2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01909

 

 

 

 

 

 

 

    

     2025             03            13                                            192/ШШ2025/01909

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол,*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч:******* дүүрэг,******* дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж,******* дугаар байр, 59 тоотод оршин суух, ******* овогт*******ийн******* /РД:УС88071340/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,*******гийн хотхон, дугаар байр, 13 дугаар давхар, 78 тоотод оршин суух, ******* овогт Батсүхийн Равжир /РД:ЙЮ86122771/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 44,657,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хамтран ажиллах гэрээний  үүрэгт 56,373,202 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Оюунханд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, Э.Золжаргал

Хариуцагч Б.Равжир

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х.Оюунханд нь хариуцагч Б.Равжирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,657,000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Х.Оюунханд нь Г.Үйлстөгөлдөр, Б.Равжир нарын гуйлтаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Неткапитал Инвест” ХХК ББСБ ХХК-аас өөрийн эзэмшилийн toyota land cruiser 300 маркын авто машиныг барьцаалж 40,000,000 төгрөгийн зээл авч, уг мөнгийг тэр даруй хариуцагч Б.Равжиртай хийсэн зээлийн аман хэлцлийн дагуу түүний Хаан банк дах тоот дансанд “Зээл” гэсэн утгатай шилжүүлсэн.

1.2. Хариуцагч Б.Равжир нь уг зээлийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж дуусах, зээлийн гэрээний эхний 4 сар зөвхөн хүү төлөхөөр тохиролцсон.

1.3. Хариуцагч эхний 3 сар зээлийн хүүг төлж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х.Оюунхандын Хаан банк дах тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлж “найз нь байгаа мөнгөө чамруу хийчихлээ, зээлийн үлдэгдэл 38.000,000 төгрөгийг миний найз хаагаад, түр аргалаж байгаач, найз нь хөдөөнөөс очоод жижиг тэргээ зараад өгье, тэгэхгүй бол найз нь 2 сарын 1-ний өдрөөс үндсэн зээл, хүүгийн дарамтад орох гээд байна” гэж гуйсан.

 

1.4. Х.Оюунханд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,8 хувийн хүүтэй Лэнд апплекэйшний зээлийг хаах гэж байсан мөнгөөрөө Б.Равжирт өгсөн зээл, зээлийн хүү нийт 40.395,000 төгрөгийг “Неткапитал Инвест” ББСБ ХХК-нд төлсөн. Гэвч хариуцагч дээрх зээлийг буцааж төлөөгүй. Х.Оюунханд өөрийнхөө зээлийг өнөөдрийг хүртэл төлж чадахгүй хүүг нь төлөөд хүүний өрөнд орохоороо дахин өөр газраас зээл авч дарсаар маш их хохирч байна. Иймд дээрх зээл хаасан 38,395.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч Б.Равжирын зээлийг төлж, Лэнд.мн апплэкейшний 3,8 хувийн хүүтэй өөрийнхөө 34,950,000 төгрөгийн зээлийг төлж чадаагүй, энэ зээлийн хүү болох 1,328.100 төгрөгийг 2024 оны 2,3,4,5 дугаар сард төлсөн ба нийт 5,312,400 төгрөгийг төлж хохирсон. Мөн 2024 оны 5 дугаар сараас арай хүү багатай тул “Бид” ББСБ ХХК-аас 2,6 хувийн хүүтэй, 25,000,000 төгрөгийн зээл авч Лэнд.мн апплэкейшний зээлийг хаасан ба 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 476,666 төгрөгийн хүү төлсөн ч дахин төлөх өдөр ойртож өнөөдрийн байдлаар 23 хоногийн хүү болох 472,945 төгрөгийн өртөй байна. Иймд хариуцагчаас дээрх зээлүүдэд төлсөн хүү болох 6,262,000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч Б.Равжираас нийт 44,657,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Оюунханд нь 2023 оны 10-р сарын 16-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, Б.Равжирт зээлсэн мэтээр нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Х.Оюунханд анх 2022 оны 11-р сард ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгсэл худалдаж аваад, түүнээс хойш 5 сар гаруй хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд түүний зорилго нь нүүрс тээвэрт явуулах байсан юм. Тэгээд 2023 оны 04-р сард тэрээр Б.Равжир, Г.Үйлстөгөлдөр бид хоёртой уулзаж найзынхаа машиныг нүүрс тээврийн компанид оруулж өгч туслаач, машинаа дундаа эзэмшиж, Б.Равжир машинаа бариад тээвэрт яваад өгөөч, өөр хүнд машинаа унуулмааргүй байна, олсон ашгаа ижил тэнцүү 50/50 хувь хувааж авъя, та хоёрыг машин авах үед найз нь дэмжинэ гэж гуйж байсан.

Тухайн үед бид хоёр хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулж орлого олдог байсан. Өөрсдөө ачаа тээврийн зориулалттай тээврийн хэрэгсэл худалдан авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байсан боловч мөнгөний боломж арай хүрэхгүй байсан юм. Ингээд бид өөрсдийн найз Х.Оюунхандын гуйлтаар түүний амлалтад итгэж түүний эзэмшлийн машиныг өөрсдийн танил ахын компани болох “Мэнд Транс” ХХК-ийн захирал Золжаргалтай Х.Оюунхандын бид гурав уулзаж бидний дундын машин байгаа юм, та компанийнхаа нэр дээр нүүрс тээвэрт явуулаад өгөөч гэж гуйсан.

Дээрх компанийн захирал Золжаргал нь Б.Равжир, Г.Үйлстөгөлдөр бид хоёрыг өөрсдийн тээврийн хэрэгслээ худалдан авсны дараагаар компанидаа нүүрс тээвэрлүүлэхээр өмнө харилцан тохиролцсон байсан боловч тухайн цаг хугацаанд бид машинаа авах бололцоогүй байсан тул Х.Оюунхандын саналыг дэмжиж түүнтэй хамтран ажиллахаар болсон. Биднийг “Мэнд Транс” ХХК-ийн захирал дэмжиж Х.Оюунхандын машиныг нүүрс тээвэрт явуулахаар болж, гэрээ байгуулахдаа Б.Равжир, Х.Оюунханд нарын дундын компаниараа гэрээгээ байгуулах гэсэн боловч хугацаа шаардах болоод найз нь ашигаа хуваагаад явна асуудал үүсэхгүй гэсэн учраас Х.Оюунханд найзынхаа үгэнд итгэж түүний компани болох “Гого Чандмань” ХХК-ийн нэр дээр хийх санал тавьж, улмаар гэрээгээ байгуулсан.

Ингээд Б.Равжир түүний машиныг унаж нүүрс тээвэрт явж эхэлсэн. Бидний хувьд өөрсдийн ачаа тээврийн зориулалттай автомашинаа авах гэсэн төлөвлөгөөний дагуу 2023 оны 10-р сард нүүрс тээврийн машин зээлээр худалдан авсан. Х.Оюунханд биднийг машин худалдан авахад дэмжлэг үзүүлнэ гэсний дагуу надад 40,000,000 төгрөгийг өгсөн.

Х.Оюунханд бид 1 жил 2 сарын хугацаанд хамтран ажилласнаас хойш автомашинаар нүүрс тээвэрт яваад нийт 120,000,000 гаруй төгрөгийн цэвэр ашиг олсон гэж би бодож байна. Найздаа итгэж ашиг орлого олох зорилгоор хамтран ажиллаж ашиг орлого олсон байтал шүүхээр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймд Б.Равжир би Х.Оюунхандаас 40,000,000 төгрөгийг зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох хүүний алдангийн төлбөр болох нийт 44,657,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.Оюунханд нь 2023 оны 04-р сард тэрээр Б.Равжир, Г.Үйлстөгөлдөр бид хоёртой уулзаж найзынхаа машиныг нүүрс тээврийн компанид оруулж өгч туслаач, машинаа дундаа эзэмшиж, Б.Равжир машинаа бариад тээвэрт яваад өгөөч, өөр хүнд машинаа унуулмааргүй байна, олсон ашгаа ижил тэнцүү 50/50 хувь хувааж авъя, та хоёрыг машин авах үед найз нь дэмжинэ гэх мэтээр гэж гуйж байсан юм. Х.Оюунхандад итгэж түүний эзэмшлийн машиныг өөрсдийн танил ахын компани болох “Мэнд Транс” ХХК-ийн захирал Золжаргалтай Х.Оюунханд бид гурав уулзаж бидний дундын машин байгаа юм, та компанийхаа нэр дээр нүүрс тээвэрт явуулаад өгөөч гэж гуйсан. Дээрх компанийн захирал Золжаргал нь Б.Равжир, Г.Үйлстөгөлдөр бид хоёрыг өөрсдийн тээврийн хэрэгслээ худалдан авсны дараагаар компанидаа нүүрс тээвэрлүүлэхээр өмнө харилцан тохиролцсон байсан боловч тухайн цаг хугацаанд бид машинаа авах бололцоогүй байсан тул Х.Оюунхандын саналыг дэмжиж түүнтэй хамтран ажиллахаар болсон. Биднийг “Мэнд Транс” ХХК-ийн захирал дэмжиж Х.Оюунхандын машиныг нүүрс тээвэрт явуулахаар болж, гэрээ байгуулахдаа та гурав дундын компаниараа гэрээгээ байгуул гэсэн боловч тийм компани байгаагүй тул Х.Оюунхандын компани болох “Гого Чандмань” ХХК-ийн нэр дээр хийх санал тавьж, улмаар гэрээгээ байгуулсан.Ийнхүү бид 2023 оны 5 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд Х.Оюунхандын “Гого чандмань” ХХК-ийн Хаан банкин дахь 5427143256 тоот харилцах дансанд тээврийн үйл ажиллагаанаас олсон орлого ордог байсан боловч тэрээр намайг ажиллаж байх хугацаанд анх тохирсоны дагуу 50 хувийн ашгийг өгдөггүй байсан. Гэтэл дээрх дансанд намайг ажиллаж байх хугацаанд нийт 112,746,404.71 төгрөг “Мэнд Транс” ХХК-иас шилжин орсон байх бөгөөд тэрээр бүх мөнгийг “касс руу” гэсэн утгатайгаар өөрийн Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлэн авч, хэрхэн яаж зарцуулсан нь тодорхойгүй байна.

Иймд Х.Оюунхандаас нүүрс тээврийн үйл ажиллагаанд хамтран ажилласаны үр дүнд бий болсон 112,746,404.71 төгрөгийн 50 хувийн ашиг болох 56,373,202 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Б.Равжир нь “Бейбен Транс” ХХК-тай хийсэн гэрээний дагуу 20,983,261 төгрөг, “Мэнд Транс” ХХК-руу шилжиж хийсэн гэрээний дагуу*******’215’701 төгрөг, нийт Равжирт 45’198’962 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хоол, замын зардал болон түүнтэй холбогдон гарах бусад зардлыг машинаа унуулж байх 11 сарын хугацаанд өгсөн байна.Энэхүү цалин хөлс нь тээвэр хөлсөлж буй компаний нэрээр төлөгддөг ч манай компаний авах тээврийн үйлчилгээний мөнгөнөөс хасагдаж тооцогддог.

Хамтран ажилласан гэдэг яриа бичгээр болон аман хэлбэрээр хэзээ ч байгаагүй ба зээлсэн мөнгөө төлөхгүй гэсэн үед гаргаж ирсэн өөрсдийх нь яриа гэдгийг нотлох гэрч цөөнгүй байхад яагаад Равжир хамтран ажилласан гээд байгааг огт ойлгохгүй байна. Хоёул хоёулаа ямар ч орлогын эх үүсвэргүй хэцүү байхад нь найзыгаа цалин хөлстөй байлгах гэж үнэтэй эд хөрөнгөө хариуцуулан итгэл хүлээлгэж, машинаа хүртэл унуулж байхад өрийг нь ч барагдуулж төлөөгүй машины олсон ашгийн тал нь минийх гээд байгааг ойлгохгүй юм.

Хэрэв би олсон ашгийн 50 хувийг өгнө гэсэн бол цалин хөлс, сэлбэг түлшний мөнгийг бүтнээр нь төлөхгүй. Мөн ашгийн талыг өгөх гэж байгаа бол “зээл” гээд шилжүүлэхгүй. Хэрэв ашгийн тал юм бол ашиг гээд байгаа мөнгө нь орохоор өгөхгүй, машинаа барьцаалж “зээл” гэж өгөөд байгаа юм бэ. Ашиг гэдэг чинь орсон орлогоос зардал, өр суутгалыг хасаад үлдэх мөнгийг хэлдэг. Гэтэл би олсон орлогоосоо машины өрнийхөө талыг ч төлөөгүй. Өнөөдөр уг машины зах зээлийн үнэлгээ хүртэл 250 сая төгрөгнөөс хэтрэхгүй байдалд байна. Энэ хүмүүс надаас зээлсэн мөнгө болон авсан цалин хөлсөө ашиглан нүүрс тээврийн машин худалдан авч, ашиг орлого олж байхад би энэ хүмүүст зээлсэн мөнгөнийхөө хүүг нь банк бус санхүүгийн байгууллагад төлсөөр маш их хохирч байна.

Ямар ч аж ахуй нэгж байгууллага ашигтай ажиллахын төлөө байдаг. Би ч тэдний нэг байтал Равжирт ашгийн 50%, дээр нь нэмээд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хоол, замын зардал, мөн нэмээд түрээсийн гэрээтэй ажилладаг компанидаа 10%, техниктэй холбоотой бүхий л зардал суутгал гээд үлдсэн жаахан 20-25 хувийг машины зээлнээсээ хасуулна гээд ийм ашиггүй ажиллах зорилготой ямар ч байгууллага, хүн гэж байхгүй. Б.Равжир нь өөрсдөө машинтай болмогцоо миний ажлыг хаяж, надаас зээлсэн мөнгөө төлөхгүй гэсэндээ ийм байж боломгүй үлгэр зохион, башир овилгогүй арга хэрэглэж байна.

Мөн******* гэсэн хувь хүн надаас зээлсэн мөнгөө эргүүлж өгөхөд л болох байтал цалин хөлсөө аваад ажиллаж байсан миний 100 хувь эзэмшлийн “Гого-Чандмань” ХХК-ийн данс тооцоог хольж, нэг ч төгрөг нийлээгүй, хөрөнгө оруулаагүй хэрнээ ямар ч үндэслэлгүйгээр орлогын 50 хувийг нэхэмжилж байна.

Өнөөдрийг хүртэл байгууллагын олсон орлого 112,746,404 төгрөг байгаа ба үүнээс зардалдт 50,000,000 төгрөг, Б.Равжирт цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хоол, замын зардалд 45,198,962 төгрөг өгөхөөс гадна нэмж зээл гэж 38,395,000 төгрөг, нийт 83,593,962 төгрөг, “Гого Чандмань” ХХК-нд*******,000,000 төгрөг. Дээрх дүнгээс харахад л үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага болон 100 хувь хөрөнгө оруулсан хүнээс илүү ашиг орлого олдог ажилтан болон хамтын ажиллаагааны гэрээ гэдэг байж боломгүй зүйл бөгөөд компанийн дансанд бүртгэлтэй уг тээврийн хэрэгслээр олсон орлого нь анх худалдан авсан өөрийн өртгийг ч гаргаж өр төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.Оюунхандаас Б.Равжирт 40,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, “Нэткапитал инвест” ХХК болон Х.Овунханд нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ЛэндМН ББСБ ХК болон Х.Оюунхандын хооронд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, цахим зурвасны фото зураг, Хаан банк дахь Гого чандмань ХХК-ийн дипозит дансны хуулга, “Нэткапитал инвест” ХХК-ийн зээлийн төлбөр төлсөн баримт, болон Х.Овунханд нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ,, Х.Оюунханд нарын иргэний үнэмлэхийн хуулбар,аас 310,000,000 төгрөг Х.Оюунхандад шилжүүлсэн баримт, Минс ХХК болон Х.Оюунханд нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, Гого чандмань ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 023/015 дугаартай албан бичиг, Гого чандмань ХХК болон Бейбен транс ХХК-ийн хооронд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай автомашин түрээслэх гэрээ, Гого чандмань ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 023/018 дугаартай албан бичиг, Бейбен транс ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32/23 дугаартай ажилд томилох тухай тушаал, Мэнд транс ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн*******/163 дугаартай Гого чандмань ХХК-нд гаргасан тодорхойлолт, Мэнд транс ХХК-ийн рейсийн цалин, хоол, замын зардлын тооцоолол, Х.Оюунхандаас Лэндмн ББСБ ХК-нд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 540,000 төгрөг, Бизнес-инвест девелопмент ББСБ ХХК-нд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,750,557 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,752,764 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,750,992 төгрөг тус тус шилжүүлсэн баримт, цахим зурвасны фото зураг, Хаан банк  дахьын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бейбен транс ХХК-ийн замын зардал, хоолны мөнгөний тооцоо, цалингийн тооцоолол, жолооч нарт тараасан ковролын тооцоо, Хариуцагчаас Хаан банк дахь Б.Равжирын дипозит дансны хуулга, УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Б.Равжирын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Мөнх эрчист хүлэг ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Оюунханд болон Б.Равжир нарын хооронд харилцсан гэх цахим захидалд үзлэг хийсэн, хариуцагчийн хүсэлтээр Б.Равжир, Батсайхантай харилцсан гэх цахим захидалд үзлэг хийсэн. Мөн талуудын хүсэлтээр гэрчээр,,,,,,,, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Х.Оюунхандын нэхэмжлэлээс 34,408,838 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 10,248,162 төгрөгт холбогдох хэсгийг, хамтран ажиллах гэрээний үүрэгт 56,373,202 төгрөг гаргуулах хариуцагч Б.Равжирын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.Равжир зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт 38,395.000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 6,262,000 төгрөг, нийт 44,657,000 төгрөг гаргуулахаар шаардсан.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Х.Оюунханд нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийн хариуцагч Б.Равжирт шилжүүлсэн. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Х.Оюунханд нь хариуцагч Б.Равжиртай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг хамтын үйл ажиллагааны ашгийн 50 хувь болох 56,373,202 төгрөг өгөх үүргээ гүйцэтгээгүй гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй тул 56,373,202 төгрөг хариуцагчид төлөх үүрэггүй үндэслэлээр няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч Х.Оюунханд нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийг зээл гэх гүйлгээний утгаар хариуцагч Б.Равжирт шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

8. Хариуцагч Б.Равжир нь нэхэмжлэгч Х.Оюунхандын хамаарал бүхий “Гого чандмань” ХХК-ийн эзэмшлийн 5285 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад бүсэд нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий “Бейбен транс” ХХК-нд түрээслүүлэх гэрээ байгуулахад холбож өгсөн, улмаар “Гого чандмань” ХХК болон “Бейбен транс” ХХК-ийн хооронд автомашин түрээслэх гэрээ байгуулагдаж, тухайн тээврийн хэрэгслийн жолоочоор хариуцагч Б.Равжир ажилласан болох нь хэрэгт авагдсан автомашин түрээслэх гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

9. Хариуцагч Б.Равжир нь 5285 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарын дуустал “Бейбен транс” ХХК-нд ажиллаж 20,983,261 төгрөгийн цалин, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарыг дуустал “Мэндтранс” ХХК-нд ажиллаж*******,215,701 төгрөгийн цалин авсан болох нь “Мэнд транс” ХХК, “Бейбен транс” ХХК-ийн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 71 тал, 165-166 тал/

 

10. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Х.Оюунхандын хариуцагч Б.Равжирт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж, хариуцагч талаас хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж харилцан адилгүй тайлбар гаргаж байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

 

12. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулсан байхыг шаардана.

 

13. Хариуцагчаас татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гэрчээр,, Золжаргал нараас мэдүүлэг авах, Батсайхан болон Равжир нарын хооронд харилцсан цахим харилцааны бичлэгт үзлэг хийсэн. Хэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн талуудын цахим харилцааны бичлэг, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд хамтран ажиллахаар хүсэл зоригоо илэрхийсэн хэлцэл байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.   

 

14. Харин хариуцагч Б.Равжир нь “Нэткапитал инвест” ХХК-нд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,183,600 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,183,562 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,224,000 төгрөг, нэхэмжлэгч Х.Оюунхандад 2024 оны 01 дүгээр сарын*******-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн, гэрч “Тухайн үед би Г.Үйлстөгөлдөрөөс юм авах гэж очсон, гэрийнх нь гадаа машинд сууж байхад Х.Оюунханд залгаад “заа яасан машинаа зарсан уу” гэсэн би хажуунаас нь “юун машин бэ” гэсэн, надад Г.Үйлстөгөлдөр хэлэхдээ “Х.Оюунхандаас бид хоёр 38,000,000 төгрөг авсан юм. 20,000,000 төгрөгийг өгье гэсэн чинь бүтнээр нь авмаар байна” гэсэн, 18,000,000 төгрөгийг нь машинаа зарж өгдөг юм уу гэж хоёр найз нь бодож байна хэлж байсан. Г.Үйлстөгөлдөр Х.Оюунхандад “чи Б.Равжиртай учраа ол” гээд тасалсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байна.

 

15. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Оюунханд нь Б.Равжирт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг “Нэткапитал инвест” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлж авсан бөгөөд эхний 3 сарын зээлийн хүүг хариуцагч Б.Равжир төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэх гэж тайлбар нь хариуцагч Б.Равжираас 3,591,162 төгрөгийг “Нэткапитал инвест” ХХК-нд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн, 2,000,000 төгрөг нэхэмжлэгч Х.Оюунхандад, нийт 5,591,162 төгрөг төлсөн үйл баримтаар нотлогдож байна.

 

16. Нөгөө талаас хариуцагч Б.Равжир нь нэхэмжлэгч Х.Оюунхандаас хамтран ажиллах гэрээний дагуу ашиг авах эрхтэй байсан тохиолдолд тэдгээрийн хооронд тухайн асуудлын талаар харилцаж байсан баримтгүй, харин хариуцагч Б.Равжир нь нэхэмжлэгч Х.Оюунхандад дээрх байдлаар мөнгөн хөрөнгө буцаан төлсөн нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

17. Мөн хариуцагч талын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нь Х.Оюунханд, Б.Равжир нарын 38,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцааны талаар хариуцагч Б.Равжирын эхнэр гэх Г.Үйлстөгөлдөрөөс сонссон зүйлийнхээ талаар мэдүүлсэн байхаас гадна маргаан бүхий мөнгөн хөрөнгийн гүйлгээний утгыг “зээл” гэж баримтад тодорхойлсон нь хариуцагч Б.Равжираас үйлдлээс хамааралгүй боловч хариуцагч Б.Равжираас нэхэмжлэгч Х.Оюунханд болон “Нэткапитал инвест” ХХК-нд төлбөр төлж байсан үйл баримт, гэрчын өгсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг гэрчилсэн мэдүүлэг зэргийг давхар нотлож байна гэж үзэхээр байна.  

 

18. Иймд нэхэмжлэгч Х.Оюунханд хүнд даацын тээврийн хэрэгслийг гаргах, хариуцагч Б.Равжир тухайн тээврийн хэрэгслийг бусдад түрээслүүлэхэд зуучлан, өөрөө жолоочоор ажилласан болох нь тогтоогдож байх боловч талууд энэхүү үйл ажиллагаанаас олсон ашгийг тэнцүү хэмжээгээр хуваах талаар харилцан тохиролцсон болохыг хариуцагч баримтаар нотлоогүй.

 

19. Зээлдүүлэгч Х.Оюунханд зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч Б.Равжир нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

20. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.

 

21. Зээлдүүлэгч Х.Оюунханд нь зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Равжирт шилжүүлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөс 5,591,162 төгрөг төлж, үлдэх 34,408,838 төгрөг үүргээ гүйцэтгээгүй байна.

 

22. Нэхэмжлэгч Х.Оюунханд нь “Нэткапитал инвест” ХХК-аас хүүтэй зээлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Равжирт дамжуулан зээлдүүлсэн, мөн хариуцагч Б.Равжирт зээлдүүлсэн мөнгийг тухайн байгууллагад төлөх зорилгоор дахин өөр этгээдээс зээлсэн мөнгөний зээлийн хүү 6,262,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч Х.Оюунханд нь “Нэткапитал инвест” ХХК болон “Лэндмн ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр тодорхой хэмжээний зээл авсан байх ба түүний бусдаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагч Б.Равжирын нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

23. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Б.Равжир зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Х.Оюунхандад хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

24. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Равжираас зээлийн гэрээний үүрэгт 34,408,838 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Оюунхандад олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,248,162 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

25. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч Б.Равжир нь нэхэмжлэгч Х.Оюунхандын хамаарал бүхий “Гого чандмань” ХХК-ийг “Бейбен транс” ХХК-тай “автомашин түрээслэх гэрээ” гэх гэрээ байгуулахад нь холбож өгсөн байх ба тухайн тээврийн хэрэгслийн жолоочоор өөрөө ажиллаж байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Х.Оюунханд нь “Гого чандмань” ХХК болон “Бейбен транс” ХХК-ийн хооронд байгуулагдсан “автомашин түрээслэх гэрээ” гэх гэрээний үндсэн дээр олсон ашгийн 50 хувь гэх 56,373,202 төгрөгийг хариуцагч Б.Равжирт өгөх үүрэг хүлээсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй.

 

26. Иймд нэхэмжлэгч Х.Оюунхандаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 56,373,202 төгрөг гаргуулах хариуцагч Б.Равжирын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

27. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Равжираас 34,408,838 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Оюунхандад олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,248,162 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Х.Оюунхандаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 56,373,202 төгрөг гаргуулах хариуцагч Б.Равжирын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 381,285 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 439,817 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Равжираас улсын тэмдэгтийн хураамжид 329,994 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Оюунхандад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ