| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0900/З |
| Дугаар | 128/ШШ2025/0066 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0066
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б*******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Маргааны төрөл: Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасны дагуу “уг газраас үл салгах барилга байгууламж бусад эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар нөхөн олговор олгоно гэж заасны дагуу нөхөн олговор /хохирол/ 20,*******0,*******0 төгрөгийг гаргуулахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ч.Б*******ас Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасны дагуу “уг газраас үл салгах барилга байгууламж бусад эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар нөхөн олговор олгоно гэж заасны дагуу нөхөн олговор 20,*******0,*******0 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Б******* 2*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 138 тоот захирамжаар газар эзэмшүүлэх зөвшөөрөл иргэн н.О******* 0,2 га гараашийн зориулалтаар олгон баригдсан гараашуудаас нэхэмжлэгч Ч.Б******* худалдан авсан байна.
3.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн хойд талын тоосгон гараашийг газрын зөрчил арилгах, чөлөөлөхөөр шийдвэрлэж нураасан байна.
4.Нэхэмжлэгч Ч.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1/ Чойжамц овогтой Б******* миний бие 2010 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаартай авто гараашийг иргэн Ц.Н******* гэдэг хүнээс худалдаж авсан. Тухайн гарааш нь албан ёсны эрхтэй юү, төлбөрийг нь төлж байсан уу гэж асуухад Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Б******* 2*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 138 тоот захирамжаар авсан албан ёсны гарааш ба төлбөрөө төлөөд явж байсан зөвшөөрөлтэйгөөр баригдсан гарааш гэж гэрээ хийгдсэн.
Би өөрөө Булган аймгийн Хишиг-Өндөр суманд амьдардаг. Өвлийн улиралд хот орж ирэхээрээ машинаа хийх гэж худалдаж авч байсан. Өвөлдөө ашиглаад зун ашигладаггүй цоожтой байж байдаг. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр хотод орж ирээд г гараашдаа машинаа тавих гэхэд гарааш алга болчихсон байсан. Энэ тухай Нийслэлийн Засаг даргад хандахад хариу өгсөн. Нийтийн зориулалттай газар байсан учраас төр авч болно. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн захиргааны байгууллага эрх бүхий зөвшөөрлөө олгочхоод хүчээр булааж болохгүй байх гэж бодож байгаа. Иймээс 20,*******0,*******0 төгрөгийн нөхөн олговор олгож өгнө үү” гэв.
Нэмж хэлэхэд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.7-д заасан заалтуудын дагуу газар эзэмших гэрээ байгуулах гэдэг бол аймаг, сум, дүүргийн газар эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээний асуудал. Би материалаа бүрдүүлээд, хүсэлтээ гаргаад өгсөн бол эдгээр хүмүүс өгөх ёстой. Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Тухайн үед худалдаж авч байхад дүүргийн Засаг даргын захирамжтай, кадастрын зурагтай албан ёсны зүйл байгаагүй бол би худалдаж авахгүй байсан. Албан ёсны бичиг баримттай байсан учраас худалдаж авсан. Үүнийгээ нотариатаар гэрчлүүлээд, эрх бүхий байгууллагад хүсэлтээ өгөөд газрын төлбөрийн ногдуулалт тавиад төлж байсан. Тийм учраас албан ёсны зөвшөөрөлтэй учраас надтай гэрээ хийж ногдуулалт олгосон гэж үзэж байгаа. Хэрэв хугацаа нь дууссан, тухайн хүн нас барсан, газрын төлбөрөө төлөөгүй тохиолдол газрыг цуцална гэж Газрын тухай хуулийн 39, 41 дүгээр заалтуудад байдаг. Төрийн байгууллагаас газраа авч болно. Гэхдээ нөхөн олговор олгож өгнө үү гэж хүсэж байна.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2*******0 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 138 дугаар захирамжийн 1,8 дахь хэсэгт тус дүүргийн 4 дүгээр хороо 40 дүгээр цэцэрлэгийн ард иргэн н.О******* 0,2 га газрыг гараашийн зориулалтаар түр эзэмшүүлэхээр олгосон ба нэхэмжлэгч Ч.Б******* нь тус гараашийг 2010 онд авсан гэжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Газрыг энэ хуульд заасан зохицуулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаагүй, газар эзэмших гэрээ гэрчилгээ, эрх бүхий этгээдийн захирамжгүй байх тул газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/******* дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршиж буй барилга, байгууламжийн зөрчлийг арилгуулахаар үүрэг болгосон ба тус захирамжийн хавсралтын 83 дахь хэсэгт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн хойд талд байрлах 23 ширхэг тоосгон гараашийн зөрчлийг арилгуулахаар тусгасан ба үүнд иргэн Я.Б******* 1 ширхэг гарааш хамрагдсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт нийтийн эрх хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд баримтлах журмыг тогтоосон ба тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэхэд шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр байх, үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн айх гэсэн 4 үндсэн шаардлага тавигддаг.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/******* дугаар захирамж буюу захиргааны шийдвэрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудсаар 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор газраа чөлөөлж, захиргааны шийдвэрийг биелүүлэхийг даалгасан боловч үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “Захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захиргааны шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, газрын зөвшөөрөлгүй гараашийн барилгуудыг албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”.
Мөн дээрээс нь хохирол гэм хор шаардаж байгаа захиргааны акттай маргаагүй учраас Захиргааны хэргийн харьяаллын маргаан биш гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/******* дугаар “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчийн гараашийг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
2.Ингэхдээ 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийн гадна наасан тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн гэж үзэхээр байна.
3.Мөн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудсаар 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор газраа чөлөөлж, захиргааны шийдвэрийг биелүүлэхийг даалгасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “Захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ”, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу тухайн газрыг албадан чөлөөлсөн нь хуульд нийцжээ.
4.Нэхэмжлэгч нь 2010 онд уг гараашийг худалдаж авсан гэх ба холбогдох төлбөрийг төлж байсан боловч түүнд газар эзэмшүүлж, ашиглуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй байна.
Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэжээ.
5. Хэдийгээр нэхэмжлэгч Ч.Б******* нь 2010 онд 55,220 төгрөг, 2011-2023 онуудад 121,440 төгрөг, нийт 1,633,940 төгрөг төлсөн боловч энэ нь зөвхөн тухайн газрыг ашиглаж байсны хариуд төлж буй төлбөр бөгөөд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсныг нотлохгүй.
6. Мөн маргаан бүхий газрыг эзэмших болон гараашинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар 2010 онд 1 удаа хүсэлт гаргаж байсан гэдэг боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй, эс үйлдэхүйтэй холбоотойгоор эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж байгаа байх тул түүний хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, гэрээ, гэрчилгээгүй мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүйн улмаас захиргааны журмаар газрыг чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасны дагуу “уг газраас үл салгах барилга байгууламж бусад эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар нөхөн олговор олгоно гэж заасны дагуу нөхөн олговор /хохирол/ 20,*******0,*******0 төгрөгийг гаргуулахыг” хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 702******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ