Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00663

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00663

 

Б.Дий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/03300 дугаар шийдвэртэй

Б.Дий нэхэмжлэлтэй хариуцагч Г.Бд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Д 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Г.Бтай зээлийн гэрээ байгуулан 20 000 ам.долларыг 3 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авахын тулд Б.Д нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 000 б байр, 0 тоот хаягт байрлалтай 50,34 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг барьцаанд тавьж барьцааны гэрээ хийе гэсэн боловч иргэн Г.Б нь барьцааны гэрээ хийхгүй чи үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр сууцны үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ чинь миний өмчлөлд шилжинэ, чи зээлээ төлж дуусгаад буцаагаад өөрийн байраа нэр дээрээ шилжүүлээд аваарай гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээний оронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг 20 000 000 төгрөгөөр хийсэн. Г.Б нь зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэг нотариат дээр хийж болдоггүй юм аа гээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн дэргэд байрлах нотариатч дээр хийгээд тэндээсээ гараад Баянзүрх дүүрэгт байрлах нотариатч дээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хийсэн. Зээлдүүлэгч Г.Б 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр надтай уулзах хэрэг байна гэж дуудсаны дагуу очиж уулзахад мөнгөө төлж чадахгүй юм чинь гэрээ хийнэ гэж хэлээд М ББСБ ХХК-тэй зээлийн гэрээ хийхийг шаардсан. Зээлдүүлэгч Г.Бд би энэ ББСБ-аас зээл аваагүй тул зээлийн гэрээ хийхгүй гэж хэлэхэд надад гэрээгээ шилжүүлж байна. Чи мөнгөө одоо төлөхгүй бол гэрээ хий, чамд боломжит хугацаа олгож байна гэж дарамталж эхэлсэн. Ингээд гэрээ хийж надад зээл төлөх 2 сарын хугацаа өгсөн. Ингээд миний барилгын компанид нийлүүлсэн бараа материалын үнэ төлөгдөхгүй байсан учраас зээлдүүлэгчид учир байдлаа хэлж байрны ордероо буцаагаад шилжүүлээд өгөөч ээ, би хүү багатай банкны зээл аваад таниас авсан зээлээ төлж барагдуулъя гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй. Зээлдүүлэгч Г.Б 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуудаж уулзаад төлбөрөө бүрэн төлөөгүй тул дахин баталгаа гаргаж хэсэгчлэн төлөхөөр гэрээ хийнэ гэж хэлээд дахин гэрээ байгуулсан. Ингээд шүүгчийн захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2 өрөө орон сууцыг Г.Бд чөлөөлж өгөхөөр болоод байна. Миний бие зээлсэн мөнгөө гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй нь буруу гэхдээ 2 өрөө орон сууцаа зээлдүүлэгч Г.Баас буцаан авсан бол банкинд барьцаанд тавиад хохирлыг бүрэн барагдуулах байсан. Зээлдүүлэгч Г.Б үүнийг огт зөвшөөрөхгүй байсаар байгаад өнөөг хүрсэн. Би Г.Бтай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Б нь Б.Дтэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 000084673 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2204018467 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их тойруу, 000-6-00 тоот хаягт байрлах, 50,34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т төлбөр бүрэн төлөгдсөн гэж заасан. Түүнчлэн Г.Б болон Б.Д нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 20 000 ам.долларыг, 3 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэтэл зээлдэгч Б.Д нь уг зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийн тулд М ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд дээрх орон сууцыг барьцаанд барьцаалуулахыг хүссэн. Түүний хүсэлтийн дагуу өөрийн зээлийг төлүүлэхээр М ББСБ ХХК болон Б.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээ байгуулсан. Харин Б.Д нь уг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Д болон Г.Б нар дуудагдсан. Түүний дагуу талууд харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 101/ШЗ2016/28550 тоот талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг гарсан. Б.Д нь мөн л уг шүүхийн шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд тооцуулан шилжүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Түүнчлэн үнэхээр энэ хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэж үзсэн бол Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ББСБ ХХК нэхэмжлэл гаргахад маргахгүй яагаад одоо маргаж байгаа нь ойлгогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 236.1, 236.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Бд холбогдох 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Дий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257 954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Б.Д миний Г.Бтай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт мөн хуулийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь зээлийн гэрээний үүргээ худалдах худалдан авах гэрээгээр гэрээний үүргээр солихоор тохиролцсон болох нь тогтоогдож байна. Ийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчөөгүй талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгын тодорхойлох эрхийн хүрээнд худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчөөгүй гэж Б.Дий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Б.Д нь Г.Баас зээл авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалахаар анх тохиролцсон зээлийн гэрээг байгуулсны дараа өөрийн орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ хийе гэсэн боловч иргэн Г.Б нь барьцааны гэрээ хийхгүй чи үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр орон сууцаа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ чинь миний өмчлөлд шилжинэ, чи зээлээ төлж дуусгаад буцаагаад өөрийн байраа нэр дээрээ шилжүүлээд аваарай гэж шахаж шаардсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээний оронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нэг өдөр байгуулагдсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг 20 000 000 төгрөгөөр хийсэн. Хариуцагч Г.Б нь миний эрх зүйн мэдлэггүйг далимдуулан анхнаасаа миний орон сууцыг хямд үнээр авах санаа зорилго агуулж байсан байна. Өөрийн орон сууцаа Г.Бд худалдах санаа зорилго байгаагүй. Үүний нэг нотолгоо бол тухайн үед миний орон сууц зах зээл дээр 100 000 000 төгрөгийн үнэтэй байсан ийм үнэтэй орон сууцыг 20 000 000 төгрөгт ямар ч тэнэг хүн зарахгүй байх. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зорилгыг агуулаагүй уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хэлцэл байсан. Мөн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б нь ...Б.Д нь зээлээр төлөөгүй учир зээлийн төлбөрт худалдан авсан, 20 000 000 төгрөгийг худалдагч талд төлсөн гэж хариуцагчийн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр орон сууцыг худалдан авсан гэсэн тайлбарт дурдагдсан хүсэл зорилго талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-д тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, Худалдах, худалдан авах гэрээ-д орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Төлбөр төлөх нөхцөл дээр төлбөр бүрэн төлөгдсөн гэж хүсэл зорилгыг илэрхийлсэн. Нэхэмжлэгч Б.Д нь Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн цагаас хойш хариуцагч Г.Бд бэлнээр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 740 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 450 ам.доллар, ХААН банкны 5112093017 дансанд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 340 ам.доллар, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1070 ам.доллар, 2016 оны 05-р сарын 05-ны өдөр 1000 ам.доллар, 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 300 ам.доллар, нийт 3 900 ам.доллар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Д байраа буцаан авахын тулд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дээрх мөнгийг шилжүүлж байснаар орон сууцыг хариуцагчаас буцаан авах хүсэл зорилго нь тодорхой, ойлгомжтой харагдаж байна. Зээлдүүлэгч Г.Б 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр М ББСБ ХХК-тай зээлийн гэрээ хийхийг шаардсан. Зээлдүүлэгч Г.Б-д би энэ ББСБ-аас зээл аваагүй тийм атал энэ байгууллагатай зээлийн гэрээ хийхгүй гэж хэлэхэд гэрээгээ шилжүүлж байна. Чи мөнгөө одоо төлөхгүй бол гэрээ хий чамд боломж, хугацаа олгож байна гэж дарамталж зээлийн болон барьцааны гэрээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заалтад огт хамаарахгүй мөн өмнөх үүргийг солихоор тохиролцсон үйл баримт болон хүсэл зорилгын илэрхийлэл огт байхгүй байхад шүүх талууд үүргийг солихоор тохиролцсон гэж буруу дүгнэж шийдвэрлэсэн. Шүүх хурал дээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжин, шаардлагаа тодорхойлж, хүсэл зорилгын илэрхийллийг хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотолсоор байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Г.Бд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжсэнтэй холбогдуулан тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байсан, уг хэлцлийн үндсэн дээр орон сууц шилжсэн гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Б нь зээлдэгч Б.Дд 20 000 ам.доллар зээлүүлсэн, мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Б.Д нь Г.Бд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 13 дугаар хороолол Их тойруу 000-б-00 тоот хаягт байрлах 50,34 м.кв 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхээ Г.Бд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас 20 000 ам.доллар зээлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулах болоход хариуцагч худалдах-худалдан авах гэрээ байгуулаад миний нэр дээр орон сууцаа шилжүүлчих, мөнгөө төлөөд дуусахаар буцаагаад шилжүүлнэ гэсэн тул худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүйгээс нэхэмжлэгч тухайн хэлцлийг дүр үзүүлж хийсэн гэж үзсэнээр чухам ямар үр дагавар шаардаж байгаа нь тодорхой бус болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр талууд болон сонирхогч этгээд нэхэмжлэл гаргахдаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд үүнтэй холбоотойгоор хохирлоо арилгуулах эсхүл хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах зэрэг эрх зүйн үр дагаврыг харилцан шаардах эрхтэй байдаг. Шүүх нэхэмжлэлээр шаардаж буй зүйл буюу нэхэмжлэлийн агуулгыг тодруулаагүй байх тул хэргийн талаар талуудыг мэтгэлцүүлсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Д зээлийн гэрээний үүргээ худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон болох нь тогтоогдсон гэж дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна.

М ББСБ ХХК-тай Б.Д, Г.Б нар 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/28550 тоот захирамжаар М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 69 620 004 төгрөгийг Б.Д, Г.Б нар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч, шүүхийн захирамжид хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд маргааны зүйл болж үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр авагч М ББСБ ХХК болон төлбөр төлөгч А.Б нарын тооцоо нийлсэн актаар Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их тойруу, 000-б-00 тоот хаягт байрлах, 50,34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн гэсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /хх.41-45/

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг хууль, гэрээ, эсхүл шүүхийн шийдвэрт заасны дагуу эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх учиртай. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэснээр дуусгавар болох үндэслэл болно. Харин Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3-т зааснаар үүргийг өөр үүргээр солих, эсхүл үүргийн гүйцэтгэлийг өөр гүйцэтгэлээр солих бол үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцсон байх шаардлагатай. Талуудын хооронд үүрэг солих, эсхүл үүргийн гүйцэтгэлийг өөрчилхөөр тохиролцсон эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй, гэрээгээр талууд хэн алиныхаа өмнө ямар үүрэг хүлээсэн, тухайн үүрэг нь харилцан тооцох үүрэг мөн эсэхийг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зохигчид нэг гэрээний үүргийг өөр үүргээр сольсон гэж дүгнэжээ.

Тухайлбал, шүүх маргааны үйл баримтыг хэрхэн дүгнэсэн, талууд ямар гэрээгээр, ямар үүрэг хүлээсэн нь тодорхой бус байх бөгөөд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн гаргаж байгаа тайлбарын агуулгыг тодруулаагүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/03300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 280 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО