Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

 

  Н, Б, М нарт

  ­холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Сайнтөгс даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: А,

Шүүгдэгч: Н,

Шүүгдэгч: М,

Шүүгдэгч: Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Б.Одбаяр, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М, Н, Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч А нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн, Н, Б, М нарт холбогдох 2319000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.1. Б.Н, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах албадлагын аргаа хэмжээ авхуулж байсан,

 

1.2. М.М,

 

1.3. Б.Б.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н, Б, М нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн 02 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***зочид буудалд Лтай хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Даас шүүгдэгч Н, М, Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н, М.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Быг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н, М нарт оногдуулсан тус бүрийн 5 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүрийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Нт оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар эдлэх хорих ялыг, шүүгдэгч Мт оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар эдлэх хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н, М, Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...Хэргийн холбогдогч нарын хэнийх нь үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирч, хор уршигт хүргэсэн нь камерын бичлэг болон хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Б, Н нарын хувьд хохирогчийг цохиж байгаа үйлдэл харагддаг боловч хохирогчид гэмтэл учруулсан зүйлгүй байдаг ба тухайн гэмт үйлдлийг харсан гэрч О болон хохирогч нарын мэдүүлгүүдээр Б, Н нар хохирогчийн тархи толгой руу цохиж гэмтэл учруулсан гэх үйл баримтууд тогтоогдохгүй байгаа юм. Камерын бичлэг болон тэмдэглэлд... DREAM гэсэн бичиглэлтэй гадуур хувцастай эрэгтэй нь зүүн гарын бугуй хэсэгт шивээстэй эрэгтэйн толгой хэсэгт зүүн хөлөөрөө 2 удаа дэвсэв. ... Мын үйлдлийн улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа тул Мт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг өөрчилж, Б, Н нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

6. Шүүгдэгч М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Би хохирогчийг өшиглөж унагаагаад толгой хэсэгт нь 2 удаа дэвссэн. Миний үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсныг би маш их ойлгож, гэмшиж байна. ...Надтай цуг байсан манай найзууд болох Б, Н нар хохирогчийг цохисон боловч хохирогчид тухайн үедээ гэмтэл учруулаагүй. ...Би тухайн үед DREAM гэсэн бичиглэлтэй цамц өмсөж явж байсан юм. Би Сүхбаатар аймгийн *** ээж, эгч, дүү нарын хамт ам бүл тавуулаа амьдардаг. ... Ар гэрийн амьдрал ахуйн нөхцөлийн хувьд ч ээжид маань тус, дэм болох хүнгүй болж байгаа нь маш хүнд байна. Иймд надад холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчилж, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

7. Шүүгдэгч Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б, Н бид цохисны дараахан манай найз М хохирогчийг газарт унагаан толгой руу нь дэвссэн. Хохирогч бидэн рүү дайраад араас зодох гээд хүрээд ирэхээр нь бид айсан. Тухайн үед гарч зугтаахаар буудлын хаалгыг нээх гээд чадахгүй байсан ба буудлын хаалга нээгдэхээргүй цоожтой байснаас гарч чадаагүй байж байтал хохирогч бидэн рүү дайрч ирэхээр нь бид хохирогчийг цохиж авсан. Тэгэхэд хохирогчийн нүүрэн хэсгээс цус гарсан зүйлгүй байсан ба Н, Б бид нарын цохилтоос хохирогчид гэмтэл учраагүйг хохирогч тухайн үедээ хэлж байсан. Иймд Б, Н бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

8. Шүүгдэгч Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...бид 2 давхарт маргалдаад энэ хүмүүстэй байж болохгүй юм байна гээд доошоо буугаад гарах гэтэл хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд хохирогч дээрээс бууж ирээд манай 2 найзыг цохисон. Тэгээд би эргэж хараад цохисон. Цохисны дараа нүүр хэсгээс нь цус гарсан зүйл байгаагүй. Цохисны дараа манай найз М газарт унасан хойно толгой хэсэг рүү нь өшиглөж байсан. ...Иймд Б, Н бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

9. Хохирогч Л давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  “...Б, Н хоёр нуруу хүзүү хэсэгт цохисон. Тиймээс тус 2 залуу учруулсан гэмтэл байхгүй тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Тухайн залуучуудад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэжээ.

 

10. Прокурор А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Х болон Оын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг нотлон тогтоосон байдаг. Тухайн хэрэгт авагдсан хамгийн гол баримт нь камерын бичлэг байдаг. Шүүгдэгч нар нь хохирогчийн биед нэгээс хоёр удаа цохисон гэж мэдүүлдэг. Камерын бичлэгийг шинжлэн судлаад хохирогчийн толгой хэсэг рүү нь шүүгдэгч тус бүр 5-6 удаа цохисон байдаг. Мын үйлдэл нь хоёр удаа дэвссэн. ... Шүүгдэгч Мын үйлдлээс үүссэн эсэх нь тодорхой биш шүүгдэгч тус бүр хохирогчийн толгой тус газарт цохисон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М, Н, Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч А нарын давж заалдсан гомдолд тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч М, Н, Б нар нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орой  Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд өрөө авч Х болон Б  нарын хамт орж согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн ба тэдэнтэй хамт байсан Б гарч яваад зэргэлдээх №1 өрөөнд ороод гарч ирэхгүй байсанд Х гарч очиж түүнийг авчрахаар мөн өрөөнд ороод гарч ирэхдээ энд байгаа хүмүүс намайг “том өгзөгтэй юм бэ” гэсэн, “...миний бөгсөнд хүрсэн” гэснээр шүүгдэгч нар №1 өрөөнд очиж  А.Ц, Б.Б, Лтай нартай хэрүүл маргаан үүсгэсэн ба шүүгдэгч нарыг 2 дугаар давхраас 1 дүгээр давхарт буух үед хохирогч Л тэдний араас ирэхэд шүүгдэгч нар нь түүнийг бүлэглэн зодсоны улмаас хохирогч Лын биед гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт  бүхий амь насанд нь аюултай хүнд гэмтэл, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан үйл баримт болсон ба энэ үйл баримтад холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Даас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

2. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М, Н, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

3. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Аээс “...Мын үйлдлийн улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа тул Мт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг өөрчилж, Б, Н нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр, шүүгдэгч Маас “ ...хохирогчид учирсан гэмтэл нь дан ганц миний үйлдэлтэй холбоотой, ... ар гэрийн байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг  хөнгөрүүлж өгөхийг”, шүүгдэгч Б, Н нараас “...бидний цохилтоос хохирогчид гэмтэл учраагүй тул ...бидэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр тус тус гомдол гаргасан.

 

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзсэн.

 

Учир нь: Шүүгдэгч нарын гэм буруутай нь хохирогч Лын мэдүүлэг /1хх 9-10, 15-16/, гэрч Б.Бын мэдүүлэг /1хх 25-27/, Э.Оын мэдүүлэг /1хх 36-38/, Ч.Хгийн мэдүүлэг /1хх 41-43/, А.Цын мэдүүлэг /1хх 46/, С.Оийн мэдүүлэг /1хх 51/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/200 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 112-113/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-4/, хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1хх 104-108/, өвчний түүх /1хх 114-115,119-135/, хохирлын баримт /1хх 18-21/ зэрэг нотлох баримтууд, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримтат мэдээллүүд байх ба мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцуулсан, тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн ажиллагаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч оролцсон байх тул мөрдөн шалгах болон шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “Хууль ёсны байх” зарчмын дагуу явагдсан, оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн,  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Шүүгдэгч М, Н, Б нар нь бүлэглэн хохирогч Лыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, ... энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол,  ...хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т  ...бүлэглэж үйлдсэн бол” гэх гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн.

 

Тодруулбал: Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид “...гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, хамрын зулгаралт бүхий гэмтлүүд учирсан ба гавлын суурь ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл,  хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий  хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан, учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь  Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/200 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 112-113/-ээр тогтоогдсон байна.

 

Эдгээр гэмтэл нь шүүгдэгч М, Н, Б нарын хохирогчийн толгой, нүүрэн тус газарт тал талаас нь олон удаагийн гараар цохисон болон хөлөөр өшиглөсөн үйлдлийн улмаас учирсан нь хэргийн үйл баримтыг нотолсон гэмт хэрэг гарсан газар болох “***” зочид буудлын камерын бичлэгээс тодорхой харагдаж байх тул хохирогчид учирсан хүнд гэмтэл нь зөвхөн шүүгдэгч Мын үйлдлээс болсон гэж ялган зааглах боломжгүй ба анхан шатны шүүхийн энэ  үндэслэлээр гаргасан дүгнэлт  үндэслэлтэй болсон.

 

Хэргийн бодит байдал нь шүүгдэгч нарын хувьд хүнийг зодох нь хууль бус үйлдэл болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсч хохирогчийг  гурван талаас нь гараар цохиж, хөлөөр өшиглөж зодон хохирогчийн эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтлийг зориуд учруулсан байх тул тэднийг гэмт хэргийг бүлэглэж санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Уг дүрс бичлэгийг мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус тус шинжлэн судалсан нь сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ бие биенээ дэмжиж хохирогч Лыг бүлэглэн зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасан “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”  гэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд мөн нийцсэн.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах боловч анхан шатны шүүх шүүгдэгч нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байгаа байдал, хохирогчид учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгө /гар утас эвдэрсэн/-д учирсан хохирол болох нийт 6,274,000 төгрөгийг хохирогчид төлсөн зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т “…таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас доогуур ялыг шүүгдэгч нарт хөнгөрүүлж оногдуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 

 

Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэг буюу Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын  8.1 дүгээр зүйлийн 1, 5-д “гэмт хэрэг үйлдэх үедээ ... арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, “... шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно”,  8.5 дугаар зүйлийн 1-д “...шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан.

 

Гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч Н 18 нас 7 сартай, М 20 нас 7 сартай байсан боловч анхан шатны шүүх тэднийг өсвөр насны хүн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүгдэгч Н, М нарт тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, тус бүрийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу “Шударга ёсны зарчим”-д нийцжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б “...М, Н, Б  нар нь Лын биед хүнд гэмтэл учруулсан гэм гэм буруутай” гэсэн санал гаргасныг анхан шатны шүүх үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3, 66.6.6, 66.7-д заасанд тус тус нийцсэн.

 

8. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч М, Н, Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч А нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М, Н, Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч А нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М, Н, Б нарын цагдан хоригдсон 58 хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  О.ОДНЯМАА