Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00548

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00548

 

Ц.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00319 дугаар шийдвэртэй

Ц.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Бт холбогдох

250 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Чинхүсэл, хариуцагч У.Б, түүний өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан 180 000 000 төгрөгийг зээлсэн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гараар баримт үйлдэн 70 000 000 төгрөгийг нийт 250 000 000 төгрөгийг Ц.Цээс зээлсэн боловч өнөөдрийн байдлаар зээлийн төлбөрийг огт төлөхгүйгээр Ц.Цийг хохироож байгаа болно. Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1-т зээлийн гэрээний хугацаа 10 сар байна гэж заасан мөн 3.2-т зээлдэгч нь зээлийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлөх бөгөөд энэхүү хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан боловч гэрээний үүргийг биелүүлээгүй болно. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй 219.3 дахь хэсэгт нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул Ц.Ц нь зээлийн төлбөрийг гэрээний дагуу шаардах эрхтэй. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 70 000 000 төгрөгийн тухайд талууд хоорондоо мөн хүүгүй байхаар тохиролцож зээлдэгчийг эргүүлэн төлөхийг шаардсан үед буцаан төлөхөөр амаар зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43.1 дэх хэсэгт амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, 43.1.2-д хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон гэж заасан бөгөөд аман гэрээ байгуулсныг нотлон У.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гараар У.Б нь Ц.Цээс 70 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно гэсэн бичгийг Ц.Цд бичиж өгсөн байдаг. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан бөгөөд Ц.Ций хувьд тухайн мөнгөн хөрөнгийг 2020 оны 01 сараас шаардаж эхэлсэн боловч У.Б нь өнөөдрийг хүртэл төлөх арга хэмжээ аваагүй байна. Иймд У.Боос зээлийн гэрээний дагуу зээлсэн нийт 250 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц нь иргэн У.Б надад холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд 250 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд би энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байна. Ц.Ц нь надтай 2018 оны 4 сараас эхлэн С ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болж ресторан, зоогийн газрын бизнес эрхлэхээр бизнесийн түншүүд болж, Сентрал товер-ийн 2 давхарт үйл ажиллагаа явуулан хамтран ажиллаж ирсэн. Ц.Ц нь хувьцаа эзэмшигч, бизнесийн хамтрагчийн хувиар компанидаа хийж буй хөрөнгө оруулалтын мөнгийг бэлнээр надад өгч байсан бөгөөд миний зүгээс ч уг мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөгийг ашиглалгүй компанид шаардлагатай хөрөнгүүдийг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Энэ тухай бүх л компанийн тайлан, холбогдох санхүүгийн баримтыг хувьцаа эзэмшигч Ц.Цд гарган өгч ажлаа тайлагнаж байсан. Би өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан компанийг ашигтай ажиллуулах зорилгоор хичээж ирсэн боловч эдийн засгийн хямрал, түрээс, татварын өрийн дарамтаас болж ашиггүй ажиллаж, сүүлдээ түрээсийн төлбөрөө ч дийлэхгүй болж уг өр төлбөртөө компанийн хөрөнгийг өгсөн. Энэ талаар ч мөн адил хувьцаа эзэмшигч Ц.Цд учирлан тайлбарлаж бүх санхүүгийн тайлан холбогдох баримтуудаа танилцуулахад Ц.Ц ...таны нөхцөл байдлыг ойлголоо гэхдээ би бас өөрийн оруулсан хөрөнгийг баталгаажуулмаар байна, оруулсан хөрөнгө оруулалтаа зээлийн гэрээ байгуулж баталгаажуулъя... гэж шүүхэд өгсөн байгаа 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү 180 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гэх баримт нь угтаа зээлийн гэрээ биш бөгөөд хувьцаа эзэмшигч Ц.Ций С ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын баталгаа болгон надаар гарын үсэг зуруулж, үйлдүүлсэн баримт юм. Иймээс энэхүү зээлийн гэрээ нь хууль журмын хувьд дүр үзүүлэн хийсэн компанийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулан нөхөн үйлдсэн баримт юм. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 70 000 000 төгрөгийг зээлсэн гэх баримт нь мөн л С ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаа надаар дамжуулан өгсөн байдлаа баталгаажуулж, үйлдсэн баримт юм. Би Ц.Цээс нэг ч төгрөгийг зээлж аваагүй бөгөөд өөрийнх нь өгсөн бүх хөрөнгө оруулалтыг компанид оруулж байсан атал намайг иргэний минь хувиар мөнгө зээлсэн болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад маш их гомдолтой байна. Хэрэв Ц.Ц өөрийн С ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болох 250 000 000 төгрөгөө намайг өөртөө зарцуулсан гэж үзэж, хардаж байгаа тохиолдолд би компанийн бүхий л баримтыг өөрт нь дахин гаргаж өгөхөд бэлэн байна. Гагцхүү бидний хувьцаа эзэмшиж буй С ХХК маань одоог хүртэл ашигтай ажиллаж чадаагүй байгаа учир Ц.Ц ч тэр би ч тэр хөрөнгө оруулалтын өгөөжөө авч чадаагүй байгаа билээ. Иймд дээрх үндэслэлээр Ц.Ций нэхэмжилж буй 250 000 000 төгрөгийн зээлийн гэх мөнгийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч У.Боос 250 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 1 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Боос 1 407 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч У.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр нь миний Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь дараах байдлаар тогтоогдоно. Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа, өмгөөлөгч авах эрхийг минь уландаа гишгэсэн. Миний өмгөөлөгч болох Г.Т нь тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21/47 тоот албан бичгээр хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй тухай мэдэгдэж Мэндсаруул өрхийн эрүүл мэндийн эмнэлгийн магадалгааг хавсаргаж явуулсан байхад үүнийг үл ойшоож өмгөөлөгчийн минь эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж миний эрх ашгийг ноцтой хохироосон. Улмаар шүүх хуралдааны эхэн болон явцад би удаа дараалан өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасаар байхад үүнийг хүлээн авч шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэгэнт миний өмгөөлөгч өөрийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлэн, эрх бүхий байгууллагын актыг авч, холбогдох хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан баримтыг шүүхэд хүргүүлсэн байтал шүүхийн зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж уг баримтыг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэргийн үнэн мөнийг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Би иргэн Ц.Ций надад зээлсэн гэх энэ мөнгийг хувийн журмаар аваагүй Ц.Ц ч уг мөнгийг бид хоёрын хамтран эзэмшдэг С ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр надад өгсөн байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй зээлийн гэрээ байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө зарцуулаагүй бөгөөд бүх хөрөнгийг компанид оруулсан үүнийг ч Ц.Ц мэдэж байгаа бөгөөд түүнд бүх санхүүгийн тайлан, хөрөнгийн мэдээллийг танилцуулдаг байсан. Улмаар компанийн санхүүгийн байдалд хүнд байсан бөгөөд Ц.Ц нь та надад итгэж байвал миний компанид оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаажуулж энэ гэрээнд гарын үсэн зур гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Уг зээлийн гэрээ нь компанид оруулсан хөрөнгө оруулалтыг халхавчилж хийсэн гэрээ байсан бөгөөд үүнтэй холбогдох бүхий л баримтыг хууль зүйн хувьд хянуулах, шүүхэд хүргүүлэхээр өмгөөлөгчдөө өгсөн байсан. Миний өмгөөлөгч уг баримтуудыг шүүхэд өгөх гэж байсан боловч Коронавирусын улмаас хөл хорио тавигдсан, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар өвчтэй байсан зэрэг үндэслэлээр шүүхэд хүргүүлэх боломжгүй байсан. Уг асуудлыг шүүхэд удаа дараалан би тайлбарласаар байхад үүнийг шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримталж хэргийн жинхэнэ үнэн учрыг ололгүй хөнгөмсгөөр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх бүх нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжоор хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч У.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 250 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан 180 000 000 төгрөгийг зээлсэн, мөн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гараар баримт үйлдэн 70 000 000 төгрөгийг нийт 250 000 000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 70 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно гэсэн хариуцагчийн бичгийн баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. /хх.6-9/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч Ц.Ц зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан зээлийн гэрээний үүрэг үүсэх нь талууд урьдчилан зөвшилцсөн байхаас гадна бодитой үйлдлээр зээлийн мөнгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдох ёстой.

Хэргийн 6 дугаар талд У.Б нь Ц.Цээс 70 000 000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн болно гэсэн бичгийн баримт авагдсан байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлэн өгсөн талаарх баримт байхгүй байна.

Хариуцагч У.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Ц.Ц нь надтай 2018 оны 4 сараас эхлэн С ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болж, Сентрал товер-ийн 2 давхарт үйл ажиллагаа явуулан хамтран ажиллаж ирсэн билээ. Ц.Ц нь хувьцаа эзэмшигч, бизнесийн хамтрагчийн хувиар компанидаа хийж буй хөрөнгө оруулалтын мөнгийг бэлнээр надад өгч байсан бөгөөд миний зүгээс ч уг мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөгийг ашиглалгүй компанид шаардлагатай хөрөнгүүдийг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар нэхэмжлэгч ...зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч ...компанитай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа үүссэн гэсэн эрс зөрүүтэй тайлбарыг гарган маргасан байхад шүүх уг асуудлыг тодруулаагүй байна.

Анхан шатны шүүх компанид хөрөнгө оруулсан гэсэн хариуцагчийн тайлбарыг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

Хариуцагчийн ... өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь, талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, эрх үүрэг танилцуулж, хэрэгт авагдсан нотлох баримттай танилцуулсан байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай ирээгүй гэх нөхцөл байдлыг шүүхийн захиргааны ажилтан тодруулж асуусан, энэ талаар тэмдэглэлд тусгасан нөхцөл байдлуудыг авч үзвэл шүүхээс хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Харин хариуцагчийн ...Би иргэн Ц.Ций надад зээлсэн гэх энэ мөнгийг бид хоёрын хамтран эзэмшдэг С ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр надад өгсөн байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй зээлийн гэрээ байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00319 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 410 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО