Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1130

 

 

 

 

           2023           11            28                                          2023/ДШМ/1130

 

А.Л, Ц.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч А.Л, шүүгдэгч Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс,

шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж хийсэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/771 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Лгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Л, Ц.П нарт холбогдох эрүүгийн 2305000210320 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шаравдаваг овгийн А.Л, 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх 7 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бага нарангийн 45-25 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙГ85100810/,

Боржигин овгийн Ц.П, 1989 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 74 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ГЮ89091433/,

А.Л, Ц.П нар нь бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сенсордачик” ХХК-ийн ажлын байрны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Б.Аын эзэмшлийн 32 инчийн зурагт, 150 ампер цагтай Делкор аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай Солит аккумлятор, гагнуурын аппарат, импакттай том дрилл, импакттай жижиг дрилл,  дорцовны ком, товуудны шфриц, комбинзон, аккумлятор цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.005.200 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Л, Ц.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шаравдаваг овогт А.Л, Боржигин овогт Ц.П нарыг бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Сай” 96-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 23.500.625 төгрөгийг шүүгдэгч А.Л, Ц.П нараас хувь тэнцүүлэн зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Л, Ц.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, мөн “Бизнес инвест девелопмент” ББСБ-ын зээлийн барьцааны хөрөнгө болох 96-38 УНС дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт нь тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх 1 дэх хэсэгт зааснаар “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэрэг нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгмийн аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ. ...” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх А.Л, Ц.П нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэхгүйгээр дутуу үнэлэлт өгч хууль зүйн үндэслэлээ буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хүндрүүлэн шийдвэрлэсэн. А.Л, Ц.П нар нь гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах шатнаас үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, удаан хугацаанд “Сенсор дайчин” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж цалин мөнгөө авч чадахгүй, үлдэгдэл цалингаа авах зорилготой эд зүйлийг нь түр барьцаалан буцаан өгөх зорилготойгоор гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч, ар гэрээ тэжээн тэтгэх бага насны болон сургуулийн насны олон хүүхдүүдтэй, ар гэрийн амжиргаагаа залгуулж буй амьдралын хүнд нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, Хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх... нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэснийг зөрчиж гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, шүүгдэгч А.Л, Ц.П нар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байдал зэргийг үл харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. А.Л, Ц.П нарын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан, зөвшөөрөлгүй авсан эд зүйлийг бүрэн бүтнээр биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн, хувийн байдлын тухайд урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, А.Лгийн хувьд ар гэрийн хүнд нөхцөл байдлын улмаас захирал Б.Аод удаа дараа “эцгийн бие муу байгаа” талаар хэлж цалингаа авахыг хүссэн боловч өгөхгүй байсан тул аргагүйн эрхэнд амьдралын хүнд нөхцлийн улмаас ар гэрээ тэжээн тэтгэх, амьжиргаагаа залгуулах, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас гэмт хэрэгт анх удаа холбогдсон, мөрдөн шалгах шатнаас хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн, Ц.Пын хувьд тухайн өдөр найз А.Лгийнд очиж найзынхаа хэлснээр захирал Ариунболдтой уулзаад “цалингийн үлдэгдлээ авах гэсэн юм, хоёулаа хамт яваад ирье” гэхэд нь хамт явсан бөгөөд анхнаасаа хулгайлах санаа зорилго байгаагүй, мөн зарж борлуулан ашиг хонжоо олсон санаатай үйлдэл байхгүй, хувийн байдлын хувьд хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас гэмт хэрэгт анх удаа холбогдсон, ар гэр нь хүнд нөхцөл байдалд байдаг, ээж нь зүрхний шигдээс өвчний улмаас хоёр удаа хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа бөгөөд эмчийн хяналтад байнга байдаг, бага насны 3 хүүхэдтэй эхнэр нь хүүхдүүдээ асарч гэртээ суудаг, ар гэрээ тэжээн тэтгэж, амжиргаагаа залгуулан ажил хийдэг, мөрдөн шалгах шатнаас хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлуудыг үл харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ‘‘...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол...хувийн байдлыг харгалзан шүүх....хорих ялыг хөнгөрүүлэх. ...” мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуулинд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх эрх зүйн үндэслэл, боломжийг үл харгалзан хариуцлага оногдуулсанд гомдолтой байна. Иймд шүүгдэгч А.Л, Ц.П нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн хүнд нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан заалтыг хэрэглэж, оногдуулсан хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ш.Уранчимэгтэй хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх заалтыг хэрэглээгүй. Шүүгдэгч нарын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь зөвхөн цалин авахаас үүдэлтэй. Эд зүйлийг нь барьцаалбал бага ч гэсэн цалин өгөх байх гэсэн санаа зорилгоор уг үйлдлийг хийсэн. Хулгайлах гэмт хэргийн санаа зорилго анхнаасаа байгаагүй, цалингаа авах гэсэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн. Анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь, шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой заалтыг зөрчсөн. Ц.Пын хувьд зөвхөн А.Лгийн цалин авахуулах зорилгоор гэмт хэрэгт оролцсон. Энэхүү нөхцөл байдлыг нь давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаж үзэх ёстой. Гэтэл хохирогчийн цалин өгөхгүй байдлыг хэрэгт дутуу шалгасан нөхцөл байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Лгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч А.Л 38 настай, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гэмт хэрэгт холбогдох үедээ “Сенсор дайчик” ХХК-д том машины жолоочоор ажилладаг байсан. Шүүгдэгч А.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнхөө буруугаас анх удаа хулгайн гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч А.Л нь энэ гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хувь хүнийхээ хувьд ажилсаг, төлөв даруу, архи, тамхи хэрэглэдэггүй, амьдралын төлөө явж ирсэн залуу. 16-аас 18 насны 2 хүүхэдтэй, тэдгээртэй маш их анхаарал халамж тавьдаг. Аав Адъяасүрэн нь 64 настай, группэд байдаг, ээж Баасанжав нь 56 настай тэтгэвэрт байдаг. А.Л нь ажил хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө ар гэр, үр хүүхдүүд болон аав, ээжээ тэжээн тэтгэдэг, хүүхдүүддээ сайн аав, эхнэрийнх нь хувьд сайн нөхөр. Энэ хэргийг үйлдсэнээсээ хойш А.Л нь өөртөө маш их дүгнэлт хийж буруу зүйл хийснээ маш ихээр ухаарсан болно. Бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос уучлалт гуйж буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байгаа болно. Иймд шүүгдэгч А.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий нагийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхээс гурвуулаа, айлын том хүүхэд. Эцэг, эх маань хоёулаа группэд байдаг. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарсан. Би компанид 2021 онд орж, 2022 онд хүсэлтээрээ гарсан. Б.А захирлаас цалингаа авахаар 2-оос 3 удаа хандахад өгөөгүй, уулзахгүй байсан. Багажнуудыг нь барьцаалж аваад цалингаа авчихъя гэсэн ухаангүй үйлдлээсээ болж анх удаа гэмт хэрэгт холбогдож ийм байдалд хүрсэндээ маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу орон байранд нэвтэрч, мөн үйлдлээ хөнгөвчлөх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруу нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзсан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Лгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

А.Л, Ц.П нар нь бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сенсордачик” ХХК-ийн ажлын байрны вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Б.Аын эзэмшлийн 32 инчийн зурагт, 150 ампер цагтай Делкор аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай Солит аккумлятор, гагнуурын аппарат, импакттай том дрилл, импакттай жижиг дрилл,  дорцовны ком, товуудны шфриц, комбинзон, аккумлятор цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.005.200 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аын “...23 цаг өнгөрч байхад ажилчдын оффис байр руу ороод хартал зүүн талын цонх хагарсан байдалтай, онгорхой байсан. Тэнд байсан 32 инчийн зурагт 1 ширхэг, 150 ампер цагтай делкор аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, дөрвөлжин улаан аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, Cолонгос ногоон гадартай гагнуурын аппарат 1 ширхэг, импакттай дрилл ком багаж 1 ширхэг, импакттай дрилл том 1 ширхэг, импакттай дрилл жижиг 1 ширхэг, дорцовны ком сет 1 ширхэг, товуудын шфриц 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, ахын өмсөж байсан комбинзон тус тус алга болсон байсан. ...” /1хх 24-26, 28/,

иргэний нэхэмжлэгч Э.Анарболдын “...Ц.П нь манай байгууллагын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг салбар дээр 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 9638 УНС улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Сай загварын машиныг барьцаалан 36 сарын хугацаатай сарын 3.1 хувийн хүүтэй 14.000.000 төгрөгийг зээлж гэрээ хийсэн. ...” /1хх 39/,

А.Лгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед найз Пүрэвцогт манай гэрт ирсэн. Бид хоёр гадуур ажил амжуулж байгаад би Пүрэвцогтод “захирлын гар утас руу залгахад утсаа авахгүй байна, хоёулаа ажил дээр нь очиж уулзъя” гэж хэлээд, хамт 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сенсордачик” ХХК-ий ажлын байранд очоод, хашааны хойд хаалгаар орж, байшин руу орох гэтэл хаалга нь түгжээтэй, хүн байхгүй эзгүй байсан. Би Пүрэвцогтод хандаж “цонхыг нь хагалж ороод дотор нь байгаа эд зүйлийг нь аваад гарья” гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн. Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, ойролцоогоор 60 см урттай, 30 орчим см өргөнтэй цонхыг нь Пүрэвцогт хагалаад, тус цонхоор орж байшин дотор байсан 32 инчийн зурагт, 150 ампер цагтай аккумлятор 2 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, гагнуурын аппарат гар масстай нь хамт 1 ширхэг, импакт дриллний ком 1 ширхэг, дроцовны ком 1 ширхэг, товуудын шфриц зэрэг эд зүйлсийг хагалсан цонхоор гаргаад надад өгөх үед нь би тухайн эд зүйлүүдийг Пүрэвцогтын эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота сай” загварын 86-68 улсын дугаартай автомашинд зөөж ачсан. Эд зүйлсийг машинд ачиж дуусаад Пүрэвцогт хагалсан цонхоор эргэж гараад, хагарсан цонхыг хааж орхиод, машиндаа сууж миний түр оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүрэг, Баганарангийн 44 дүгээр гудамжны 25 тоот хашаанд бид хоёр очоод, авсан эд зүйлсийг машинаас зөөж манай гэрт оруулсан. Одоо үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. ...” /1хх 95-97, 223-224/,

Ц.Пын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүрэг, 65 дугаар сургуулийн автобусны буудлын хойно байх нийтийн байранд оршин суудаг найз Лүндаажанцангийн гэрт очоод, түүний хамт гадуур ажил хөөцөлдсөн. Лүндаажанцан надад “...“Сенсордачик” ХХК-ийн дээр очиж захирал Ариунболдтой уулзъя, би түүнээс цалингаа авах ёстой юм” гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр миний эзэмшлийн 96-38 УНС улсын дугаартай “Тоёота сай” загварын, цагаан өнгийн машинтай тухайн байгууллага руу явсан. Тухайн өдрийн 16 цагийн үед “Сенсордачик” ХХК-ийн хашаанд орох үед эзгүй байсан ба бид хоёр цонхоор харсан чинь дотор нь эд зүйлс харагдаж байсан. Лүндаажанцан надад “энэ дотор байгаа зүйлийг нь аваад яваад явъя, чи цонхыг нь хага цохичих” гэхээр нь би зөвшөөрөөд тухайн цонхыг бүдүүн модоор цохих үед шил нь хагарсан. Би цонхоор ороод байшин дотор байх эд зүйлсийг хагарсан цонхоор Лүндаажанцанд өгөх үед тэр эд зүйлсийг өрсөн. Тэгээд би тухайн байшингаас гараад гадаа өрсөн эд зүйлсийг Лүндаажанцангийн хамт өөрийн эзэмшлийн автомашинд ачиж хөдлөөд Лүндаажанцангийн гэрт очоод хулгай хийсэн эд зүйлийг түүний гэр рүү нь зөөж оруулаад би гэр рүүгээ харьсан. Өөрийн хийсэн үйлдлийг би гэмт хэрэг гэж мэдэж байсан. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. ...” /1хх 106-107/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-10/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-19/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 108/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх 29, 110-112/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 109, 113-115/, компанийн гэрчилгээ /1хх 30/, техникийн тодорхойлолт /1хх 46/, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /1хх 74-75, 78-79/, шинжээчийн дүгнэлт, хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 121-124/, хохирол төлсөн баримт, хохирогч Б.Аын хохирлоо хүлээн авсан тухай бичиг /1хх 165/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч А.Л, Ц.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Л, Ц.П нарыг бүлэглэн, үйлдлээрээ нэгдэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Лгийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн нар гаргасан давж заалдах гомдлууддаа “...шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч А.Л, Ц.П нар нь хохирогч Б.Аод хохиролд 250.000 төгрөгийг төлж барагдуулсан /1хх 165/, хохирогч Б.Аын “гомдол саналгүй, 2.035.200 төгрөгийн хохирлыг биет болон биет бусаар хүлээн авсан” гэх хүсэлт /1хх 166/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн, ар гэр, ахуйн амьдралын байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/771 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх өөрчлөлтүүдийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Лгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Л, Ц.П нар нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/771 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Л, Ц.П нарын өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан, шүүгдэгч А.Лгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хүлээн авч,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Ц.П нар нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ