Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Нямханд,

            Шүүгдэгч: Б.Л, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Лт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805000180033 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Л, 1991 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн, Рашаант суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, агрегат засварчин мэргэжилтэй, “...” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт ...од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, РЗ-91082916 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих 04-05 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд Н.Тыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн “...” бааранд найз Этай 03 цагийн үед ороод 04 цагийн орчим би түрүүлээд гарах гэтэл Э баарны эзэнтэй маргалдаад байсан. Би найзыгаа аваад явъя, болиоч ахаа гэтэл хамгаалагчийн хувцастай өндөр хар залуу миний нүүр рүү гараараа цохьсон...Тухайн үед тамхи татахаа боль гэж зохион байгуулагч нь шаардлага тавьсан. Гаднаас хамгаалагч ах нар орж ирсэн, тэднээс нэг хамгаалагч ах гараараа миний нүд рүү цохиж, зодсон. Намайг хамгаалагч Лл зодсон, зохион байгуулагч С нь цохиогүй. Би Лхагва-Ос 200.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Өөр нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5, 33/,

Гэрч Т.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр баар хаах үед 04 цагийн орчим тэр залуу найзтайгаа тамхи татсан. Манай О гэх хамгаалагч тэр хоёр залууг алгадаад би салгасан. Сайнаа гэдэг ерөнхий зохион байгуулагч, бор залууг нь нэг удаа алгадсан байх, энд тамхи татаж болохгүй гэж хэлтэл тоохгүй, тамхи татсан юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Шинжээчийн 453 тоот дүгнэлтэд: “...Н.Тын биед хоёр нүдний алим, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 13/,

Шинжээч Ш.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тын биед үзлэг хийхэд 2 нүдний дээд, доод зовхинд захаасаа шарлаж шимэгдэж буй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, 2 нүдний алиманд цус хурсан, баруун гуяны урд дунд хэсэгт хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт гэмтэл учирсан нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт алгадсанаас хацарт биш нүдэнд үйлчилснээс гэмтэл учирсан байна” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-25, 43, 47/, хохирогчийн хүсэлт /хх-н 67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих  04-05 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд Н.Тыг тухайн баарны арину цэврийн өрөөнд тамхи татлаа гэх  шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Тын: “...Гаднаас хамгаалагч ах нар орж ирсэн, тэднээс нэг хамгаалагч ах гараараа миний нүд рүү цохиж, зодсон. Намайг хамгаалагч Лл зодсон зохион байгуулагч С нь цохиогүй. Би Л-Ос 200.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Өөр нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 4-5, 33/, гэрч Т.Сийн: “...Тухайн өдөр баар хаах үед 04 цагийн орчим тэр залуу найзтайгаа тамхи татсан. Манай О гэх хамгаалагч тэр хоёр залууг алгадаад би салгасан. ...энд тамхи татаж болохгүй гэж хэлтэл тоохгүй, тамхи татсан юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, шинжээчийн 453 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Тын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөг эмчилгээний зардалд авсан ямар нэгэн гомдол саналгүй /хх-н 67/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Лын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Лын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Лт шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Лыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Лт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР