| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0046/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 58
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Ц.Э, Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц-ийн Э, Б овогт Б-ийн Ш нарт холбогдох 1711005310356 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эй Си Эм ХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Ц-ийн Э /РД- /
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Ш /РД- /
Холбогдсон хэргийн талаар: Ц.Э, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э, Б.Ш нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй оролцож явах үедээ "мөргөсөн" гэх асуудлаас хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа Ц.Э нь Б.Шгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Ш нь Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Эын мэдүүлэг: ...Шаравнямбуу нь миний машины урдаас шууд мөргөчихсөн. Тийм болохоор миний уур хүрээд машинаас буугаад очтол үгийн зөрүүгүй шууд нүүрлүү нэг удаа мөргөчихсөн. Дараа нь толгойруу нэлээд хэдэн удаа гараараа цохисон. Бид хоёр хоорондоо учраа олж үг сольж ч чадаагүй байтал тэр залуу намайг зодчихоод машинаа асаагаад яваад өгсөн..., /хх-ийн 18х/
...Шаравнямбуу гэдэг хүний биед би гэмтэл учруулсан. Учир нь Шаравнямбуу гэдэг залуу машинаасаа бууж ирээд зодоод байхаар нь би зөрүүлээд цохилцсон тэр үед учирсан гэмтэл гэж бодож байна. Надад гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/
хохирогч Б.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Болорчимэг болон охины хамт Зурагтын хуучин эцэс дээр байрлах шинээр тавьсан засмал зам дагуу явж байгаад баруун гар тийш эргэх дохио өгч уулзвар нэвтрэх явцад цайвар өнгийн суудлын автомашин гэнэт гарч ирсэн ба би тормос гишгэж зогстол ард явж байсан хар өнгийн жижиг машин миний ард талаас мөргөсөн. Машины жолооч машинаасаа бууж ирээд "машин барьж чаддаггүй гай болсон пизда вэ" гээд надруу дөхөж ирээд намайг заамдаад авахаар нь тавиулах гээд гарыг нь барьтал энгэрээс угзарч өөрлүүгээ татахаар би тонгойх үед нөгөө залуугийн хамар хэсэгрүү мөргөсөн. Эрдэнэбаяр миний нүүрлүү 7-8 удаа цохихоор би өөрөөсөө холдуулахын тулд эгэмрүү нь түлхэж нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10763 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шаравнямбуугийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө...” гэх /хх-ийн 33х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10643 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Эын биед баруун, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө...” гэх /хх-ийн 34х/,
гэрч Ж.Болорчимэг /хх-ийн 27х/, А.Бадамханд /хх-ийн 29х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 13-15х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Э, Б.Ш нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э, Б.Ш нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан тэдэнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Э, Б.Ш нар нь өөр хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Ц-гийн Э, Б овогт Б-ийн Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Шд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э, Б.Ш нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ