Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Шүүгдэгч/хохирогч: Б.А,

            Шүүгдэгч/хохирогч: У.Снар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, У.С нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010086 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ...хаягтай,  ...г, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, У.С, 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ...бүртгэлтэй, ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А, У.Снар нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 11 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...А байрны 2 давхарын ариун цэврийн өрөөнд маргалдан харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С бид хоёр нэг нутгийн хүүхдүүд, бие биенээ таньдаг. 2017 оны 12 дугаар сард шинэ жилийн такснаас болоод Сгийн ангийнхан, манай ангийнхан хоорондоо маргалдаж, манай ангийн хүүхдийг Сгийн ангийн хүүхэд дээрэлхсэн байсан. Би тухайн хүүхэд нь ямар хүүхэд юм бол гэж бодоод Сгаас асуусан. Өмнө нь сургуультай холбоотой юм асуудаг байсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Би Стай эвлэрэх гэж 00-ын өрөө рүү орсон. Тухайн үед эвлэрэх ямар ч боломж байгаагүй, С миний өөдөөс хар, яр гээд байсан. Би Сд хандаж “нэг нутгийн хүүхдүүд байж, хоорондоо эвтэй байгаач” гэж хэлсэн. Тэгсэн С “би угаасаа ийм, ингэж ярьдаг” гээд үгийн зөрүүгүй намайг алгадаад авсан. Тухайн асуудал болсны дараа Сгийн эгч нь хэл амаар доромжилж фэйсбүүк дээр мессеж бичсэн байсан” гэв.

Шүүгдэгч У.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой 12 цагийн үед А над руу фэйсбүүкээр “байна уу, танай ангид Б, А гэж ямар хүүхэд байдаг вэ, тийм том гар байдаг юм уу” гэхэд нь би “томоо том” гэж хэлэхэд “тэр хүүхдийгээ аятайхан байгаарай гэж хэлээрэй гэхэд нь “хоёр бандийн хэрүүл хоёуланд нь ямар хамаатай юм бэ, өөрсдөд нь хэл” гэж хэлсэн чинь “чи бүр өмөөрчдөг юм байна, маргааш ирж уулзаарай” гэж хэлсэн. Тухайн чат нь утсан дээр байгаа. 7 хоногийн дараа ангийнхаа хоёр охинтой шалгалтаа өгөөд явж байхад Атай таарсан. А миний гарнаас татаж 00 өрөө рүү дагуулж орсон. Цонхны хажууд тулж зогсоод “чи яасан том юм, ах захтай байгаач” гэхээр нь “хүндлүүлэх юм хийж байж хүндлүүлээч” гэхэд баруун гараараа миний зүүн хацар руу алгадаад авсан. Зодоон эхлээд намайг үсдээд авахаар нь би булан руу түлхээд хаалга онгойлгоход манай ангийн хоёр охин, Аын ангийн хоёр банди байсан. Зодоон салаад 20-30 минутын дараа сургалтын албаны өрөөний үүдэнд байхад Аын хамаатан Б ирээд хоёулаа уулзаадхъя гэхэд би уулзахгүй гэсэн. Тэгсэн манай ангийн хүүхдүүдийн хажууд хүчээр гарнаас хөтлөөд явсан. Б 00 өрөө рүү намайг дагуулаад орсон. Хаалга түгжихээр нь эргээд харахад А дахин намайг алгадаж, үсдсэн. 00 өрөө рүү ороход Б ангийнхаа охинтой байсан. Б тухайн охинтойгоо салгах нэрийдлээр намайг буланд шахаж хоёр гарыг минь барих үед А годон гутлаараа миний хамар руу хүчтэй өшиглөсөн, миний хамарнаас цус гараад тогтохгүй байхад дахин жийсэн. Миний орилох чимээгээр багш орж ирж салгасан” гэв.

Хохирогчоор Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Нэхэмжлэх зүйл байхгүй, би баримт бүрдүүлээгүй, хүүхдийнхээ хэрэглэж байсан тосыг түрхсэн” гэв

Хохирогчоор У.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хичээлийн амралт болсон учир байцаагчийг дуудахад нь хоёр удаа Сэлэнгээс ирсэн зардал, тосны мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгө, нийт 40.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчоор У.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд ...А байрны 2 давхарт ангийн найз М, У хоёртой явж байгаад Атай тааралдахад миний гарнаас чирээд хоёулаа уулзаадхъя гээд намайг 2 давхарын бие засах өрөө рүү хүчээр авч явсан. Тэгээд бие засах өрөөнд орж дотроосоо түгжээд “чи яасан том болсон юм, ах захтай бай чам шиг царайтай хүнд алдах юм байхгүй” гэхээр нь би “хүндлэх зүйл хийчихээд хүндлүүлээрэй” гэхэд шууд баруун гараараа миний зүүн хацар руу алгадаад үстээд авахаар нь би цааш нь түлхээд бас үсдсэн, тэгээд би цааш нь түлхэж байгаад хаалга онгойлгосон. Тэгэхэд гаднаас холбооны 1 дүгээр курсийн Аын ангийн 2 эрэгтэй, манай ангийн М, У нар орж ирээд бид хоёрыг салгасан. ...А намайг шууд үсдэж аваад би эргэж үсдээд харилцан үсдэлцсэн. ...А годон гутлаараа миний хамар руу өшиглөсөн, миний хамарнаас цус гарахад А намайг тоохгүй үсдээд байсан, удаагүй байж байхад манай ангийн физикийн багш Танхилсайхан, манай ангийн хүүхдүүдтэй орж ирээд салгасан... миний нүүрэнд маажуулж сорви тогтсон, шилэн хүзүү, толгой өвдөж байна, бие махбодиороо хохирсонд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны 10 цагийн үед ...А байрны 2 давхарын шатан дээр С ангийнхаа хүүхдүүдтэй явж байхад нь тааралдсан. Тэгээд би Сг хоёулаа уулзаадхъя гээд 2 давхарын бие засах өрөөнд чи Сака минь яагаад байгаа юм бэ гэхэд намайг тэгээд яадаг юм тэнэг гөлөг минь, би угаасаа ингэж ярьдаг юм, чи яах гээд байгаа юм пизда минь гэхээр нь жаахан юм байж ямар харилцааны соёлгүй ах захаа хүндэлж мэддэггүй юм уу нэг нутгийн хүүхдүүд байж гээд урдаас нь жаахан ойртож зогссон байсан чинь С намайг алгадаад авсан. Тэгээд миний үснээс зулгаагаад доошоо дараад миний нүүр рүү өвдөглөсөн, намайг үснээс чирээд бие засах өрөөний хаалгыг онгойлгосон. ...би Сд чи миний нүүрийг яаж байгаа юм бэ гэхэд хохино гэхээр нь Сг яаж байгаа юм чи гээд алгадсан. Тэгээд намайг үсдээд авахаар нь би түлхсэн, тухайн үед Т намайг салгах гээд оролдож байсан. ...тэгээд салахад Сгийн хамарнаас нь цус гарсан байсан....миний нүүрэнд маажуулсан сорви тогтсон байна. Тухайн үед нүд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч С.Уийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны 13 цагийн үед шалгалт тараад С, Мгийн хамт ...А байрны 2 давхарт явж байгаад шатан дээр Атай тааралдсан. Тэгээд А, Сг хоёулаа уулзаадхъя гээд 2 давхарын бие засах өрөө рүү орсон....удалгүй зодолдож байгаа нь сонсогдоод орилолдоод байсан. ...Тэгээд бид хоёр хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байсан. Тэгээд Сака хаалга онгойлгохоор нь бид 4 хамт орсон. Ороход нэгнийгээ үсдээд нэгнийгээ хөлөөрөө жийгээд байсан. М бид хоёр Сакаг татаж аваад нөгөө хоёр банди нь Аг татаж авсан. Тэгээд харахад Сакагийн дух, хацар хэсэг нь маажигдсан, хацар нь бага зэргийн цус гарсан харагдсан. Агийн үс нь сэгсийсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 644 тоот дүгнэлтэд: “...Б.Аын биед дух, баруун шанаа, хоёр хацар, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхинд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, доод уруулын дотор салст, баруун сарвууны чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 43/,

Шинжээчийн 646 тоот дүгнэлтэд: “...У.Сгийн нүүрэнд зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогч Б.Аын өргөдөл /хх-н 3/, шүүгдэгч/хохирогч Б.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-61, 65/, шүүгдэгч/хохирогч У.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-64, 69/, хохирлын баримтууд /хх-н 66-68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.А, У.Снар нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 11 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...А байрны 2 давхарын ариун цэврийн өрөөнд маргалдан харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, У.Сгийн өгсөн: “...Тэгээд бие засах өрөөнд орж дотроосоо түгжээд “чи яасан том болсон юм, ах захтай бай, чам шиг царайтай хүнд алдах юм байхгүй” гэхээр нь би “хүндлэх зүйл хийчихээд хүндлүүлээрэй” гэхэд шууд баруун гараараа миний зүүн хацар руу алгадаад үсдээд авахаар нь би цааш нь түлхээд бас үсдсэн, тэгээд би цааш нь түлхэж байгаад хаалга онгойлгосон....А намайг шууд үсдэж аваад би эргэж үсдээд харилцан үсдэлцсэн....А годон гутлаараа миний хамар руу өшиглөсөн, миний хамарнаас цус гарахад А намайг тоохгүй үсдээд байсан....миний нүүрэнд маажуулж сорви тогтсон, шилэн хүзүү, толгой өвдөж байна, бие махбодиороо хохирсонд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, Б.Аын өгсөн: “... би Сг хоёулаа уулзаадхъя гээд 2 давхарын бие засах өрөөнд “чи Сака минь яагаад байгаа юм бэ” гэхэд “намайг тэгээд яадаг юм тэнэг гөлөг минь, би угаасаа ингэж ярьдаг юм, чи яах гээд байгаа юм пизда” минь гэхээр нь “жаахан юм байж ямар харилцааны соёлгүй ах захаа хүндэлж мэддэггүй юм уу, нэг нутгийн хүүхдүүд байж” гээд урдаас нь жаахан ойртож зогссон байсан чинь С намайг алгадаад авсан. Тэгээд миний үснээс зулгаагаад доошоо дараад миний нүүр рүү өвдөглөсөн, намайг үснээс чирээд бие засах өрөөний хаалгыг онгойлгосон. ...би Сд чи миний нүүрийг яаж байгаа юм бэ гэхэд хохино гэхээр нь Сг яаж байгаа юм чи гээд алгадсан. Тэгээд намайг үсдээд авахаар нь би түлхсэн, тухайн үед Т намайг салгах гээд оролдож байсан. ...тэгээд салахад Сгийн хамарнаас нь цус гарсан байсан. ...миний нүүрэнд маажуулсан сорви тогтсон байна. Тухайн үед нүд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч С.Уийн: “...удалгүй зодолдож байгаа нь сонсогдоод орилолдоод байсан. ...Тэгээд бид хоёр хаалгыг нь нүдээд онгойлгохгүй байсан. Тэгээд Сака хаалга онгойлгохоор нь бид 4 хамт орсон. Ороход нэгнийгээ үсдээд нэгнийгээ хөлөөрөө жийгээд байсан. М бид хоёр Сакаг татаж аваад нөгөө хоёр банди нь Аг татаж авсан. Тэгээд харахад Сакагийн дух, хацар хэсэг нь маажигдсан, хацар нь бага зэргийн цус гарсан харагдсан. Агийн үс нь сэгсийсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, шинжээчийн 644, 646 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А, У.Снарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А, У.Снар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А, У.Снарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч У.Снь шүүгдэгч Б.Ааас 40.000 төгрөг нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлээс тос авахад гарсан 15.900 төгрөгийг Б.Ааас гаргуулж хохирогч У.Сд олгох нь зүйтэй байна.

Харин амралтаараа цагдаагийн байгууллагад дуудагдаж ирж, очсон галт тэрэгний зардалын мөнгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулах үндэслэлгүй буюу шүүгдэгч У.Снь уг хэрэгт хохирогч, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан байх ба цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу ирэх нь түүний өөрийнх нь үүрэг байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч нар нь хэн хэн нь төлсөн байх тул уг хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэв.

Хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Сгаас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.А, У.Снарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.А, У.Снарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А, У.Снар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.А, У.Снарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А, У.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.А, У.С нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, У.Снарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.А, У.Снарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 15.900 төгрөг гаргуулж хохирогч У.Сд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, У.Снарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР