн 2.460.400 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба уг хохирлоос шүүгдэгчээс төлсөн 150.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.310.400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь хамар болон нүдний ухархайн гэмтлийг эмчлүүлэх хагалгаанд орох шаардлагатай тул хагалгаанд орох зардал 7.591.000 төгрөг нэхэмжилж байна.

Хохирогчийн дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Хохирогч нь тухайн хагалгаанд ороход 7.591.000 төгрөгийн зардал гарах эмнэлгийн байгууллагын нэхэмжлэхийг өгсөн байх ба уг хор уршиг бодитой учраагүй, тухайн хагалгааг хийлгэсний дараа түүний нэхэмжжилж байгаа нэхэмжлэлийн хэмжээ ихсэх, багасах аль нь болох нь тодорхойгүй тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Оыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох,  шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар улсын яллагчийн торгох ялын саналаас бага хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Оыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооос 2.310.400 төгрөг гаргуулж хохирогч Э.Гт олгосугай.
  6. Хохирогч Э.Г нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР