| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0004/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 53
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ож овгийн Т-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711006170300 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ож овогт Т-ийн Т /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.Т нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жунбо кафегаас өөрийх нь автомашинаар хүргүүлсэн иргэн Г.Баярсайханы үлдээсэн байсан Хаан банкны виза картнаас 14.621.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жумбо нэртэй пабад хамт ажилладаг, Туяа, Цацрал нартай хамт архи уусан юм. Тэгээд 14 цаг хүртэл сууж байгаад тэндээс гарсан юм шиг байна лээ. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ очсон байсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай эхнэр Одончимэг гэртээ ирээд сэрээсэн. 00:00 цагийн үед утсаа хартал миний данснаас баахан зарлага гарсан мессэж ирсэн байхаар нь Хаан банкны виза картаа үзтэл байхгүй болохоор нь гээгдүүлсэн талаараа мэдсэн. Тэгээд Хаан банк руу утасдаад картаа хаалгасан. Тэгээд цагдаад хандаж байгаа юм аа. Миний данснаас 5 удаагийн гүйлгээгээр 14.621.500 төгрөгийн зарлага гарсан байсан. ...Надад учирсан хохиролыг нөхөн төлсөн, би Т.Т гэх залуутай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19х/.
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жунбо кафегаас өөрийх нь автомашинаар хүргүүлсэн иргэн Г.Баярсайханы үлдээсэн байсан Хаан банкны виза картнаас 14.621.000 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Т.Тт оногдуулсан торгох ял биелүүлэхийг, түүний орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ож овогт Т-ийн Т-ыг гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Тт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Т.Т нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ