Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 137/ШШ2025/00173

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 46,420,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ..........байрлах, К  банк ХК /ХХД: ....., РД:......, утас: ......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь К  банктай 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3016/2024-94000049759 тоот "Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ", 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр MN650030003095027026 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ" байгуулан 42,961,000.00 /Дөчин хоёр сая есөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүрийн 05-ны өдөр төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Д.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

Үндсэн зээл 41,382,118.00 /дөчин нэгэн сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун арван найм төгрөг, Зээлийн хүү 4,955,895.00 /дөрвөн сая есөн зуун тавин таван мянга найман зуун ерэн тав/ төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 82,297.00 /наян хоёр мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг, Нийт 46,420,310.00 /дөчин зургаан сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун арав / төгрөг болно. Хариуцагч Д.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 46,420,310.00 /дөчин зургаан сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулж Капитрон банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ........ тоотод оршин суух, Б  овогт Д-ийн Э /РД: ....., утас: ......./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Э миний бие К  банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Анх 42,961,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 46,420,310  төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К  банк ХК хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,420,310 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүрэгт 46,420,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 46,420.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,052 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 195,026 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 195,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Д.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                                                 ШҮҮГЧ                                   Э.Б