Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1129

 

 

 

 

    2023              11               28                                       2023/ДШМ/1129

 

О.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч О.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/620 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Эт холбогдох эрүүгийн 2302001400178 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Жанжинхүү овгийн О.Э, 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн тоо хянагч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 70-1 тоотод оршин суудаг, /РД:ИП90061771/,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаар шүүгчийн захирамжаар 9 сар 19 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, уг зорчих эрх хязгаарлах ялаас биеэр 8 сар 19 хоногийг эдэлж, шагналын 30 хоног олгож, дуусгавар болсонд тооцогдсон,  

           

            О.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол бодисын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 10.1766 грамм, мөн жагсаалтад багтсан метамфетамин бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0538 грамм сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт  холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: О.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жанжинхүү овогтой О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 10.1766 грамм “шавар” мэт зүйл, №2 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цагаан өнгийн цэвэр жин нь 0.0538 грамм “мөс” мэт зүйл, №3 гэж дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар ууттай RIO гэсэн бичиглэлтэй төмөр савтай мөнгөлөг цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, шилээр хийсэн гаанс мэт зүйл, хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь мөн дээрх байр суурийг дэмжиж, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно. О.Эийг гэм буруутайд тооцохдоо болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүх хуралдаанд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг түүний өмгөөлөгч дэмжиж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт хэрэглэгдэх нөхцөлийг бүрдүүлж, шаардлагыг хангасан. Тухайлбал, эхнэр С.Ану болон 1-аас 6 насны 3 хүүхдүүдтэйгээ амьдардаг бөгөөд эхнэр нь хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, хэвтрийн дэглэмд эмчлүүлдэг тул хүүхдүүдийг нь гэрт нь харах, сургуульд нь хүргэж өгөх, авах үүргийг эхнэр нь гүйцэтгэх боломжгүйгээс гадна тухайн өрхийн орлогыг залгуулж, тэжээн тэтгэхэд О.Эээс өөр хүнгүй тул ар гэрийн байдал туйлын хүнд байдалд орсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 70-1 тоотод эхнэр, 1-ээс 6 насны 3 хүүхдийн хамт оршин суудаг. Эхнэр С.Ану нь хоёр хөлний хуучин гэмтлийн улмаас ясны үрэвсэл буюу гесемлет буюу идээт үрэвслийн зүүн хөлний шилбэ маш хүнд бие байдалтай хөдөлмөр эрхлэх чадвараа 2022 оны 10 дугаар сараас хойш бүрэн алдсан байдаг. Иймд өдөр бүр уг өвчний улмаас Гэмтэл согог судлалын төвд очиж эмчилгээнд ордог бэрхшээлтэй тулгардаг учраас би өдөр болгон эхнэрийнхээ дэргэд байх шаардлагатай байдаг. Өнгөрсөн хугацаанд хоригдохдоо хүндээр өвдсөн ханьдаа үгээр хэлэхийн арга үгүй санаа зовж, хийсэн үйлдэлдээ харамсаж өөрийгөө чичилж сууна. Мөн хорт зуршлаас сэтгэл зүрх, оюун бодол, ухаан санаанаагаа нэг мөр авч хаяж, дахин хэзээ ч хэрэглэхгүй гэдгээ амлан  байгаагаа дурдах нь зүйтэй. Ар гэрийн байдал болон, миний амьдралд ганцхан удаа боломж олгож, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Олон жил эцэг, эхээ зовоосон тул хорт зуршлыг дахин хэрлэхгүй гэж амлая. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээр гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж буй субьектэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Нөгөөтэйгүүр, тухайн гэмт хэрэг үйлдсэн субьектийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцдэг. О.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэгт заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэхүү гэмт хэргээс үүдэж нийгэмд учирч болох хохирол, хор уршгийн хэмжээ нь их буюу нийгмийн хэмжээнд яригддаг. Мөн шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь цээрлэлийн шинжтэй байх ёстой. Урьд шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн мөн зүйл, хэсэгт заасан буюу 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, уг ялаа биечлэн эдэлсэн. Үүнтэй холбогдуулан өөрийн хувийн байдал, зан авир, амьдралын хэвшилдээ хийсэн дүгнэлтгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой асуудлыг давхар хөндөнө. Энэ ч утгаараа улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанд дурдсан боловч шүүхийн шийтгэх тогтоолд энэхүү байдал дүгнэгдээгүй. Шүүгдэгч О.Э нь урьд энэ төрлийн хэргээр ял шийтгүүлсэн, хорих ял гэж юу болох, хорих ялыг эдэлснээр өөрийн хувийн байдал болон ар гэр, өвчтэй эхнэрийнх нь амьдрал, ирээдүйн нөхцөл байдалд ямар хохирол, хор уршиг учрах вэ гэдгийг мэдсээр байж дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй болоод хууль зүйн үндэслэлгүй байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөтүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

О.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол бодисын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 10.1766 грамм, мөн жагсаалтад багтсан метамфетамин бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0538 грамм сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

О.Эийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 81-84/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 85-86/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 90/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 91/, О.Эийн өвчний түүх /хх 144-154/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн хуцанцар гуурс, хуванцар сав зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...“RIO” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зүйлийн гялгар ууттай жин 12.1210 г, цэвэр жин 10.1766 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0.1175 г, цэвэр жин 0.0538 г байна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1766 дугаартай /хх 104-107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “О.Э ИП90061771 2023.04.04” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1767 дугаартай /хх 111-113/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...О.Э нь Е25.0 Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, Сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна. ...О.Э нь хэрэг үйлдэгдэх үед Е25.0 Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, Сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байсан байна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350 дугаартай /хх 117-119/ гэсэн дүгнэлтүүд,

гэрч О.Энхбилэгийн “...Монголд ирээд сэтгэц нь өөрчлөлттэй болсон байсан. Уул руу гүйж харайгаад, том чулуу авч хүн рүү чулуудаад байсан. Шар хадны эмнэлэгт 2012 онд хэвтүүлж байсан санагдаж байна. ...” /хх 97/,

гэрч С.Анугийн “...Эрдэмбилэгийн зан байдал нь тогтворгүй, заримдаа ганцаараа ярих, гадаа, бороо цас орохоор нүцгэн гараад зогсчихдог, авьяас сонирхол гэх зүйл байхгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэдэн удаа хэвтэж эмчлүүлдэг. ...” /хх 100-101/,

О.Эийн яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэглэдэг нь үнэн, ямар нэгэн зарж борлуулах санаа зорилго агуулаагүй. . ...” /хх 130-132/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Эийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч О.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нар гаргасан давж заалдах гомдолдоо “...Ар гэрийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Э нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, мөн О.Э нь “...Е25.0 Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, Сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна. ...” гэсэн шүүх сэтгэц судлалын шинжээч эмчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч О.Эт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх нь эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага буюу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул эд мөрийн баримтаар хураан авсан №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 10.1766 грамм “шавар” мэт зүйл, №2 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цагаан өнгийн цэвэр жин нь 0.0538 грамм “мөс” мэт зүйл, №3 гэж дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар ууттай RIO гэсэн бичиглэлтэй төмөр савтай мөнгөлөг цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, шилээр хийсэн гаанс мэт зүйл, хуванцар сав зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт устгахыг  даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/620 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/620 дугаартай шийтгэх тогтоолд тогтоох хэсгийн 4 дэх заалтад

“...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 10.1766 грамм “шавар” мэт зүйл, №2 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цагаан өнгийн цэвэр жин нь 0.0538 грамм “мөс” мэт зүйл, №3 гэж дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар ууттай RIO гэсэн бичиглэлтэй төмөр савтай мөнгөлөг цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, шилээр хийсэн гаанс мэт зүйл, хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 10.1766 грамм “шавар” мэт зүйл, №2 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай цагаан өнгийн цэвэр жин нь 0.0538 грамм “мөс” мэт зүйл, №3 гэж дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар ууттай RIO гэсэн бичиглэлтэй төмөр савтай мөнгөлөг цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, шилээр хийсэн гаанс мэт зүйл, хуванцар сав зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт устгахыг даалгасугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ