Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 27

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Н.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, М овогт Н- Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000000362 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин гагнуурчин мэргэжилтэй, "Хөхийн дуулга" ХХК-д зөөгч, хамгаалагч ажилтай, ам бүл 4 эцэг эх дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 33-547 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Н-н Э /РД: УХ95122211/,

 

Шүүгдэгч Н.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Энь 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга баранд Ч.Хурцгэрэлийн гарыг мушгиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Яллагдагч Н.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг хэл амаар доромжлоод цохиод зулгаагаад ... миний өмсөж байсан цамцнаас зуурч байгаад урсан. Тэгээд би гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй зуураад байхаар нь гарыг нь тавиулах гээд зүүн гарыг барьж байгаад мушгисан чинь тэр эмэгтэй гар хугарчихлаа гээд түргэн дуудсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

хохирогч Ч.Хурцгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нарыг хөөж туугаад байхаар нь би очоод зөөгчтэй маргалдах үед зөөгч миний зүүн гарыг барьж байгаад мушгиад дээш нь өргөөд хөшсөн. Тэгээд байхаар нь би миний гар өвдөөд байна тавиач гэж хэлсэн чинь миний гарыг тавихгүй байсан. Тэгэхээр нь би жирэмсэн хүн шүү иймээ тиймээ юм болбол чамтай ярина шүү гэж хэлсэн чинь миний гарыг тавьсан. Тухайн үед тавьсан чинь миний зүүн мөр эвгүй болоод бадаараад мэдрэхгүй байхаар нь түргэн дуудаад өг гэж хэлсэн, түргэний эмч ирээд гарын яс хугарсан зүйлгүй байна, гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуул гэж хэлсэн. Миний зүүн гарын мөрөнд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын бугуй хавдаж хөхөрсөн, баруун тохой зулгарсан зэрэг гэмтэл авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга барны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "... Ч.Хурцгэрэл ширээнээс босоод Э-ийг хажуугийн ширээн дээр очиход араас нь очиж байгаад Э, Хурцгэрэл, 2 хоорондоо муудалцаад дундуур нь найз нь орсон, 00 цаг 09 минут 26 секундэд Энхтөр нь Хурцгэрэлийг түлхээд Энхтөр зүүн гараараа Хурцгэрэлийн зүүн гарын бугуйнаас нь барьж байгаад мөрөөр нь мушгиад, зүүн гарын бугуйнаас нь хөшиж байгаад текний хажуу талын багананд шахаж байгаад дундуур нь найз эмэгтэй нь орж салгаж байгаа, Э наашаа ширээ рүү яваад Хурцгэрэл зүүн гараа бариад доошоо суусан" гэх тэмдэглэл /хх-ийн 19-20х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №15118 тоот дүгнэлтэд: Ч.Хурцгэрэлийн биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тоходй зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгхдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Э-ийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. М овогт Н-н Э-ийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э--ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ